Wednesday, February 15, 2012

Гүн ухааны чоно


 Гүйцэтгэгчийн Оргилболдод
I
Ýðèí ¿åèéí ýëãýí äýýðýýñ íýãýí ÷îíî áîñ÷ýý
Ýðèí ¿å íü òýãæ àéäñûíõàà àãóó òºðõèéã îëæ õàðæýý
Ýðèí ¿å ñýã çýìýýð õîîëëîæ
Ýðèí ¿å íîõñûí ÿâäëààð õýìëýëäýæ
Ýðèí ¿åèéí äóó õîîëîé íîõñûí õóöàëòààñ õýòýðñýíã¿é
Ýðèí ¿åèéí íîõñûí ÿâäëûã äàðëàæ
Íýãýí ÷îíî àðõèð÷ýý
Ýðèí ¿å íü òýãæ ÷îíûí àãóó èõ àðõèðààíûã ñîíñ÷ýý
II
Îþóí áîäëûí ÷èâ÷ðýýíýýñ íýãýí ÷îíî áîñ÷ äàâõèæýý
Îääûí äîð òýãæ îìîã áàðäàì ÷îíî ä¿¿ëýí ä¿¿ëæýý
Îëç èäýø îëîí èäýõ¿éí àãóó áàÿñãàëàíã òýãæ õààí÷èëæ
Îíäîîí ýðèíèé òýðã¿¿íä ñî¸îãîî øèãòýãý÷ýý
Îíõè ººð ÷îíûí çóóëòàíä
Îëîí íîõîñ òýãæ àìü òàâüæýý
Òýðã¿¿í ºíäðèéí õýöýýñ íýãýí ÷îíî ¿ñýð÷ýý
Òýíãýðèéí çàðààëààð áîëñîí ìºðèéã ìèíü á¿¿ ìºøãºãò¿í!ãýæ
Ìîíãîë ÷îíî
Òýíãýðò íü òýãæ òýíãýðýýñ íü ãàçàðò íü òýãæ ãàçðààñ íü àãóó õýëæýý.
Мөнх Хас Н.Бэгтэрээс зориулмуй 

Wednesday, February 8, 2012

Эзэн хааны аяга

Д.Дашмөнх 

                                                                  Эзэн хааны аяга
        Тэр сэрэв. Ам нь учиргүй цангаж, уруул ам нь шир болтлоо хатсан санагдана. Аргаж барзайсан хэлээрээ уруулаа шилэмдэхэд дэвтэх хүсэл нь улам аслаа. Мээмээ хөхөж байна гэж зүүдлээд сэржээ. Ээж нь өвөр дээрээ суулгачихсан хөхөө өгч, тэр ээжийнхээ ангир уургийг хэзээ ч байгаагүйгээрээ ховдоглон хөхөж, ах дүү нар нь тойроод зогсчихсон атаархангуй харж байна гэж зүүдэлжээ. Ээжийнхээ сүүг тийм амттай сайхан, ээж нь тийм уян зөөлөн байсныг ор тас мартсан байв. Тавин зургаан жил өнгөрсөн байна шүү дээ.
 
            Гадаа салхи үл мэдэг исгэрч хэн нэгэн хоолой засна. Харин гэрт халуу дүүгэж ангаж цангасан түүнийг улам хатааж байх шиг Ялигүй хөдөлгөмөгц толгой нь янгинаж, тагларч хатсан хамар нармай нь улам хуурайшин ус ч болов олж балгах хүсэл төрүүлнэ. Тэр тооно өөд харснаа марал гудайж үүрийн гялаан тодорсныг үзээд «хатуу үүрэгтэй хөөрхийсийг сандаагаад яана» гэж бодоод тохой түшин өндийлөө. Толгой нь ангас хийж хуваагдаад буцаад нийлчих шиг болов. Тэр цангасандаа тэсэлгүй хий тамшаалав. Дусал ч шүлсгүй ам нь хатуу ширүүнээр үрэлдэн зунгааралдсан шингэн мэдрэхэд тэр уурсаж өндийн суулаа. Тулганы галын бүдэг гэрэлд эргэн тойрноо хараачлаад хатавчинд эрэгнэг дээр том тогоо тавиатайг үзэв. 
 Тэр тал нутгийн эрэмгий зангаар давлиухан өндийтөл тархи нь мэнэрч газар дэлхий дайвалзан эргэж өөрийн эрхгүй гараа сарвагануулан арагш суулаа. Дотор нь муухайрч өөрийн эрхгүй бачууран амьсгаадах ажээ. Алгуурхан босож тэнцвэрээ олоод хөлд орж буй хүүхэд шиг тэнтэр тунтар алхлав. Гурав алхаад хөл нь суларч, өөрийн эрхгүй ханын нүднээс зуурч авав. Ханын нүднээс зууралдан тэнтэр тунтар алхсаар тогоонд хүрч өнгийн үзвэл ёроолд нь бага зэрэг шингэн зүйл байгаа нь нэн бүдэгхэн мэлтэгнэн харагдах ажээ. Тэр тогоог эрэгнэг дээрээс авахаар өргөсөн ч даасангүй алдчихав. «Асгарчихлаа» гэж халаглан бодонгоо галын бүдэг гэрэлд тогооны ёроолд тунарч байгаа шингэнийг хараад ердөө ганц, магадгүй хоёрхон балга уух юм байгаагаас асгарсангүй гэдгийг нь ойлголоо. Тогоог өргөж даахгүйгээс
хойш ёроол дахийг нь сорохоор тонгойн зүтгэв. Толгой тархи маналзан заадлаараа салах гэж буй адил болж, дүйрэн, амьсгал нь дахин бачуурч нүд нь бүрэлзээд ирэхэд тэр өөрийн эрхгүй нүдээ анилаа. Уруул нь шингэн зүйл мэдрэхэд айраг уу ус уу гэдгийг ялгалгүй бүх хүчээрээ сорон балгалаа. Тас нясуун амт амаар нь дүүрч нармайг нь янгинуулан тархийг нь өрөмдөж хоолой цээж хэнхдэг нь галд түлэгдэв. Журмыг захиж өсгөсөн ачлалт эхийнх нь сүү ч биш, ах дүү нартайгаа тоглож ядраад амсан цангаагаа тайлдаг байсан Дэлүүн Болдогийн тунгалаг горхины цэв хүйтэн ус ч биш, намрын сэнгэнэсэн айраг ч биш, харь газрын хатуу хар архины шавхруу байлаа. Оройн уусан архины шавхруу
 
Тархи толгой нь маналзан ам нь улам хатаж, цангаагаа тайлах хүсэл нь туйлдаа хүрэхэд тэр өөрийн эрхгүй уурсав. Энэ гэрт түүний цангааг тайлчих юм үгүй ажээ. Уурандаа тогооны ёроолоос огцом өндийтөл тархи руу нь лантуугаар буулгачих шиг болж, толгой нь хүндрэн нүд нь эрээлжлэн хамаг бие салгалаад эхлэв. Амьсгал улам давчдан нүүр нь чинэрч хөл гар нь жирвэгнэн чимчигнэж салгалан байснаа гэнэт бүх юм хөнгөрөн гүн харанхуйд живэн одов.  
 Ухаан орохдоо тэрбээр өнөөх л тогоо руугаа толгой шаасан чигээр хэвтэж байгаагаа ойлгов. Тэр өндийх гэсэн боловч хөл гараа мэдэрсэнгүй. Хүн дуудахаар завдсанаа больчихов. Хаан хүн адгийн барлаг шиг архины шавхруу долоогоод өндийж чадахгүй хэвтэж байхыг бусдад харуулж болно гэж үү. Урьд орой түүнд хатуу архи барьж асан харь худалдаачны үг санаанд нь буулаа. Мөнөөх лал эр хаантны аягыг үзмэгцээ уулга алдаснаа малилзтал инээж, хатуу хар архиар дүүргэх зуураа «Гадаад их далайгаас Атираат тэнгис, Шивэрт тайгаас Ширэнгэн ой хүрч буй энэ их улсын эзнийг дийлэх юу байх билээ? Их улсыг тань дийлэх, энэ биеийг тань идэх юм ертөнцөд үгүй. Олон түмнийг хөл хөсөр гар газар амрааж
байгаа таны найрлан жаргах цаг ирсэн бус уу. Өчүүхэн би хаан танд бие сэтгэлийг хөгжөөн бадраагч, арслан зориг, агуу цэцэн, алиа сайхныг төрүүлэгч хатуу хар архийг хүссэн хэмжээгээр чинь ханган өгтүгэй. Ганц хором ч тасалдуулах аваас өршөөл үгүй. Надад шан харамж хэрэггүй. Гагцхүү миний хар архийг хаан та таалан соёрхож төрийн найр, баяр ёслолоор олноор хүртэж байх зарлиг гаргахад л хангалттай» гэж хэлсэн. Тэгэхэд арилжаа наймааны зальтай эр юм гэж дотроо бодсон ч дахин тунгаадаг монгол зангаараа өглөө хариуг нь өгөхөөр болсон. Харин одоо тэр сэхээрэв. Лал эрийн цаад санааг ч мэдэв.
Гэнэт уйлмаар санагдав. Энэ түүний  өөрийнх нь сархадын аяга билээ. Тэр жил их хуралдайд ирсэн ах нь түүнийг бага залуугаасаа сархадад хэт орсныг ихэд зэмлэж чанга баалсан ажгуу. Угаас ах нь ёс журмыг чанд сахидаг ширүүн хүн тул архины тухай эцгийн сургаалыг сануулан багагүй донго хүртээсэнд гэмших сэтгэлдээ автсан тэрбээр өдөрт ганцхан аяга хатуу умдаан хүртэж байна гэж хөх тэнгэрт тангарагласан юмсан. Хаан хүн тангарагаасаа няцвал жинхэнэ шившиг тэр бус уу.  Тэр тангарагаа зөрчөөгүй ээ. Өдөрт ганц л аяга архи уудаг байв. Гэвч догшин хар усанд татагдах дур нь үл унтрахын учир долоо хоног бүр дархчуулд шинэ аяга захиалж хийлгэдэг болсон ажгуу. Хээрийн хойморт ч, төрийн өргөөнд ч, хатны өвөрт ч түүнийг дагалдах болсон сархадын сав нь эцэстээ хонин тогоон чинээ том болсон билээ. Цэцэн шадруудынх нь ятгалга, ахын томилсон сөнч түшмэл, хайртай хатных нь уйлаан, дарсны хорноос зэрэмдэг төрсөн угсаа залгах хүүгийнх нь үхэл ч түүнийг аягаа томруулахыг болиулсангүй. Хаан эцгийнх нь хамгийн хайртай хүү отгон дүү нь хүртэл түүний золионд хортой хар архи хүртэж тэнгэрт хальсан байхад тэр гутарч согтуурахаас өөрийг хийсэн бил үү? Их Монгол улс, түүний эзнийг дийлэх юм үнэхээр ертөнцөд байгаа бус уу? Эрүүлдээ гэмших
сэтгэлдээ үнэн автдаг ч нэг мэдэхэд сархадад хөлчүүрч түүнийгээ арилгадаг нь юутай гаслан.
            Өдгөө тэр өөрийн тогоон чинээ алтан хулны ёроол дахь харь газрын хатуу архины шавхруу руу толгойгоо шаачихсан хөдөлж ч чадахгүй аахилан хэвтэж байна. Их Монгол улсын Далай хаан аягатай архиндаа живж үхжээ гэж хөвчин дэлхий наран ургахаас наран шингэх хүртэлх нутгаар шагшрах учиртай юм гэж үү? Түмэн голын усыг барагдтал угаавч арилахгүй муу нэрийг ийн олоод эцгийн босгосон төр улсыг шившгийн тамгаар тамгалах учиргүй бус уу. 
 
Нүдэнд нь цийлэгнэж ирсэн нулимс эргэн шингэсэнд тэр гараараа тулж өндийхөөр бүх хүчээрээ уухирдан зүтгэв. Гар нь арайхийн захирагдаж, тэр аяганаас цээжин биеэ гаргаад тэрий хадан унав. Гэрт хуурай хар мод пис пис хийн ноцохоос өөр чимээ үгүй. 
            «Би үхэхгүй. Үхэж болохгүй. Гэрийн хаяанд сархадын савны дэргэд үхэж болохгүй» гэсэн бодол эзэмдэхэд тэр бүх хүчээ шавхан түрүүлгээ хараад хоймор өөд хаан сэнтий рүүгээ мөлхлөө.
            Бүх хүчээрээ мөлхөх тусам ухаан нь саруулсаж хөл гар нь мэдээ орох шиг болж байхад тэр баярлав. «Би үхэхгүй нь». Мөлхөөд л байлаа…
 Хамаг бие нь зангиран эрчилж, духан дээгүүр нь чийхарсан хүйтэн хөлс хавагнан сэлхэрсэн нүүрийг нь даган урсаж ам руу нь орлоо. Шорвог бус нясуун амттай ажээ. Хамаг чадлаараа уухилан мөлхсөөр сэнтийдээ хүрэхийн алдад түүний ухаан бүрэн цэлмэсэн байлаа. Үхлийн тухай бодол нь хийсэн оджээ. Аахилж уухирдан авирч сэнтийдээ суухаар мацахдаа тэр гар хөлөө муухан захирч байгаагаа ойлгов. «Энэ умдааныг цаазлах хэрэгтэй. Маргааш өглөө зарлиг гаргаж хууль цаазанд дөчөөс доош насны бүх монгол эрчүүдийг архи дарсанд уруул хүргэхийг хориглосу. Тавиас доош насны эрчүүдийг нэгээс илүү тагш архи амсахыг хориглосу. Жараас доош насны эрс гурваас дээш тагш архи амсахыг хориглосу. 
 Харь газраас хатуу хар архи авчрахыг бүр мөсөн хориглосу. Хаан хүн төрийн ёслолоос бусад үед архи амсахыг цаазлах хэрэгтэй». Тэр дотроо үл мэдэг мушилзаад сэнтийдээ тухлан сууж тооно өөд харав.  Үүр хаяарч эхэлжээ. Ам нь цангасан хэвээр байсан боловч урьдынх шигээ тэсэхүйеэ бэрх байхаа больжээ. «Энэ хулыг маргааш олонд үзүүлж гэмээ хүлээж зэмээ үүрсүгэй. Тэгээд эвдэлж хаявал зохино. Үрийн үрд бузрын жишээ болгон дуулгасугай. Тэдэнд үлдээх захиасны минь гэрч болог. Хичнээн олон ураг садан минь энэ нясуун усанд живэв». Тэр хэлсэндээ хүрнэ, бодсоноо болгоно гэдгээ мэдэж байлаа. Богд эцгээсээ өвлөсөн чанар нь тэр билээ.  Түүнийг хиагаа дуудахаар хоолой засах гэтэл ам нь эвлэсэнгүй, дуу нь гарсангүй.  «Хөх тэнгэр». Тэр амаа захирахгүй байлаа. Тэнхээ мэдэн хашхирахаар оролдоод амаа үл ялиг ч ангайлгаж дөнгөсөнгүй. Зүрхийг нь шор цоо хатгах шиг болсноо бахь тас хавчиж, амьсгал нь бачуураад нүд нь
харанхуйлаад ирэхэд тэр аньсгаа буулгаж амгалан дүрийг олоод сэнтий дээрээ аль болох цэх суулаа. Тэр дэндүү хожимдсоноо сая ойлгов. 
                        Их Монгол улсын Далай хаан Өгөөдэй тэнгэрт халив.
2012 он