Wednesday, October 30, 2013

Энэ дуу надад хань болсоор гурван сарыг үдлээ


Энэ амьдарлын чимээгүйн гүнд чи алга аа
Чихээ дэвсэн сонордоод ч
Энэ чимээгүйн гүнд л чи алга аа
Чимээ анирдан хүлээсээр юу ч сонсхоо байсан юм болов уу?

Энэ дуу надад хань болсоор гурван сарыг үдлээ
Эцэсгүй хөл алдан усанд амиа үйх шигээр л
Өөр дотроо яг энэ урдах хутгаж дөнгөж дууссан цай шигээ эргэлдсээр
Өнөөдрийг хүрчихлээ дээ

Гэвч энэ бүгдийг тэвчин хүлцэж чадаад байгаа зоригоо үнэлхээр
Гэрт гадаагүй өмнөөс шуурах шуургыг сөрж чадаад байгаа сэтгэлээ бодхоор
Сүүлдээ нулимс ч үнэ цэнэгүй санагддаг юм билээ
Сүүрс алдах бол бүр ч гарахгүй гээд бод доо

Чимхийн төдийд л чичирхийлэх авиан хугарал бүрийг
Гэрийнхээ дээвэр дээр салхилангаа ажиглаж зогсохдоо
Ганцхан зүйлд л атаархах юм
Чухам хаашаа л гэж далавчаа алдалдаг юм болоо жигүүртэн шувууд

Яг өмнөөс зам хөндлөн гарах гээд
Тэнэмэл үгс гар гараасаа хөтлөлцчихсөн зогсож харагдана
Тэврүүлээд нүүр нүдгүй үнстэл нь
Яав ч  энэ байгаа газраасаа хөдлөхгүй юм шүү

Юунаас болж, яагаад ингэтлээ удаанаар хаа нэг тийшээ
Хэн нэгний өвөрт дураараа сэлгүүцсэн учирыг нь асууж
Юу ч хэлэлгүй одосныг нь, дахиж ингэж зэлрэх үгүйг нь мэдэжхээд
Халааснаасаа гараа сугалж алган дээр нь нууж явдаг сувдаа асгах юм шүү







Monday, October 28, 2013

ГҮЙЦЭЭ

Хүүхэн хараа мэт хав хар, хүүхэн хараа мэт 
Гэрлийг сорогч гярхай шөнө чамд би дуртай
Дөрвөн зүгийн салхинд хазаар дарах дууны 
Дээд эмэг-шөнө чи дуулах хоолой хайрлаач!
                                                                        \Марина Цветаева\ 

Би чиний өдөр болгон дурлах 
Шалтгаан байж болох байлаа
 Гэвч хүссэнгүй ээ,
 Зүрх минь хэрхэн уйлагнахыг сонсооч
 Энэ чимээг хэн гаргагч байв гэдгийг төсөөлөөч 
Нигүүссэн их мутраар адисласан бүрхэг өдрүүдээ 
Үүлсээ эвхэн хуримтлуулж 
Сэтгэлээс минь нүүгээч 
Ус буцалгагчинд хоржигнох бөмбөлөг бөмбөлөг дуслуудаа 
Та нар шиг ууршаад хагарчихмаар л байна шүү 
Цалгилан түрхэрэх давалгаад татралтаа түр зогсоо
 Цээжинд минь шатаж буй үгсүүд, дүрэлзэн ас 
Явган цэргийн жагсаал мэт бүгд жигдэр 
Нэгэн зэрэг уухайгаар, тарнын хураангуйллыг хөгжөөж 
Бүх хайрын сахиусуудыг миний зүг нисгэ 
Эцэж цуцсан намрын нүцгэн модод дээр хэрээдийг цуглуул 
Бүгдээс нь нэг нэг өд сугалж, мөчирт өлгө 
Хатан зөгийг ол, хаанаас ч хамаагүй 
Даган нисэх эрэгчингүүдийг нь бүгдийг цаазаар авж 
Цусаар нь тэнгэрт тахил өргө 
Дусагнаж болох борооны дуслуудыг агаарт нь эцэслүүл

 ГҮЙЦЭЭ! Харанхуй хотын гудамж надад дэн мэт хэрэгтэй

Sunday, October 27, 2013

Тверской бульвар

Намар цагийн Москва
Надад төрсөн гуниг шиг бүүдгэр саарал байдаг
Эртний чулуун гудамжаар нь
Резинэн холбоостой трамвай явдаг
Эв хавгүй Москвагийн хуучин трамвай
Элдвийн хүмүүсийн зовлон жаргалыг тээн
Ахматовагаас ч хамаагүй өмнө
Аахилан уухилан явсаар л байсан...

Онцгой монхор, өндөр хамартай
Оросуудад тэр бүр заяадаггүй бор нүд, хар үстэй
Омголон ихэмсэг хэрнээ гунигтай харцтай
Одоосон бол сэтгэлийг минь татах л байсан тэр эмэгтэй
Москвагийн энэ бүүдгэр намар
Надтай Тверийн гудамж уруудахад минь тааралдан
Москва голын хашлагат эргээр ханьсан зугаалж
Намар цагт Ахматийн нутагт ямар байдгийг ярилцахгүйсэн болов уу...

Хаа эртийн тэр саарал үдэш хонгорхон Анна
Хаачихаар тийнхүү Москвагийн трамвайнд удаан сууж
Хажуу дахь хүнийхээ эгэл энгийнийг гайхшран бодож
Харцаа унжуулан явсны учрыг асуумаар, басхүү асуумааргүй байна
Их сургууль, оюутнууд болзох дуртай модот цэцэрлэг,
Иван Грозныйг тоглодог театр, сүм, эйрфлотын касс,
Дорно дахин судлалын музей, ер бүгдэд хүргэдэг Москвагийн трамвай
Дотоодыг хамгаалахад ч хамгийн ойр очдог байсан байх...

Сүмийн зүгээс жингэнэх хонхны дуу
Сумрачная сэтгэлийг сэргээдэг юмсан уу,
Сударыня, дорогая гэх шиг сонсогдоно гэж үү,
Шувууд жиргэхээс ч илүү уянга агуулдагсан уу...
Учрыг асуухсан, Москвагийн тэр трамвай
Уух дуртай жимсний цайгаар нь үргэлж дайлдаг хуучин кафед нь хүргэсэн мэт
Унжуулсан харцаа алгуур өргөж учиргүй догдолсны нь
Учрыг асууж түүнтэй удтал ярилцахсан...

Сүүмгэр, бүүдгэр, бүр сав саарал Москвагийн намар
Сүмийн хонхны чимээнд хөтлөгдөн хаа ч юм буучихсан
Гурвалжилж нугалсан алчуурынхаа үзүүрийг энгэртээ зөрүүлээд
Гунигланхан алхах цэл залуухан Анна Ахматова
Москва гол цөнгөө хэзээ түрдгийг
Магад надад хэлж өгөх л байсан даа
Яагаад гагцхүү энэ “Үдэш”-ийг л
Яруу найраг болгосноо хэлэх л байсан даа...

Орог саарал тэнгэр нь хачин уйтгартай
Огт Улаанбаатарынхтай адилгүй Москвагийн намар
Оросын хаа сайгүй ургадаг хус, нарс, улиас ч үгүй чулуун гудамж
Олоон жилийн өмнө Ахматоваг буулгасан шигээ алгуурхан зогсох Москвагийн трамвай...

 \Хүрээ хөвгүүн Д.Энхболдбаатар  \2004 он


"""Тверийн Бульварт эргэн ирэхүй """

Холилдсон элдвийн бодол шиг салхи
Үсээр минь хөгжим тоглох мэт оролдож
Хосгүй нам гүмийг аялгуулахад,
Мод бүхэн бүүвэйлэгдээд унтчихлаа

Унтаа моддын зүүд намайг
Урьдынх шигээ догдлуулсангүй.
Урдуур өнгөрөх бүсгүйгээс цаг асуух ч хүсэл төрсөнгүй

Тэртээ эртийн танил агаар ч
Анхилахдаа нэг л хүнийрхүү
ТЭР ЦАГ
ТЭР Л ЦАГТАА ҮЛДЖЭЭ.

Твербуль минь-залуу нас минь

2006.05.18 Москва
Яруу найрагч Г.Аюурзана "Бясалгал" түүврийн 107-р хуудас

Wednesday, October 2, 2013

Гарыг минь

Гарыг минь тавиач
Гарыг минь атгаач
Гарыг минь ариун энхрий булбарай
Гарыг минь илбэн таалан тослооч
 
Үлдсэн өмч минь гэвээс энэ л байна
Үхсэн ч ургаж л байх хумсуудыг нь та нар харцгаа
Үгүй дээ миний биш ирэх цагуудын тоосыг хөдөлгөх
Үйлийн үрүүдийн нулимсыг арчих
 
Гарыг минь ариун энхрий булбарай
Гарыг минь илбэн таалан үнсээч
Гарыг минь атгаач
Гарыг минь тавиач