Friday, August 26, 2011

Нэгэн насны гуниг



Бяцхан суурингуудыг би сайн ойлгодог
Бяцхан суурингуудын нохдын дуу золбоотой
                                                                          Г.Аюурзана

Суурингийн жаалууд
Удирдагч тэргүүнээ сонгох гэж
Уулын уруу, унадаг дугуйгаараа
Салхи татуулан уруудна
Тэднийг даган баясах, хараацайс
Урдуур хойгуур нь сүжилдэн нисхэд
Танил дасал болсон гудамжны үзүүрт
Уртаар тэдний төлөө санаа алдах
Өвгөд эмгэдийн зовнил
Нэгэн хэвийн дүнзэн байшингуудын яндангаас
Өндөр тэнгэр өөд цэнхэртэн хөөрхөд
Навчис нь саглайсан ганцхан модны дор
Энхрий үгсээ хэлэлцэж
Нэрээ сийлэхдээ инээлдсэн залуусынх нь
Энхэр цэнгэг харцанд
Нэгэн насны гуниг цэлэлзэнэ.


                                                 Дорнод аймаг Баяндун сум
                                                            Орос-Монголын хил дээр 11.08.06

Tuesday, August 23, 2011

Арван найман нас


Мэдрэмж нь дэргэдээс цохилсон
Нууцлаг зураач хөшгөлсөн мананд бодлоо хүүрнэнэ
Миний мэдэдгүй, асуултын тэмдгүүдийг
Нүдээ анихдаа анхаарлын тэмдгээр хариулна
Түүнийг санаа алдхад
Намрын навчис ногоорч
Тэнгэр дүүрэн хаврын цас
Нэг нэгээрээ сэм сэмхэн шивэрнэ
Уйлах нулимс нь дотогш огширч
Улаан биш, цэв хүйтэн хөх дуслууд
Зүрхнийх нь цохилтонд шигширхэд
Зөндөө олон мөрөөдлөө чамд л гэж шивнэнэ дээ.
                                                                          Ub cafe 11.04.15
Өчигдөр дүүтэйгээ мөн сайн анд Д.Сосорбарамтайгаа урт цагааны урт хар гудамжинд нэгэн бүүдгэр гэрэлтэй задгай асарт нийслэл шар айраг амтлангаа хорвоогийн элдэв зүйлийг хуучилан хэсэг ярилцлаа. Хөдөөнөөс ирснээсээ хойш ер нь дүүтэйгээ ярилцаж суулгүй их удсан байна. Гайхаж магадгүй л юм найзтайгаа дүүтэйгээ пиво уугаад л тамхи татаад л гэж. Яахуу дээ амьдрал дэндүү богинохон хямдхан хорвоод үзэл бодол таарч хол байгаа ч ойрын ойроос таталцаж ойр байхдаа холын холд тэмүүлдэг юм чинь. Хүссэнээрээ дураараа сул чөлөөтэй байх нь зүйд нийцэх биз. Мөн арван найман насандаа чөлөөтэй омголон дураараа амьдраг.

Wednesday, August 10, 2011

Чи надаа

Хэн нэгэн аянд мордоод
Хэсэгтээ мартагдахын алдад ирээд
Явсан газрынхаа сониноос
Ярьж эхлэх шиг
Чи надаа тийм л сонирхолтой санагддаг

Хаа нэг болсон дурсамжаа
Хэзээ мөдгүй болох юм шиг
Яарч догдолсон өвгөний
Ярианы төгсгөл шиг
Чи надаа тийм л сонирхолгүй санагддаг.