Sunday, November 17, 2013

Ээжээ цэцгэн эрхи

1987 оны 10-14-нд төрсөн 
Сэтгүүлч мэргэжилтэй.
Утга зохиолын "АЛИУС" уран бүтээлийн нэгдэлд харьяалагддаг Гантогтохын Лхагвадорж гэх даруухан нь дэндсэн залуугийн энэхүү шүлгийг анх сонсоод л омог төрснөө нуух юун. Өөрийнх нь хэлснээр гүйцэт дуусаагүй ахиад цаана нь хэд дутуу байгаа гэдгийг сонссон ч  зөвшөөрөл авч
 нийтэлж буй болно 



Уйтай намрын дүлий шөнө 
Уйлж суугаад ижийгээ бодлоо
 Ухаан суухаас минь өмнө ... 
Уянгаар дутсан нь хэд бол оо 

Элбэг сэтгэлээ өргсөн хорвоогоос хүү чинь
 Элбэрэл хайрыг тань түүсээр л явна даа 
Энэ орчлонгоор чимэж яв гэчихээд та минь 
Эргээд ганц ч удаа зэмлэхгүй байх гэж дээ... 

Од, үндсэнд хувилан оршжээ 
Орчлонгоор дүүрэн буй за та 
Одоо би уйлахгүй ээ, ээжээ... 
Хайрлаж яваарай гээд хань өгчээ 

Үнэрлэж жаргаарай гээд үр заяажээ 
Үргэлж та намайг ивээсээр л байжээ. 

 II

 Үргэлж та намайг ивээсээр л байжээ 
Үргэн цоцихдоо ч би таныгаа л дууджээ 
Үнэгчлэн үнэгчлэн харамласан үр чинь тэнэг 
Үнэний хорвоо өөрөө зүүдний минь үнэг 

Цагийг эзлэсэн цагаан сүүний охь ээжүүд
Цацлын есөн нүдээр ертөнцийн зүг хардаг
 Цагийг эзэлсэн цагаан сүүний охь ээжүүд 
Цацлынхаа сүүнд шингээд ертөнцөөр нэг тардаг

 Үрээ гэсэн эхийн сэтгэл үлэмжийн их юм 
Үүрч барахгүйн учир хорвоо ижийг минь 
Үрийн тэнгэр бол гээд ятгачихсан юм 
Хүүгээ ивээх сүүн хайр нь төгсгөлгүй еэ 
 
 Хэмжүүрийн орчлонд багтахгүйн учир 
Өнө мөнхийн цаг хугацаа болчихжээ. 

 III 

Өнө мөнхийн цаг хугацаа болчихжээ 
Өөр хаанаас би таныгаа олох вэ...? 
Өдөр хонгууд нэг л дотнохон болчихжээ
 Өө яасан сайхан дүүрэн санаашрал вэ? 

 Сүн далай сүмбэр уулыг ч өртөөлөн өртөөлөн 
Сүм их зөн нь үрдээ залбираад байхаар нь
 Шүүрс алдан алдан халаглахдаа энэ орчлон 
Шүүдэл өгөөд орон зай болгочихжээ эжийг минь 

Орон зай, цаг хугацаа болчихсныг тань 
Олж нээсэн энэ өдрөөс хойш хүүгийнх нь 
Очих газар, явах зам үргэлж гэгээн байх болно 
Давхар давхар он цагийн шатаар өгссөөр 

Дараа төрөлдөө ч таныхаа л өвөр дээр унамаар 
Даанч та минь далдын хар малгайтай хэвээр л. 

 IV 

Даанч та минь далдын хар малгайтай хэвээр л
 Гэвч би хүүгээ дуудах ижий бүрийг эргэж харнам 
Хайр итгэлийнхээ нүдийг нээгээгүй болохоор л 
Хүүдээ ижий минь үзэгдсэнгүй дээ гэж гунинам

 Дува Сохорын “өнчин мэлмий” магнайн үрчлээгээр тодорч 
Дотоод сэтгэлийнхээ гурван нүүдлийг нэгжсэн өдрүүдийг ээ 
Долоон бурхан одны зургаа дахь гэгээнд залбирч 
Дорнын уужим нутагтаа сар шиг өнчирсөн зуныг ээ... 

Хүйн холбоогоо эх үр алтан заадсаар салгаж 
Хувьхан заяаны зам дээр тэврэлдэн учравч 
Хүүгээсээ та минь холдоод л байжээ, ээжээ 
Тийм алгуурхнаар надаас алсарсан ижий л ээ 

Тэнгэрийн орноо дүнчүүр хувилаад удлаа даа 
 Тэгэвч би, тэвчиж итгэн юуг ч юм хүлээсээр л ээ



Тэгэвч би, тэвчиж итгэн юуг ч юм хүлээсээр л ээ 
Тэнэглэл гуниглал минь таны л эзгүйнх ээ 
Үргэлж таныгаа үгүйлэн санахын сацуу 
Үрийнхээ дэргэд ч гуниглан суух юутай гуцуу... 

Ирэх л байсан жам гэвчиг 
 Эртэдсэн юм биш үү дээ хорвоо
 Эрх л багадаа жаргасандаа гэвчиг 
Эдгэх нь үгүй дээ энэ хүйн холбоо 

Өндөр өндөр гэвчиг 
Өндөлзөөд байдаг тэнгэр ээ 
Өнөр өнөр гэвчиг 
Өнчрөөд байдаг сэтгэл ээ... 

Тэврүүлж буйгаа мэдэрлээ ээжээ
 Тэнгэр яг л таны энгэр шиг уужим аа...

 VI 

Тэнгэр яг л таны энгэр шиг уужим аа
 Тэргэл саран ч санаа алдах шиг ээ 
Бүүлгэр тэнгэрээс цас унахаар аа 
Бүүвэйн дууны өнгөтэй ч юм шиг ээ 

Ганцхан насны хүйн холбоо хойно 
Гариг ертөнцөөр ч нэг ижийгээ л хайна
Гансарч уйлаад ч ирэхгүй болохоор тань
 Гомдоллож тунирхдагаа ч больчихсоон үр нь

 Гэнэ гэнэхэн сэтгэл үймрээд ирлээ ч
 Гэргийгээ түшээд мэгшиж боломгүй л 
Гуниг уйтгараар минь бороо орлоо ч
 Гутрахгүй амьдарч яагаад ч болохгүй л... 

Тэнгис далайн их уснаа зорьдог ч юм уу 
Тэнд л та минь намайг хүлээгээ ч юм уу 

 VII 

Тэнд л та минь намайг хүлээгээ ч юм уу 
Тэнгэрт бохирч мөргөсөн тэр уулын энгэр бэлд
 Таныгаа оршоосон минь үр суулгах шиг ч юм уу
 Таны хайр шингээ юу даа, цэцэг цэцгийн балд... 

 Тэгэхэд би ганцхан удаа эргээд харчихсан бол 
Тантай хамт үүрд үлдэж болох байсан уу? 
Элэг элгэндээ хярсан таван хүүгээ үлдсэн бол 
Элэг эмтэлж нэг нь одсоныг та мэдсэн үү? 

Халуун амь амьсгаа тань дандаа л үгүйлэгдэх болсон
 Хамгийн сүүлд хэзээ бид ширээ тойрон хооллоцгоолоо 
Хагацал үзсэн зүрхэс хэндээ ч туниж чадахаа больсон 
Хэн нэгнээсээ хождож анихийн гаслан 

Хөөрхий аавыг минь үргэлж хэмлэх болсон 
 Тэглээ гээд ч тэнгэр намсахгүй нь хяслан... 

 VIII 

Тэглээ гээд ч тэнгэр намсахгүй нь хяслан... 
Хохилдог гутал шиг хорвоод холгуулсаар авч
 Аяа хөөрхий аавыгаа урт наслуулахын хүслэн
 Ач, үрсийнх нь сэтгэлд адилхан дэнсэлэнэ, гэвч 

Өвөөгийнх нүүгээд цаг хугацаа гаталчихсан 
Өнөө жил бид очиж золгож чадахгүй 
Эмээ минь жамын босгыг гэтэлчихсэн 
Эвий дээ, өвөө минь ганцаараа... чадаагүй

 Элгээ дэвтээн золгоод норох хацар одоо хуурай 
Эргэж ирэхгүйгээр эгнэгт тэд тань руу нүүчихлээ 
Эртний ёсоор домботой цай барьж угтаарай... 
Ижийд минь хүргэж өгөх шат гэж байму

Энхэр үрээ санасан хоёр буурай минь 
Эрхиний бөөр давхарлан давхарласаар тэнд очму

Wednesday, November 6, 2013

ХӨХ ЗУЛ


Намтрын товчоон:
Овог нэр: Лувсанцэрэнгийн Энх-Амгалан
1970.01.25 –Тахиа жил Хөвсгөл аймгийн Мөрөн хотод ажилчны гэр бүлд мэндэлжээ
1977-1987. Мөрөн хотын 10 жилийн хоёрдугаар дунд сургууль
1987-1992. ОХУ-ын Санкт Петербургийн их сургуулийн Олон улсын
                     сэтгүүл зүйн ангийг “Олон улсын сэтгүүлч” мэргэжлээр дүүргэсэн
1992-1995. “Ил товчоо” сонины хариуцлагатай нарийн  бичгийн дарга
1995-1996. “Бизнес таймс” сонины ерөнхий эрхлэгч
1996-2000. Хэвлэлийн “Интерпресс” агентлагийн ерөнхий захирал

Уран бүтээлийн товчоон:
Уран бүтээлээ 1985 оноос эхэлжээ.
“Хөх зул” (1994)  шүлгийн түүвэр 



 НАМРЫН ҮДЭШ

Намар орой,  алс зөөлөн үдшээр
Навчсын унах уйтгарт чимээ  сонсдоно
Энэлсэн сэтгэлийн дотор гуниг төрөх нь
Эртний шүлгийн шарласан хуудас хийсэх мэт ээ
Царайлаг зүсээ сэмхэнээ нууж
Цайрах үүлсийн чөлөөнд бүсгүй нүцгэлээд
Цагаан нөмрөгийг салхинаа хийсгэх адил
Сарны тунгалаг чамайг мөрөөдөхүй...
Намуухан эгшиглэх лимбийн нүхээр
Намрын шөнийг сүвлэх  сарны гэрэл
Гоо үзэсгэлэн гэж өөрийгөө андуурах шиг
Голын усны гадарга дээр хөрөг урлана
Цэцэг бүхэн нэг нэг дуу зохиож
Цэлмэгэр салхинаа шилбээ жиндүүлэн
Хээр талын задгайд бид хоёрыг хүлээж
Хөрсөн дор мянган үндэс ёслолын аялгуу хөгжимдөнө ...

1989.08.21

 
Салхин зүг өвс чичрэх нь
Содон аялгуу агаад
Бүдэг бадагт навчны судлыг хөглөх
Өвгөн шавьж
Хөгжимчин адил аа!
Өнөө хаврын үест
Үзэсгэлэнт бүсгүйн  сайханд
Миний зүрх улаахан алим  болоход
Олон, олон охидод
Одоо би ганц мэт санагдана

                                                   1991.02.03

 
 ЭЛЕГИЯ

Үүл мэт хар гуниг
Үхэл мэт  хүнд үг
Үлгэр шиг амьдралд
Өдөр хоног нисэхэд
Шархадсан шувуу шиг
Шавхсан жүнз шиг
Үлдмээргүй байлаа ч
Үхмээргүй байна

                         1989.06.08

 Үүлэн дундах хан хөвгүүн
Үд цагаар  лимбэ үлээхэд
Өдөт цагаан шувуу
Тэнгэрийн өвөрт шургаж
Өвс сэрвэгнэх чимээнээр
Өнгө  цэнхэр аялгуунд хувирч
Салхины чиг нисэхүй...
Охидын хөлд салхи
Өвс адил  ширэлдэх
Гоо бэлхүүс нь
Голын урсгалыг  дүрслэх
Диваажин мэт эгшинд
Өөрийнхөө төгсгөл дээр
Үүрд би хавар болмуу!
Нэгэн насны минь  зургийг
Навч адил дүрсэлж
Модод цэцэглэх нь
Миний шүлэг агаад
Ариун биеийг  таалах шиг
Агаарт шүлэг татлах шиг
Сайхан бүсгүйг хавраар харахуй
Сая хорин тав дахь цагийг үдэж
Саран битүүрсэн үдэш
Бүсгүй хүнийг
Бурхан гэж  андуурч
Би шүлэгч болсон...

                                        1993.10.22


ГАНЦААРДАЛ

Сар...
(Усны бидэрээс сайхан үнэр гарах нь)
Салхи...
(Миний буцах зүг авай)
Шүлэгч...
(Бурхан нүдээ аньж, залбирал үйлдэх нь)
Сэтгэл...
(Нэгэн нар ертөнцөд нэмж мандахад)
Цаг хугацаа
Орь дуу тавиад
Орон гэрээсээ зайлахдаа
Миний төгсгөлөөр
Миний шүлэгт цэг тавихгүй          

                                                   1991.08.23

Цаашаа харж,  сайхан бүсгүй гуниглах мэт
Түнэр шөнө... түнэр тэнгэр...
Тунгалаг болох одод-чиний нулимсны тоо
Тэнд миний бичээгүй шүлэг олон
Тэнд миний сонсоогүй үлгэр олон
Чи бид хоёр эртийн танил шиг учирч
Сарны дор дарс хундагалахад
Сайхан бүсгүй гэнэтхэн эргэж харах шиг
Үүр гэгээрэхэд эрээчсэн цаас өчнөөн
Этгээд чиний хэл үггүй төрх-энэ шүлэг

                                                   1991.01.07

 Шүлэг  бичээгүй цаас мэт
Салхин хийсэхэд
Шүлэгчийн ширээ шиг шөнийн тэнгэрт
Сар дэнлүү мэт савчина
Дүлий харанхуйд лаа асаагаад
Дөрвөлжин  цаасан дээр лаа шиг үзгээр бичихэд
Ширээн дээр тавьсан шил мэт
Шилэн дээр урссан бороо нь
Эрх чөлөө гэж уйлаад загалтсан мэт
Эрээчсэн шүлэг минь харагдахуй
Үлгэр хийгээд би бурхан мэт ээ

                                                 1992.02.26


ДҮ-ФҮ

Жүнзэнд дүүргэсэн  хар архи
Шүлгэндээ халамцсан хөлчүү хятад
Шөнийг хундагалсан согтуу сар
Хүнийг дайжигнасан салга орчлонд
Архины гуанзны агсам дэн
Золоор дүүжигнэвч зул шиг ёлтойно
Дүүрэн дарсыг амсахад  Дү-фүгийн гомдол
Халамцуу бийрийн нулимс, ханз үсэгний бичээс

                                                                        1991.01.07


АННА АХМАТОВАГИЙН ШАРИЛ ДЭЭР 

Шарил...Хэрээс...Улиангар...
Анна... Христос... Сарнай...
Алтан эгшин мөнгөн жүнзнээс хальж
Алдар нэрийг чинь хожимдож алтдахад
Шүлгийг чинь биш
Шүтээн мэт үзэсгэлэнг чинь үгүйлж
Шарил дээрх хээнцэр сарнай:
-Анна, Анна гэж дуудаад
Ариун дэлбээгээ
Эрвээхэйн далавч  шиг хумихад
Шүлэгчийн шарил дээрх
Хэрээслүүлсэн Христосын
Урьдын  шарх хөндөгдөхөд
Улиангарын навчис
Салхины аялгууг тэврээд
Шүлэг  шивнэх нь
Чиний уруул мэт. Анна.Анна.
Алтан эгшин мөнгөн жүнзнээс хальж
Алдар нэрийг чинь хожимдож алтдана

                                                           1991.03.21



Wednesday, October 30, 2013

Энэ дуу надад хань болсоор гурван сарыг үдлээ


Энэ амьдарлын чимээгүйн гүнд чи алга аа
Чихээ дэвсэн сонордоод ч
Энэ чимээгүйн гүнд л чи алга аа
Чимээ анирдан хүлээсээр юу ч сонсхоо байсан юм болов уу?

Энэ дуу надад хань болсоор гурван сарыг үдлээ
Эцэсгүй хөл алдан усанд амиа үйх шигээр л
Өөр дотроо яг энэ урдах хутгаж дөнгөж дууссан цай шигээ эргэлдсээр
Өнөөдрийг хүрчихлээ дээ

Гэвч энэ бүгдийг тэвчин хүлцэж чадаад байгаа зоригоо үнэлхээр
Гэрт гадаагүй өмнөөс шуурах шуургыг сөрж чадаад байгаа сэтгэлээ бодхоор
Сүүлдээ нулимс ч үнэ цэнэгүй санагддаг юм билээ
Сүүрс алдах бол бүр ч гарахгүй гээд бод доо

Чимхийн төдийд л чичирхийлэх авиан хугарал бүрийг
Гэрийнхээ дээвэр дээр салхилангаа ажиглаж зогсохдоо
Ганцхан зүйлд л атаархах юм
Чухам хаашаа л гэж далавчаа алдалдаг юм болоо жигүүртэн шувууд

Яг өмнөөс зам хөндлөн гарах гээд
Тэнэмэл үгс гар гараасаа хөтлөлцчихсөн зогсож харагдана
Тэврүүлээд нүүр нүдгүй үнстэл нь
Яав ч  энэ байгаа газраасаа хөдлөхгүй юм шүү

Юунаас болж, яагаад ингэтлээ удаанаар хаа нэг тийшээ
Хэн нэгний өвөрт дураараа сэлгүүцсэн учирыг нь асууж
Юу ч хэлэлгүй одосныг нь, дахиж ингэж зэлрэх үгүйг нь мэдэжхээд
Халааснаасаа гараа сугалж алган дээр нь нууж явдаг сувдаа асгах юм шүү







Monday, October 28, 2013

ГҮЙЦЭЭ

Хүүхэн хараа мэт хав хар, хүүхэн хараа мэт 
Гэрлийг сорогч гярхай шөнө чамд би дуртай
Дөрвөн зүгийн салхинд хазаар дарах дууны 
Дээд эмэг-шөнө чи дуулах хоолой хайрлаач!
                                                                        \Марина Цветаева\ 

Би чиний өдөр болгон дурлах 
Шалтгаан байж болох байлаа
 Гэвч хүссэнгүй ээ,
 Зүрх минь хэрхэн уйлагнахыг сонсооч
 Энэ чимээг хэн гаргагч байв гэдгийг төсөөлөөч 
Нигүүссэн их мутраар адисласан бүрхэг өдрүүдээ 
Үүлсээ эвхэн хуримтлуулж 
Сэтгэлээс минь нүүгээч 
Ус буцалгагчинд хоржигнох бөмбөлөг бөмбөлөг дуслуудаа 
Та нар шиг ууршаад хагарчихмаар л байна шүү 
Цалгилан түрхэрэх давалгаад татралтаа түр зогсоо
 Цээжинд минь шатаж буй үгсүүд, дүрэлзэн ас 
Явган цэргийн жагсаал мэт бүгд жигдэр 
Нэгэн зэрэг уухайгаар, тарнын хураангуйллыг хөгжөөж 
Бүх хайрын сахиусуудыг миний зүг нисгэ 
Эцэж цуцсан намрын нүцгэн модод дээр хэрээдийг цуглуул 
Бүгдээс нь нэг нэг өд сугалж, мөчирт өлгө 
Хатан зөгийг ол, хаанаас ч хамаагүй 
Даган нисэх эрэгчингүүдийг нь бүгдийг цаазаар авж 
Цусаар нь тэнгэрт тахил өргө 
Дусагнаж болох борооны дуслуудыг агаарт нь эцэслүүл

 ГҮЙЦЭЭ! Харанхуй хотын гудамж надад дэн мэт хэрэгтэй

Sunday, October 27, 2013

Тверской бульвар

Намар цагийн Москва
Надад төрсөн гуниг шиг бүүдгэр саарал байдаг
Эртний чулуун гудамжаар нь
Резинэн холбоостой трамвай явдаг
Эв хавгүй Москвагийн хуучин трамвай
Элдвийн хүмүүсийн зовлон жаргалыг тээн
Ахматовагаас ч хамаагүй өмнө
Аахилан уухилан явсаар л байсан...

Онцгой монхор, өндөр хамартай
Оросуудад тэр бүр заяадаггүй бор нүд, хар үстэй
Омголон ихэмсэг хэрнээ гунигтай харцтай
Одоосон бол сэтгэлийг минь татах л байсан тэр эмэгтэй
Москвагийн энэ бүүдгэр намар
Надтай Тверийн гудамж уруудахад минь тааралдан
Москва голын хашлагат эргээр ханьсан зугаалж
Намар цагт Ахматийн нутагт ямар байдгийг ярилцахгүйсэн болов уу...

Хаа эртийн тэр саарал үдэш хонгорхон Анна
Хаачихаар тийнхүү Москвагийн трамвайнд удаан сууж
Хажуу дахь хүнийхээ эгэл энгийнийг гайхшран бодож
Харцаа унжуулан явсны учрыг асуумаар, басхүү асуумааргүй байна
Их сургууль, оюутнууд болзох дуртай модот цэцэрлэг,
Иван Грозныйг тоглодог театр, сүм, эйрфлотын касс,
Дорно дахин судлалын музей, ер бүгдэд хүргэдэг Москвагийн трамвай
Дотоодыг хамгаалахад ч хамгийн ойр очдог байсан байх...

Сүмийн зүгээс жингэнэх хонхны дуу
Сумрачная сэтгэлийг сэргээдэг юмсан уу,
Сударыня, дорогая гэх шиг сонсогдоно гэж үү,
Шувууд жиргэхээс ч илүү уянга агуулдагсан уу...
Учрыг асуухсан, Москвагийн тэр трамвай
Уух дуртай жимсний цайгаар нь үргэлж дайлдаг хуучин кафед нь хүргэсэн мэт
Унжуулсан харцаа алгуур өргөж учиргүй догдолсны нь
Учрыг асууж түүнтэй удтал ярилцахсан...

Сүүмгэр, бүүдгэр, бүр сав саарал Москвагийн намар
Сүмийн хонхны чимээнд хөтлөгдөн хаа ч юм буучихсан
Гурвалжилж нугалсан алчуурынхаа үзүүрийг энгэртээ зөрүүлээд
Гунигланхан алхах цэл залуухан Анна Ахматова
Москва гол цөнгөө хэзээ түрдгийг
Магад надад хэлж өгөх л байсан даа
Яагаад гагцхүү энэ “Үдэш”-ийг л
Яруу найраг болгосноо хэлэх л байсан даа...

Орог саарал тэнгэр нь хачин уйтгартай
Огт Улаанбаатарынхтай адилгүй Москвагийн намар
Оросын хаа сайгүй ургадаг хус, нарс, улиас ч үгүй чулуун гудамж
Олоон жилийн өмнө Ахматоваг буулгасан шигээ алгуурхан зогсох Москвагийн трамвай...

 \Хүрээ хөвгүүн Д.Энхболдбаатар  \2004 он


"""Тверийн Бульварт эргэн ирэхүй """

Холилдсон элдвийн бодол шиг салхи
Үсээр минь хөгжим тоглох мэт оролдож
Хосгүй нам гүмийг аялгуулахад,
Мод бүхэн бүүвэйлэгдээд унтчихлаа

Унтаа моддын зүүд намайг
Урьдынх шигээ догдлуулсангүй.
Урдуур өнгөрөх бүсгүйгээс цаг асуух ч хүсэл төрсөнгүй

Тэртээ эртийн танил агаар ч
Анхилахдаа нэг л хүнийрхүү
ТЭР ЦАГ
ТЭР Л ЦАГТАА ҮЛДЖЭЭ.

Твербуль минь-залуу нас минь

2006.05.18 Москва
Яруу найрагч Г.Аюурзана "Бясалгал" түүврийн 107-р хуудас

Wednesday, October 2, 2013

Гарыг минь

Гарыг минь тавиач
Гарыг минь атгаач
Гарыг минь ариун энхрий булбарай
Гарыг минь илбэн таалан тослооч
 
Үлдсэн өмч минь гэвээс энэ л байна
Үхсэн ч ургаж л байх хумсуудыг нь та нар харцгаа
Үгүй дээ миний биш ирэх цагуудын тоосыг хөдөлгөх
Үйлийн үрүүдийн нулимсыг арчих
 
Гарыг минь ариун энхрий булбарай
Гарыг минь илбэн таалан үнсээч
Гарыг минь атгаач
Гарыг минь тавиач
 
 

Monday, September 23, 2013

Энгийн, их энгүүнээр л би чамайг ,.,.,.,.,.,.,.,,.,,,,,,,,,,,,,,,,,,....................,.,.,.,.,.

Энгийн, их энгүүнээр л би чамайг юу гэж боддог оо
Тайлбарлах гэж хичээе л дээ
Эртний, түүнээс ч өмнө аяыг нь хэн нэгэн зохиочихоод
Тун удалгүй мартагдчихсан дуу шиг ер бусаар чи аж төрдөг

Нар гэдэг угтаа чиний оршихуйд салхи болж шингэдэг
Шинэ сэтгүүлийн дугаарыг гарсан даруйд нь авч унших хүсэл чинь
Навч үйрэх шигээр л хурууны чинь өндгийг зүсэх төдий болход л цочихдоо
Шалан дээр, ууж буй цайгаа асгах чинь чамд гэнэтийн сэтгэгдлийг төрүүлдэг

Жирийн эгэл даруухнаар сэтгэлийнхээ цомирлогт уран зураг таталж
Ихэмсэгхэнээр түүнийхээ өнгийг бодолдоо хатааж суухдаа
Ижийгээ санаж, аавынхаа цантаж буй сэвлэгийг үнэрлэхдээ нууцхан дотроо нурж
Жаргалтай дүр эсгэж сэвхийтэл санаа алддаг

Энэ ертөнцийн өнгө авиа, гэрлийн хугарал, өөрт мэдрэгдэх бүхийл мөн чанарууд
Нэгдэж нэгэн цул боллоо ч, түүнд огтхон ч чи бууж өгөх хүсэлгүйгээр барам
Эхлэл төгсгөлийн хоорондох зангилааг хага ярж, өөр гаригт зорчихыг хүсмэгцээ
Надад ахиад гэрэл атгуулаач бурхаан гэж моддод шивнэдэг 

Тэд урьд насыг чинь ямагт санагдуулдагт би итгэдэг
Итгэдэг болсон минь саяхнаас
Ингэж бодмогцоо л чамруу залгах хүсэл төрнө 
 Тааралдах уу? эсвэл гунигаа ууталж 40-н мянгатын өргөн чөлөөгөөр алхах уу?

Monday, August 26, 2013

Жигүүрээ усалчихаад, уйт их ганцаардлаа сэгсэрхэд

Жигүүрээ усалчихаад, уйт их ганцаардлаа сэгсэрхэд 
Усан бороо шаагиж байсан 
Удаан их удаан шаагиж байсан 
Жаахан ч гэсэн амсхийлт өгөлгүйгээр шиврээд л байхад нь 
Урсах нулимсаа зүсрээж, сэтгэлээ чөлөөлсөн
Учир шалтгаангүй асгарсан тэр усны ихийг ээ !

Одоо бодход, эргэн санаж, нэхэн дурсахад
Зовхин дээр минь зөөлхөн хагарч бутрахдаа
Зүр цэцэгсийн дэлбээнд тэр шингэх байсан биз 
Ойлгомжгүй юм гэгч хорвоод даанч их шүү дээ
Гэвч яалт ч үгүй, би урьтаад цуцсан сэтгэлээ амрааж 
Гэрлийн хөшгөө ярсан нууранд, жигүүрээ усалчихаад нисэх гэж байтал 

УСАН БОРОО ШААГИЖ БАЙСАН
                                              УДААН, ИХ УДААН ШААГИЖ БАЙСАН

13.02.28 Замын-Үүд УБ орох галт тэргэнд 

Sunday, August 11, 2013

Номон завсраас унасан шүлэг

Чамтай ярилцаж суух ердийн бус жирийн л санагддаг болсноос хойш 
Чиний өмнө суухдаа миний бодол алс холын бөглүү тосгонд очисон байдаг 
Энэ бүхэн урьдынх шиг ариун нандин байхаа нэгэнт үгүй болж 
Энгийн, хэн хэнийхээ яриаг чагнаж чадхаа больсон нь чиний ч буруу биш

Гэвч өөртөө буруу тохоё гэж хичээсэн ч 
Үг хоолойд ээдрээд буцаад залгигддаг шиг 
Гэмгүй ариун сэтгэлдээ чиний өгүүлэхийг сонсож 
Үнэндээ чив чимээгүй байгаа ч гэж дотроо хичнээн их хүсдэг болсон гэх вэ? 

Даанч чи намайг ойлгохгүйгээр үл барам 
Дахиад л өнөөх байдаг хэнд ч хэрэггүй үгсээ хэлж 
Тэвчээрийн минь утсыг аяар аяархан сулал лаа
Тааж мэдхийн аргагүй хязгаарлуу чамаасаа би ирсэн шигээ явая даа.


Wednesday, August 7, 2013

Үгүй биз дээ?

Эртний ч гэмээр бүдэг аялгуу 
Цэцэгс дундуур дэгдэх бүсгүй мэт 
Цээжний гүнд дэлбээ юүгээ задалхад 
Эр нэгэн шувууны нулимс агаарт үүрээ томно 

уучилж болох байсан 
аргадаж бүүр болох байсан 
аргадчихаад дараа нь хайрлаж болох байсан 
уучилж болохгүй байсан алдаа минь 

Толиноос толинд дусах дүр 
Уснаас усанд дусах дүр
Уулсаас уулсад зүүдлэгдэх зүүдийг 
Татралтаас үүсэх далайн шуугианаас би сонсдог

ЧИ ЧАГНАЖ ЧАДДАГ УУ?

сонороор чинь дамжиж 
тэр урсгалаа юүлдэг 
тэгээд тэнгэрийг харах хүсэлдээ хөтлөгдөж 
сочимог тодоор чамайг санаа алдуулдаг 

ЧИ МЭДЭРЧ ЧАДДАГ УУ?

Үсний чинь ширхэгт 
Оддын тоосонцрууд нэвчиж 
Ойж буухдаа олон ертөнцүүдийг нээж 
Үхэхдээ үнэрээ энгэсэг болгон чамд үлдээдгийг 

ЧИ МАНСУУРЧ ЧАДДАГ УУ?

эргэлдэн эргэлдэн бутраад 
намиран намиран хаялаад
навчисын хэвлийг гижигдэн асгарах 
энхэр зөөлөн борооны дуслуудад 

ЧИ УЯАРЧ ЧАДДАГ УУ?

Мөчрийнхөө орой дахь үзүүрээр 
Тэнгэр самардан найгах 
Моддын биеэлгээ дөрвөн сард бүсээ тайлхад 
Тэргүүн зулайд нь сар үнэгчилж хонодогийг 

ЧИ ШИРТЭЖ ЧАДДАГ УУ?

үгүй биз дээ 
үнэгчилэх чинь хүртэл ер бусын юм чинь 
үгүйлэхийг минь сонсоод ч чи юу хийнэ 
үхэтлээ л харин гэгээн оршоорой

Saturday, August 3, 2013

Үүд хаалга тогшиж цагаа дэмий үрэх хэрэггүй шүү

Уйлахгүй ээ? дотроо онгойлгож хэнтэй ч ууж суумааргүй байна
Удаан их удаан өөртэйгээ ярилцаж амьдарлыг төсөөлмөөр байна
Салхиа чи ядаж чихэнд бүү дүнгэнэлдээ гуйя чамаас
Сарыг дөнгөж сая аргадчихаад түр амсхийж байхад

Үүд хаалга тогшиж цагаа дэмий үрэх хэрэггүй шүү
Үнэндээ амьд гэдгээ мэдрэхгүй болтлоо унтмаар байна
Түр зээлдүүлсэн цас борооны үнэртэй цувыг чинь удахгүй өгнө өө
Тэр нэг шөнийг хамт өнгөрөөсөн шинэхэн танил минь өмсөөд явчихсан

нэрийг нь мартсан ч дүрийг нь бол нүдээ аниад л санана
навч цэцэгсийг ганхуулж уйтхараа үргээдээ явж
тэглээ ч, гадаа савлуур дээр чамаар үсээ самнуулах гээд
төрх гоо үзэсгэлэн нь илт нэмэгдэж буй өсвөр насны охид шуугилдаж байна

битгий олон юм үүдний цаанаас шалгаагаад бай
учирыг нь тэгэж байгаад тайлбарлаяаа
бүү гонсой, найз нь чамаас ганцхан удаа л уравлаа шүү өршөөгөөрэй
угаалгын өрөө орлоо ус битгий тасалчихаарай!!!!

Thursday, August 1, 2013

Би чиний

Санаанд тодрох юу ч алга аа
Сонин юм шүү амьдрал гэгч 
Сэвэгнэх навчис бүртийх тэнгэр 
Сэтгэлд хадаатай үлдсэн түүний 
Гунигтай нүд одоо ч төөнөх нь 

Гал мэт цээжнээ шатах үгсийг би хаана гээлтэй
Сар өнөөдөр гарах болов уу? яах бол 
Сэрхэд л цонхоор хархад намар болчихсон байвал 
Салхи түүний үсний үнэрийг дамжуулан авчирна даа
Солонго зүүдэнд ч баригдахгүй алс юм билээ

 Ингэхэд би чинь яг хэзээ шүлэг бичлээ
Бодоё...нүдээ аниад төсөөлье
                                                           Бороо шаагиад л,шаагиад л
Би цувгүй нөмгөн, энгэртэй ганц янжууртай
Итгэмээргүй юмаа, түүнээс хойш юу ч бичээгүй гэхэд 

Анхны цас удахгүй орох дөхөж байгаам байна 
Өвөөтэйгээ цуг алхдаг байсан гудамжаараа
Өнөөдөр жаал зугаалая байз
Ахиад л өнөөх дурсамжууд амилан өмнүүр дугуй унан чавхдана биз
Ер нь хий хоосон ч юм уу? даа ертөнц гэгч 

Хажуугаар зөрөх залуухан хосуудаас 
Аз жаргалын тоос сэнгэнэж байна 
Хайнгахан зөрөөд өнгөрч болохгүй нь ээ
Араас нь хархаас аргагүй өндөр өсгийтийн 
Зүрх гижидсэн инээдний цуурайг ээ

Бурхан яаж бодхоороо тэгэж их согтсон юм бол 
Хуучны дуу гэнэт л аманд аялагдах шиг 
Бушуухан энэ орчиолоос хийдгээ хийгээд зайлахсан 
Хайрлаж дуралсаар байтал элж дуусах нь 
Үзэсгэлэн гоогоос болж 

Салхи чи нууц нэрээ хэлээч 
Санаатайгаар юунд бороотой амраглаж 
Надад хайртай сэтгэлээ уутлав 
Навчисаас урван байж чамд би бүхнээл өгсөн 

Гэвч чи юунд зэргэлдээ амьдардаг 
Үүл хэмээх хөршийн минь нүдэн дээр түүнтэй үнсэлцэж 
Голд минь ортол гомдоовоо 
Үнэнч явсныг минь цас будрахдаа чамд ойлгуулах л байх 

Сэтгэл элс мэт үйрч байгааг 
Тэр үйрмэг бүрийг нийлүүлэх гэж 
Санаатайгаар амраглсан бороо чинь асгарч байгааг 
Тэнэг биш л юм болхоороо ойлгож л байна 

Яагаад заавал чи гэж салхиа 
Яасан гэж заавал намайг гэж салхиа 
Намар болох гэж байна, чамаас болж урвасан 
Навчис бүрийн тоогоор шаналсан шархыг нь эмнэж уучлал ирхээр явлаа 

Удахгүй дээ чи харж л байгаарай "ӨВӨЛ" болно 
Ухаан санаанд чинь орохгүй, төсөөлөгдөхгүй амраглалыг үүсгэж 
Цастай ханьсана, түүнтэй мансуурна,  энгэрээ дэлгэнэ 
Захидал уучлал ирж бүү явуулаарай, агаарт эргэлдэх ширхэгүүдэд нь бүр мөсөн уусчихна

Би чиний хуяг дуулга, барих илд 
Айдсаасаа зугтах хүлэг морь 
Би чиний хөшөө бунхан, цавчих дайсныг 
Араас гэтэх бүхэнтэй чинь номхроогч 
Би чиний хүлцэнгүй боол, дээдийг хүсэгч 
Зул асаах шар тос 
Би чиний бүгдийг нигүүлсэх эх мутраас 
Зүүний үзүүрт торсон арвай
Би чиний агшин зууран зугаацал элийрэл 
Зовхио хаахын төдий гэрэл 
Би чиний дурсамжыг хөглөгч сахиусан тэнгэр 
Зурвасхан гялбаад өнгөрөх од
Би чиний гүн ухааны нууцат нэвтэрсэн 
Аавын чинь үнэрийг тээгч 
Би чиний нулимсыг арчих он цаг 
Ахиад олдохгүй жил сарууд 
Би чиний сонсохгүй байж боломгүй аялгууг 
Яруу найргаар туурвин бичигч 
Би чиний зүүдэнд үзэгдэх бурханы үг 
Амандаа хүлхэх сонгодог дуу 
Би чиний гуравдагч мэлмийд даяанчлан бясалгах 
Анир үгүй "УСХАЛТ" нулимс