Wednesday, May 30, 2012

Үсрэх л үлдлээ

Сэтгэлд боссон энэ их хуй салхины эрч
Хэзээ нэг намжих болдоо гэж
Хэрэг болгож хэн нэгэн надаас гал асуух шиг
Санаан доторх цөөрөмдөө сэлж чадахгүй, хэвтсээр л байна

Магадгүй ус нь ширгээд, юу ч үгүй шавар болж үлдхээс нь өмнө
Борооны хэдхэн дусал амийг минь тэтгэж асгарахдаа
Маргааш ч гэсэн амьдрал үргэлжилнэ, тиймээс чи
Бусдын төлөө бус өөрийнхөө л хэмээсээр шивнэн, шимшрэн, шивэрнэ

Яг л зүүд сэрсний дараа хов хоосон агаарыг хий сэрэгтэй үлдээхтэй адил
Яруу найрагт дурлах, тийм л эрчимлэг хийгээд сул гэнэхэн долгионоор
Бие, сэтгэл, зүрх, бодол, оюун санаа цөмийг урсгахын тулд
Бичих гүн ёроолгүй ангалруу, нүдээ аниад, 

                      сэтгэлээ дэрлээд, бодлоо цагаатгаад, зүрхээ чагнаад үсрэх л үлдлэээ

Saturday, May 19, 2012

Хагарсан хагалуулсан цонх


Зүрхний чинь цонхыг би үйртэл нь хагалсан 
Чи дахиж шиллэлгүй өдийг хүрэхдээ
Чамаасаа юу ч нуухгүй гэсэндээ
Зөөлхөн шуудаг байсан шүү хөшгөө гээд уйлсан 

Гэвч уйлах нулимсныхаа ширхэг дуслаар 
Хагарч цавтсан хэсгийнх нь 
Халтар шороо болсон хир буртагийг 
Гэнэт хагалхаас минь өмнө чи арчиж болох л байсан

Одоо оройтсоон бүх юм
Нэгэнт л бутраад юу ч үгүй болсон хэлтэрхийнүүдийг 
Нэг нэгээр нь түүж гараа эсгэхийн оронд 
Онгорхой чигээр нь үлдээгээд салхи хүүгэхийг сонс

Түүний тоглох ая харин 
Ямар сонсголонтой хийгээд 
Ялгуун тансагаар эгшиглэж
Тун удалгүй аялгуу нь өөрчлөгдөхийг 
Янаг энхрий хайрлаж явсан сэтгэлтэй минь бодож
Яруу найрагч гэж дуудуулах дургүй гэсэн үгийг минь тунгааж гэмээ цагаатгаарай 

Тэр үед чинь харин би 
Гараа гаргаж уралсан өөрийн цонхыг 
Тэвдэж сандарсан айдастай чинь үргээж
Ганцхан мөрөө хурууныхаа хээгээр бичнээ

ТУНГАЛАГ НУЛИМСНЫ ЧИНЬ ДУСЛААР



Tuesday, May 15, 2012





 Чамайг санан алхах нь
Намрын зэврүүн салхийг санагдуулах
Хаврын хүйтэн салхинд дулаацах шиг
Чимх гуниг цээжинд асаана

Тамхи л асахдаа оч гялалзуулдаг шиг
Одод жирвэлзэхдээ гэнэт харвадгийн адилаар
Одоо ингээд бодоод, өөрийн бүхэнд хоргодох нээ
Та миний амьдралд бүхлээрээ оршжээ

Бүр хэнэгч үгүй цээжний хонгилоор лаа асаан алхаж
Инээвхийлэх төдийдөө л гаргадаг гунигт дуугаа хөгжимдөн
Их олон олон аялгууг тоглохдоо
Бодлын далайд минь сэлүүргүй орхижээ

Tuesday, May 1, 2012

Уруудаж өгсөх урсгалын дунд

Яруу найрагч Д.Отгонцагаан 1981-онд Сэлэнгэ аймагт төрсөн
2002-онд Монголын зохиолчдын эвлэлийн хорооноос заралсан "АНХНЫ АРАВТ" бүтээл нь шалгарч "ШАТ" яруу найргийн түүврээ хэвлүүлсэн.
2005-онд Утга зохиол нийгмийн ажилтны дээд сургуулийг төгссөн
Одоо Шонхор телевизэд сэтгүүлчийн ажил хийж буй

                                               Цас орж байхад л
Цас орж байхад л
Би Набаковыг дуусгаад гарч одно.
Цантсан бүрх дороо үл танигдагч болтлоо алхана.
Бөөн цагаан шувуу зүг чиггүй нисэлдээд
Цөөхөн хэдэн үг зүрхний хэм алдуулна.
Би Набаковт дурлачихаж
Цас орж байхад л
Чи намайг хайрлаарай
Цангасан хацрыг минь бүлээхэн амьсгалаараа дулаацуулаарай
Шөнө дундын хотод тэр эрхэм зочилтол
Шөнө дундын хотод анир даран цас ортол л
Цагийн хөлт эрхэм үүдийг минь тогшино.
Цав  цагаан бүрх дороос үл танигдагч царай тодроно.
Галаа өрдөнө.
Гараа ээнэ.
Аяга халуун сүү оочино.
Инээвхийлнэ.
Би гэвч Набаковоос аль эрт уйдчихаж
Өглөө харин зүүд шиг
Өчигдөр өнгөрсөн бүхэн шиг
Шөнөжин цогшсон нурам  сүүлчийн амьсгал шиг
Шөнө дундын хотод
Цас орж байхад л..,     

--------------------------------------------------------------------

                                              Үүр цайх нь

Үүр цайх нь тэнгэр мэт алсад
Үглээ бяцхан шувуу нүдээ аниад зүүрмэглэх мэт сэрэлтэй
Бүрий үдшийн дуу тасалданги анирыг чимээлж
Бүтэн тэргэл сар дэрсний цагаан гэрэл болно.
Амьдрал гэж энэ.

---------------------------------------------------------------------


                                           Амиа хорлогч

Унахад өвдөнө дөө гэж бодохын зуургүй
Уйлж бус инээсээр үсэрчвэл энэ өндрөөс
Унаж яваагаа мэдэх ч үгүй нисэж гэж эндүүрэгч
Уудмын хол салхин алсад жингүүдэнэ.
Газар онох уу
Тэнгэр зайцах уу хэн мэдлээ.
Ганцхан үг түүний зүрхэнд хадаастай
Би чамд хайргүй.
Гадагшаа ..,
Гадагшаа усан нулимс чимээгүй урсавч
Дотогшоо төмөр нулимс тор тор хийн унах нь сонсдож
Төмрийн хаягдал мэт сэтгэлээ
Тэнгэр мэт дууграхыг сонсон хэвтэх минь
Жинхэнэ гашуудал.

----------------------------------------------------------------------

                                        Нэг л мэдэхэд

Нэг л мэдэхэд намар ирдэг.
Нэг л мэдэхэд хавар буцаж байдаг.
Гүн хөх тэнгэрт ганц алтрах бөмбөлөг шиг
Гүн цээжний минь аглагт чиний инээд  шиг дотнохон.
Нэг л мэдэхэд цас нэвсийтэл дарчихдаг.
Нэг л мэдэхэд бороо хөшиглөж цайрдаг.
Тэнгэрийн болор дагинас дотно хүн шиг санагдахад
Тэргүүнээ би бардамхан өргөөд шувуу шиг нисчихдэг.
Нэг л мэдэхэд нялх ногоод өлмий дороос түрж ургадаг.
Нэг л мэдэхэд алтрах навчис жамын зүг хийсч
 Нэг л мэдэхэд алтрах навчис жамын зүг хийсч оддог.
Одох навчисын гуниг нялх ногооны солонгонд хувирч
Одох ирэхийн зааг дээр бүсгүй хүн уйлж суудаг.
Нэг л мэдэхэд орчлонгийн хүрд түргэлж эхэлнэ.
Нэг л мэдэхэд орчлонг би ихээ холоос ажиж сууна.
Хэдэн зууны өмнө сэтгэлд хургасан эгшгийг
Хэн нэгний чихэнд бүүвэй болгон аялана.

           2005 он Архангай аймаг Булган хайрханы өвөрт