Tuesday, May 1, 2012

Уруудаж өгсөх урсгалын дунд

Яруу найрагч Д.Отгонцагаан 1981-онд Сэлэнгэ аймагт төрсөн
2002-онд Монголын зохиолчдын эвлэлийн хорооноос заралсан "АНХНЫ АРАВТ" бүтээл нь шалгарч "ШАТ" яруу найргийн түүврээ хэвлүүлсэн.
2005-онд Утга зохиол нийгмийн ажилтны дээд сургуулийг төгссөн
Одоо Шонхор телевизэд сэтгүүлчийн ажил хийж буй

                                               Цас орж байхад л
Цас орж байхад л
Би Набаковыг дуусгаад гарч одно.
Цантсан бүрх дороо үл танигдагч болтлоо алхана.
Бөөн цагаан шувуу зүг чиггүй нисэлдээд
Цөөхөн хэдэн үг зүрхний хэм алдуулна.
Би Набаковт дурлачихаж
Цас орж байхад л
Чи намайг хайрлаарай
Цангасан хацрыг минь бүлээхэн амьсгалаараа дулаацуулаарай
Шөнө дундын хотод тэр эрхэм зочилтол
Шөнө дундын хотод анир даран цас ортол л
Цагийн хөлт эрхэм үүдийг минь тогшино.
Цав  цагаан бүрх дороос үл танигдагч царай тодроно.
Галаа өрдөнө.
Гараа ээнэ.
Аяга халуун сүү оочино.
Инээвхийлнэ.
Би гэвч Набаковоос аль эрт уйдчихаж
Өглөө харин зүүд шиг
Өчигдөр өнгөрсөн бүхэн шиг
Шөнөжин цогшсон нурам  сүүлчийн амьсгал шиг
Шөнө дундын хотод
Цас орж байхад л..,     

--------------------------------------------------------------------

                                              Үүр цайх нь

Үүр цайх нь тэнгэр мэт алсад
Үглээ бяцхан шувуу нүдээ аниад зүүрмэглэх мэт сэрэлтэй
Бүрий үдшийн дуу тасалданги анирыг чимээлж
Бүтэн тэргэл сар дэрсний цагаан гэрэл болно.
Амьдрал гэж энэ.

---------------------------------------------------------------------


                                           Амиа хорлогч

Унахад өвдөнө дөө гэж бодохын зуургүй
Уйлж бус инээсээр үсэрчвэл энэ өндрөөс
Унаж яваагаа мэдэх ч үгүй нисэж гэж эндүүрэгч
Уудмын хол салхин алсад жингүүдэнэ.
Газар онох уу
Тэнгэр зайцах уу хэн мэдлээ.
Ганцхан үг түүний зүрхэнд хадаастай
Би чамд хайргүй.
Гадагшаа ..,
Гадагшаа усан нулимс чимээгүй урсавч
Дотогшоо төмөр нулимс тор тор хийн унах нь сонсдож
Төмрийн хаягдал мэт сэтгэлээ
Тэнгэр мэт дууграхыг сонсон хэвтэх минь
Жинхэнэ гашуудал.

----------------------------------------------------------------------

                                        Нэг л мэдэхэд

Нэг л мэдэхэд намар ирдэг.
Нэг л мэдэхэд хавар буцаж байдаг.
Гүн хөх тэнгэрт ганц алтрах бөмбөлөг шиг
Гүн цээжний минь аглагт чиний инээд  шиг дотнохон.
Нэг л мэдэхэд цас нэвсийтэл дарчихдаг.
Нэг л мэдэхэд бороо хөшиглөж цайрдаг.
Тэнгэрийн болор дагинас дотно хүн шиг санагдахад
Тэргүүнээ би бардамхан өргөөд шувуу шиг нисчихдэг.
Нэг л мэдэхэд нялх ногоод өлмий дороос түрж ургадаг.
Нэг л мэдэхэд алтрах навчис жамын зүг хийсч
 Нэг л мэдэхэд алтрах навчис жамын зүг хийсч оддог.
Одох навчисын гуниг нялх ногооны солонгонд хувирч
Одох ирэхийн зааг дээр бүсгүй хүн уйлж суудаг.
Нэг л мэдэхэд орчлонгийн хүрд түргэлж эхэлнэ.
Нэг л мэдэхэд орчлонг би ихээ холоос ажиж сууна.
Хэдэн зууны өмнө сэтгэлд хургасан эгшгийг
Хэн нэгний чихэнд бүүвэй болгон аялана.

           2005 он Архангай аймаг Булган хайрханы өвөрт

3 comments:

  1. ...Гадагшаа усан нулимс чимээгүй урсавч
    Дотогшоо төмөр нулимс тор тор хийн унах нь сонсдож
    Төмрийн хаягдал мэт сэтгэлээ
    Тэнгэр мэт дууграхыг сонсон хэвтэх минь
    Жинхэнэ гашуудал. Энэ үнэхээр сайхан мөрүүд байна...Ёстой л "тэнгэрийн гар", "тэнгэрийн хэл"-ээр бичигдсэн сэрэл мэдрэмжийн мөрүүд...
    Ёстой л "тэнгэрийн гар", "тэнгэрийн хэл"-ээр бичигдсэн сэрэл мэдрэмжийн мөрүүд...
    ‎...Одох навчисын гуниг нялх ногооны солонгонд хувирч
    Одох ирэхийн зааг дээр бүсгүй хүн уйлж суудаг...
    Үнэхээр "сайхан". Бүсгүй хүний сэтгэлийг ийм "торгон"-оор дүрслэх...
    ...Бүрий үдшийн дуу тасалданги анирыг чимээлж
    Бүтэн тэргэл сар дэрсний цагаан гэрэл болно.
    Амьдрал гэж энэ.
    Д.Нямсүрэн найрагч санагдлаа..."Сайхан"...

    ReplyDelete
    Replies
    1. This comment has been removed by the author.

      Delete
  2. Сайхан бүсгүй шүү Оогий эгч.

    Сайхан бүсгүй сайхан шүлэгтэй байх бүр ч сайхаан гэж...

    ReplyDelete