Tuesday, March 26, 2013

ЭЭ ИЙМ ТУНГАЛАГ АГААРЫГ ХААНААС чи ЦАЦРААЖ

Хүн олны урсгал дундаас
Шаазан ваар хагарах шиг
Чиний нэр сэтгэлд дурсагдаж
Цасан уйван туйвж, туйван уйвсаар
Сормуусанд шингэх үдшээр
Сэтгэл минь амар амгаланд хучигдахад
Санаанд минь өлгөөд орхисон
Нулимс чинь
Зүг чиггүй салхинд
 Ороолтоо хийсгэн нисэж яваа нь
Нүдний үзүүрт тороод л зөрлөө....02.27
 
Ээ ийм тунгалаг агаарыг хаанаас чи цацрааж
Миний эд эс бүхний сүвт уусган шингээгээд байгаа юм бэ?ХАВРАА
Эмрэгдээд л, эрчилээд л, хөврөгдөөд л дуусах цаг хугацааны туршид
Магадгүй яг энэ чигээрээ ариун тунгалгаар оршисоор л байх уу?
Чиний нулимс цурхиран мэгших тунилт чинь хүртэл ариухныг 
Чухамдаа надаас өөр хэдэн яруу найрагч мэдэх вэ?
Цав цагаан сэтгэлт, хав хар хэрээдийн, хүв хүрэн зүрхэнд
Цахилан дүүлэх эрчийг салхиа төөрүүлэн байж чи шингээснүү
Хэлбэр дүрсгүй, өнгө үнэргүй олон аялгууг хаанаас эгшиглүүлж
Хэн нэгний эмзэгшилт хонгилд яагаад гэрлээ унтраан асаан, асаан унтраан тоголдог юм бэ?
Дааж давшгүй зовлон гэгчийг давал гэж бурхан бүтээсэнтэй адил
Дуу шуутайхан ирээд, дуу шуугүйхэн буцдаг нууцаа задлаач 
Чинийл мэдэлд олон ертөнц сэвлэгээ задгайлан сэгсэрч
Чиний л эрхшээлд олон эрс нүдээ аньсагандаа чийгтүүлж
Чинийл чиг зүггүй алслалтанд олон эрвээхэйс төөрөлдөн нисэлдэж 
Чиний л оршин тогтнохуйд оршин буйгаа үл ялгаж ганцаардахдаа 
Хий сэрхүйн дотоод цуурайг ханзрах цасны гисэх амьсгалаас чагнахад
Хаашаа ч юм, магадгүй хүрэхгүй хязгаарлуу хүрэх юм шиг л нисмээр санагддаг шүү

ЭЭ ИЙМ ТУНГАЛАГ АГААРЫГ ХААНААС чи ЦАЦРААЖ 
Тасалгааны таримал цэцэг шиг 
Чамайг би услаад л, тордоод л байтал
Тамирдаж аргаа барж дуусав

Ядаж би байхгүй бол 
Сэтгэлийн чинь хөрсийг хэн онгичиж
Сарны гэрэлд дэлбээ юуг чинь бүүвэйлэх юм бэ?

-Хэлээч
Дуугаа аяд
-Дусал ч ус дусаахгүй дээ?
 
Харж л байя
-Нээрээ юу?
Хажууд чинь үхсээр л байхад уу?

-Чаднаа амлая
Амлаад чи юунд ч хүрэхгүй шүү дээ
-Чи үхсэн цагт л би амьдрах юм чинь 

Буруул бодож байна даа 
-Юуг?
Бусдын өмнөөс зовниж байж л чи амьдарна 

Friday, March 8, 2013

Мөнхөд шалба нормоор хүслээ

Эхлэл нь төгсгөлөөсөө илүү сонирхолтой санагдах 
Эмзэг агаад туяхан хөх бороон дуслууд 
Энхрийлэл эгдүүцлийн хоорондох нарийн зөрлөгийг чагнаж 
Энэ тэнгэрээс их удаан асгарна 

Түүртэлгүй цохилох цагийн зүүний 
Богино хэмжээнд багтах уртхан эргэлтэнд 
Тойрох хэмнэл нь ямархан орон зайд уусаж 
Болортох дуслууд нь өнгө өнгийн гэрэлтэй газардах бол гэж 

Мөч бүрээс нь хагарах чимээг чагнаж зогсовол 
Мөнхөд шалба нормоор хүслээ өрөвдөнө.


Monday, March 4, 2013

Зүрхнээ дуслах нулимс юмуу



Ийм л уйтгартай, гунигтай үдшүүдийг
Идэрхэн зүрхэндээ өлгийдөөд сайн сайхны тухай л бодоё
Хэн нэгний цэцэрхсэн яриаг ч үл сонсон
Хэрхэн ертөнцийг гэрэл гэгээтэй төсөөлхөө л бодоё

Учир явдлыг тунгаалаа ч
Угтаа амьдрал нүдээ аниад буцаагаад нээхийн шалтгаан юм бол
Уйтгарлахгүйгээр тэнгэрийг ширтэж
Урсах нулимсаа л хатамжлая

Хэнч шивнэлдэхгүй болтол
Хэсэгтээ амар тайвныг мэдэртлээ
Хээр хөдөөд гандсан утасны мод шиг цуурч
Хэзээ нэгэн цагт түлээний мод болхоо мэдэрч
Хээв нэг эвшээлгэе
Тэгээд сэтгэлээ дэрэлхийн төдийд гэрэлтэх
Зүүдний цагаан шувуудыг алганаасаа нисгэж
Тэнгэрийг эвхэж нэг, тэвэрч нэг дэвэх чимээнд нь
Зуны цас хаялахыг чагная