Wednesday, February 26, 2014

Өмнөд газрын гүцтэй дарсыг өмнөө тавиад

Өмнөд газрын гүцтэй дарсыг
Өмнөө тавиад шанзных нь аяанд 
Хөлчүүрхэн сууна
Харанхуйг гэрэлтүүлэгч улаан дэнлүүд нь 
Салхины аясаар юм уу? 
Санаа алдан буй миний сэтгэлээс шалтгаалаад юм уу? 
Савчаад л байх юм 
Саяхандаа эх орноосоо хөдөлсөн минь

Ингэж бодмоглохын зуурт л 
Халуун тогооноос савсах уур адар дахь агаар шүүгчрүү
Ирмэн нүдээ нээхийн төдийд сорогдчих
Хараа билчээн эргэн тойрноо нэгжихүй
Сэтгэлийн тэнгист хөлөө дүрчих
Сайхан хүмүүний үр торох нь үгүй
Яах вэ? байз өөрийгөө тайван байлгая гэвч
Яруу найраг л болж үзэгдэх бүх юм

Түчигнэн уухилах галт тэрэг 
Хурдаа саан зам зуурын өртөөнд 
Түр саатан цааш хөдлөх шиг 
Хэсэгхэн зуурт бүгдийг умартаад 
Хажууханд өөдөөс ширтэн суугч
Өвөрлөгч эрээ анзааралгүй
Өдийг хүрснээ бодход, өөрөөсөө ичих шиг
Хэд болж буй бол цаг 

Уг нь би түүнтэй
Ажил ярих гэж, шинэ санаа солилцох л гэж 
Амьхандаа тэр холоос энэ хүртэл ирсэнсэн 
Утга учиргүй зүйл гэгч хорвоод нэгээхэн ч үгүй билээ
Гэвч хүсээд ч анхаарал төвлөрөхгүй үе гэж байх 
Надад зориулж зассан ширээ, түүний хүндлэлийг 
Нэг мөр орхиод гарая гэхнээ
Гэрээсээ мөн ч хол, хүсэл гэгч тээр өндөрт 

Тиймээс бодит байдалтайгаа эвлэрхээс өөр гарц үгүй
Энэ хачин амьдрал давчидхын цагт ямар нэгэн зүйл бичихээс өөр гарц үгүй гэдэг шиг л
Тийм ээ хүн гэгч нэг шунасан бол уул мэт хөдөлгөөнгүй 
Эргээд урсгалаа хаман дээш л өгсөх гол лугаа 
Бүгдийг эргэцүүлэн дуусаад бушуухан хөдлөе байз 
Намайг хүлээж буй хямдхан буудлын сөдөн дэр
Бүлээхэн биш ч дааруулаад байхааргүй шүршүүрийн ус
Нэг л хэмээр дуу аялахад дэргэд нь оччих ор минь хүлээж байна 

Өмнөд газрын гүцтэй дарсыг
Өмнөө тавиад шанзных нь аяанд 
Хөлчүүрхэн сууна
Харанхуйг гэрэлтүүлэгч улаан дэнлүүд нь 
Салхины аясаар юм уу? 
Санаа алдан буй миний сэтгэлээс шалтгаалаад юм уу? 
Савчаад л байх юм 
Саяхандаа эх орноосоо хөдөлсөн минь

Бээжин 2014.02.24

Wednesday, February 5, 2014

Уушийн газарт

Шүтэн дурлаж босгосон цайз минь шүлэг 
Шүтэн дурлаж нураах цайз минь ч шүлэг 

Уушийн газрын хөшгилсөн хөх утааг ярж
Чамайг орж ирхэд
Угтаа энэ амьдрал зогсчих шиг л болсон
Чи мэдэхгүйл дээ, өөрийнхөө төгс төгөлдрийг

Чамаас цацрах гэгээг, бүдгэрэн тодрох харанхуйллыг
Сарыг би нар гэж хардаг
Сайн мэдэхгүй ч чамайг ч бас тэгж хардагт итгэлтэй байна
Чухам яагаад гэж үү? нүднийхээ гүнрүү өөрөө шагайгаад үзэлдээ

Яруу найрагчдийн бодож олоогүй зүрхнүүдийн
Ягаахан дуслууд тэнгэрээс цус болон асгарч байгааг ажилдаа
Хямдхан дарсыг чи уруулынхаа үзүүрт шилэмдэн долоож сууна
Харин би чамайг нэгд нэгэнгүй ажиглангаа

Хаврын ирж буй нялуун сүрчигийг
Хамрынхаа үзүүрт барин алдаад хагацаж байна
Ёслол төгөлдрөөр энэ үдшийг ирээдүй цагтай хөнтрөөд
Ёотон чихэр хоёр ширхэг дагалдсан байхуу цайг чи нэмээд захиалчихлаа


Уг нь гармаар байна л даа
Чиний ертөнц, оршин буй төрхтэй чинь холилдох өөр эрсийн тамхины утаа
Чамаас хагацаахгүй гэсэн мэт "жазз" хөгжимтэй хоршоод
Удаан их удаанаар сэтгэл эзэмдээд байдаг

Үс чинь яасан ч сайхан юм бэ? дээ
Далайн түрхэрэлт цамнаасан энэ гэзгийг чинь
Дандаа самнаж суудаг нь хэн болоо
Үнэнийг хэлхэд ээж чинь залуудаа яг чам шиг хүүхэн байсан байх даа

Эхний тооцоо юу болж байгааг мэдэх юм алга аа
Ээ дээ, энэ жаахан зүрхэнд яасан ч их хүсэл унтарч асаж, асаж унтарна вэ?
Бутархай мөнгө шиг залуу насаа элэгдхээс өмнө
Бодож амжаагүй байж дурлачих гээд байгаа нүдээ зовхиороо хучия даа

Зүүд байгаасай гээд эргээд нүдээ нээхэд минь
Зүгээр л чи орж ирсэн хаалгаараа гараад явчихсан байгаасай
Хүсэвч хясах орчлонд даанч чи суусаар л байх биз
Хясавч хүсээд байгаа хэрнээ чамтай танилцах хүсэл алга аа

2013.01.,.,.,.,,.,,.,.,.,.,.ИХ СУРГУУЛИЙН ГУДАМЖ "Залуучуудын өргөн чөлөө"