Wednesday, October 26, 2011

Баярууд

 Монголы утга зохиолд олон давалгаа байдаг гэж ярьдаг. Миний хувьд адил нэртэй нэгэн цаг үед амьдарч уран бүтээлээрээ бидний дунд давалгаалж яваа гурван Баярын шүлгүүдээс энэ удаа тавихаар шийдлээ. .

 1. Ядамсүрэнгийн Баяраа
1988 онд Увс аймгийн Зүүнговь суманд төрсөн. "Боргихон талын уянга" 2003, "Нэг урлаг" 2008, " Хөх мэдрэхүй шүлгийн цомирлог хамтын 2010 "Цөн" 2011 зэрэг бүтээлийн эмхэтгэлүүд хэвлүүлсэн.

Халааснаас чинь авсан
                          гал улаан загалмай
Халуу төөнөн хэвтэнэ
                                орны хөндийд
Хайрыг минь цовдлоод
                             халааслаж явсан
Хар хүчийг чамаас би
                             хулгайлж авсан
Итгэл найдварын цус
                     илч дулаан шингэсэн
Ийм загалмайг одоо
                          би өөрөө эзэмшинэ.


2.Ганболдын Баяр
1982 онд Архангай аймгийн Тариат суманд төрсөн. Залуу зохиолч, чөлөөт зохиолчдын холбооны гишүүн 2004 онд "Би" 2008 онд "Дөрвөн нүдтэй дэлхий" 2011 онд "Азиза" зэрэг номуудаа хэвлүүлсэн.

Цасан шуургатай
Бөгтгөр саарал шөнөөр би
Өнчин дэнлүүний гэрэл дор
Сүүдрээ нөмрөн суугаад
Тамхи татаж элдвийг эргэцүүлнэ
Тамхины гал дээр унан амьсгал хураах цасны тоогоор
Лавсан их уйтгар уруул ч хөдөлгөх тэнхэлгүй болгоно
Урд хойно минь гаран нэг юм шиншлэх
Зүрх цагаан хар гөлөг
Улаан од шиг нүдээрээ намайг
Хов хоосон болгож харна...

3.Агваржин Жа.Баяржаргал
Төв аймгийн Авдархаан суманд төрсөн. Монголын зохиолчдын эвлэлийн шагналт "Болор цомын эзэн"
"Торомжоо" 1990, "Сул алс" 1994, "Цас цэцгийн улирал доорхи мөнгөн шөнө" 1996 "Дурлалдаа халуурсан охид" 2001, "Гучин татарын зуслан" 2002, "Дөтгөөр галавын турадас буюу дээд мандал дахь бослого" 2003, "Гоо засалч цаг хугацаа" 2006, "Гэрлийн жилийн хэлмэрч" 2006, "Аадрын оршил үүлс голын дээгүүр манарна" 2008 зэрэг яруу найргийн номууд хэвлүүлсэн.

Саранд дурлаж
Шүлэглэн бүү солиорцгоо
Сэвхэн дээр нь
Суу билэг биш
Хоногийн чинь тоо бий
Салхи хөгжөөн
Исгэрч бүү хөөрцөглөцгөө
Тунгалаг хар урсгалд нь
Туулгуулж одох
Заяа чинь бий
Тэнгэрт дүүлэх гэж
Адган бүү тэмүүлцгээ
Тэнд алдар гавьяа биш
Үхэл чинь бий.

Wednesday, October 19, 2011

Чиний бүтээх гол дүр

Найруулагчаа төгсгөлөө өөрчил
Гол дүр үхэж төгсөхөд би дуртай
Наад хэсгээ хас
Надад инээмсэглэл зохихгүй
Цус болгож хэрэглэх улаан будгаа асга
Цаг нь болохоор жинхэнэ цус урсана
Би гол дүрийн эмэгтэйд ганцаараа дурлана
Бас тэгээд бүх хөрөнгөө шилжүүлнэ
Эцэст нь түүний нөхөр гар буутай гарч ирнэ
Энэ бууг ав гэж тэр надад буу өгнө
Сумгүйг нь мэдсэн ч онио тааруулаад
Сэтгэл амар гохоо дарна.


"ЯРУУ НАЙРАГ" түүний хэлснээр гуниглал энэ гол хөшүүрэг гэж хэлснийг санаж байна.  Тиймээс ч "Ховдын" намрын салхийг ховдоглон сорж байгааг чинь энд нөхөд байсан ноход чинь үнэрлээд л сууж байгаа шүү...


...Хэн нэгнээ мэдэхгүй юм шиг  
Хөндийхөн хирнээ хамтдаа алхая
Хоёр зуун дөчин долоо мөн эсэх
Хариугаа олж авъя
...Зүрх зүрхээ чагнаж
Зайсангийн шатаар өгсөе
Зургаан зуун гучин хоёр эсэхийг
Заавал шалгая
...Оройн цагаар тэгээд
Орцны чинь үүдэнд уулзъя
Одод түгээд сар гарсан байвал
Охин насыг чинь хөтлөөд буцъя.

Амьдралын улаан шугам гэж ярьдаг санагдана. Арван найм хүрээд бас хичээл сурлагаараа улаан шугамны урд хойно орлоо гэдэг байлаа. Түүнтэй адил Б.Лхагва-Очирын яруу найргийн улаан шугам нэгэнт ард нь татагдчихжээ. Тэгэхээр одоо зөвхөн урагшаа. Тэр нэг үеийг туулж, одоо зөвхөн өөр түвшинд хүрсэн байна. Учир нь хэдэн жилийн өмнө бичсэн шүлгүүдээс нь өнөөдөр бичиж байгаа шүлгүүд нь огт ондоо өөр "сэтгэлээр" дүүрэн болжээ. Одоо харин улам гүнзгийрэл гэсэн "УЛААН ШУГАМ" урдуураа татаад шүлгээ бичих л үлджээ.
                   
              "Нэн шинэ үеийн яруу найраг" номны 152-р хуудаснаас дээрх үгсийг хуулбарлав.

Хамгийн эхэнд тавигдсан шүлэг "Миний бүтээх гол дүр" шигээ одоо чиний хувьд өөрийнхөө гол дүрийг тод томруун харуулах л үлдлээ. Нялуунаас шулуун нь дээр байх. Эр хүний нулимс цуснаасаа үнэтэй гэдгийг чи Их сургуулийн гудамжинд тамхи татаж зогсохдоо хэлж байсан байхаа.

Wednesday, October 12, 2011

Цонхон цаана

Гишүү хугачих чимээнээр
Хэсэг үүлс нүүн одход
Гялсхийх мэт тэнгэр цэлмэж
Хаа нэгхэн бороо шивэгнэнэ

Өмнөөс нөмрөх үүл нь
Хуралдан хэлэлцэж бөөгнөрхөд
Өнө дурдатгалын сэжүүр салхинаа хийсэж
Хэнз хэнзхэн бороо дусална

Нэг их дотно санагдах
Энэ л зүсэрсэн бороонд
Нэрээ ч хэлэлгүй одсон
Энхрий чиний дүр

Цонхон цаана тодроод л арилна ....
                                                     
                                           11.07.27 Төв аймаг Манзушир хийд

Sunday, October 9, 2011

Хонх

Сэрж эгээрмээр үдшийн
Сэрүүн лаврин цацруулсан гайхамшигт
Эгшин дор, нүдний чинь нулимсыг арчихсан

Тэгээд чиний тухай бодож
Гэрийн чинь хаяагаар алхахад
Даруй зүрхний минь цохилтууд суларч

Чамайг дуудах хүсэл дэврээд
Нэг л мэдхэд хурууны минь өндөг
Хонхон дээр чинь дарагддаг..........
                                       "Орхиж яваад буцаж ирсэн чамд анх зориулж байсан шүлэг"

Tuesday, October 4, 2011

Нулимс

Хайр дүүрэн гэрэлтсэн харцаар
Халуун зүрхний минь гүнийг нэгжих
Гэм зэмгүйхэн дальдчаанд чинь
Гэлмэн дальдчих минь эмзэг
Хохь ганцаардлаас хол
Цэнхэрлэн харагдах их усны мандалд
Хоног өдрийг хуруу даран тоолоод л
Цээжин дотроо хумигдхад
Хонгор охидын нулимс
Цэлсхийгээд л асгарна даа

Saturday, October 1, 2011

Бодолдоо нүдээ аних чимээг чинь
Их аадрын дараах солонго шиг чагнаж
Бодолдоо нүдээ нээх чимээг чимээг чинь
Идэрхэн насныхаа зүүд шиг сонсож
Нүүгэлтэх салхисын гүн эгшигт хоргодохдоо
Эрчилэн түрхэрэх он цагийн нөмрөгөөс олж
Намрын навчисын тасрах эмзэглэлтэй цуг
Эгнэгт эс оршихгүйг чинь мэдэрсэн

Дуусашгүй урт аялалын сүүлчийн хонх
Цангинан жирвэлзээд долгионтход
Дурдатгал ороосон сэтгэлийн минь зүүнд утас сүвлэж
Цамц бас ороолт нэхэж суух чамайг
Төсөөлөл дотор минь орших
Хамгийн бодит ертөнц гэдгийг
Тэмдэг төдий анивалзах ододтой
Харанхуй гудамжаар алхахдаа ойлгосон.........