Thursday, December 13, 2012




Чамдаа уусан алдрах
Цаг хугацааны жингийн туухай дээр
Цастай хөндийг туулсаар
Чихрах чимээнд нь амьд гэдгээ мэдрэн алхаж байна

Орчин тойронд минь үзэгдэх бүхэн
Өөр өөрийн гэсэн амьсгаатай болхыг
Өө тэгээд бодхын зуурт минь тэд ичэхийг
Ойлгож ядан тээнэгэлзэхдээ инээмсэглээд л алхаж байна

Ер нь ч тэгээд амьдрах нас богинохон гэж ярих ч
Үзэх юм их бий гэдэгт, чамд итгэдэг итгэлээрээ итгэж
Ертөнцийн төгсгөлийг үзэх гэсэн үндэслэлдээ эрдэж
Үхэн үхэтлээ үхнэ гэдгээ ухаарч алхаж байна

Замд таарсан хот тосгодын нохдын борголт шиг
Тэр борголтуудаас тэвдэж сандарсан айдастайгаа
Тэгээд дараа нь нэг их гүнзгий тайвширсан шигээ
Залуу насаараа гайхуулж алхаж байна

Тэнгэрийн хэсэг цагаан үүл хаашаа нүүхнүү гэж ажиглаж
Тэнгисийн гүнд эвшээх халимны зүүдэнд юу тодрохыг үзэхсэн гэх
Миний багын төрхтэй дэндүү адилхан санагдах
Манайд хоноод яваач гэсэн жаалын хайранд уяарч алхаж байна

Жиндүү өвлийн хацар хайрах шуургыг сөрж
Жинхэнэ хүйтэн энэ бишээ гэж тэмүүлэх
Дотор хүнтэйгээ тэрсэлдэн маргалдаж
Дорнын нэгэн үдшийн байгалийг биширч алхаж байна

Жигд хэмнэлээр хаялах борооны ширхэгт
Зүүд зөн биелэл хоёр минь нуугдаж буй хэмээн сэтгэж
Зүс төгөлдөр намрын улаахан навч голын торгон урсгал эсгэчсээр хөвхийг
Жирийн л нэгэн үйл явц хэмээн бодотлоо алхаж байна

Зөрөн өнгөрөх бүхэн сайн сайхны цогцолдоонд төрсөн гэж
Зөндөө олон харгуйн цаана тэгш цагаахан тал зурайхад
Хүмүүний амьдрал угтаа эгээрэл сэхээрэл хоёрын дундахь
Хүрч үзээгүй гэгээрэл болхыг, нүдээ аниад нээхийн төдийдөө л алхахгүйгээр мэдэрч
           
АЛХАЖ БАЙНА                                                                                                                    



No comments:

Post a Comment