Sunday, March 30, 2014

яг жилийн өмнөх өдийд л чам руу урсах бэлтгэлээ базааж

ОХУ-ын Санкт-Петербург хотод зориулав 
 
  Ганцаараа л юм шиг
Бүгдийг бодож
Гартаа өөрийнхөө үнэрийг тээж алхсан хавар
Бүүр эртийн тэртээх танил зөрөгт таарсан намар
Одоо миний зүрхэнд ч шинээрээ оршиж буй
Тэр нэгэн хотын санаанд өлгөсөн нулимстай дурсамжууд
Орь гэнэхнээр шөнө бүр зүүдний цэнхэрлэгт үзэгдэж
Тас харанхуйн дунд ч нүдэнд минь оршисоор
Гэвч би зэрэгцэн дагах сүүдрээн хөтлөн хөтлөн алхсаар
Хөлд орохыг нь хүлээж, дотроо мэгшисэн хэвээр
Хашгирсан дуу, ид хавт залуу нас ханцуйн дотор минь амь дүйн дэвхцэж
Ганирхалын хөндийгөөс уухайлан айсуй хүчирхэг эгшилтүүдийг сонсож
Тэнгэрийн цэнхэрлэгээс хөх униар сэмжлэн газардах үгсээр амиа зогоож
Наашлан айсуй хэрнээ цаашлан одох зоригт цаг хугацааг эвдэж
Тамыг ч зүрхэн дотроо эргэлдүүлж чадах хүчтэй болжээ
Нарыг хилэнт зүрхнийхээ ирмэгт цовдолж чиний сэтгэлийг өөртэйгээ холимоор байна 
яг жилийн өмнөх өдийд л чам руу урсах бэлтгэлээ базааж
урсгалдаа гэрэл тонгочуулан хөвж, замдаа таарсан эрэг мөрөнг эвдэж
урсах цус, булгилах халгиан, тэнгэрийн агуужим амьсгалыг далавчиндаа ботилсонсон
яруу найраг хариуд нь чи шивнэнэсэнсэн, гишгүүлсэн товжоо бүрээсээ мэдрүүлсэнсэн
хайр, атаа хорсол, тэртээд нисэх өнчин цахлайны өр өвтгөм гунигт цуурай
хажуу дэргэд эвцэлдэх модод хийгээд оддын эрхлэнгүй инээд
үсээр минь сая сая жилээр тоглон наадах салхис гариг эрхэсийн дуулалыг сэрээж
үнэнээ өчинөм цагаан шөнө минь ахиад өлмийд чинь уруулаа дэвсэхсэн

 УБ.14.03.24



Saturday, March 29, 2014

Л.Өлзийтөгсийн “Аквариум” өгүүллэгийн Монголын богино өгүүллэгийн хөгжилд гаргасан шинэ хандлага

МУИС- Монгол хэл соёлын сургууль Утга зохиолын cудлаач-III Б.Дэлгэрмаа


Л.Өлзийтөгсийн “Аквариум” өгүүллэгийн Монголын богино өгүүллэгийн хөгжилд гаргасан шинэ хандлага
            Хүн төрөлхтөн соёл, утга зохиолын хөгжлийн өндөр түвшинд хүрчээ. Амьдралын хуучин хэмнэл эвдэгдэн, бүх зүйлс эрчимтэй загварчлагдаж байгаа өдгөө цагт хүн хүнээрээ үлдэх, хүмүүс өөрийн язгуур хүн чанар, түүний утга учир, мөн чанарыг таних эрмэлзлэг туйлын хурдацтай өсч, түүний хэрээр үгийн урлагийн инжаан нарын бичиж туурвисан сонирхолтой өгүүлэмж, зөрчил, түүний тайллаас амьдарч буй эрин цаг хийгээд өөрсдийгөө олж үзэхийг, сэтгэлээ нээж харахыг урьд үзэгдээгүй ихээр хүсэх болсны нэг илрэл нь нийт туурвил зүйд гарч буй шинэ өөрчлөлтүүд, хэвлэгдэж буй номын төрөл жанр, тоо ширхэг, уншигчид утга зохиолын дотоод амьдралыг сонирхох хандлагаар илэрч байна. Ер нь дэлхий дахинд уран туурвилын эрэл хэрэгцээ урьд өмнө байгаагүй ихээр сэргэж байна. Монгол уншигчид ч урьд үед хаалттай хориотой хэмээгдсэн шинэ ертөнцүүдтэй гүнзгий танилцахыг эрмэлзэн, дэлхийн улс түмний шинэ сэргэг бүтээлийг орчуулах, монгол зохиолчид ч өөрсдийн хуучин арга барил, бичлэг сэтгэлгээний явцуу хүрээг даван гэтлэхийг хүсэх болсон аж. Үүний нэг тод жишээ нь Л.Өлзийтөгсийн “Аквариум” /2002/ өгүүллэг юм. Эл зохиолын талаар уншигчидтай өөрийн санал бодлыг хуваалцахаар эл бяцхан тайллыг бичлээ. 
            Энэ өгүүллэг орчин үеийн гэр бүл, хүмүүсийн сэтгэл зүйн нарийн төвөгтэй асуудлуудыг уламжлалт реалист арга, бичлэгийн хэлбэрээр бус этгээд сонирхолтой хэлбэр, өгүүлэмжээр тод нээн үзүүлжээ.  Иймээс уг өгүүллэгийг бүтцийн талаас нь задлан тайлбарлахыг оролдов. Зохиолч өгүүллэгийнхээ гол баатрын амьдралын орчин нөхцлийг аквариумын дотор тавьжээ.
  1. 1.      ...Миний аквариум жижиг ч гэсэн надад бүхнийг харуулаад байна л гэж
боддог байлаа. Дөрвөн тал нь шил болохоор ертөнцийн дөрвөн зүг, найман зовхисыг харж байгаа юм шиг л санагддагсан.
Гэвч ! аквариум бол аквариум. Тэр гадуураа бас аквариумтай. Нөгөө гурван өрөөнд маань өрнөж байгаа амьдрал надад харагдахгүй. Цаашлаад дөрвөн өрөө сууцнаас маань гадна болж буй бүхнийг, бүр цаашлаад... Миний өөрийн дотор байгаа шилэн хоргон дахь би...> /14-р тал/
<...>Ах дүү нар урьд нь жилдээ нэг л удаа тодруулбал цагаан сараар л нэг үзэгддэг байсан бол одоо бараг өдөр бүхэн ирцгээдэг, цагийн хуваарь гаргачихсан.< ..>/6-р тал/</...>
Зохиолчоос энэ хэсэгт тавьсан  үндсэн утга санаа нь орчин цагийн хот суурин газрын хүмүүс өөрсдийгөө аквариум лугаа дөрвөн ханан дунд хорьж, тэр нь яг л шилэн хоргонд хоригдсон баатрын нэг адил орчноо мэдэрч мэдэх ч хагас дутуу, эрх, эрх чөлөө нь хаагдсан орон зайн тухай өгүүлэмж бөгөөд хот суурин газар (хотжилт)-ын нөлөөлөл монгол хүнийг байгаль эрх чөлөө хэмээх хоёр гол чухал орчин хүрээнээс улам бүр холдуулж байгааг давхар илтгэсэн нь ойлгомжтой юм. Энэ өнөөгийн монголын нийгмийн хоолойд тулсан амин чухал асуудлын нэг юм. Энэ нь ганц нүүдэлчид суурин амьдралд шилжсэний үр дагавар төдий асуудал биш. Нийт хүн төрөлхтний орших, эс оршихуйн тулгамдсан асуудлыг хөндсөн хэрэг гэж болно.
Чикагогийн Их Сургуулийн эрдэмтэн Луйс Уэрт: Хотуудад ихэнх хүмүүс өөр хоорондоо шууд, ойрхон амьдардаг хэрнээ ихэнх нь хөндий бас бие биенээ үл таньдаг нь хөдөө аж ахуйн уламжлалт жижиг суурингаас ялгаатай болохыг тэмдэглэсэн /энэ нь ялангуяа монголчууд бидний амьдралын язгуурын байгальлаг хэв шинж, нүүдлийн соёл иргэншлээс суурин соёл иргэншил рүү хошуурч байгаа өнөөгийн дүр төрхийн уран сайхны илэрхийлэл болно/ ...>   Хотын иргэдийн ихэнх харьцаа нь хурдан бөгөөд өнгөц шинж чанартай байдаг. Харилцан сэтгэл ханамжид чиглэсэн бус, харилцан зорилгоо хэрэгжүүлэх хэрэгсэл болж байдаг. Тийм учраас хотод амьдарч буй хүмүүс улам бүр хөдөлгөөнтэй болохын дээрөөр  хоорондын холбоо нь харьцангуй суларч ирдэг байна. Хүн чанар муудаж, ураг төрлүүд ч бие биенээсээ хөндийрхөд хүрдэг. /Антони Гиддинс “Социологи” 466 -р тал/ гэх тодорхойлолтын үндсэн агуулгыг эл хэсэгт монгол орон зайд уран сайхны аргаар илтгэсэн хэрэг юм. Зохиолыг цааш бяцхан үргэлжлүүлье.
-<...>Би нөхрөө надад худлаа ярина гэж, үнэнээ хэлэхгүй гэж итгэж байсан </...>
юмсан. Гэтэл үнэнийг ярьчихдаг байна шүү. Тэгэхэд л би үнэнийг ер хүсээгүйгээ, ерөөсөө юуг ч хайгаагүйгээ /магадгүй юу ч олоогүйгээ гэх нь оновчтой болох биз/ ойлгосон юм. Магадгүй би бусдын тухай биш, өөрийнхөө тухай мэдэхийг хүссэн ч юм билүү /15-р тал/ гэх хэсэгт З.Фрейдийн
психоанализын онолоор бол уг зохиолын  “рационализация”маш хурц илрэх бололтой. Энэ нь хүний сэтгэлийн бачимдал ба түгшүүрийг шийдвэрлэх нэг зүйл арга ч гэж болно. Өөрөөр хэлбэл буруу эргэцүүллээр уран дүрийн сэтгэл зүйн зөвтгөж байна гэсэн үг. Хүн бүхэн тодорхой тохиолдол бүрд мөн л ийм байдаг. “Ногоон усан үзэм” гэх энэ нэр нь усан үзмийн мөчирт хүрч чадахгүй болохоороо үзэм боловсорч гүйцээгүй гэж өөрийн сэтгэлийг хуурсан үнэгний тухай Эзопийн ёгт үлгэртэй адил гаргалгаа юм.

  1. 2.      <....>Найман сарын дараа, загас болсноос хойш шүү дээ. Нэгэн шөнө нөхөр маань миний үй зайгүй найз эмэгтэйг дагуулж ирэв. Хүүхдүүд дунд ахынд очицгоохоор явсан байлаа. Найз эмэгтэй маань миний бяцхан охины орон дээр сууж байгаад, миний авааль нөхөртэй миний тухай шивнэн ярьж байгаад... ингээд л тэд унтсан юм даа. </....>
Нөхөр маань надтай хийдгээсээ нэг л өөр, хачин шуналтай, түрэмгий байхыг хараад би бүр гайхаж орхив. Дараа тэд баахан худлаа ярьцгаав. Найз эмэгтэй маань нөхөртөө хайргүй гэж уйлагнан хэлэхэд нөхөр маань хариуд нь “би мэднэ ээ ” угаасаа л мэддэг байсан гэх нь тэр. “намайг загас биш хүн байхад тэр миний найзуудаас чухам түүнийг л үзэж чаддаггүй байсан юм даа”
Найзын маань яриагаар бол би нууц амрагтай байсан гэнэ. “Бодвол түүнтэйгээ одоо хамт байгаа биздээ” гэж ертөнц дээрх цор ганц найз минь гуниглангуй царайгаар шивнэлээ.
Нөхөр маань бүрэн өөрчлөгджээ. Үгүй ээ ! ерөөсөө тэр өөр хүн байсан юм байна /11-р тал/.
Загас байхаа больсоны дараа найз эмэгтэй маань утсаар ярьдгаараа ярьж, нөхөртөө урьд урьдынхаасаа илүү хайртай болсноо шивнэн инээнэ /13-р тал/.
Дээрх дүрслэлүүдээс үзэхүл хүн хэмээгч нь сэтгэл гэх нууцлагдмал ертөнцдөө бодтой аж төрдөг туйлын нуугдмал амьтан аж. Зохиолч чухам энэ ертөнц рүү нэвтрэн тайллуудыг өөрийн сэтгэл зүйгээр дамжуулан нээсэн гэж болно. Үүнийг дараах байдлаар тайлбарлах боломжтой юм. Карен Хорни:    Хүний дотоод хүслэн, гаднаа илрэх байдлаасаа хахь ангид үйлдэл хоёроордамжиж урлагт сэтгэл зүйн  зөрчил үүсдэг...> гэж үзжээ. Энэ үүднэс харвал нийгэм-соёлын онцлог, хэм хэмжээтэй сэтгэл зүйн өөрчлөлтүүд ба далд байдал нь илэрч байдгийг сэтгэл зүйч олж харсан гэж болох билээ.
Тухайлбал: “Аквариум”-ын бүсгүйн нөхөр өөрийнх нь мэддэг, ойлгодгоос тэс өөр зан авир гаргаж, үйлдлээр дүрийн дотоод ертөнцөд хадгалагдаж асан хүслээ нээн илэрхийлж чадсан ажээ. Үүнд нь бүсгүйн найз эмэгтэй чухал түлхэц болж өгсөн байна. Энэ нь сэтгэц задлагын онолтон Зигмунд Фрейдийн бие хүний талаар хийсэн онолын 2 чухал тулгуур болсон таамаглал байдаг. Энэ үндэслэл дээр авч үзвэл:
-Ухамсаргүй сэдэл: Хүний зан үйл, бодол санаа, сэрэл мэдрэмж нь түүний өөрөө ч мэдээгүй дотоод түлхэц, бодол санаа, хүслээс гаралтай. Түүнийг агуулж байдаг зүйлийг “ухамсаргүй” гэж нэрлэжээ. Чухам тийм маягийн ухамсаргүй сэдэл нөхрийн дүр дээр бүр ч хурц илэрч байна.
Мөн З.Фрейд онолоор хүний сэтгэцийн хэв шинжийг 3 хэсэг болгож тайлбарладаг.
  • Ид – Дур хүслийг /байгалийн зан төрх/ агуулж байдаг бие хүний сэтгэл зүйн бүрдэл.
  • Эго- Дур хүслийг хязгаарлагч ухамсарт тал буюу хүний сэтгэл зүйн тал.
  • Суперэго – Дээрх хоёрыг ёс суртахууны хэм хэмжээний үүднээс хянаж байдаг нийгмийн тал юм.
Чухам “Аквариум” өгүүллэгийн дүрийн системд бүсгүйн нөхрийн дүр Ид-ийнх нь нөлөөлөл давамгайлснаар өөрийн эхнэрийн найз руу хэлбийн оржээ. Тодруулбал Ид нь Эго хийгээд суперэгогоос давамгайлж уг үйлдэл рүү хөтөлсөн байна. Чухам өгүүллэг дэх хайр дурлал, гэр бүлийн харилцааны шалтгаант холбоо хамаарлыг энэ харьцаан дээр шийдсэн гэсэн үг юм. Нууц амраг, нууцлаг амьдралыг дээрх хүчин зүйлийн нөлөөллийн хүчний харилцаанд тулгуурлаж тайлбарлах нь тайллыг илүү үнэмшил итгэлтэй болгож байна. Үүнийг:
Гэр бүлийн сэтгэл судлалын үүднээс тайлбарлавал:  Иймэрхүү үзэгдэл нь ...>сэтгэл зүй, нийгэм ахуй, физиологи, оюун санаа, ёс суртахуун хийгээд тухайн үеийн нөхцөл байдал зэрэг олон шалтаг, шалтгаантай холбоотой. Хамт ажилладаг эмэгтэй, эхнэрийн найз, эртний танилтайгаа холбогдох зэрэг нь хүний сэтгэл зүйн онцлог чанруудтай холбоотой. /АНУ-н сэтгэл зүйч К.Болдуйн/ гэж үзжээ.
            Бас нэг жишээ татъя:
 Хүн болгон 2 дүртэй аж. Үнэндээ тэр 2 дүрийнхээ нэгийг нь л бусдад харуулхад хангалттай. Хэн ч өөрийнхөө сайн сайхан гэж бодсондоо буй болгосон тэр дүрээ л бусдад харуулахыг хүсдэг. Түүгээрээ л баг хийж явдаг. Хоёр дахь нь хэдий өөр байлаа ч бусдад харуулахыг хүсч байгаа тэр багаар нь л хүнд хандах хэрэгтэй юм байна. Заавал багийг нь хуулах гээд нөгөө жинхэнэ дүрийг нь үзэх гээд байх хэрэг юу байна аа! /12-р тал/. Зохиолын энэхүү хэсгийн утга санааг Ид, Эго болон Суперэготой холбож үзвэл нөхөр нь Ид-ийнхээ хүслийг Эго-оор хязгаарлаж, харин Ид ба Эго-ийн хүслийг Суперэго-оор хязгаарлаж амьдардаг хүний төрмөл зан төрхийн баг гэж томъёолж болно. Цааш хэдэн жишээ үзье,
- Хүү маань хэдийнээ үймүүлэхээ больжээ. Тэр хэзээ ч миний үгэнд орж байгаагүй юм. Хэтэрхий дураараа, 12 настай хүүхдэд баймааргүй хэвлүүн яриатай хүүтэйгээ би огт таардаггүй байсан юм л даа. “Хичээлээсээ өнөөдөр оройтолгүй ирээрэй ” гэхэд оройтно. “За яахав, өнөөдөр хичээлээ тараад гадаа тогловол тогло доо” гэхээр ороод ирнэ. Түүний зөрүүд зан намайг галзууруулах дөхдөг сөн /11-р  тал/
-          Нэг өглөө хүү маань хичээлээ хийж дуусгаад өдрийн тэмдэглэлээ авч шүлэг бичив. Тэр модны тухай шүлэг бичжээ. Бичиж дуусгаад тэр амандаа аяархан шивнэн уншсанаа гэнэт нөгөө дэвтрээ юу ч үгүй жижиглэн урж, өрөөгөөрөө нэг цацчихаад гарч гүйв.
-          Хүү яагаад үе үе ууртай болчихдог байсныг, бас яагаад өрөөөгөөр нэг урсан дэвтэр хөглөрч байдаг байсныг би тэгэхэд л ойлгов. Бурхан минь! Гэтэл би түүнийг математикч болгохоор өмнөөс нь шийдчихсэн байсансан. Яасан дураараа байж вэ! Би хүн байхдаа... /17-р тал/ Энэ хэсгүүдэд буй дотоод
агуулгыг онолын үүднээс тайлбарлавал чухам “Хүүхдийг бага наснаас нь бие даах чадварыг нь хөгжүүлж, тэднийг өгдөөн дэмжиж, гаргасан амжилтыг урамшуулах нь өөрийн үнэлгээнд нөлөөлдгийг томчууд анхаарах нь чухал. Тэдэнд нийтлэг гардаг дутагдал нь зөрүүд зан юм. Энэ нь тэд багаасаа өөрт шаардагдсан, хүссэн болгоноо биелүүлэхийг эрмэлздэгтэй холбоотой. Гэхдээ энэ нь бүхнийг ухаарч ойлгоод хийж байгаа үйл биш. Өсвөр нас бол эгзэгтэй үе бөгөөд энэ наснаас эхлэн тэд өөрийгөө хянаж, бусдын нүдээр харах, өөрийн тухай шүүн хэлэлцэх зэргээр идэвхтэй үйл ажиллагаанд ордог. /Гэр бүлийн сэтгэл зүй О.Мандах/
Хүүхдийн зан төлөвшил нь амьдралынх нь анхны жилээс эхэлдэг бөгөөд түүнд амьдралын тодорхой нөхцөл үлэмж чухал үүрэг гүйцэтгэдэг. “Аквариум” өгүүллэгт хүү шүлэг бичих авъяастай байхад ээж нь түүнийг мэдэхгүй математикч болгохоор шийдчихсэн байснаа мэддэг. Эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ ярилцан юу сонирхож буйг нь үнэн сэтгэлээсээ анхаарч байх хэрэгтэй. Хүүхдийг дургүй зүйлд нь албадсанаас зөрүүд, өөрийн авъяас чадвартаа үл итгэдэг, бие даан шийдвэр гаргах чадваргүй болон хүмүүждэг./Гэр бүлийн сэтгэл судлал 152-р тал/
    Үүнээс үндэслэн бодвол: Уран зохиолын олон төрөл зүйлийн дотроос богино өгүүллэг нь том санаа, гүнзгий утгыг оновчтой, бас сонирхолтой хэлбэрт шилжүүлж илэрхийлдгээрээ хэн хүний таашаалыг хүлээх шид илүү шингэсэн, хүмүүс анхааралтай амтархан уншдаг төрөл зүйл гэж болно.
            Монголын өргөн тал, дуусашгүй мэт үргэлжилдэг цэлийсэн уудам нутаг маань хүртэл надад багадаад байгаа юм шиг санагдан үргэлж, үргэлж л давчдаж явдаг байлаа. Хүсээд байсан орон зай маань харин энэ бяцхан аквариум байж, миний тэр орон зай, хүсэл гэдэг маань ийм л хэмжээний юм байж шүү дээ. // гэж зохиолч өөрийн уншигчдийн өмнө тавьж буй санаагаа тод харуулсан нь зохиолчийн ур чадварын нэг онцлох тал юм.. Өөрөөр хэлбэл өнөөгийн бидний ч аж төрдөг дөрвөн хананы дундах амьдрал юм.
Зохиолч Г.Аюурзана “ Орчин цагийн өгүүллэг дэлхий дахинаа сонгодог үеийн хэв маягаасаа ихэд өөрчлөгдөн, өгүүллэгийг дүгнэж цэгнэдэг хэмжүүр ч эрс ондоо болсон” гэж “Монголын сонгомол өгүүллэг” цомирлогт тэмдэглэсэн нь бий. Монголын уран зохиол нь дэлхийн уран сайхны сэтгэлгээний жишиг түвшингээс алхам ч хоцроогүйг дээрх өгүүллэг харуулж байна. Чухам монгол өгүүллэг улам бүр чөлөөт сэтгэлгээг шүтэх, уран зохиолын парадокс мөн чанараа олж буйг зориуд тэмдэглэх ёстой юм.
            Өнөө үед бидний тэр бүр олж харж чаддаггүй хүний сэтгэлийн нууц ертөнцийг байтугай бие биенээ ойлгох сэтгэл, хүний мөн чанар, гэр бүлийн амьдрал руу өнгийх, тэдний сэтгэл зүй рүү чиглэсэн олон асуудлыг сэрэл мэдрэмжийн оролцоогоор харуулсан энэ өгүүллэг цомхон атлаа олон талаас нь өөр хооронд нь нягт уялдуулснаараа шинэ туршилт гэж хэлж болох ажээ.
1990-ээд оны утга зохиолын хөгжилд сэтгэл зүйн өгүүллэг XX зууны монгол уран зохиолд маш содон өвөрмөц өнгө төрхөөр баяжиж байна. 2000 оноос олон зохиолчид чухам сэтгэл зүйн чиг хандлага руу гүнзгийрч, өгүүллэгт шинэчлэл хийхийн төлөө эрэлхийлэн, чөлөөтэйгөөр сэтгэх, турших, туурвих сонирхолт илт давамгайлах болсон гэж болно.
Ерөөс өнгөрсөн үеийн уран зохиолын арга барил цугаар хэрэггүй болж хаягдсан нь үгүй. Өөр нэг зохиолыг товч хөндөе. Р.Чойномын бичсэн “Гөлөг” уянга сэтгэл зүйн тууж бол мөн л ардын аман зохиолд бүрэлдсэн бэлэн туршлага болох хувилах, нуугдах өгүүлэмжээр илэрхийлсэн сонин зохиол билээ. Ф.Кафка “Хувирал” туужийн бичлэг, арга барил, сэтгэлгээтэй тун ойролцоо билээ.
            Зохиолч Л.Өлзийтөгсийн “Аквариум” өгүүллэг нь Монголын богино өгүүллэгийн хөгжилд гарсан нэгэн шинэ үзэгдэл гэдгийг ийнхүү дэмжин дүгнэж байна.


Ном зүй
v  Өлзийтөгс Л.  “Нүдний шилэнд үлдсэн зургууд”. УБ, 2004 он
v  Байгалсайхан С. “ХХ зууны Монгол өгүүллэгийн туурвил зүй’’ УБ, 2010 он
v  Аюурзана Г. “Монголын сонгомол өгүүллэг” УБ, 2007 он
v  Батболд Ш. “Сэтгэл судлал сонгодгууд”  УБ, 2004 он
v  Гиддингс А. “Социологи’’
v  Фрейд З.  “Психоанализ”
v  Санжжав “Сэтгэл судлал”
v  Д.Галбаатар “Монголын уран зохиолын онол түүхийн зангилаа асуудлууд” 2001
v  Монголын утга зохиолын шүүмжийн улсын уралдаан 2006 он