Sunday, November 17, 2013

Ээжээ цэцгэн эрхи

1987 оны 10-14-нд төрсөн 
Сэтгүүлч мэргэжилтэй.
Утга зохиолын "АЛИУС" уран бүтээлийн нэгдэлд харьяалагддаг Гантогтохын Лхагвадорж гэх даруухан нь дэндсэн залуугийн энэхүү шүлгийг анх сонсоод л омог төрснөө нуух юун. Өөрийнх нь хэлснээр гүйцэт дуусаагүй ахиад цаана нь хэд дутуу байгаа гэдгийг сонссон ч  зөвшөөрөл авч
 нийтэлж буй болно 



Уйтай намрын дүлий шөнө 
Уйлж суугаад ижийгээ бодлоо
 Ухаан суухаас минь өмнө ... 
Уянгаар дутсан нь хэд бол оо 

Элбэг сэтгэлээ өргсөн хорвоогоос хүү чинь
 Элбэрэл хайрыг тань түүсээр л явна даа 
Энэ орчлонгоор чимэж яв гэчихээд та минь 
Эргээд ганц ч удаа зэмлэхгүй байх гэж дээ... 

Од, үндсэнд хувилан оршжээ 
Орчлонгоор дүүрэн буй за та 
Одоо би уйлахгүй ээ, ээжээ... 
Хайрлаж яваарай гээд хань өгчээ 

Үнэрлэж жаргаарай гээд үр заяажээ 
Үргэлж та намайг ивээсээр л байжээ. 

 II

 Үргэлж та намайг ивээсээр л байжээ 
Үргэн цоцихдоо ч би таныгаа л дууджээ 
Үнэгчлэн үнэгчлэн харамласан үр чинь тэнэг 
Үнэний хорвоо өөрөө зүүдний минь үнэг 

Цагийг эзлэсэн цагаан сүүний охь ээжүүд
Цацлын есөн нүдээр ертөнцийн зүг хардаг
 Цагийг эзэлсэн цагаан сүүний охь ээжүүд 
Цацлынхаа сүүнд шингээд ертөнцөөр нэг тардаг

 Үрээ гэсэн эхийн сэтгэл үлэмжийн их юм 
Үүрч барахгүйн учир хорвоо ижийг минь 
Үрийн тэнгэр бол гээд ятгачихсан юм 
Хүүгээ ивээх сүүн хайр нь төгсгөлгүй еэ 
 
 Хэмжүүрийн орчлонд багтахгүйн учир 
Өнө мөнхийн цаг хугацаа болчихжээ. 

 III 

Өнө мөнхийн цаг хугацаа болчихжээ 
Өөр хаанаас би таныгаа олох вэ...? 
Өдөр хонгууд нэг л дотнохон болчихжээ
 Өө яасан сайхан дүүрэн санаашрал вэ? 

 Сүн далай сүмбэр уулыг ч өртөөлөн өртөөлөн 
Сүм их зөн нь үрдээ залбираад байхаар нь
 Шүүрс алдан алдан халаглахдаа энэ орчлон 
Шүүдэл өгөөд орон зай болгочихжээ эжийг минь 

Орон зай, цаг хугацаа болчихсныг тань 
Олж нээсэн энэ өдрөөс хойш хүүгийнх нь 
Очих газар, явах зам үргэлж гэгээн байх болно 
Давхар давхар он цагийн шатаар өгссөөр 

Дараа төрөлдөө ч таныхаа л өвөр дээр унамаар 
Даанч та минь далдын хар малгайтай хэвээр л. 

 IV 

Даанч та минь далдын хар малгайтай хэвээр л
 Гэвч би хүүгээ дуудах ижий бүрийг эргэж харнам 
Хайр итгэлийнхээ нүдийг нээгээгүй болохоор л 
Хүүдээ ижий минь үзэгдсэнгүй дээ гэж гунинам

 Дува Сохорын “өнчин мэлмий” магнайн үрчлээгээр тодорч 
Дотоод сэтгэлийнхээ гурван нүүдлийг нэгжсэн өдрүүдийг ээ 
Долоон бурхан одны зургаа дахь гэгээнд залбирч 
Дорнын уужим нутагтаа сар шиг өнчирсөн зуныг ээ... 

Хүйн холбоогоо эх үр алтан заадсаар салгаж 
Хувьхан заяаны зам дээр тэврэлдэн учравч 
Хүүгээсээ та минь холдоод л байжээ, ээжээ 
Тийм алгуурхнаар надаас алсарсан ижий л ээ 

Тэнгэрийн орноо дүнчүүр хувилаад удлаа даа 
 Тэгэвч би, тэвчиж итгэн юуг ч юм хүлээсээр л ээ



Тэгэвч би, тэвчиж итгэн юуг ч юм хүлээсээр л ээ 
Тэнэглэл гуниглал минь таны л эзгүйнх ээ 
Үргэлж таныгаа үгүйлэн санахын сацуу 
Үрийнхээ дэргэд ч гуниглан суух юутай гуцуу... 

Ирэх л байсан жам гэвчиг 
 Эртэдсэн юм биш үү дээ хорвоо
 Эрх л багадаа жаргасандаа гэвчиг 
Эдгэх нь үгүй дээ энэ хүйн холбоо 

Өндөр өндөр гэвчиг 
Өндөлзөөд байдаг тэнгэр ээ 
Өнөр өнөр гэвчиг 
Өнчрөөд байдаг сэтгэл ээ... 

Тэврүүлж буйгаа мэдэрлээ ээжээ
 Тэнгэр яг л таны энгэр шиг уужим аа...

 VI 

Тэнгэр яг л таны энгэр шиг уужим аа
 Тэргэл саран ч санаа алдах шиг ээ 
Бүүлгэр тэнгэрээс цас унахаар аа 
Бүүвэйн дууны өнгөтэй ч юм шиг ээ 

Ганцхан насны хүйн холбоо хойно 
Гариг ертөнцөөр ч нэг ижийгээ л хайна
Гансарч уйлаад ч ирэхгүй болохоор тань
 Гомдоллож тунирхдагаа ч больчихсоон үр нь

 Гэнэ гэнэхэн сэтгэл үймрээд ирлээ ч
 Гэргийгээ түшээд мэгшиж боломгүй л 
Гуниг уйтгараар минь бороо орлоо ч
 Гутрахгүй амьдарч яагаад ч болохгүй л... 

Тэнгис далайн их уснаа зорьдог ч юм уу 
Тэнд л та минь намайг хүлээгээ ч юм уу 

 VII 

Тэнд л та минь намайг хүлээгээ ч юм уу 
Тэнгэрт бохирч мөргөсөн тэр уулын энгэр бэлд
 Таныгаа оршоосон минь үр суулгах шиг ч юм уу
 Таны хайр шингээ юу даа, цэцэг цэцгийн балд... 

 Тэгэхэд би ганцхан удаа эргээд харчихсан бол 
Тантай хамт үүрд үлдэж болох байсан уу? 
Элэг элгэндээ хярсан таван хүүгээ үлдсэн бол 
Элэг эмтэлж нэг нь одсоныг та мэдсэн үү? 

Халуун амь амьсгаа тань дандаа л үгүйлэгдэх болсон
 Хамгийн сүүлд хэзээ бид ширээ тойрон хооллоцгоолоо 
Хагацал үзсэн зүрхэс хэндээ ч туниж чадахаа больсон 
Хэн нэгнээсээ хождож анихийн гаслан 

Хөөрхий аавыг минь үргэлж хэмлэх болсон 
 Тэглээ гээд ч тэнгэр намсахгүй нь хяслан... 

 VIII 

Тэглээ гээд ч тэнгэр намсахгүй нь хяслан... 
Хохилдог гутал шиг хорвоод холгуулсаар авч
 Аяа хөөрхий аавыгаа урт наслуулахын хүслэн
 Ач, үрсийнх нь сэтгэлд адилхан дэнсэлэнэ, гэвч 

Өвөөгийнх нүүгээд цаг хугацаа гаталчихсан 
Өнөө жил бид очиж золгож чадахгүй 
Эмээ минь жамын босгыг гэтэлчихсэн 
Эвий дээ, өвөө минь ганцаараа... чадаагүй

 Элгээ дэвтээн золгоод норох хацар одоо хуурай 
Эргэж ирэхгүйгээр эгнэгт тэд тань руу нүүчихлээ 
Эртний ёсоор домботой цай барьж угтаарай... 
Ижийд минь хүргэж өгөх шат гэж байму

Энхэр үрээ санасан хоёр буурай минь 
Эрхиний бөөр давхарлан давхарласаар тэнд очму

4 comments:

  1. Мөнх бусын орчлонд мөнхөд ирсэн анд минь...

    ReplyDelete
  2. Г.ЛХАГВАДОРЖNovember 17, 2013 at 6:36 PM

    С.Начинд гүнээ талархая. Бодол нь ариун цагаан, ямагт сайн сайханд тэмүүлж догдолж, гэрэл гэгээг олж харж чаддаг чинь шүлэг хүний хувьд эрхэм чанар шүү. Санамсаргүй учрал гэж үгүй гэж Ж.Б-ийн хэлсэнчлэн энэхэн цаг үед бид цуг амьдарч шүлэглэж яваа нь цаанаа нэг учиртай даг шүү... Их сайхан дуу байна.

    ReplyDelete
  3. Сэтгэл хөдлөв өө... Их сайхан бичиж...

    ReplyDelete
  4. Хөдөлхөөс аргагүй бичсэн байгаам шүү хэхэ

    ReplyDelete