Sunday, May 5, 2013

ЗҮРХНИЙ ЧИНЬ НАМАРЖААНД.....

Чиний ертөнцийн гүнд
Хачин нэг л намуухан далай
Чочоочихвол загаснууд нь үсэрчихэж мэдхээр
Хавар мартагдсан дурлал шиг чимээгүйхэн орших

Гэнэн ч юм шиг
Гэлмэн дальдчиж зугтмаар тунимхай ч юм шиг
Гэртээ харих хүсэл төрөхгүй шиг
Гэвч яалтчгүй цаг хугацаанд баригдах шиг

Зүрхний чинь  намаржаанд зусаж үзэхсэн
Зөндөө олон цас хаялдаг байхдаа
Зөрүүдч гэмээр тэгээд төдхөн хайлж
Зүс улаахан нэгэн цэцгийг цааснаа амилуулдаг байх даа

Шүлгүүд чинь урьд хэнээс ч олж харж байгаагүй
Шүүдрийн дуслууд шиг тунгалаг юм
Үүрээр л өвсний үзүүрт бөнжигнөх тэр дуслуудыг
Үсэнд чинь сондорлогдож наранд гялбалзхыг хармаар

Чамайг хүндлэх, дээдлэх, эрхэмлэх
Ер бусын хүчирхэг нэгэн увидас миний сэтгэлд байна
Чанга хатуу биш хирнээ хэн нэгнийг ч, огт танихгүй нэгнийг ч уяраах
Ерийн бус жирийн мөрүүд чинь намайг амар амгаланд хучаад байна

Амьдрах нас минь хэд хичнээн билээ? гэж хэлсэн
Нэр нь хараахан санаанд орохгүй байгаа найрагчийн үг шиг
Амь-халуухан сарны гэрлээс дахин салхи тасдаж
Начин гэгч шувууны нэртэй надад дурсгаарай

Зүрхний чинь намаржаанд зусаж үзэхсэн
Зөндөө олон цас хаялдаг байхдаа
Зөрүүдч гэмээр тэгээд төдхөн хайлж
Зүс улаахан нэгэн цэцгийг цааснаа амилуулдаг байх даа

                     БИШҮБИ шүлэгч М.Мөнхтунгалагт зориулав 13.04.24

1 comment: