Thursday, September 29, 2011

НАМРЫН шүлгүүд...


Шүлгийн санаа олно гэдэг эрэл. Алдаж гээгээгүй юмны эрж хайгаагүй эрэл. Навчин дундаас навч эрэхүй. Цэцгэн дундаас цэцэг эрэхүй.Цэцэг хийгээд навчыг эрэх нь салхин дундаас салхи эрэхүй юм. Ургаж байгаа навч бол навч биш, зүгээр л ургаж байгаа навч. Дэлбээгээ нээсэн цэцэг бол цэцэг биш, зүгээр л дэлбээгээ нээсэн цэцэг. Тийм болохоор салхи ч салхи биш, агаар ч агаар биш. Тэгэхээрээ навч гэж юу юм ? Салхи гэж юу юм?


   
Миний багадаа өссөн нутагт
Намар болоход уйтайсан
тэр цагт өнгөөр будашгүй гуниг
Үгээр хэлшгүй уйтгар бүрхдэгсэн
Өнгөрсөн гуниг, намрын дурсамжийг
бодохоор
Өдгөө ч гэсэн тэр гунигийг амтлах
шиг болдог ч
Одоо бүх зүйл өөр
Хавар цаг ирсэн
Жаргал ургаж, баясал нисэж ирээд л....
                                                                                           ӨЛЗИЙХУТАГИЙН ҮЛЭМЖТӨГС


  
Гүн бодол хавьцаа навчаар гол урсаж
Навч хөлөглөн би гоо үзэсгэлэнтэй ганцаардана
Ганц шувуу хэдэн зууны турш солгой аялгуунд
мансуурч
Надад оромж барихдаа уйлж суусан бол
Нулимсаар нь гурил зуурч
Хэзээ ч үл үзэгдэх мөнхийн гурвалжинд үүрийг нь засна
Тэнд миний дурлалын пайз
Хазаад тавьсан алиман сар мэт бүдэгхэн гэрэлтээд
Цаг хугацааны зүг дэвж одох үест зүрх минь
гуниглаж эхэлнэ .
                                                                                          ДЭЛГЭРСАЙХАНЫ СОСОРБАРАМ




Модон завь шиг дүртэй бүүдгэр гэгээт навчтай
Найман сарын гуниг сэлүүрдсээр
Намрын зүг гэртээ харним би...
Сагсандаа ямар ч олзгүй буцах загасчин эр шиг
Сар ч халаасанд үгүй, эрвээхэйн цогцос л номын завсар
Эндхийн зун ийм тод өнгөтэйг хэн мэдэх вэ?
Эндээс би шүлэг ч үгүй буцаж л явна даа...
Нарнаас зүүгдсэн шувуудын дэвэлт шиг намар минь
Хайр минь, халуун илчит бүдэгхэн минь
Хэчнээн ч жигүүртэн гэрэлд урваж
Моддын мөчрөөс нислээ ч
Хэзээд ч чиний энхрийлэлд
Зүрхээ нүцгэлж чадах шүлэг минь...
Ай намар минь, амраг минь.

                                                                                            ЭРДЭНЭБААТАРЫН БҮЖИНЛХАМ


Хашаанд минь хэзээнээс ч юм
Харагдах болсон залуу улиасны
Хандаж ургасан зүгт нь нөмөрлөн зогсоод
Хэчнээн тамхи асаасныг минь
Хэн ч мэдэхгүй шиг
Утга учиргүй ногоон навчис
Унахдаа ямар үг хэлдгийг
Би сонсохгүй шиг
Наймын тоо хэлбэрт аалзыг
Томруулдаг шилээр харж цочсоныг минь
Аалз ойлгохгүй шиг
Орчлонт ертөнцийн өдөр хоног, хэмжээсүүд
Ондоо газар луу намайг хөтлөх болоод удлаа
Харьцангуйг харсан тэр томруулдаг шилийг
Хайрцаганд хийж номын сандаа хадгалахад
Утга учиргүй ногоон навчис
Унших номын минь хавтасанд алтан утас шиг дурайгаад
Урагдаж навсайсан хуудасыг нь
Аалз шүлсээрээ бэхэлж, хөнгөмсөгөөр савлан тоглоход
Аман хуурын хайрцагт үлдээгээд удсан
Томруулдаг шилээ авч эрвээхэй харахаар би явлаа
                                                                                ТӨМӨРБААТАРЫН ЕСӨН-ЭРДЭНЭ


Унаад ургасан навчсын 
Урд төрлийнх нь тухай 
Уйтгарт үлгэрийг сонсож
Удаан суулаа
Намрын ой, навчсын дуу
Магадгүй маргааш л жаргал ирнэ
Жаргал ирхэд би уйлна
Уйлахад нүднээс минь
Навчис унана...
Надаас унасан навчис дээгүүр
Чи гунигтай алхална
Чиний гунигийг миний навчис 
Чимээгүй залгилна...
Гэхдээ...
Навчис хэзээ ч уйлахгүй
Намар бид хоёр ийм л хоосон
                                                                                       ЧИМЭГДРЭГЗЭНГИЙН ӨСӨХБОЛД





Өөртэй чинь зөрсөн агшинг
Өнгөөр зүйрлэвэл улаан

Нэг тийм дулаахан мэдрэмж төрөөд

Нэлэнхүйдээ бие минь чичрэн даардаг

Цүнх шүргэлцэхэд зүрх хүчтэй цохилж

Цээжнээсээ гарах гэж адган тэмүүлдэг

Үггүй зөрөхөд чинь галзуурах мэт

Үймэрсэн бодолдоо тарчлан зовдог

Чамтай зөрөх агшин

Час улаан болохоор л

Чи намайг харалгүй
Цагаан учрал руу л тэмүүлдэг байх,.,.,.,.

                                                                                         ДОРЖНЯМБУУГИЙН ЭРДЭНЭЗУЛАЙ


чиний талд үүрд зогсох бурханы
чичрэгт гарт зүрх минь атгаатай
амар амгалангаасаа намайг олвол
ай би тэр л үед...
мөс мэт хүйтэн чинийхээ
мөрөөдөл төдий хоосон юм би
энэ л цайзаасаа оргож намайг сонговол
эргэж буухгүй салхи юм би
намайг ойлгохгүй намарыг
хавар хэмээх шиг
намайг танихгүй чиний
насаараа хүлээх хүлээлт юм би.
                                                                                            РАДНААДОРЖИЙН УЛАМ-ОРГИХ                    

Зүрхнийхээ хуанлыг дэлгэж суугаад
Томруулдаг шилээр
Чамтай танилцсан цаг хугацаагаа
Нягтлан бодож хэсэг тээнэгэлзлээ

Голдуу бороо үл мэдэг хаялсан
Навчисын судлаар дуслууд нь
Бөнжигнөн жирвэлзсэн
Он цагийн алдаа заалаа

Бодохнээ хавар байсан болвуу гэж
Өөртөө тунгааваас
Үсэнд чинь сондорлогдсон хярууг
Үлээж өгснөө санахад өвөл ч юм шиг

Гэтэл намайг санагалзан дурсаж
Шаргал гунигийг сэтгэлдээ хослуулан
Нисэж явааг чинь тагтан дээрээсээ хархад
Намар л байж дээ чи                                             
                      
                                                                                              САЙНЖАРГАЛЫН НАЧИН

                                                           "ШИНЭ ҮНЭР" шүлгийн цомирлогоос

Friday, September 23, 2011

ХУРД



ХУРД
/эссэ/        
Хурд ердөө физик хэмжигдэхүүн гэж ойлгогдохоо болиод уджээ. Учир нь хурдны хязгаарт хүрэх гэсэн хүн төрөлхтөний мөрөөдөл хэзээ ч биелэхгүй. Яагаад гэвэл хурданд тийм тогтмол хязгаар үгүй санагдана. Нэг үгээр хурдлаад байвал хурдлаад л байна гэсэн үг. Одоогоор дэлхийн хамгийн хурдан хүн Усаин Болдийн 100 метрт үзүүлсэн амжилтуудыг мөдхөн Лондонгийн олимпиаар хэн нэгэн Африк эвдэх нь тодорхой. 
  Гэхдээ бүх зүйл нэг хачин ХУРДАНД шилжиж буй гэдэгтэй би санал нийлдэг. Хорьдугаар зууны 80-аад онд одоо миний таньдаг бүх дүү нар нэг ой хүрчихээд хөвөнтэй өлгийндөө хэвтэж байлаа. Гэтэл энэ зууны хүүхдүүд төрөөд нэг сар хүрэв үү үгүй юу? хөл гар сарвалзуулаад хөвөнтэй өлгийгөө одооны хүмүүсийн хэлдэгээр “жийж” орхих юм. Нэг сартай инээмсэглэх, ход ход элэглэх, зурагт үзэх, аав ээжийгээ таниад өмөлзөх бол тэдний хувьд хэзээний сурчихсан эрдэм. Юунд ч юм яараад байгаа юм шиг. Тэд гурав дөрвөн насандаа хөөрхий бидний үеийнххний найм ес хүрээд ойлгож байсан байгаль хийгээд амьдралын тухай бүх төсөөлөл мэдлэгийг олоод авчихсан байх юм. Хэн ч заагаагүй байхад  тав зургаан настай хүүхдүүд интернет ертөнцөд дураараа сэлгүүцэж байна. Энэ хурд ямар учиртай ХУРД вэ? гэх бодол надад үе үехэн төрнө. Сайны хурд муугийн хурд уу? Зул бадамлахын өмнө тодордог шиг хүн... гэх гунигт бодлыг ч төрүүлнэ. 
 Харин уран зохиолд өнөөх хурд илт мэдэгдэх боллоо. Газрын эзэн Л.Толстой шиг арван хэдэн жил нэг роман бичиж байгаа зохиолчыг одоо дэлхийн хаанаас ч олохгүй. Сүүлийн үед хоёр жил бичсэн роман бараг он удаан жил бичсэн зохиолд тооцогдохоор хурд уран зохиолд үйлчилж байна. Тэгээд ч 19-р зууны роман гэдэг ойлголт энэ цагт огт өөр болсонтой санал нийлэх шаардлагатай. Гэхдээ л роман бол роман шүү дээ? 
   

 Өөр нэг хурдыг анзаарахгүй өнгөрөх аргагүй болжээ. Цаг хугацаа. Эсвэл би зөвхөн мэдрэмжиндээ хэт захирагдаад байж ч болох юм. Миний насны ихэнх хүмүүс долоо хоног ямар хурдан өнгөрч байна вэ? хэмээн дуу алдах нь олонтоо. Тэдний хэлдгээр долоо хоногт хоёрхон өдөр байх болсон гэнэ. Даваа... Ням. Нуулгүй хэлэхэд надад ч бас ийм мэдрэмж төрөх болсон. Цаг хугацааны ойлгомжгүй хурд, өндөр давтамжтай амьдралын хэмнэл хоёрт захирагдаад олон сайхан зүйлийн дэргэдүүр жишим ч үгүй өнгөрч байгаа мэт санагдах болжээ. Байгаа мэт ч юу байхав. Үнэхээр олон сайхан зүйлийн дэргэдүүр анзаарах сөхөөгүй амьдарч явна. Нэг л мэдэхэд цас нэвсийтэл дарж, салхины хүчинд гарсан цасан угалзуудыг харах ч үгүй гишгэлэн, юунд ч юм бэ? яарч одно. Нэг л мэдэхэд өвс ногоо ширэлдэн ургаж, хаврын урьхан салхинд байгалийн өөрчлөлтийг харах сөхөөгүй амьдралын буулганд зүтгэнэ.  Үнэндээ энэ их хурд таатай сайхан санагдахгүй л байна. 
Монгол яруу найрагт 20-иод жилийн өмнө найраглал гэдэг лут төрөл байлаа. Уянгын найраглал, туульсийн найраглал, бүр түүхэн найраглал гээд төрөл зүйлийн хувьд хөгжиж байлаа. Яагаад дандаа өнгөрсөн цаг дээр бичээд байгааг минь ойлгоорой. Учир одоо манай яруу найрагт найраглал бичнэ гээд тонгойж суух тийм хоцрогдсон яруу найрагч үлдсэнгүй. Уучлаарай хоцрогдсон гэдэг үгийг битгий эмзэг хүлээж аваарай. Үнэн байдал минь энэ юм даа? Үнэхээр богино шүлэг одоо бороо шиг асгарч байна. Өнөөх “Болор                                   

цом”-ын тайзан дээрээс хүн амьтан залхтал уншдаг олон мөр шүлгүүд ч онц сонирхолгүй болжээ. Залуу шүлэгчид ердөө 10-14 мөр л шүлэг бичих болов. Энэ юутай холбоотой ямар үзэгдэл вэ?
Өнөөх гайхал хурд... Одоо олон мөр шүлгийг тогтож уншаад цагаа алдах боломж ямар ч насны хүнд үлдсэнгүй. Тэр тусмаа залуу хүнд. Яруу найрагт хурд яаж нөлөөлж буйг энэ жишээ харуулаад байгаа ч юм шиг. Агшин зуурын сэрэл, мэдрэмж, гоо сайхны таашаал. Энэ цагийн яруу найргийн хурд... Өөр үг олдсонгүй.

Японд боловсрол эзэмшсэн найз минь ийм нэгэн түүх өгүүлсэн удаатай. Токиогийн гадаад хэлний дээд сургуулийн оюутны байранд монгол япон хоёр оюутан хамт амьдарч байжээ. Хоюулаа ханиад хүрч гэнэ. Монгол оюутан бие тааруу тэр өдөр хичээл таслахаар шийджээ. Харин өндөр хэмээр халуурсандаа бөндөгнөтөл чичирсэн Япон оюунтан босоод хичээлдээ явжээ. Өдөр нь биеэ үл хайхран эрдэм номонд шамдагч Япон оюутнаас эрүүл мэндээ хайрлан хамгаалагч Монгол оюутан: -Чи юунд хичээлдээ явав. Бие чинь тийм муу байхад гэж асуужээ. Хариуд өнөөх Япон: -Хэрэв би нэг өдрийн хичээл тасалвал бүтэн сар нөхөж гүйцэх гэж зовох болно. Тиймээс үхчихээгүй бол хичээлдээ явахаас өөр аргагүй гэж хариулжээ. Аймаар бүр айдас хүрмээр хурд тэнд ноёлож байна гэсэн үг. Ганцхан өдрийн хичээл таслахад л  ХУРД  чамайг хүлээхгүй, тоосроод л алга болох нь. Ямар аймаар юм бэ? Одохондоо бид тийм ХУРДАНД автчихаагүй байгаа ч олон зүйл дэр хурдлаж эхлээд байгааг анзаарч байна.
 Өнгөрсөн жил уран зохиолын багш болох нэн сонирхолтой хэдэн хүүхдийг сонгон авч хичээл зааасан ухаантай. Би тэдэнд ХХ зууны арай дээр Монгол романуудыг унших даалгавар өгсөн юм. Эцэст нь тэдний нэг нь ч тэр романуудыг минь уншсангүй. Учрыг нь асуувал тэд үнэнээ л надад хэлсэн юм. 
-Эхлээд зузааныг нь хараад айсан.
-Дараа нь уншаад шууд нойр хүрсэн. Нойронд их сайн үйлчилдэг юм билээ.
-Тийм их цаг зав байсангүй. 
  Гэтэл шавь нар минь бааранд хэдэн цагаар ч хамаагүй бүжиглэж чаддаг. Гэхдээ бааранд хэдэн цагаар ч хамаагүй бүжиглэдэгт биш өнөөх романуудад л хамаг учир байна гэж үзээд бүгдэд нь сайн дүн тавиад өгчихсөн. Дүн бол яахав дээ? Хэдэн тоо л юм шүү дээ?
 Харин дараа нь өнөөх романуудаа өнөөх гайхал хурд багатай байсан цаг үед бичигдсэнийг гэнэт ойлгосон юм. Үнэндээ хурдтай холбоотой ганцхан зүйлийг би огт ойлгоогүй. Физик биеийн үзүүлэх хурднаас оюун санааны хурд илүү болов уу?
   Өндөр гэгээний номын багшийн бие лагшин гэнэт мууджээ. Тэгээд хэдэн шавийн хамт Түвд орноо залрах болсон гэгээнтэн шавь нартаа хандаж:-За би их яаруу явах ёстой. Та нарын урд гараад давхина. Зөвхөн миний морины тоосыг л хараад яваарай. Өөр зүйлд анхаарлаа хандуулж саатаж болохгүй шүү гэжээ. Тэгээд л давхиж гэнэ. Гэтэл нэг шавийнх нь морь шээх гээд зогсчихжээ. Өнөөх шавь нь  багшийнхаа болоод бусдынхаа тэнгэрт тулах тоосыг хараад л хоцорчээ. Араас нь хичнээн хурдлаад барааг нь олж хараагүй aлдсан ажээ. 
Өндөр гэгээн багшдаа өдөртөө л очоод золгожээ. Итгэхэд бэрх ч үнэн л гэдэг юм даа?  Монгол Түвд хоёрын хоорондох хэдэн бээр газрыг ердөө нэг өдөрт туулсан хэрэг. Тэр цагаас хойш олуул яваа Монголчууд морио шээхээр зогсоход дөрөөгөө хангинуулж чимээ өгдөг  болсон гэдэг.
  Энэ ямар гээч ХУРД вэ? Одоо бидний амьдралыг авч яваад байгаа ХУРД ч мөн адил ямар хурд вэ? Онолын ойлголтоор харьцангуй хурд уу? эсвэл гипер хурд уу?
                   Ёстой мэдэх юм алга. Гэхдээ ХУРДАЛСААР байна.

Thursday, September 22, 2011

Зарлал


ЗУУН МЯНГАН ЯРУУ НАЙРАГЧ
ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨЛӨӨ

2011 оны есдүгээр сарын 24-нд 15:00-21:00 цаг хүртэл
Монголын Улсын Хүүхэлдэйн Театрт

100ezer

100 яруу найрагч 6 цагийн турш шүлэг найргаа уншина.

2011 оны есдүгээр сарын 24-ний өдөр дэлхийн өнцөг булан бүрт 95 орны 450 хот суурин газрын 650 гаруй газарт яруунайраг унших өдөрлөгийг дэлхий даяар зохион явуулж байна. „100 Thousand Poets for Change” гэдэг энэхүү үйл явдал нь өдий хүртэл дэлхий дээр болж байгаагүй хамгийн том яруу найргийн уншлага юм. Яруу найрагч, зохиолч, хөгжимчид болон бусад урлагийн төлөөлөгчид энэ өдөр шүлэг зохиолоороо өөрчлөлтийн төлөө дуу хоолойгоо өргөнө. Монгол Улсад болох энэ үйл ажиллагаа Монголын Улсын Хүүхэлдэйн Театрт болох юм. Зургаан цагийн турш зуун оролцогч – яруу найрагчид, дууны үг зохиогчид, poetry slam-найрагчид, хөгжимчид, performerчид гэх мэт уран бүтээлчид дэлхий дахинтай зохиол бүтээлээ хуваалцах боломжтой.

“Ямар өөрчлөлтийн тухай өгүүлнэм бэ? Бидний үзэж буйгаар бол аль ч орны шүлэгч, зохиолч, хөгжимчин хийгээд уран зураач нар орчинд нь болж буй аливаа өөрчлөлтийг уран бүтээлээрээ дамжуулан гаргаж ойр орчимдоо байгаа цөөн болоод олон түмэнд хүргэж байдаг. Сүүлийн жилүүдэд мэдрэгдэх болсон нэг том ялгаа бол өөр бусад улс оронд бидний нэгэн адил бодож сэтгэж, бүтээж, туурвиж яваа уранбүтээлч нөхдийнхөө тухай урьд урьдынхаас улам бага мэдэх боллоо. Дайн дажин, дэлхийн эдийн засгийн хямрал, байгалийн гамшиг, шаардлага хангаагүй эрүүл мэндийн тусламж, арьс өнгөөр ялгаварлах гэх мэт дэлхий дахинд болж буй соёл, улстөр, эдийн засгийн сөрөг өөрчлөлтүүдийг цувуулан бичээд баршгүй. Тиймээс энэ бүгдийг даяар олноороо мэдэрч, дэлхий нийтээрээ эв санаагаа нэгтгэх шаардлага өнөө үед улам бүр нэмэгдэж байна. Энэхүү үйл явдалд уранбүтээлч Та бүхэн аль нэг байгууллага, холбоо, эвсэлийн нэрийн өмнөөс бус, бие хүн гэдэг утгаараа дэлхий нийтийн сонирхолын төлөө, буруу бүхнийг өөрчлөхийн төлөө зохиол бүтээлээрээ хэдхэн хором оролцохыг урьж байна.” – хэмээн 100 Thousand Poets for Change гэх энэ үйл явдлын философи санааг website-даа бичсэнийг уншиж болно.

Friday, September 2, 2011

 Энэ насны минь цор ганц анхдагч хэвээр орших эмэгтэй бол чи ....

Гунигыг минь хүртэл ариусгаж асгах
Есдүгээр сарын бороонд
Гудиггүй ихээр аашилсан чиний төрхөнд
Ертөнцийн тийм их ганцаардал оршдогыг мэдрээд
Өөрөөсөө ичихүйд
Ганихарсан чиний төрхөнд үхтэл атаархаж
Өнөөдрийг хүртэл, чамд татагдах
Ганцхан ширхэг, гэгээн хүсэл байна
Суунаглах янжуурын минь утаа хүртэл
Чамайг зураглаж байхад
Сураг алдраад миний амьдарлаас бүр мөсөн холдож
Чилсэн биений хөндүүр зовнилыг арилгаач дээ
Орших эс оршихуйн гэгээн чагтгаа зүрхэнд зүүж орхичихоод
Одоо болтол мартагдахгүй байгаа дүр төрхөө аваад
Гэрэл гэгээ цацруулсаар үүрд ирээч дээ
                                                                    ЧУЛУУНБААТАРЫН ХАЛИУНД......