Wednesday, December 7, 2011

Зүрх зогсохгүй.........

Удахгүй их сургуулийн гудамжинд хавар гэдэг улирал ирж өнгөрөн одсон дурсамжиндаа сэтгэл минь нялхарна. Энд л үлдээсэн алтан хормууд гөлгөлж буй модод шиг нэг нэгээрээ үрээ цацна. Тэгэхэд хорвоо ертөнц ямар хямдхан санагдах бол. Энд л юу ч мэдэхгүй гэнэн цайлган хэнд ч хор хөнөөлгүй залуу насны минь урлан бүтээх төв сүндэрэлсэн. Гудамжных нь хана туурга шат хаалга модод нь, шувууд нь, хүмүүс нь бүгд дотно.

Гурван жилийг үдэж одоо ганцхан жил
 
Амьсгалхад агаар нь халуу шатам. Халууцхад хань ижил болсон нөхдийн минь сэтгэл бүлээн. Замынх нь гэрэлтүүлэг бүхэн гэртээ хариач гэж надад шивнэдэг. Энд олон залуусын хүсэл мөрөөдөл, хайр дурлал, гуниг, зовлон жаргал, баяр хөөр бүхэн гэнэн инээмсэглэлээ тодруулсаар зүрхэнд минь үүрэлсэн. Эндхийн юм бүхэн эгэл нандин. Нандин бүхэн нь хэзээ ч тасрахгүй. Цовоо цолгиун дуутай гэрэл цацраасан үзэсгэлэнт охид хаврын хаварт олон эрсийн нүдэн дотор сэлүүргүй сэлдэг. Цас нь шивэрч, бороо нь бударч ордог. Гудамж нь "БАГА ТОЙРОГ" гэсэн нэрэндээ зохицсон. Хоёр алхаад л эртний танилтайгаа хүртэл таарна. Улаанбаатар хотын зүрхний лугшилт энд л тодхон хүчтэйхэн булгилан цохиолно. Дотуур байрных нь гадаа хос залуусын үнсэлцэх нялууралд уяссан болжимрууд үргэлж ямар нэгэн дууг

хоршин дуулна. Залуусынх нь гитарын тав дахь утас таван сарын эхээр хаашаа  ч юм замхарч одно. Оройн цагаар хөгшин залуус баян ядуугийн ялгаагүйгээр уушийн газарт нь цуглаж нэгэн насныхаа амьдарлын учгыг ярилцсаар амттайхан яриа өрнүүлнэ. Тамхиных нь утааг тэнгэр сорон тайтгарна.
Ичээндээ орсон баавгай шиг зун гэн ч хүн үгүй мэт, нэг ч амьд амьтан үгүй мэт, хүмүүс амьдардаггүй мэт дүнсгэр эл хульхан уйтгар энэ гудамжыг бүрхэнэ. Тэр үед л төв замынх нь дундуур олон бодолд ээрэгдэн алхахад нулимс эрхгүй асгарна. Энэ байдал удаан үргэлжлэхгүй. Дөрвөн зүг найман зовхисоос цусыг нь сэлбэсээр шинэ шинэ залуус намрын намарт ирсээр, хаврын хаварт буцна. Буцах залуусынх нь энхрийллийг хадгалсаар байрандаа л хоцорно. Харин ирэгсэд өөр өөрийн хүслийг өнгө өнгийн дүрслэлтэйгээр зурна будна.
Энд хууль дүрэм журмыг амьдрагсад хийгээд, аж төрөгчид, түр орогногчид нь өөрсдөө зохиож, өөрсдөө асуудлаа шийднэ. Хэн хүн энд ирээд эрх чөлөөг хэмжээ хязгааргүйгээр илэрхийлж болно. Уран бүтээлчдийн хувьд хамгийн нээлттэй газар. Тэд энэ гудамжийг эзэгнэгч эзэд нь. Амьнаасаа илүү хайрлах өмчирхсөн хүсэл тэдэнд байдаг. Тэрслүү дэндүү сонгодог замналаар цаг үргэлж бичиж, туурвиж, зохиож, амьдарна, амьсгална, наргина, цэнгэнэ. Гэхдээ үнийг нь уран бүтээлээрээ төлнө. Төл гэж даан ч тэр хэзээ ч хэлэхгүй. Хэзээ ч хэлэхгүй учираас энэ урсгал цагийн цагт, үеийн үед үргэлжилнэ. Тасралтгүй үргэлжилсээр ертөнцийн төгсгөлд мөнхөд зүрх нь шинэрээ цохилно.

9 comments:

  1. Төгслөө дөө анд минь сэтгэл нэг л хоосроод байхын.. Таслаад байгаа хэрнээ л дахиад нэг жил баймаар л байна хэхэххэ Шинэ жил ч дөхлөө маниуст сар ч хүрэхгүй хугацаа үлдэждээ

    ReplyDelete
  2. Tiim shvv, baga toiruud baga ch gesen dasch dee, ene 4 jil. Saihan gazar. saihan, muuhai dursamjuud borgio met tseejnees amtagdaj bna

    ReplyDelete
  3. Hamgiin ehnii shulee end
    Hamgiin suulchiinh yum shig
    Unshij yavlaa.

    ReplyDelete
  4. Сайхан бичжээ. Оюутан байх сайхан шүү.

    ReplyDelete
  5. Энд л эх эрх чөлөөг хэмжээ хязгааргүй эдэлждээ. Батхуяг Ганбагана Энхсайхан Баяраа Балжинням Батболд нар хэхэ

    Я.Баяраа
    Харин би хамгийн сүүлчийн шүлгээ
    Хамгийн эхнийх юм шиг өдөр бүр энэ л гудамжинд уншдаг

    Т.Дашдорж
    Оюутан гэсэн нэрэн дор амьдрах дэндүү тансаг сайхан сайхан...........

    ReplyDelete
  6. Бага тойруугийн
    Багахан энэ гудамжинд
    Бага гэлтгүй их зовлонгоо хуваалцаж алхдаг миний найз

    ReplyDelete
  7. Бид ч бас тийм л байсан

    ReplyDelete
  8. Нүдэнд харагдтал сайхан дүрсэлжээ.

    ReplyDelete
  9. [Энд олон залуусын хүсэл мөрөөдөл, хайр дурлал, гуниг, зовлон жаргал, баяр хөөр бүхэн гэнэн инээмсэглэлээ тодруулсаар зүрхэнд минь үүрэлсэн.]

    Ла ла ла... ямар ч гоё юм бэ дээ, бүүр их догдолчихлоо, хурдан 9 сарын 1н болоосой хэхэ... :))

    ReplyDelete