Sunday, December 30, 2012

Гялбасхийтэл улаан оч дүрэлзүүлж


Энэ биеэрээ би цас болно
Их үс гэзэг шигээ цас болно

Яруу найрагч Данзангийн Нямсүрэнгийн гэр
Элэгдэж илж хоцрох бүхний
Эхлэл хийгээд төгсгөлийг үзэх гэж
Эрээнцавын буйд нэгэн өртөөрүү
Эхнээсээ л очих хүсэлтэй байвч чадахгүй байна

Уг нь намар очивол сайхандаа гэж бодсон ч
Уртын урт үстэй бүсгүйн үсийг гижигдэгч
Хахирган ч юм шиг, халуун дотнохон салхитай
Хаврын хөх униар сэтгэлийн анир үргээгээд байна

Ингэсээр байтал зун болж
Идэр жавхаалаг охидын шилбэ гялалзаж
Зүрхний цохиолт сонсогдохоо байж
Зүгээр ч нэг амьдарч чадахгүй гэх нь байна

Гэвч очино гэсэн зорилго минь унтраагүй болхоор
Эх үс гэзгийг дарж хаялсан цастай үдшээр
Эрээнцавын өртөөн дээр
Гялбасхийтэл улаан оч дүрэлзүүлж, цэнхэр манан ууршуулсаар буумаар байна

12.04.21

Friday, December 28, 2012

Энэ цамнаад байгаа?

Зүрхнээс минь 
Энэ цамнаад байгаа аймшигт үүлс 
Эрээн бараан хоосон хий огторгуй 
Зэрэгцэж юунд дагана вэ?

Тэртээд, аниргүйд бурхад юуг шивнэлдэж
Дэмийртлээ, солиортлоо энэ амьдралыг бүтээж
Тэнгэр хэмээгч ертөнцийн цаад төгсгөлөөс ширтэхдээ
Дув дуугүй нүдээр харан шоолно вэ?

Ээ, яагаад ийм тунгалаг мандлаас 
Цас, бороо зэрэг шивэрдэг атлаа
Эхлэл ч үгүй, төгсгөл ч үгүйгээр оршиж
Цацрагт нарыг өдөр бүхэн мандуулна вэ?


Monday, December 17, 2012

Зүрх сэтгэлийн минь
Ирмэг гэгээн хэц дээрээс чи 
Инээмсэглэж гулгаад л 

Эгээ л нялх хүүхдийн зулайнаас 
Нар төөнөх мэтээр гэрэл цацрааж 
Навчисын судалд бороо болон тогтоод л 

Ууршин замхарч аль нэгтээ рүү шингэхгүйгээр 
Ухаан санааны минь дотор нулимсаа арчихдаа
Саранд үүрээ зассан шувуудыг шоолоод л 

Яагаад? гэж асуухгүй гэдгийг минь мэдсэн юм шиг 
Юунд одоо хүртэл хариу үл дуугарна вэ?
Юу ч үгүй, хоосорчихсон сэтгэлийнхээ хундагыг дүүргэмээр л 

Одоо байгаа цаг хугацаа хангалтгүй юм гэж үү?
Оддын тоосонцорт нэвчиж нэвчиж олсон ганц шад минь
Үхүүлж байж л санаа чинь амрах байхдаа тиймүү ?

                                                                                                     

Thursday, December 13, 2012




Чамдаа уусан алдрах
Цаг хугацааны жингийн туухай дээр
Цастай хөндийг туулсаар
Чихрах чимээнд нь амьд гэдгээ мэдрэн алхаж байна

Орчин тойронд минь үзэгдэх бүхэн
Өөр өөрийн гэсэн амьсгаатай болхыг
Өө тэгээд бодхын зуурт минь тэд ичэхийг
Ойлгож ядан тээнэгэлзэхдээ инээмсэглээд л алхаж байна

Ер нь ч тэгээд амьдрах нас богинохон гэж ярих ч
Үзэх юм их бий гэдэгт, чамд итгэдэг итгэлээрээ итгэж
Ертөнцийн төгсгөлийг үзэх гэсэн үндэслэлдээ эрдэж
Үхэн үхэтлээ үхнэ гэдгээ ухаарч алхаж байна

Замд таарсан хот тосгодын нохдын борголт шиг
Тэр борголтуудаас тэвдэж сандарсан айдастайгаа
Тэгээд дараа нь нэг их гүнзгий тайвширсан шигээ
Залуу насаараа гайхуулж алхаж байна

Тэнгэрийн хэсэг цагаан үүл хаашаа нүүхнүү гэж ажиглаж
Тэнгисийн гүнд эвшээх халимны зүүдэнд юу тодрохыг үзэхсэн гэх
Миний багын төрхтэй дэндүү адилхан санагдах
Манайд хоноод яваач гэсэн жаалын хайранд уяарч алхаж байна

Жиндүү өвлийн хацар хайрах шуургыг сөрж
Жинхэнэ хүйтэн энэ бишээ гэж тэмүүлэх
Дотор хүнтэйгээ тэрсэлдэн маргалдаж
Дорнын нэгэн үдшийн байгалийг биширч алхаж байна

Жигд хэмнэлээр хаялах борооны ширхэгт
Зүүд зөн биелэл хоёр минь нуугдаж буй хэмээн сэтгэж
Зүс төгөлдөр намрын улаахан навч голын торгон урсгал эсгэчсээр хөвхийг
Жирийн л нэгэн үйл явц хэмээн бодотлоо алхаж байна

Зөрөн өнгөрөх бүхэн сайн сайхны цогцолдоонд төрсөн гэж
Зөндөө олон харгуйн цаана тэгш цагаахан тал зурайхад
Хүмүүний амьдрал угтаа эгээрэл сэхээрэл хоёрын дундахь
Хүрч үзээгүй гэгээрэл болхыг, нүдээ аниад нээхийн төдийдөө л алхахгүйгээр мэдэрч
           
АЛХАЖ БАЙНА