Sunday, December 30, 2012

Гялбасхийтэл улаан оч дүрэлзүүлж


Энэ биеэрээ би цас болно
Их үс гэзэг шигээ цас болно

Яруу найрагч Данзангийн Нямсүрэнгийн гэр
Элэгдэж илж хоцрох бүхний
Эхлэл хийгээд төгсгөлийг үзэх гэж
Эрээнцавын буйд нэгэн өртөөрүү
Эхнээсээ л очих хүсэлтэй байвч чадахгүй байна

Уг нь намар очивол сайхандаа гэж бодсон ч
Уртын урт үстэй бүсгүйн үсийг гижигдэгч
Хахирган ч юм шиг, халуун дотнохон салхитай
Хаврын хөх униар сэтгэлийн анир үргээгээд байна

Ингэсээр байтал зун болж
Идэр жавхаалаг охидын шилбэ гялалзаж
Зүрхний цохиолт сонсогдохоо байж
Зүгээр ч нэг амьдарч чадахгүй гэх нь байна

Гэвч очино гэсэн зорилго минь унтраагүй болхоор
Эх үс гэзгийг дарж хаялсан цастай үдшээр
Эрээнцавын өртөөн дээр
Гялбасхийтэл улаан оч дүрэлзүүлж, цэнхэр манан ууршуулсаар буумаар байна

12.04.21

Friday, December 28, 2012

Энэ цамнаад байгаа?

Зүрхнээс минь 
Энэ цамнаад байгаа аймшигт үүлс 
Эрээн бараан хоосон хий огторгуй 
Зэрэгцэж юунд дагана вэ?

Тэртээд, аниргүйд бурхад юуг шивнэлдэж
Дэмийртлээ, солиортлоо энэ амьдралыг бүтээж
Тэнгэр хэмээгч ертөнцийн цаад төгсгөлөөс ширтэхдээ
Дув дуугүй нүдээр харан шоолно вэ?

Ээ, яагаад ийм тунгалаг мандлаас 
Цас, бороо зэрэг шивэрдэг атлаа
Эхлэл ч үгүй, төгсгөл ч үгүйгээр оршиж
Цацрагт нарыг өдөр бүхэн мандуулна вэ?


Monday, December 17, 2012

Зүрх сэтгэлийн минь
Ирмэг гэгээн хэц дээрээс чи 
Инээмсэглэж гулгаад л 

Эгээ л нялх хүүхдийн зулайнаас 
Нар төөнөх мэтээр гэрэл цацрааж 
Навчисын судалд бороо болон тогтоод л 

Ууршин замхарч аль нэгтээ рүү шингэхгүйгээр 
Ухаан санааны минь дотор нулимсаа арчихдаа
Саранд үүрээ зассан шувуудыг шоолоод л 

Яагаад? гэж асуухгүй гэдгийг минь мэдсэн юм шиг 
Юунд одоо хүртэл хариу үл дуугарна вэ?
Юу ч үгүй, хоосорчихсон сэтгэлийнхээ хундагыг дүүргэмээр л 

Одоо байгаа цаг хугацаа хангалтгүй юм гэж үү?
Оддын тоосонцорт нэвчиж нэвчиж олсон ганц шад минь
Үхүүлж байж л санаа чинь амрах байхдаа тиймүү ?

                                                                                                     

Thursday, December 13, 2012




Чамдаа уусан алдрах
Цаг хугацааны жингийн туухай дээр
Цастай хөндийг туулсаар
Чихрах чимээнд нь амьд гэдгээ мэдрэн алхаж байна

Орчин тойронд минь үзэгдэх бүхэн
Өөр өөрийн гэсэн амьсгаатай болхыг
Өө тэгээд бодхын зуурт минь тэд ичэхийг
Ойлгож ядан тээнэгэлзэхдээ инээмсэглээд л алхаж байна

Ер нь ч тэгээд амьдрах нас богинохон гэж ярих ч
Үзэх юм их бий гэдэгт, чамд итгэдэг итгэлээрээ итгэж
Ертөнцийн төгсгөлийг үзэх гэсэн үндэслэлдээ эрдэж
Үхэн үхэтлээ үхнэ гэдгээ ухаарч алхаж байна

Замд таарсан хот тосгодын нохдын борголт шиг
Тэр борголтуудаас тэвдэж сандарсан айдастайгаа
Тэгээд дараа нь нэг их гүнзгий тайвширсан шигээ
Залуу насаараа гайхуулж алхаж байна

Тэнгэрийн хэсэг цагаан үүл хаашаа нүүхнүү гэж ажиглаж
Тэнгисийн гүнд эвшээх халимны зүүдэнд юу тодрохыг үзэхсэн гэх
Миний багын төрхтэй дэндүү адилхан санагдах
Манайд хоноод яваач гэсэн жаалын хайранд уяарч алхаж байна

Жиндүү өвлийн хацар хайрах шуургыг сөрж
Жинхэнэ хүйтэн энэ бишээ гэж тэмүүлэх
Дотор хүнтэйгээ тэрсэлдэн маргалдаж
Дорнын нэгэн үдшийн байгалийг биширч алхаж байна

Жигд хэмнэлээр хаялах борооны ширхэгт
Зүүд зөн биелэл хоёр минь нуугдаж буй хэмээн сэтгэж
Зүс төгөлдөр намрын улаахан навч голын торгон урсгал эсгэчсээр хөвхийг
Жирийн л нэгэн үйл явц хэмээн бодотлоо алхаж байна

Зөрөн өнгөрөх бүхэн сайн сайхны цогцолдоонд төрсөн гэж
Зөндөө олон харгуйн цаана тэгш цагаахан тал зурайхад
Хүмүүний амьдрал угтаа эгээрэл сэхээрэл хоёрын дундахь
Хүрч үзээгүй гэгээрэл болхыг, нүдээ аниад нээхийн төдийдөө л алхахгүйгээр мэдэрч
           
АЛХАЖ БАЙНА                                                                                                                    



Sunday, October 14, 2012

While my guitar gently weeps

Чимээгүйг цочоосон инээд, тамхиа татаж буй төрх чинь 
            яг л АННА АХМАТОВАГИЙН хөрөг зураг дахь гунигт нүдийг санагдуулна 
                                          
                                                                                                         ЛИСАД-зориулав
                                                             

Сар гаруй хугацаанд чи их тайгад
Талх барьж, аяга угааж, усанд явж
Салхинд дохилзох моддын мөчрийг ажин
Тэмдэглэлийн дэвтэрдээ харсан бүгдээ зуржээ

Эндээс маргааш явна гэдэгт чинь
Ээнэгшиж чамд дассан нохой хүртэл мэдсэн юм шиг
Хэнгэнэтэл санаа алдаж
Хурууны чинь өндгөөр дарагдах гитар хөгжмийн аялгууг чагнана

Чамд хэцүү байгааг, өглөөхөн орноосоо өндийхдөө
Энд үүрд баймаар байна гэж хэлсэн
Эмзэнги чичрэнгэ дуу хоолойноос сонсоод
Чухамдаа миний ч сэтгэл уймарсан

Гэвч амьдрал дэндүү урт шүү дээ
Лиса минь
Гэртээ хариад тэмдэглэлийн дэвтэрээ дэлгээд үзээрэй
Лааны бүүдгэр гэрэлд бичсэн миний мөрүүд шиг урт зурайна

Одоо харин бүү гунихардаа
Орчлонд маргааш гэдэг өдөр ирхэд
Чи уйлна
Чангахан тэврээд аргадахаа эргэцүүлэн би нууцаар уйлж сууна

 12.08.22 Хөвсгөл аймаг Цагааннуур сум Монгол улсын хойд захын хил Монгол шарын даваа

Friday, October 5, 2012

Миний мэдэх "Хуучин Хүүхэлдэйнүүд"-ийн тухай хэний ч уншаагүй шинэ үгүүүллэгүүд



 
 Дөнгөж сая Д.Дашмөнхийнхөө номыг их дэлгүүрийн урд уулзан байж гардан авлаа. "Хүрээ хөвгүүд"-ийн хүчирхэг хэмнэл нэгэн шинэ алхаагаар урагшлав. Хэдийгээр энэ номны "режаактор" байсан боловч дахиад л эхнээс уншиж сууна. Хэрэв би сэрүүн зүүдлээгүй бол сэрж мартаагүй бол энэ үгүүллэгүүдийн ихэнхийг найз минь ХХ зуун
ы төгсгөл үед бичсэн юм. Тэр үед хэн ч /одоо ч ялгаагүй / ийм чөлөөт үгүүллэгүүдийг бичээгүй юмдаг. Энд л энэ номын гайхамшигтай үнэ цэнэ оршиж байгаа юм. Бид тэр цагт ямар шинэ, ямар эрэлхийлэгч, ямар бие биендээ нөлөөлөгч, ямар эгдүүтэй, ямар зэвүүн "бацаанууд" байсны минь гэрч болж энэ ном хэвлэгдэн гарлаа. Би уужраад л сууж байна. 1990 ээд оны яруу найргаас өөр гялтайх юмгүй утга зохиолын ядмаг өв хүүрнэл зохиолын нэгэн сонирхолтой бүтээлээр хуудас нэмлээ. "Хөлийн чимээн"-ээс эхлээд ар нуруугаар минь өөрийн эрхгүй айдас гулсуулсан "Машины арын суудал дээр" хүртэл энэ 12 үгүүллэг Монголын орчин үеийн хүүрнэл зохиолын намтарт дурайтал бичигдэнэ гэдэгт эргэлзэх сэтгэл л лав надад үгүй. Анхлан би энэ номын бүтээгчээс адал явдалт, уран зөгнөлт уран зохиолын талаар олон цагийн лекц сонсоод тархи толгойд минь нэг гэрэл гийж, үрчлээс нэмэгдэж асан тэртээ 1988 оныг халуухнаар дурсаж, одоо ч амнаас нь тасралтгүй "Калашников" автомат мэт шүршин гарах үгсийг шимтэн сонсдогийн хувьд"Үхлийн тууриуд", "Харь гарагийн өгүүллэгүүд" зэрэг өмнөх номнуудын өлийтлөө уншдагийн хувьд, Рей Бредберийн "П гэж пуужин " номыг нь гуйж аваад эргүүлж өгөөгүй нүгэлтэйнхээ хувьд Дашдоржийн Дашмөнх бол зөвхөн "Хүрээ Хөвгүүд"-ийн төдийгүй энэ цагийн гэгээтэй сэхээтний нэг гэдгийг бардам хэлэх байна.
Магтаал чи хүндээ хөнгөдөх цаг ирдэг гэдгийг бүү мартаарай. Тэр цагт эрэмбэ, дэг журам, худлаа ёс зүй хайсан энэ цагийн хамгийн эрэмбэтэй нь хамгийн дэг журамтай нь, хамгийн ёс зүйтэй утга зохиолын "Хүрээ хөвгүүд" хамтлаг байсныг олон гэгээтэй залуус гэрчлэх болно. Хуучин хүүхэлдэйнүүд бидний амьдрал ямар их ухаарал авчирсан гээч. Одоо тэдэндээ гүнээ талархмаар санагдана. Тэр л "хүүхэлдэйнүүд" Д.Энхболдбаатарын жүжгүүдийн чөлөөт эргэлтүүд дундуур, Г.Ням-Очирын гүн эргэцүүлэл, монгол мэт ухаарал дундуур, Г.Батнасангийн нэн энэрэнгүй сэтгэл, этгээд шимшрэхүй дундуур, молхи толхи миний модон шүлэглэл дундуур "сүүтэгнэж" байдаг ч бид Д.Галбаатар багшийн бичсэнээр " Хүрээ хөвгүүд цөм сайн яваа". Учир нь бид анхнаасаа хэнд ч муугүй санаагүй, эртний латин үгээр бол "сайн хүнд хэн ч муу юм санадаггүй" учраас дахиад л Д.Галбаатар багшийн бичсэнээр"... байр сууриа хэдийнээ бэхжүүлж, нэр хүнд олжээ".
Багадаа бидний бишгүй сонсож байсан "хар гартын түүх", "Хүүхэлдэй дув дуугай" нэртэй үгүүллэг болчихно гэж санасангүй. Мөн багадаа бишгүй л сонсож байсан "гэлэн муур хоёрын түүх", "Сохор муурын гай түйтгэр" гэдэг үгүүлэг болчихно гэж санасангүй. Тэрбайтугай энэ бүхнийг Д.Дашмөнх маань үгүүллэг болгоно гэж бүүр санасангүй. Гол тэр бүгдийн сонссон" түүх"-ийг хэний ч уншаагүй үгүүлэг болгосон нь олзуурхмаар. Учир нь Багшийн дээдийн урдаас варений шил цуйван аваад хувааж идэж суухдаа ч Дашдорж ахыг Далан Давхарын энгэрт мөнхрүүлчихээд лоом жоотуу үүрээд харь цасан дундуур харьж явах замдаа ч алс хол хүний нутаг руу мордоход нь араас нь хараад цонхон дээрээ зогсож байхдаа би Дашмөнхийг хэзээ нэгэн цагт ийм ном бүтээнэ гэдэгт нь итгэж байснаа сая л ойлголоо.


  Нам төрийн удирдлагууд гардаг асан Яргайтын зуслангийн энэ хүү "Ундааы бөглөө онгойлгож өгөөч"гэх халуухан дурсамжит, хачин сэтгэмжит үгүүллэг бичихээс өөр яах билээ. Би ч уншиж сухдаа тэртээ 80-аад оны зуслан дэнжид өнгөрүүлсэн хүүхэд насаа санаад сэтгэл минь сэмэрч суулаа. Тийм нэг биоплазм орон зай нь соронзон талбай хүрээгээ тэлж хамаг биеэр минь халуун энерги нар зөв эргэлдэж, хажууд минь тэр нэгэн мөрөөдөлт "дүр" минь зогсоод "ундааг минь онгойлгож өгөөч" хэмээн гуйх шиг санагдаж байв. Хөөсөрч онгойх ундааны тухай дурсамжит" үгүүлэмж" дотор "борооны дуслууд яагаад агаарт мөр үлдээдэггүй юм бэ?.." гэсэн "яруу найраглаг" мөрүүд гялсхийж дотрыг ээдрээдүүлж орхино. "Зэрлэг нохой" хийгээд "Төрх" тэргүүтэн үгүүллэгүүдээс 1990-ээд оны магадгүй миний хамгийн олон удаа харсан, магадгүй хамгийн сайн таньдаг нэгэн залуугийн дүр босож ирнэ. Бүх юм танил дотно, бүх юм мэддэг байх ч огт мэддэггүй зүйлс энэ үгүүллэгүүдээр дүүрэн байна. Ги де Мопассаны нэгэн туурьд "өө, ром дарс" гэдэг шиг Д.Дашмөнхийн цөөнгүй үгүүлэгүүдийн тэртээ цагийн "өө уншсан юм" гэх анхны уншигч байсан ч он улирсан ч огт хуучраагүй харин ч улам шинэлэг мэт байгаа нь хачирхмаар.
Орчин цагийн нийгэм ямар болсон бэ? Тэртусмаа Д.Дашмөнхийн амьдарч буй асар их хурд, асар их үймээн шуугиант "америк" нийгэмд хүн-машин мэт болжээ. Би ч одоо өөрийгөө хүн-хүн байгаа гэдэгтээ эргэлздэг. Хүнийсэл дотор амьдарч буй зохиолчийн гарын үзүүр, тархины "матрици" дотроос "Хатуу" дайны "хатуу” үгүүллэг төрж гарах нь тодорхой. Би айж байна. Тэр ч бас айж байна. Тиймээс л "хүүхэлдэйнүүд дув дуугай" байна."
Мартсанаас манай хүүрнэл зохиол С.Эрдэнэ гуайн ШБОС-д хэтэрхий автаад уянга үгүй бол үгүүллэг биш гэдэг аймаар хэвшсэн хайрцаганд орчихсон юм. Тэр хайрцаганд багтахааргүй бол юу ч биш гэдэг үзэл одоо ч хэвээр. Тэгвэл үзлийн эсрэг үзлээ барьж" бид шинэ юм биш ч хуучин байхыг үл хүснэ" хэмээх зоригт тунхагт минь Д.Дашмөнхийн энэ 12 үгүүллэгийг хамруулж үзвээс зохино. Энэ бас зөвхөн миний бодол гэдгийг олон ойлгоно биз.
Намрын униар дундуур Д.Дашмөнх бид хоёр "Цонжин болдог" чиглээд давхиж явлаа. Арын суудал дээр сайн дүү Сайнжаргалын Начин аппаратаа бариад суужээ. Момо / энэ өчүүхэн миний өхөөр нэр / би үгүүллэгийн ном гаргана, аа. Би тэсэн ядан хүлээнэ./ хөхрөлдсөн байх,аа / Түүнээс хойш яг 356 хоног өнгөржээ. Үнэхээр тэр хэлсэндээ хүрдэг эрийн ёсоор номоо гаргаж намрын униар дунд би номынх нь эхийг уншаад Зүүн салааны зүрхэн дээр сууж байнам. Амьдралын сайхан нь юундаа байдгийг би сайн мэдэхгүй ч амьдрал сайхан гэдгийг мэднэ. Сайхан ном унших, тэртусмаа сайн нөхрийнхөө сайн номыг унших энэ амьдралын олон сайхан зүйлсийн ердөө нэг нь билээ.
Гитарын тасарсан утас шиг үгүүллэг Д.Дашмөнхөд нэг бий. Түүнийг нь "Уран зураг" гэдэг юм. Зураад зураад эцэст нь үгүй хичихнэ. Акутагавагийн "Тамын тарчлаан" шиг. Яагаад ч юм бэ? Эн хоёр үгүүллэг санаандгүй адилхан болсон санагддаг юм. Юутай ч Рюнэскэ түүнд ямар нэг хэмжээгээр нөлөөлсөнийг би ойлгов. Даниел Хармс ч ялгаагүй. Бүүр Стивонсоны нэг шидэт үгүүллэгийн амьсгал ч түүний нэг үгүүллэгээс үнэртэнэ. Орхон Памукийн "Би улаан"-аас ч илүү "новширсон" мэт санагдах " Дусал цус", Вьетнам домог, бөөгийн тойрог, Америк ахуй энэ бүхэн үнэхээр сэтгэлгээний хязгаарлагдмал бус байдлыг, тийм байхаас аргагүй нөлөөлт чанаруудыг бидэнд илтгэнэ. Үүгээрээ өнөө цагийн зохиолчийн багтаамж сайтай дүрслэлүүд, илэрхийлэх арга, уран сэтгэмж бүхий оюуны цар хүрээг тодорхойлоход тун бэрх байгаа юм. Магадгүй "шумуулын тухай" Вьетнам /ер нь дорно дахиных байх, аа/ домгоос "Лус савдагтай учрах цагаар" нэртэй монгол домгийн сэтгэлгээт үгүүллэг хүртэл Д.Дашмөнхийн татсан "зураасанд" та бүхэн хэд хэдэн удаа тээглэж унана гэдэгт би итгэлтэй байна. Тээглэж унахдаа тэнгэрийг бодож "хараал" битгий хэлээрэй. Бас дээр нь ад+аархал буюу адгийн муу хар үгсээр амаа дүүргээрэй. Хүрээ хөвгүүдийн хүчирхэг хэмнэл, хүчирхэг алхааг хүлээн зөвшөөрөх цаг хаалган дээр чинь иржээ. Д.Дашмөнхийн нэгэн үгүүллэгийн төгсгөл үгүүлбэр шиг” ...хаалга угз татан нээнэ” биз.
ХҮРЭЭ ХӨВГҮҮДИЙН НЭГ ГАРЦААГҮЙ ПҮРЭВХҮҮГИЙН БАТХУЯГ 
 2012-10-04

Thursday, July 26, 2012

Гэмшичхэж чадахгүй алхсаар,амьсгалах агаараасаа цочин чи бидэн зүүрмэглэсээр л байна


 ×àìä õýíèé ÷ èëýðõèéëæ ÷àäàõã¿é åðòºíö îðøäîã ãýäãèéã õàà íýãõýí óóëçàæ òàìõèëàõäàà, ýñ áºãººñ ãóäàìæààð õàìò àëõàõäàà, þó ÷ áîäîëã¿éãýýð íýã ë ìýäõýä óóëçñàí áàéäàã øèãýý, òýð óóëçàëòàà ¸ñ þì øèã õî¸óë ó÷èðã¿é èõýýð èíýýäýýð ÷èìýãëäýãòýý îäîî ÷ áàÿðëàæ ÿâäàã. Õàìãèéí ñ¿¿ëä áîðîîòîé ãóäàìæààð õàéðòàé õ¿íòýéãýý çàì õºíäëºí ãàð÷ ÿâñàí ÷èíü ñýòãýëä äîòõîí ñàíàãäàíà. Ãýâ÷ àìüäðàë ÷è áèä õî¸ðûí ÿðèëöäàã øèã òèéì ÷ àðèóõàí áóñàà. Òýðèéã ÷è ÷ ìýäíý áè ÷ ìýäíý. Ãýõäýý òóóëààä, òóó÷ààä ãàðàõ çîðèã õýí õýíä ìèíü áàéíà.


   
Цайрах үүлс ямархан гоёоор шуугдаж
Нуга хөндийн дундах тоост зэрэглээг сарниан
Цавцайж үл харагдах биетгүй мананд
Навчисын хэвлийг илбэн таалахдаа
Хэрхэн зүүдний хаалганд нулимсаа арчихдаа мэгших юм бэ?
Бурхан минь хэлж туслаач? Чи хэрэв байдаг бол
Бусдад зориулж хэлдэггүй үгэн дэхь цор ганц үнэний дууч юм бол
Ядаж дуугай дүнсийх уулсын дотор далай багтахдаа
Яалтчгүй өндөрт дүүлсэн шувуудын нулимсанд ариуссан шивнээг
Яг миний зүрхэнд тоглохдоо инээмсэглэлээрээ юунд гижигдэж суусныг......

Амьдрал заримдаа хуурамч санагдатлаа чиний оршихуйд төөрсөн байж болноо
Гэхдээ хэн нэгэн хэн нэгнээ хуурах шиг адармаатай төгс хариултгүй энэ л төөрөгдөлт ахуйд
Гавлуулсан ч өөртөө олс зэхэж таазнаасаа дүүжлэгдэх
Агуу эрэмгий сул аниргүйхэн хүсэл, хаа нэгтэй нуугдчихаад гарч ирэлгүй зовнихтой адил
Гэмшичхэж чадахгүй алхсаар,амьсгалах агаараасаа цочин чи бидэн зүүрмэглэсээр л байна

\Ã.àí-Î÷èðûí Ñàðàíáîëîðò\

Thursday, July 19, 2012

Тэнгэр хурмаст хэрэн нисэлдэх цахлайн дуунаар

ЧэҮ Дунху

Корё их сургуулийн профессор
Корё их сургуулийн ахисан түвшний сургалт хариуцсан захирал
Яруу найрагт ээлтэй Утга зохиолын холбооны тэргүүн
Утга зохиолын шүүмжлэгчидийн холбооны дэд тэргүүн
Яруу найрагчдын холдбооны дэд дарга

1948-онд БНСУ-ын Кёнги аймгийн Сүвоны хотод төрсөн. Солонгосын гурван тэргүүлэх сургуулийн нэг болох Корё их сургуулийн Үндэсний хэл, утга зохиолын ангийг төгссөн. Тус сургуульдаа Солонгосын орчин үеийн утга зохиолоор докторын зэрэг хамгаалсан. Тэрбээр АНУ-ын Аива, Укла их сургууль, Японы Васеда их сургуульд тус тус зочин болон судлаач багшаар уригдан ажиллаж байсан. Голчлон өрнө дорнын яруу найргийн харьцуулсан судалгаа хийсээр ирсэн.


                                                              Галт торгон цох 

Газрын хөрс цахиур чулуун элгэнд нам гүмхэн нойрсож байсан эрдэнэ минь
Хөх цэнхэр хайрын оч зүрхэнд хаялчихаад
Гал руу цахилж одох гэрэлт хайр минь ээ....

Түнэр харанхуйн тэртээгээс унах улаан шаргал лавт солир
Тэнгэрийг зүсэн өөр ертөнцийн үүдийг нээлээ ч
Өнө эртний үеэс газрын хөрсөнд үндсээ хаван дүнсийх
Өнгө ялдамхан хайр минь ээ....

Солир солирынхоо гэрэлт сүүлийг хэрж
Аянга цахилуулан цахилгаан цахих шөнө
Сая, түмэн жил ч атугай тэнгэрийн заадсыг сүлж нисэн
Аяа чиний царайг л хармаар байна...


Гайхамшигт амьдарлын гал дөлийг
Гэрэлт зүрхэнд минь асааж өгөөч
Галт торгон цохны ягаан цэнхэр туяат
Хайр минь ээ....




                                                          Хөгшин ба далайн хаяа


Хөлийн өлмий шүргэн буцах далайн хөвөөгөөр
Харуй бүрий зэвэргэн үүрээр нохойгоо хөтлөн алхах хөгшний
Бөгтөр хар сүүдэр нь
Эзнээ дагуулан яваа
Үнэнч боол мэт дөлгөөхөн

Хойд насандаа эд
Нохой нь эзэн, эзэн нь нохой болоод
Нэг нэгнийхээ сүүдрийг хөтлөөд
Хорвоог туулах болно, тэртээх далайд

Үүрийн гэгээг урсган авчрах давалгаа
Далайн хөвөөг босоо ятганы утас мэт
Уянгалуулан хэдэнтээ татлаад алсын алсад
Түнэр харанхуйг үдээд явуулчихлаа

Тэнгэр хурмаст хэрэн нисэлдэх цахлайн дуунаар
Томжиргүйхэн нохойтой тоглон наадах балчир хүүхдүүд ч
Он жилүүдийн элсэн цагийн эргэлтэнд
Огтоос ялгаагүйгээр хэзээ нэгэн цагт харуй бүрийгээр
 Хөлийн өлмий шүргэн буцах далайн хөвөөгөөр
Бөгтөр хар сүүдэр адил
Нарыг хөтлөн явах хөгшин болох болно



                                                                  Цагаан давс


Сүрлэг элсэн уулсад сум мэт шурган орохуйд
Сүүдэртэй бүхэн сүйрч
Сүнсгүй цагаан шороо болном

Элэр балрын тэнгис далай нь
 Эдүгээ цагт дүрсээ хувирган сайр болсон юм
Би түүний гүн ёроолд суугаад
Бүх ертөнцийн нарыг нуруундаа үүрэн жаргуулнам

Гүндээ тулсан давсан далай
Гүйцэд бэхэжсэн хөрсөнд хэлбэрээ хадгална
Гүймэг салхины сэвшээ, чулуужин хатсан загас
Гүн бодлыг эрхгүй төрүүлнэм

Өр өвтгөм гуниг тээн шингэх нарны туяаг сүвлэн
Өөдөө, тэнгэр рүү суналзан ургах зэгсний
Өнөд үл мартагдах төрхийг төгсгөх мэтээр
                              зургийг нь дарж орхином 






Friday, June 22, 2012

ХҮЛЭЭЛТ

Гадаа түлээн дээр гарч зогсоод
Галт тэрэгний дохиог хэн нэгэн хүлээх шиг
Эргэн тойрон чимээ алдран дүнсийнэ
Хуучин буудлын тэртээгээс өвгөн хүн "нэг юм" үүрэн бэдрэхэд
Хувь заяаны тухай эрээн батгана дуулан дүнгэнэж 
Худгийн тийш ус олж уухаар ниснэ 
Энэ гацааг би түүний нэрийг анх сонссон "Б" үсгээр тэмдэглэж
Энгэрийн дэвтэр шиг хуучин санах ойдоо хадгалсан 
Эргэж хайгаад түүнийгээ олж, хязгааргүй өөртөө баярласан...
Усны сав хангир жингэр дуугарч 
Хүүхнүүдийн гарт шувуу шиг зүүгдэж
Нурж унасан улаан байшингийн туурь 
Согтуу эрийн зүүд шиг үзэгдсэн энэ гацаанд 
Номын хуудас салхинд эргэх шиг 
Ганцхан агшин гэж байх юм
Ноднин намрын цас, чиний минь инээмсэглэл хоёр ижилхэн 
Эргэн дурссаар л суув шүү би 
Чихэнд ертөнцийн чимээ
Ер бусын хэмээр дуулдан дүнгэнэж 
Чиний сэтгэлийг олж үзсэн тэр байшингийн довжоон дээр сууж
                                                  Дөрвөн цаг ирж буцахыг үзмээр

                                                                                Дөрвөн цагийн мемори номны 9-р тал
                                                                                   Яруу найрагч Лхагвасүрэнгийн Моломжамц                                                                           

Wednesday, June 6, 2012

ДУУЛАЛ

 
Чангахан гишгэчихвэл нурчихаж мэдэх 
Зүрхний чинь шатаар өгсөхдөө
Чимээ ч үл гаргаж цочоохгүй гэсэндээ
Зөөлөн зөөлөн алхалсаар, өлмий дээрээ дэгдэж
Тэнгэрт хуруугаа хүргэхэд, хаялах борооны дуслаас 
Цас яаж будардагыг чагнах гэж 
Цамцны минь заханд наалдсан чиний үсний үзүүрээр 
Тэмдэгт нэгэн одны зүүдийг томъёолоод найтаахад
Сэтгэл эсгэчсэн инээд чинь бодлын гүнд тунарч
Чичирхийлсэн чичрэгт долгион үүсгэхдээ
Санаанд үргэлж өлгөөтэй явдаг тарнийн үгсээр
Чамайг үргэлж адислахад 
Тэр шидэт шившлэгийн аялгуугаар 
Улам гоо төгөлдрөөр он цаг хөвөрч
Тунгалаг үдшийн гэрэлт сарнаа
Урд үзээгүй мөрүүдийг нүднээ тусгана

12.05.04

Tuesday, June 5, 2012

Чи санадаг уу?


 



Яг хэзээнээс найз нөхөд болсноо он сар өдөр судартай нь мэдэдгүй ч нөхөрлөсөн хугацаан дахь эхний жил хоёул уулздаг ганцхан шугамтай л байлаа. Тэр нь гайт өнөөх бие сэтгэлд минь намрын сул хонгор салхи шиг сэвэлзэж, хялганы толгой шиг бодлыг минь бөхөлзүүлэх яруу найраг гэгч шийтгэл ч гэх юмуу оноолт хувь төөрөг заяа гэгч юмуу, эсүүл Девид Хэрбиерт Лауренсийн хэлснээр "Уран зохиол гэдэг бол нөр их хөдөлмөр... Түүнийг бичнэ гэдэг урхинд орсонтой л адилхан зүйл. Энэ бол гүнээ шившигдсэн хараал л гэсэн үг..." тэр хараалд нь аль аль нь нэвт шувт орчихсонтой холбоотой ч юмуу МУБИС-ын утга зохиолын нэгдэлд  чамайг анх харж байснаа л лав тод санадаг юм. Хэтэрхий ядчихсан юм шиг бичдэг нөхдүүдийн дэргэд мөр холбоогүй ч тэрүүхэндээ егөөжтэй тоголсон тохуурхсан шүлэг ганцыг уншчихна. Ихэнх үед 5-н минутын шүлгийн уралдаанд их орно. Монгол ардын зүйр үг байдагдаа. Хүнийг хувцсаар нь үдэж ухаанаар нь үд гэдэг шиг, надад лав цэвэрхэн биеэ авч явай мөн, аятайхан хувцасладаг чинь үнэхээр их таалагддаг байлаа. Гэхдээ нээх ч их дуугардайггүй мэндийн зөрүүтэй явдаг байхад Улмаа, өвгөөн манай сургуульд орох гээд  байгаа залуу танилцаж юм ярих хэрэгтэй мань нэг бүлэг байгуулж байгаа тэрэнд бас байгаа гэдэг үгийг нь дуулжхаад тэгээд яваандаа болох биз хэмээн дотроо тунгааж явтал 2010-оны тэр хавар УЗНДС-д солилцоогоор МНТ-дээд сургуулиас очоод удаагүй байгааг чинь дуулж, анхныхаа номоо гаргаж байгааг чинь ямар газрын салхинаас сонссон юм бүү мэд ямар ч байсан "БАГА ТОЙРУУ"-гийн л хана шат тааз нь шивнэсэн байх 2010 оны 04.26-нд яваад очисонсон. Чи санадаг уу? хэхэ чи санадаг уу гээд ХАС БЭГТЭРИЙН бичилгийн төрөлрүү хазайх гэж байна. Тэгээд цаашаа лавшраад явжхуул хоёуулаа нэг сайхан савна за юу? би авгайгаас чинь салгаад хэд хоног хоёуулаа дампуурна за юу, тэгээд зодолдоно за юу? тэгээд гомоорно за юу? тэгдэгийн за юу  гэсэн эсэн бусангын элийрэл дунд  живж мэдхээр байна. Тэгэж донгосдоггүй л байхгүй юу? Чи санадаг уу? хэхэ заза наргиад яахуу би лав санадаг юм. Бүр тод санадаг юм. 
Тэр үед Ө.Төгөлдөр ах чинь орж ирээд индэр дээр хэдэн үг хэлээд дараа дараагийнх нь уран бүтээл дээр тусалнаа. Гэхдээ ах дүү хоёр байна харилцан туслалцаж байна. Угаасаа манайхан эрчүүд олуулаа бүл их, тиймээс өөр өөрсдийгөө аваад явчих чадалтай байх тэнхэлтэй улс гээд гараад явсан.  Чи харин ёсоор гүйцэтгэж яваа юм шиг санагддаг  шүү. Нуулгүй хэлхэд хэн анх нэвтрүүлэг хийж үеээ таниулая гэж зориглон хөдөлсийн. Чиний огцом гэнэт хийдэг өөрчлөлтүүд чинь бизнесийн салбар дээр үр өгөөжөө өгөх байхаа гэж миний хувьд их дотно нэгэн эмэгтэй маань чихэнд шивнэж билээ. Түүний хэлсэн үгэнд би харин сүсгэлж итгэж явдагаа.  Би их цөөхөн хүний үгэнд ордог. Зозо тэр ч яахуу. 
Харин номын баярын хөтлөгчөөр  Мөнгөнтулга хэхэхэ. Хөгжилтэй ч юмаа даа. Угаасаа тэгээд хөгжилтэй байхгүй гээд ч яахуу ямар ч байсан номын нээлтэн дээр чинь хэлэх үгээ хэлснийг минь харин чи санадаг юм билээ. Намар гэрт чинь хоноход тэгэж байсан гээд хэлхэд чинь лааны бүдэгхэн гэрэл, хундаган доторх сархадтай хөндөлсөн дайвалзаж байсныг харин ч нэг ой ухааныхаа хар дансан дээр томоос том тэмдэглчихээд чиний өгсөн нэрээр "АРИУН АМЬТАН" буюу Д.Сособарамд тамхыг нь асааж өгч билээ. Анхны номыг чинь харчихаад суудал дээрээсээ босоод авчих зориг хүрдэггүй, тэгээд яаж нэг авах вэ гэж бодож байтал, ашгүй Марта билүү нэг шүүмжээч эгч 5-н минутын уралдаан Шинэ үнэр гэсэн сэдвээр зарлаад эхний гурван байранд орсон хүүхдэд нь өгнө гэхэд нь ийм шүлэг бичиж байсан нь надаа байдаг юм байна. Хайх завсараа уoutube deer "ice topiin" үргэлж хамтдааг тавиад хөгжмөө эцэс дээр нь чарлуулчхая. ..............За хайх хүртэл хугацаанд дуу лав дуусахгүй гэдэгт итгэнэм.



 

Чи ч гэсэн буруутай, би ч гэсэн буруутай
Чанга хэлсэн үгийг минь чи даах нуруутай энэ дууны энэ үгэн дээр өнөөх шүлгийг бичсэн хуучны дэвтрээ жижиг өрөөнөөс олж ирлээ.
Шинэ үнэр

Анхималхан сарны дороос
Ахиад нэг л ширтхэд чинь
Мөрөөдлөө хэсэг хэсгээр нь тасдаад
Мөн ч удаанаар шаналана даа


Дахиад нэг л зөрөлдхөд чинь
Дандаа чамаас зугтах болхоор
Газрын зураг шиг нүүрнээс тань
Гайхалтай мөр бадгыг шиншилнээ
гэхийг бодоход байгуулснаар нь нөгөө танилцуулах гээд байдаг нөхөрт зориулаад бичсэн юм шиг байгаан. Тэгээд яахуу дүн гархад нь мэдээж эхэнд авсан. Гарын үсэгээ зурж өгөхийг нь хүлээж зогсохдоо солгой юм байна гэдгийг нь мэдээд авлаа. Буцаж суудалдаа тухлаад шинэ номыг нээхэд, дээр хэлсэнчлэн дугуйлан дээр шүлэг уншилгүй харин 5-н минутын уралдаанд их ордог гээд байдагаа нотлоод нэг бүлгээ дан таван минутын уралдаанд бичсэн шүлгүүдээрээ таван хором гээд нэрэлчихэж. Дотор инээд оргиод болдоггүй. Одоо миний урд байна л даа, шохойтой цаасан дээр хэвэлчихсэн Постмодерн Галсансүх залхуураад Цэвэгжавын Батбаатараар өмнөх үгийг нь бичүүлчихсэн, авсаархан өврийн дэвтэр шиг жижигхэн цомхон шүлэгтэй түүвэр нь. 
Тэгээд л яахуу тэр жилээ зуны амралт ч эхэлж байгаан. Намар нь "ИХ МОНГОЛ" дээд сургууль дээр нөхөдтэй уулзах гээд очисон, манай хүн харин эндхийн оюунтан болчихсон байдаг байгаа. Уулзахдаа харин ч нэг хэн хэнээ мэдээд ойр зуурын юм ярьсан шиг болход муу танилцуулах гээд хэрэндээ гүүр болоод явсан АРАГ УЛААН ХОНГОРЫН минь нүүр нэг цайрсан даа. Гэхдээ хэсэгхэн зуур л даа. Жич:\ Я.Баяраа Р.Улам-Оргих\ хоёрын улаан хар нүүрний арьснууд цагаарч гэмээнэ, монголын утга зохиол,.,.,.,.,.,.,.,.,.,.,.,.,.,.,

Миний мэдэхээр 4-н жил сурах хугацаандаа 3-н сугууль сольж саяхан улаан дипломтой төгсөж байгаа байх. Хөлбөмбөгчид л багаас багад шилжидгийг сургуулиас сургууль солин шилжиж амьд жишээн дээр үзүүлсэн дээ мань хүн. Германы шигшээ багын Михайл Баллак түүний хувьд амьд домог, миний хувьд Германы шигшээгийн мөнхийн өрсөлдөгч Аргентины Леонод Мессиг хүндэлдэг. Хэрвээ ирэх дэлхийн аваргаар энэ хоёрын аль нэг нь аварга болуул хожигдсон багыг дэмжсэн хэн нэг маань өмсгөлийг нь оргиор нь Хорооллын "адидасаас" авч өгий шүү за. 
  Их монголд орсноос чинь хойш торолгүй хоёр жил өнгөрөхдөө юу эсийг зүрхэнд хоногшуулсныг хэн хүнд ярьж өгий гэвэл энэ үдэшээс эхлээд ирэх жилийн яг энэ үдэш хүртэл ярих хэрэг гарах биз. Бодоод байхнээ Өлзийхутагийн Үлэмжтөгс гэгч залуутай би нэг л зүйл дээр эвсдэг юм шиг. Сайн эрчүүд хоорондоо за бол за, гүй гэсэн бол гүй байдаг шиг, мөн эр хүний замын хүзүү урт гэдэг шиг холын замд бүлгийн бусад эрчүүдийг бодуул хамтдаа их явжээ. Явах болгондоо харин нөмөр нөмөртөө бараа бараандаа бүртэлзэх хөхийн хөх уулс шиг дүнсийж. Архангай луу л Болор цомоор сайхан явждээ бодоод байхад. Булган уулын урд уг нь ихэл түүхэн зураг татуулсан юмсан. Гэвч дураакийн хэнэггүй зангаас болсон уу аппарадных нь ямбийгаас болсон уу? эргээд хархад дурсамж болж үлдэх ёстой байсан Булган уулын өвөрт авхуулсан зураг байхгүй. Эсүүл хэдэн жилийн дараа чулуу болгох гээд тас нуучихсан уу? 
Хүн байтугай чулуу элэгдэг хорвоод, хүслээ нөмөрлөж жавар хаах нүцгэн хөөрхий гэж Дамдинсүрэнгийн Урианхай гуайн хэлдгээр хүний амьдрал ээдрээтэй бөгөөд даанч богинохон юм шиг. Энэ үгээр яг юу хэлэх гээд байна вэ гэхлээр чи хүний хийх ёстой гурван буянаас хоёрыг нь ёслол төгөлдөр хийж. Мод тарьсан байна. \Долоон буудалд зуслан нь байдаг гэсэн. Тэнд би л очиж үзээгүй болхоос надаас бусад нь бараг амьдарсан юм шиг байгаам\. Гэхдээ энийг уншаад хэрүүл өдөхгүй шүү өвгөөн . Зарчихсан байх тээ хэхэ.  Яруу найргийн Танилц Үлэмжтөгс , үргэлжилсэн үгийн Абсурд зүүдний хот гэсэн хоёр ном гаргасан байна. Одоо тэгээд гуравдах буяныг бол  удахгүй хийчих байлгүйдээ. Тэрийг  бол харин ч нэг  чанарын өндөр түвшинд, сэтгэл ханамжын зуун хувийн баталгаа олгож байгаад хийчих ажлынх нь нэг гэдгийг, гэрийнхээ ширээг балбаж байгаад хэлжхий.  Дараа нь нүдээ зөөлхөн аниад зүүдний ертөнцөд аялая.
  
 

"Амьдрал дээр амсаж мэдрэх боломжгүй, магадгүй огт биелэхгүй зүйлсийг бид хаана мэдэрч" чадах вэ?

Түүний Абсурд зүүдний хот ПОСТМОДЕРН роман энэхүү өгүүлбэрээр эхэлдэг. Би харин энэ өгүүлбэрийг өөртөө тавьж үзэхдээ ганцхан гаргалгаанд л хүрсэн. Эмэгтэй хүнээс эмэгтэй хүний тайлагдашгүй тэр л сайхан зүйлсээс.
Бүсгүй гадаах хаалгыг онгойлгон харанхуй орцоор тэмтчин өгслөө. Орцонд хадах тог тог хийх хөлийн чимээ нь түүний өндөр өсгийт гутлынх ажээ. Гэтэл түүний амыг таглан хананд хүчтэй гэгч нь шахаж авлаа. Тэрхэн хугацаанд хамаг чадлаараа эсэргүүцэл үзүүлэх гэж оролдоод ч хүчин мөхөстлөө. Богино банзлыг нь дээш сөхөн, өмднийхөө тэлээг тайлах чимээ гартал \Абсурд зүүдний хот романы 40-р хуудас Бух тэргэнд хэсгээс\ яг ийм л хэсэгхэн өдөөж өгөх чимхлүүр ч гэж хэлж болох хэсгийг Г.Аюурзана та хоёр л чадамгай бичих байх. хэхэ

 Гэхдээ эрчүүд л эмэгтэй хүнийг ойлгодог гэсэн үндэслэл минь сүүлийн үед энэ нийтлэлийг уншснаас хойш буураад байгаа хэхэ.

http://septemberflower.blog.gogo.mn/read/entry381400
 http://septemberflower.blog.gogo.mn/read/entry390934
 http://septemberflower.blog.gogo.mn/read/entry405967 \ enehvv niitel daxiad urgeljleesei gj boddog\

Ямар ч л байсан романаас нь би  өөрийнхөө хувьд хэдэн гаргалгааг олж харсан.
Ерээд он гэж эхлэх романы эхлэлээс л хотын гэсэн өвөрмөц үнэр ханх татна, хамрын үзүүрийг. Тэр ч би ч хотод төрсөн хүүхэд. Гэхдээ би энэ хотын талаар юм бичүүл гуравхан гудамжыг үлгэр жишээ бичнээ гэж л боддог найз минь, найзууд минь, ах дүүсүүд минь амраг садангууд минь. Тэрийгээ хэлжхэе. Жич Ө.Үлэмждээ үүрэг даалгавар болгоод хэлчихэе.
1-т ..Үе үеийн уран бүтээлчдийн урлан болсон БАГА ТОЙРУУГ- түүний төрсөн нутагыг. Гэхдээ тэр үргэлж харамлана. Ямар сайндаа л өвөл бичсэн шүлгэн дээрээ хорооллын жаалын хэзээ ч төсөөлөхгүй ертөнц
Бага тойруу минь
Бага тойрог минь гэсэн байхав дээ. Гэвч анд минь чи намайг яг үнэнийг хэлхэд таниагүйл байна. Би чинь унаган Төмөр замын жаал шүү дээ. Харин хоёул одоо амьдарч байгаа газар нь ХОРООЛОЛ юм даа.Гэхдээ л бат хэлий хөгшөөн. Хотыг хэн сайн бичих бол? Чи энд хариулт болгох нэг зүйл сэдээрэй.
2-т..Арван гуравдугаар хорооллыг заавал бичнэ гэж боддог. Энэ гудамж миний хувьд дурдатгал бас хайр шингэсэн хот
3-т..Төмөр замын гудамжыг бичнээ. Ханбүргэдэй их дэлгүүрийн зургадугаар байрны дөрвөн давхарын 56-н тоотод 2003 оны 02.25-нд болсон зүйл тэр чигээрээ кинолдоо. Жинхэнэ Абсурд зүүд гэж харин тэрийг хэлнэ. Би өөрөө чамд ярьж чадахгүй ээ. Яриулаад ур чадвар чинь хүрвэл чи зохиол болгоорой. Харин ярьж өгөх хүн нь АРИУН АМЬТАН.

Гэхдээ чамайг чадчих байх гэж санаанд буудаг шүү. Чи санадаг уу? хэхэ Танайхаас энэ намрын анхны цаснаар хоноод өглөө нь гарчихаад орой нь дахиж хаалгыг чинь нүдээд хамтдаа 48-н цаг кино наадамд орж байсныг. Чи хэн бэ гэлгүй цээж нүцгэн нойрмог босоод яасан гэхэд зохиол бичье гэхэд хурдхан хувцсаа өмссөнд найз нь их баярлдаг шүү. Тэгээд юун 48-н цаг маань  72-цаг болж хувираад салалгүй нэг л их зохиолч уран бүтээлч хүмүүс гэсэн нэртэй, гэхдээ бас нөгөө бичүүлэх гээд тоглуулах гээд байгаа хүмүүсийн хүндлэлийг хүлээчихсэн, үнэгүй нетийг нь ашиглаад л, өдрийн сонины ярилцлагын мастер хүүхнээр өдрийн хоолоо даалгуулчихаад л, теннис тоглоод л, төгөлдөр хуур дараад л өндөр тагтан дээрээс замын түгжрэл ширтэнгээ, тамхиа асаалцаад л. Энэ бүхэн чамгүй дурсамж шүү өвгөөн. Яруу найрагч болно гэдэг шийтгэл, хүүрнэл зохиол дээр сууна гэдэг цагаатгал гэдэг шиг цагаатгалыг чи л бүлэг дундаасаа хүртэх байх шүү. Тиймээс дээрх дурсамж хөргийг ч зохиол болгож болох байх.  2012.04.12-нд Флора цэцгийн дэлгүүрт болсон номын нээлтийн өдөр чинь Алдарт ТИТАНИК далайн гүнд живээд 100-н жил болсон өдөр байсан шүү. Монголын уран зохиолын хөлгүй их далайд хүүрнэл зохиолын ахмад залуурчин болж өөр бусад завь нарын түрүүнд мөсөн уул мөргөлгүй бичээрэй. Гэхдээ гай болж живэхгүй байхалдаа. Чиний сайхан гүзээ ямар ч усны хөвөөн дээр хөвөөд байж байх байхалдаа. Гэвч уншигчид л шүүгч гэдгийг хэн хүнгүй мэдхээс хойш доо.Яагаад гэвэл чи ӨЛЗИЙхутагын ҮлэмжТӨГС шүү дээ. \Өлзийтөгс гэдэг хээ байдагийг бас гайхамшигтай уран бүтээлч байдгыг хэн хүнгүйл мэдэх биз.\  Өлзий гэдэг үг тасралтгүй гэсэн утгатай үгийг илэрхийлдэг юм гэсэн. Тэгээд, чамд ч надад ч тасралтгүй бичих л үлдсэн байна.

Далбаагаа намируулчихсан гагцхүү сэвэлзэх салхины чиглэл хаашаа хөдөлхийг таамаглаж ядан зангуугаа аяар аяархан сулруулж суугаа Шинэ үнэрийн анд Ө.Үлэмжтөгсөд зориулан бичив.
2012-оны 06-р сарын 05 УБ Хот

Sunday, June 3, 2012

close your eyes

Амьдрал бол зүүд
Зүүдэнд учирсан дурсамж

 Дурсамж бол бодол
Бодолд дүрслэгдсэн нулимс 

Нулимс бол зангирал 
Зангиралд нэвчисэн гэгээрэл

Гэгээрэл бол хүртэйхүй
Хүртэхүйд хязгаарлагдах ойртолт

Ойртолт бол янаглал 
Янаглалд дасгасан чи

Чи бол би 
Бийд хамаарах хүсэл 



Wednesday, May 30, 2012

Үсрэх л үлдлээ

Сэтгэлд боссон энэ их хуй салхины эрч
Хэзээ нэг намжих болдоо гэж
Хэрэг болгож хэн нэгэн надаас гал асуух шиг
Санаан доторх цөөрөмдөө сэлж чадахгүй, хэвтсээр л байна

Магадгүй ус нь ширгээд, юу ч үгүй шавар болж үлдхээс нь өмнө
Борооны хэдхэн дусал амийг минь тэтгэж асгарахдаа
Маргааш ч гэсэн амьдрал үргэлжилнэ, тиймээс чи
Бусдын төлөө бус өөрийнхөө л хэмээсээр шивнэн, шимшрэн, шивэрнэ

Яг л зүүд сэрсний дараа хов хоосон агаарыг хий сэрэгтэй үлдээхтэй адил
Яруу найрагт дурлах, тийм л эрчимлэг хийгээд сул гэнэхэн долгионоор
Бие, сэтгэл, зүрх, бодол, оюун санаа цөмийг урсгахын тулд
Бичих гүн ёроолгүй ангалруу, нүдээ аниад, 

                      сэтгэлээ дэрлээд, бодлоо цагаатгаад, зүрхээ чагнаад үсрэх л үлдлэээ

Saturday, May 19, 2012

Хагарсан хагалуулсан цонх


Зүрхний чинь цонхыг би үйртэл нь хагалсан 
Чи дахиж шиллэлгүй өдийг хүрэхдээ
Чамаасаа юу ч нуухгүй гэсэндээ
Зөөлхөн шуудаг байсан шүү хөшгөө гээд уйлсан 

Гэвч уйлах нулимсныхаа ширхэг дуслаар 
Хагарч цавтсан хэсгийнх нь 
Халтар шороо болсон хир буртагийг 
Гэнэт хагалхаас минь өмнө чи арчиж болох л байсан

Одоо оройтсоон бүх юм
Нэгэнт л бутраад юу ч үгүй болсон хэлтэрхийнүүдийг 
Нэг нэгээр нь түүж гараа эсгэхийн оронд 
Онгорхой чигээр нь үлдээгээд салхи хүүгэхийг сонс

Түүний тоглох ая харин 
Ямар сонсголонтой хийгээд 
Ялгуун тансагаар эгшиглэж
Тун удалгүй аялгуу нь өөрчлөгдөхийг 
Янаг энхрий хайрлаж явсан сэтгэлтэй минь бодож
Яруу найрагч гэж дуудуулах дургүй гэсэн үгийг минь тунгааж гэмээ цагаатгаарай 

Тэр үед чинь харин би 
Гараа гаргаж уралсан өөрийн цонхыг 
Тэвдэж сандарсан айдастай чинь үргээж
Ганцхан мөрөө хурууныхаа хээгээр бичнээ

ТУНГАЛАГ НУЛИМСНЫ ЧИНЬ ДУСЛААР



Tuesday, May 15, 2012





 Чамайг санан алхах нь
Намрын зэврүүн салхийг санагдуулах
Хаврын хүйтэн салхинд дулаацах шиг
Чимх гуниг цээжинд асаана

Тамхи л асахдаа оч гялалзуулдаг шиг
Одод жирвэлзэхдээ гэнэт харвадгийн адилаар
Одоо ингээд бодоод, өөрийн бүхэнд хоргодох нээ
Та миний амьдралд бүхлээрээ оршжээ

Бүр хэнэгч үгүй цээжний хонгилоор лаа асаан алхаж
Инээвхийлэх төдийдөө л гаргадаг гунигт дуугаа хөгжимдөн
Их олон олон аялгууг тоглохдоо
Бодлын далайд минь сэлүүргүй орхижээ

Tuesday, May 1, 2012

Уруудаж өгсөх урсгалын дунд

Яруу найрагч Д.Отгонцагаан 1981-онд Сэлэнгэ аймагт төрсөн
2002-онд Монголын зохиолчдын эвлэлийн хорооноос заралсан "АНХНЫ АРАВТ" бүтээл нь шалгарч "ШАТ" яруу найргийн түүврээ хэвлүүлсэн.
2005-онд Утга зохиол нийгмийн ажилтны дээд сургуулийг төгссөн
Одоо Шонхор телевизэд сэтгүүлчийн ажил хийж буй

                                               Цас орж байхад л
Цас орж байхад л
Би Набаковыг дуусгаад гарч одно.
Цантсан бүрх дороо үл танигдагч болтлоо алхана.
Бөөн цагаан шувуу зүг чиггүй нисэлдээд
Цөөхөн хэдэн үг зүрхний хэм алдуулна.
Би Набаковт дурлачихаж
Цас орж байхад л
Чи намайг хайрлаарай
Цангасан хацрыг минь бүлээхэн амьсгалаараа дулаацуулаарай
Шөнө дундын хотод тэр эрхэм зочилтол
Шөнө дундын хотод анир даран цас ортол л
Цагийн хөлт эрхэм үүдийг минь тогшино.
Цав  цагаан бүрх дороос үл танигдагч царай тодроно.
Галаа өрдөнө.
Гараа ээнэ.
Аяга халуун сүү оочино.
Инээвхийлнэ.
Би гэвч Набаковоос аль эрт уйдчихаж
Өглөө харин зүүд шиг
Өчигдөр өнгөрсөн бүхэн шиг
Шөнөжин цогшсон нурам  сүүлчийн амьсгал шиг
Шөнө дундын хотод
Цас орж байхад л..,     

--------------------------------------------------------------------

                                              Үүр цайх нь

Үүр цайх нь тэнгэр мэт алсад
Үглээ бяцхан шувуу нүдээ аниад зүүрмэглэх мэт сэрэлтэй
Бүрий үдшийн дуу тасалданги анирыг чимээлж
Бүтэн тэргэл сар дэрсний цагаан гэрэл болно.
Амьдрал гэж энэ.

---------------------------------------------------------------------


                                           Амиа хорлогч

Унахад өвдөнө дөө гэж бодохын зуургүй
Уйлж бус инээсээр үсэрчвэл энэ өндрөөс
Унаж яваагаа мэдэх ч үгүй нисэж гэж эндүүрэгч
Уудмын хол салхин алсад жингүүдэнэ.
Газар онох уу
Тэнгэр зайцах уу хэн мэдлээ.
Ганцхан үг түүний зүрхэнд хадаастай
Би чамд хайргүй.
Гадагшаа ..,
Гадагшаа усан нулимс чимээгүй урсавч
Дотогшоо төмөр нулимс тор тор хийн унах нь сонсдож
Төмрийн хаягдал мэт сэтгэлээ
Тэнгэр мэт дууграхыг сонсон хэвтэх минь
Жинхэнэ гашуудал.

----------------------------------------------------------------------

                                        Нэг л мэдэхэд

Нэг л мэдэхэд намар ирдэг.
Нэг л мэдэхэд хавар буцаж байдаг.
Гүн хөх тэнгэрт ганц алтрах бөмбөлөг шиг
Гүн цээжний минь аглагт чиний инээд  шиг дотнохон.
Нэг л мэдэхэд цас нэвсийтэл дарчихдаг.
Нэг л мэдэхэд бороо хөшиглөж цайрдаг.
Тэнгэрийн болор дагинас дотно хүн шиг санагдахад
Тэргүүнээ би бардамхан өргөөд шувуу шиг нисчихдэг.
Нэг л мэдэхэд нялх ногоод өлмий дороос түрж ургадаг.
Нэг л мэдэхэд алтрах навчис жамын зүг хийсч
 Нэг л мэдэхэд алтрах навчис жамын зүг хийсч оддог.
Одох навчисын гуниг нялх ногооны солонгонд хувирч
Одох ирэхийн зааг дээр бүсгүй хүн уйлж суудаг.
Нэг л мэдэхэд орчлонгийн хүрд түргэлж эхэлнэ.
Нэг л мэдэхэд орчлонг би ихээ холоос ажиж сууна.
Хэдэн зууны өмнө сэтгэлд хургасан эгшгийг
Хэн нэгний чихэнд бүүвэй болгон аялана.

           2005 он Архангай аймаг Булган хайрханы өвөрт

Friday, April 27, 2012

Бүсгүйд


Яруу найрагч Даваадоржийн Энхболдбаатар Дорнод аймгийн төв Чойбалсан хотод Дандар баатарын хөшөөн дээр
        
Гэнэ гэнэгүйхэн харцандаа намрыг хайрлаж
Гэгээ гэрэлтэй намуухан гунигаа асгаж
Хэлж амжаагүй зөөлхөн үгсээрээ
Хэн нэгнийг гуниглуулж яв даа, бүсгүй минь

Чиний уйлж явах үед чинь одод хиртэг!
Чимхийн төдий аз заяанд юу байдгийг ол!
Чив чимээгүй амьдрал гэж байдаг ч юм шиг.
Чин үнэний тухай битгий бод доо, бүсгүй минь

Хайр гэж байдаггүй юм шүү дээ
Харцны гуниг зовлонгүй шүү дээ
Чиний мэдэх амьдрал гэж юу байхав дээ
Миний мэдэх нь ч бас юу билээ дээ

Тэнгэр, нарны тухай домог сонсож сэтгэлээ ариул!
Дэрэн дээрээ нулимс дусаавал чинь би зэмлэхгүй ээ.
Нүгэл хилэнцийг өршөөж, өрөвдөж яваарай!
Нүгэлтэн, хилэнцтэнийг бол өршөөлгүй яваарай!

Нүдэнд чинь гуниг хурвал буруутныг бүү эрээрэй!
Нүүгэл сүүгэл зэрэглээнд алимын цэцэрлэг ургадаг шиг
Хаанаас ч олохгүй бүхнээс аз жаргалаа хайгаарай!
Харчихвал нүдээ зөөлхөн аниарай!



1996 он Түнэр аниргүй шүлгийн түүврээс 






Sunday, April 22, 2012

үүрдийнх үү эсвэл цаг зуурынх уу гэж
үсээ цайтал, цайсан үсээ цагаартал
цамцныхаа товчыг унасныг анзааралгүй
цаг хугацааг хүртэл түр мартаад уджээ

яг л хуучны дурдатгал эхэр татаж
ихээ удаан хүлээлгэсэн бороо
ийм л нэг хуурай бодолд унаж хагарахнуу гэтэл
яалтчгүй цас л орсоор сэтгэл цантаана

Sunday, April 15, 2012

ЭРДЭНЭТ орох замд ДАРХАНД


Эрхшээгч салхин хаашаа дуудасны улмаас
Эрдэнэт явах галт тэргэнд
Шүлэг бичиж
Шүүрс алдахын төдийдөө л цочино вэ?

Магадгүй чамайг санахгүй байя гэсэн ч
Санагдаад байх дүртэй чинь бодож
Маргаашийн цаадах нөгөөдөр, нөгөөдрийн цаадах ертөнцөд орших
Сайхан хар нүдийг чинь бодоод тэр биз

Харин чи минь яг одоо дулаан хөнжилдөө
Хаврын шувуудын ганганааг
Ангир сэтгэлтэй минь дүйцүүлж
Анхны бороон дусал зовхин дээр чинь дусаж хагархыг
Зүүдэндээ чагнаж үнэгчлэхдээ
Зүрх тань минийх шүү гэж чихэнд минь шивнэхийг
Гүн шөнийн харанхуйд олон од шиг гэрэлтэх
Дарханы зөрлөг дээр түр саатахдаа мэдэрч
Гэлмэгт аниргүй үүрээр очих хотруу
Дан цувтай ч бодолдоо халуурсаар замыг барж байна

УБ-ЭРДЭНЭТ орох замд ДАРХАНД бичив

Sunday, April 8, 2012

Гарц үгүй хонгилоор удаан алхаж
Гарцаагүй л орж ирсэн замаа хайж
Ганц ширхэг шүдэнзний асах очоор
Гэлмэгт харанхуйн айдсыг үргээнэм

Нялх хүүхдийн зулай адил дотно
Нэг л ер бусын чичирхийлсэн цочимоглолоо
Наргүй өдрийн бүүдгэр тэнгэрт өлгөж
Навчис нярайлхыг чамайг ирэх өдөр гэж мэдэрнэм

Үгийн хойноос гөрөөлөн яваа
Үнэт цаг хугацааны алтан сужганд
Үйлт нэрийн Х шиг гээгдэх
Үүрд бус зуурдхан залуу насыг хайралнам

Цогшиж бус дүрэлзэж шатах
Цонхийсон нүдэнд гуниг шингээгч бүхнийг
Цэгцтэй шүлгийн мөр холболтоос хасаж
Цасан дээр гишгэлэх гутлынхаа мөрөөр баллуурднам

Sunday, April 1, 2012


Сэтгэлээ чөлөөлөх гэдэг
Шүдэнз зураад лаа асаахын адилаар
Сэмхнээ бадамлан гэрэлтсээр
Шаргал туяагаар харанхуйг зүснэ

Урсах нулимс нь тогтооосон аяганы ёроолд цуглаж
Ямар нэгэн дүрсийг амилуулах нь
Угтаа асаасан хүний сэтгэл хөдлөл, бодол оюуныг
Яруу найраг адил нүднээ амилуулна

Яг л үзэгнээ гүйлгэнэж нэгэн мөрийг зурах агшин лугаа
Гэнэтийн учирлаар таарсан эртний танилууд тэврэлдэхдээ инээмсэглхэд
Яалт ч үгүй сэтгэл хөөрөн жингүйдэх шиг
Гарцаагүй бодлын долгист живүүлнэ

Тэнд гэвч завь сэлүүр
Тэнгэсийн шуурга, хөөсрөх давалгаа
Сөрөх салхи, сэлүүн агаар
Сэрдхийтэл цочих айдас
Ер юм бүхэн үгүй ч
Ердөө л хий хоосон агаар буй

2012.03.25-н Одон орон судлалын Хүрэл тогоот амралтын газар 8-р өрөө