Sunday, October 27, 2013

Тверской бульвар

Намар цагийн Москва
Надад төрсөн гуниг шиг бүүдгэр саарал байдаг
Эртний чулуун гудамжаар нь
Резинэн холбоостой трамвай явдаг
Эв хавгүй Москвагийн хуучин трамвай
Элдвийн хүмүүсийн зовлон жаргалыг тээн
Ахматовагаас ч хамаагүй өмнө
Аахилан уухилан явсаар л байсан...

Онцгой монхор, өндөр хамартай
Оросуудад тэр бүр заяадаггүй бор нүд, хар үстэй
Омголон ихэмсэг хэрнээ гунигтай харцтай
Одоосон бол сэтгэлийг минь татах л байсан тэр эмэгтэй
Москвагийн энэ бүүдгэр намар
Надтай Тверийн гудамж уруудахад минь тааралдан
Москва голын хашлагат эргээр ханьсан зугаалж
Намар цагт Ахматийн нутагт ямар байдгийг ярилцахгүйсэн болов уу...

Хаа эртийн тэр саарал үдэш хонгорхон Анна
Хаачихаар тийнхүү Москвагийн трамвайнд удаан сууж
Хажуу дахь хүнийхээ эгэл энгийнийг гайхшран бодож
Харцаа унжуулан явсны учрыг асуумаар, басхүү асуумааргүй байна
Их сургууль, оюутнууд болзох дуртай модот цэцэрлэг,
Иван Грозныйг тоглодог театр, сүм, эйрфлотын касс,
Дорно дахин судлалын музей, ер бүгдэд хүргэдэг Москвагийн трамвай
Дотоодыг хамгаалахад ч хамгийн ойр очдог байсан байх...

Сүмийн зүгээс жингэнэх хонхны дуу
Сумрачная сэтгэлийг сэргээдэг юмсан уу,
Сударыня, дорогая гэх шиг сонсогдоно гэж үү,
Шувууд жиргэхээс ч илүү уянга агуулдагсан уу...
Учрыг асуухсан, Москвагийн тэр трамвай
Уух дуртай жимсний цайгаар нь үргэлж дайлдаг хуучин кафед нь хүргэсэн мэт
Унжуулсан харцаа алгуур өргөж учиргүй догдолсны нь
Учрыг асууж түүнтэй удтал ярилцахсан...

Сүүмгэр, бүүдгэр, бүр сав саарал Москвагийн намар
Сүмийн хонхны чимээнд хөтлөгдөн хаа ч юм буучихсан
Гурвалжилж нугалсан алчуурынхаа үзүүрийг энгэртээ зөрүүлээд
Гунигланхан алхах цэл залуухан Анна Ахматова
Москва гол цөнгөө хэзээ түрдгийг
Магад надад хэлж өгөх л байсан даа
Яагаад гагцхүү энэ “Үдэш”-ийг л
Яруу найраг болгосноо хэлэх л байсан даа...

Орог саарал тэнгэр нь хачин уйтгартай
Огт Улаанбаатарынхтай адилгүй Москвагийн намар
Оросын хаа сайгүй ургадаг хус, нарс, улиас ч үгүй чулуун гудамж
Олоон жилийн өмнө Ахматоваг буулгасан шигээ алгуурхан зогсох Москвагийн трамвай...

 \Хүрээ хөвгүүн Д.Энхболдбаатар  \2004 он


"""Тверийн Бульварт эргэн ирэхүй """

Холилдсон элдвийн бодол шиг салхи
Үсээр минь хөгжим тоглох мэт оролдож
Хосгүй нам гүмийг аялгуулахад,
Мод бүхэн бүүвэйлэгдээд унтчихлаа

Унтаа моддын зүүд намайг
Урьдынх шигээ догдлуулсангүй.
Урдуур өнгөрөх бүсгүйгээс цаг асуух ч хүсэл төрсөнгүй

Тэртээ эртийн танил агаар ч
Анхилахдаа нэг л хүнийрхүү
ТЭР ЦАГ
ТЭР Л ЦАГТАА ҮЛДЖЭЭ.

Твербуль минь-залуу нас минь

2006.05.18 Москва
Яруу найрагч Г.Аюурзана "Бясалгал" түүврийн 107-р хуудас

3 comments:

  1. номон дээрээ энд тэнд ишилж, хуулахыг хориглоно гээ биччихсэн байсан шд. мэдэхгүй биш л байлгүй дээ бодвол?

    ReplyDelete
  2. Сайхан шүлгүүд шүү. Энхээ ахын Трамвайг уншаад нээх сайхан болж билээ. Гэхдээ хөөрхий номоо бас л алдсан даа. Уг нь Интерт байсан сүүлчийн хувь нь юмсан.

    ReplyDelete
  3. Тверской бульвар-g unshsan chni minii tosoolood haana gedgiig ni medehgui bgaa ter gazriin salhi salhilah shig.uneheer goy yma

    ReplyDelete