Thursday, September 29, 2011

НАМРЫН шүлгүүд...


Шүлгийн санаа олно гэдэг эрэл. Алдаж гээгээгүй юмны эрж хайгаагүй эрэл. Навчин дундаас навч эрэхүй. Цэцгэн дундаас цэцэг эрэхүй.Цэцэг хийгээд навчыг эрэх нь салхин дундаас салхи эрэхүй юм. Ургаж байгаа навч бол навч биш, зүгээр л ургаж байгаа навч. Дэлбээгээ нээсэн цэцэг бол цэцэг биш, зүгээр л дэлбээгээ нээсэн цэцэг. Тийм болохоор салхи ч салхи биш, агаар ч агаар биш. Тэгэхээрээ навч гэж юу юм ? Салхи гэж юу юм?


   
Миний багадаа өссөн нутагт
Намар болоход уйтайсан
тэр цагт өнгөөр будашгүй гуниг
Үгээр хэлшгүй уйтгар бүрхдэгсэн
Өнгөрсөн гуниг, намрын дурсамжийг
бодохоор
Өдгөө ч гэсэн тэр гунигийг амтлах
шиг болдог ч
Одоо бүх зүйл өөр
Хавар цаг ирсэн
Жаргал ургаж, баясал нисэж ирээд л....
                                                                                           ӨЛЗИЙХУТАГИЙН ҮЛЭМЖТӨГС


  
Гүн бодол хавьцаа навчаар гол урсаж
Навч хөлөглөн би гоо үзэсгэлэнтэй ганцаардана
Ганц шувуу хэдэн зууны турш солгой аялгуунд
мансуурч
Надад оромж барихдаа уйлж суусан бол
Нулимсаар нь гурил зуурч
Хэзээ ч үл үзэгдэх мөнхийн гурвалжинд үүрийг нь засна
Тэнд миний дурлалын пайз
Хазаад тавьсан алиман сар мэт бүдэгхэн гэрэлтээд
Цаг хугацааны зүг дэвж одох үест зүрх минь
гуниглаж эхэлнэ .
                                                                                          ДЭЛГЭРСАЙХАНЫ СОСОРБАРАМ




Модон завь шиг дүртэй бүүдгэр гэгээт навчтай
Найман сарын гуниг сэлүүрдсээр
Намрын зүг гэртээ харним би...
Сагсандаа ямар ч олзгүй буцах загасчин эр шиг
Сар ч халаасанд үгүй, эрвээхэйн цогцос л номын завсар
Эндхийн зун ийм тод өнгөтэйг хэн мэдэх вэ?
Эндээс би шүлэг ч үгүй буцаж л явна даа...
Нарнаас зүүгдсэн шувуудын дэвэлт шиг намар минь
Хайр минь, халуун илчит бүдэгхэн минь
Хэчнээн ч жигүүртэн гэрэлд урваж
Моддын мөчрөөс нислээ ч
Хэзээд ч чиний энхрийлэлд
Зүрхээ нүцгэлж чадах шүлэг минь...
Ай намар минь, амраг минь.

                                                                                            ЭРДЭНЭБААТАРЫН БҮЖИНЛХАМ


Хашаанд минь хэзээнээс ч юм
Харагдах болсон залуу улиасны
Хандаж ургасан зүгт нь нөмөрлөн зогсоод
Хэчнээн тамхи асаасныг минь
Хэн ч мэдэхгүй шиг
Утга учиргүй ногоон навчис
Унахдаа ямар үг хэлдгийг
Би сонсохгүй шиг
Наймын тоо хэлбэрт аалзыг
Томруулдаг шилээр харж цочсоныг минь
Аалз ойлгохгүй шиг
Орчлонт ертөнцийн өдөр хоног, хэмжээсүүд
Ондоо газар луу намайг хөтлөх болоод удлаа
Харьцангуйг харсан тэр томруулдаг шилийг
Хайрцаганд хийж номын сандаа хадгалахад
Утга учиргүй ногоон навчис
Унших номын минь хавтасанд алтан утас шиг дурайгаад
Урагдаж навсайсан хуудасыг нь
Аалз шүлсээрээ бэхэлж, хөнгөмсөгөөр савлан тоглоход
Аман хуурын хайрцагт үлдээгээд удсан
Томруулдаг шилээ авч эрвээхэй харахаар би явлаа
                                                                                ТӨМӨРБААТАРЫН ЕСӨН-ЭРДЭНЭ


Унаад ургасан навчсын 
Урд төрлийнх нь тухай 
Уйтгарт үлгэрийг сонсож
Удаан суулаа
Намрын ой, навчсын дуу
Магадгүй маргааш л жаргал ирнэ
Жаргал ирхэд би уйлна
Уйлахад нүднээс минь
Навчис унана...
Надаас унасан навчис дээгүүр
Чи гунигтай алхална
Чиний гунигийг миний навчис 
Чимээгүй залгилна...
Гэхдээ...
Навчис хэзээ ч уйлахгүй
Намар бид хоёр ийм л хоосон
                                                                                       ЧИМЭГДРЭГЗЭНГИЙН ӨСӨХБОЛД





Өөртэй чинь зөрсөн агшинг
Өнгөөр зүйрлэвэл улаан

Нэг тийм дулаахан мэдрэмж төрөөд

Нэлэнхүйдээ бие минь чичрэн даардаг

Цүнх шүргэлцэхэд зүрх хүчтэй цохилж

Цээжнээсээ гарах гэж адган тэмүүлдэг

Үггүй зөрөхөд чинь галзуурах мэт

Үймэрсэн бодолдоо тарчлан зовдог

Чамтай зөрөх агшин

Час улаан болохоор л

Чи намайг харалгүй
Цагаан учрал руу л тэмүүлдэг байх,.,.,.,.

                                                                                         ДОРЖНЯМБУУГИЙН ЭРДЭНЭЗУЛАЙ


чиний талд үүрд зогсох бурханы
чичрэгт гарт зүрх минь атгаатай
амар амгалангаасаа намайг олвол
ай би тэр л үед...
мөс мэт хүйтэн чинийхээ
мөрөөдөл төдий хоосон юм би
энэ л цайзаасаа оргож намайг сонговол
эргэж буухгүй салхи юм би
намайг ойлгохгүй намарыг
хавар хэмээх шиг
намайг танихгүй чиний
насаараа хүлээх хүлээлт юм би.
                                                                                            РАДНААДОРЖИЙН УЛАМ-ОРГИХ                    

Зүрхнийхээ хуанлыг дэлгэж суугаад
Томруулдаг шилээр
Чамтай танилцсан цаг хугацаагаа
Нягтлан бодож хэсэг тээнэгэлзлээ

Голдуу бороо үл мэдэг хаялсан
Навчисын судлаар дуслууд нь
Бөнжигнөн жирвэлзсэн
Он цагийн алдаа заалаа

Бодохнээ хавар байсан болвуу гэж
Өөртөө тунгааваас
Үсэнд чинь сондорлогдсон хярууг
Үлээж өгснөө санахад өвөл ч юм шиг

Гэтэл намайг санагалзан дурсаж
Шаргал гунигийг сэтгэлдээ хослуулан
Нисэж явааг чинь тагтан дээрээсээ хархад
Намар л байж дээ чи                                             
                      
                                                                                              САЙНЖАРГАЛЫН НАЧИН

                                                           "ШИНЭ ҮНЭР" шүлгийн цомирлогоос

11 comments:

  1. үүрд залуу
    үүрд мөнх
    насыг үзье...

    ReplyDelete
  2. манай охид ч бас байна аа байна.

    ReplyDelete
  3. haana tasarjixvaa bas kke chii bas bainaa baina kke

    ReplyDelete
  4. Vlgert itgedeg uchir ni bid busdiin taaj medeshgui vlgerin ertontsod amidardag daaaaaaaaa kk

    ReplyDelete
  5. чи минь үлгэрийн ертөнцөөсөө хэзээ ангижрах хүн бэ Басархан минь дээ

    ReplyDelete
  6. чиний талд үүрд зогсох бурханы
    чичрэгт гарт зүрх минь атгаатай
    амар амгалангаасаа намайг олвол
    ай би тэр л үед...
    мөс мэт хүйтэн чинийхээ
    мөрөөдөл төдий хоосон юм би
    энэ л цайзаасаа оргож намайг сонговол
    эргэж буухгүй салхи юм би
    намайг ойлгохгүй намарыг
    хавар хэмээх шиг
    намайг танихгүй чиний
    насаараа хүлээх хүлээлт юм би.
    uwguun ene shuleg chin minii shuleg bish shdee, angilal gesn deer ni ug ni henii shuleg gedgiig ni todorhoi bichsendee.
    zasaj yanzlaarai.

    ReplyDelete
  7. mediishdee manina kke tgleech tiim baisanch ta2 chine negen buhelleg xvmvvs ym bishvv

    ReplyDelete
  8. ӨЛЗИЙХУТАГИЙН ҮЛЭМЖТӨГС дээрх зураг миний таньдаг хүний зураш байна

    ReplyDelete
    Replies
    1. Айн нэг ойлгосангүы

      Delete