Ганцхан шүлгийн мөр хайж
Голдоо ортол цанганам
Бичигсэдийн амьдрал
Эндүүрмээр олон асуулт зам харгуй
Балартах зүггүй үй олон уйтгар
Энэ бүгдээс салая гэхнээ л салж чадалгүй
Бурханы даажинт хүсэлд цагдан хоригдож
Эцэс сүүлдээ арга цөхрөн хий л агаарт гараа савчина
Жигүүртэй болоё гэвч
Жинхэнэ жигүүр нь төсөөллөөс цаашгүй
Хий багтарлын хоосон орон зай
Хэрээс хатгасан цэг таслалууд
Багадаа өнгөрүүлсэн гэрэлт дурсамжууд
Бүүр үгүй бол хайр дурлал хагацлаас үүтгэлтэй
Тэдний өрөвдмөөр тарчлаан
Магад хүн төрөлхтөн үүсхээс өмнө
Хөгжлөө олж, цэцэглэн хөгжиж
Хөх униар агаар сэмжлэн цэхэртэх шиг
Миний үед тулж, намайг ч туучин цааш одох нь
Даанч харуусалтай хийгээд, эгдүүцмээр ч
Дадал зуршил болсон хагацаж чадамгүй
Энэ л хувьт ганцхан аз жаргалаа хаана гээлтэй билээ л....
УБ-Москва орох галт тэрэг 510-р вагон 7-р өрөө 13.06.09
Чамтай холбоотой маш сайхан дурсамжууд
Ар араасаа хөврөх өнгө алаглсан зүүдүүд
Аав болход минь чамайг үрдээ бүүвэй аялах үесэд
Чинагш одсонд эргээд аваачих бидний залуу нас
Энэ л ариун төрх, цаглашгүй давалгаа мэт хүслэн
Элж одно, халин ниснэ, навчис шим шүүсээ барах шиг
Хэзээ нэгтээ очтох харц, омголтсон уруул
Хүрвэл үйрчихэж мэдэх хүсэл биеэл энхрийлүүштэй
Амьдарлыг минь гэрчлэх сүүдэрт
Аз жаргал гэрлээ л тусгаж тоглож байна
Чиний надад ихэнхи үед харцаараа ойлгуулдаг бүхэн шиг
Чухамдаа салхи агаарт бутарч цас болон хаялах шиг
Намрын гоо сайхныг гэрлүүгээ алхахдааа гудамжтай нь хөгжимдөж
Намуухан өлмийлж дэгдэхдээ тэнгэр л бүү цочоогоорой
МЭДДЭГ ҮҮ-шүлэг мэт зургууд чинь
МИНИЙ-зураг мэт шүлгүүд хүн төрөлхтөнд өвлөгдөнө гэдгийг
13 году Июнь 22 Санкт-Петербург
Би чамд
Бүх бичсэн шүлгийнхээ гар нооргийг
Эх хувьтай нь хамт бэлэглэе
Эрхэмлэн дээдэлж нандигнан хадгалж болно
Эсвэл пийшингээ галлаж, гараа ээн дулаацаж
Ширмэн тогоогоо дээр нь тавиад
Эр нөхөртөө юмуу, гэртээ зочилсон хэн нэгэнд
Шар тос нь хөвсөн цайг чанаж өг
Хамаагүй ээ...өөрийгөө золин байж бичих миь
Хүртээлгүй ээ... надад ч, цаг хугацаанд ч тэр
Шүлэг бичнэ гэдэг угтаа бичихгүй байхын нэрийдэл юм шүү дээ
Шөнөөр гэрийн чинь яндангаар очтон очтон гялбах гэрлийн үелээн л юм шүү дээ
Чи гайхах л байх
Уйт-харын далайг төсөөлөлдөө цалгиулж
Усны мандал ширтэн өдөржин цонхоор гиюүрч суудгыг минь
Чамд ч уг нь хүртээлгүй зүйлэл дээ
Гэхдээ шидсэн дэгээний минь утас
Үе үе угзагдхад уу? хачин сайхан мэдрэмж биеэр дүүрээд л ирнэ
Гарцаагүй л мөндөө гэж татуургаа өөрлүүгээ орооход уу?
Үг гээч зүйл даанч дайнд одоод, хэл сураггүй алга болсон нэгэн шиг л оршино
Тиймээс ийм л үнэ цэнэгүй эрдэнэсийг
Тэрэг тэргээр нь чамд бэлэглэж байгаа юм
Би бас боддоггүй биш боддог бөндгөртэй ядаж байтал
Усны эрэг хашсан далан, үгүй гэхнээ замаг болоод төрчихсөнсөн бол
Балартан харагдах зүггүй хирнээ эгшиглэн тунарах долгион үүсгээд байдаг
Уйтгарт тэр л үелээнүүдийг торлогдоод байж болох шүү дээ
За за өнөөдөртөө энэ дуусашгүй үлгэрээ түр жаргаая
Замдаа эсэн мэнд аяалдаа, зүүд чинь чамайг дуудаж байна
ЗОВХИО ХАА
No comments:
Post a Comment