Яруу найрагч Даваадоржийн Энхболдбаатар Дорнод аймгийн төв Чойбалсан хотод Дандар баатарын хөшөөн дээр |
Гэнэ гэнэгүйхэн харцандаа намрыг хайрлаж
Гэгээ гэрэлтэй намуухан гунигаа асгаж
Хэлж амжаагүй зөөлхөн үгсээрээ
Хэн нэгнийг гуниглуулж яв даа, бүсгүй минь
Чиний уйлж явах үед чинь одод хиртэг!
Чимхийн төдий аз заяанд юу байдгийг ол!
Чив чимээгүй амьдрал гэж байдаг ч юм шиг.
Чин үнэний тухай битгий бод доо, бүсгүй минь
Хайр гэж байдаггүй юм шүү дээ
Харцны гуниг зовлонгүй шүү дээ
Чиний мэдэх амьдрал гэж юу байхав дээ
Миний мэдэх нь ч бас юу билээ дээ
Тэнгэр, нарны тухай домог сонсож сэтгэлээ ариул!
Дэрэн дээрээ нулимс дусаавал чинь би зэмлэхгүй ээ.
Нүгэл хилэнцийг өршөөж, өрөвдөж яваарай!
Нүгэлтэн, хилэнцтэнийг бол өршөөлгүй яваарай!
Нүдэнд чинь гуниг хурвал буруутныг бүү эрээрэй!
Нүүгэл сүүгэл зэрэглээнд алимын цэцэрлэг ургадаг шиг
Хаанаас ч олохгүй бүхнээс аз жаргалаа хайгаарай!
Харчихвал нүдээ зөөлхөн аниарай!
1996 он Түнэр аниргүй шүлгийн түүврээс
No comments:
Post a Comment