Monday, December 17, 2012

Зүрх сэтгэлийн минь
Ирмэг гэгээн хэц дээрээс чи 
Инээмсэглэж гулгаад л 

Эгээ л нялх хүүхдийн зулайнаас 
Нар төөнөх мэтээр гэрэл цацрааж 
Навчисын судалд бороо болон тогтоод л 

Ууршин замхарч аль нэгтээ рүү шингэхгүйгээр 
Ухаан санааны минь дотор нулимсаа арчихдаа
Саранд үүрээ зассан шувуудыг шоолоод л 

Яагаад? гэж асуухгүй гэдгийг минь мэдсэн юм шиг 
Юунд одоо хүртэл хариу үл дуугарна вэ?
Юу ч үгүй, хоосорчихсон сэтгэлийнхээ хундагыг дүүргэмээр л 

Одоо байгаа цаг хугацаа хангалтгүй юм гэж үү?
Оддын тоосонцорт нэвчиж нэвчиж олсон ганц шад минь
Үхүүлж байж л санаа чинь амрах байхдаа тиймүү ?

                                                                                                     

8 comments:

  1. Чихээр минь нүдээр минь нэвт сүлбэх
    Чийрт ертөнцийн хайр мэт, хараал мэт авиаг
    Шүлэг болгон-Шүтэн ариусан сүм болгох
    Шүүрэн дотогшлох сэтгэл надад байна!
    Бүжинлхам Эрдэнэбаатар: Асгаач! Ариун бие цогцосыг минь...
    Алдаж байна! Би энэ амьдралаа бүр мөсөн
    Асаж, унтарсаар үхнэ гэдгээ л олж мэдлээ
    Амьсгал минь яруу найргийг ертөнцөд шивнээч
    Өөр надад ээмэг зүүлт энэ биеийг минь гоёх
    Эрдэнэс гэж даанч үгүй ээ! Азгүй амьтан...
    Ээ, ийм харгис хувь тавиланг хэн өгөв өө!
    Ээж ээ, хэвлийдээ л та шүлэг тээсэн юм уу?
    Инээж амьдраад, туйлдаа хүртэл тарчлахдаа
    Ингээд л би төгсгөл руу гээ явах хонгилоо олсон
    Үүнээс илүү уучлашгүй нүгэл, буян гэж надад үгүй
    Үүрд амьдрах орон байр тухтай сууц минь
    Ирмэж буй бурханы зальт нүднээс тасарсан
    Ийм хорон харцыг, ийм гэгээн харцыг яах вэ?
    Бүжинлхам Эрдэнэбаатар: Зулгаасан үсээ, зовлон биш надаас цацарсан гэрэл гэж
    Зовлогоо зовоон, биеэ бутраан байж хэлж чадна!
    Үгүйсгэгч ертөнцийг үйртэл чанга дуугаар шүлэг бичих минь
    Үүрдийнх юм! Үлдэх минь-үнэнийх юм
    Намайг хайрла! Хар...Хашгир Хараан зүх!
    Магтаал чинь, магтан дуулах чинь, өлмийдөө гишгих чинь
    Надад огтын ялгаагүй санагдах жирийн л уйтгарт өдрүүд юм!
    Бүжинлхам Эрдэнэбаатар: Гараа алдлан нисэх мөчид царгиа, цуурай дахин дахин сонсогдож
    Цаг хугацааны гивлүүрт гэргий гэдгээ мэднэм, би
    Эр нөхрийнхөө ирмэг дээрээс тийм эрэмгий үсрэхдээ
    Эндээс би хорогдох зүйлгүй явж, энд л үүрд ҮЛДЭНЭ!

    2013.1.13

    ReplyDelete
  2. Миний хоёр жигүүр байхад та нар юунаас ч бүү ай!
    С.НАЧИН!
    Өрөөний булан бүрт агаар мэт яруу найраг үсээ хийсгэнэм
    Өөр надад юу хэрэгтэй билээ? Хавар-уйтгар модон ширээний ард
    Хачин шүлэгсийг хүүрнэж чихэнд минь үгсээ цовдолном
    Яах вэ? Тэдний хоолойг багалзуурдаач... хором мөч бүр минь
    Яагаад бидний амьдрал ийм хоосон-тунгалаг юм бэ?
    Бидний ахуй-бидний ертөнц чинийх шиг үнэн биш Бидний хорвоо-бидний нүд чинийх шиг худал ч биш
    Дүүжлүүрийн олс, дүүжин савлуур л
    Бидний мэдрэмж гэдгийг...
    Дүүгийн минь нүд шиг ариун цаг мөч
    Дүүрэн дарстай лонхны таглаа мэт адгийн цаг мөч гэрчилнэм
    Гадаах өвлийн, өлмийд минь сөгдөх хөөрхийлөлт харцыг
    Гадагш нураах, гадагш илчлэх халуун зүрх бидэнд л бий
    Ай, үгүй хийх зориг байвал, өөрийг минь үйртэл бич л дээ! Тэнгэр минь
    Тээр дээрээс амсаж чадах уу, энэ ертөнцийг амтлах, уруул чамд бий юу?
    : 2013.01.13

    ReplyDelete
  3. Би дутуу байна!
    Хуурагч толь минь, би дутжээ
    Төрхийг минь үнэн болгодог үс минь!
    Би энд алга! Аа аа аа аа аа аа аа аа
    Шув шулуухан сэтгэл-харанхуйн гэзэг минь
    Шуугих цээжтэй минь хамт долгилсон байх юм
    Хашгирнам, энэ лав би биш ээ

    Хамаг бүхнийг өөртөө шингээдэг зөн совин минь
    Ширхэг ширхэг сэтгэл минь
    Шимэгчлэн шимэрч байна!
    Чиний эрх чөлөөг дахин би үгүй хийхгүй ээ
    Амьдраач, асаач, асгараач үс минь-үнэн минь ээ!

    ReplyDelete
  4. Хав халууны үнэрийг ээ!
    Ханцуйнд минь нуугдсан тэр намрын инээмсэглэлийг ээ
    Хүв хүйтний цууриаг ээ!
    Хүзүүнд минь зүүлттэй тэр цасны гунигыг ээ


    Бүхнийг мартан, бүхнийг умартан тийм алс руу жингүүдэн нисэх
    Бүгдийг уучлан, бүгдийг хайрлан тийм гэгээн рүү нэвтрэн хүрэх
    Эхлэл минь чи билээ!

    ReplyDelete
  5. Үдэш бид хоёр л өрөөнд үлдсэн байна
    Үүдний өрөөнөөс өвөл хааяа нэг ханиалгана
    Харанхуйд удаан суух тусам би, харанхуйн гэрлийг үзэв
    Харанхуйн гэрлийг харах тусам, хашгирдаг нүдтэй болов би
    Хөшиг, тавцан, ширээ, сандал, ор дэр, орон гэр минь
    Хөнгөн гунигаар хачирлаж чимсэн цантай цонх минь!
    Танихгүй хүн шиг хөндийхөн харагдах шинэхэн шүүгээд минь
    Та нар бол миний хамгийн үнэнч үзэгчид минь юм!
    Бурхан минь, азаар хэн ч мэдэхгүй...тэднээс өөр хэн ч сонсдоггүй
    Шөнө бүхэн шүлэг дэрлэж хонодгыг минь
    Зүүдэндээ хашгирч гараа хазан сэрдгийг минь
    Хөшгөө сэмлэн сартай ярьж үүр цайлгадгийг
    Бурхан минь, азаар хэн ч мэдэхгүй... тэднээс өөр хэн ч сонсдоггүй

    2012.11.7

    ReplyDelete
  6. Бурхан минь, бурхан минь...
    Үнэнээ хэлье, нүглээ наминчлан
    Цурхиртал уйлан залбирч байна
    Намайг уучлаач, тэнгэр минь
    Үснийхээ нууцыг хүртэл би
    Шүлэг бүртээ шивнэн хэлсээн
    Үлдсэн ганцхан нууц минь л энэ байна
    Үнэндээ надад хайртай гэж шаналах
    Үнэнч залуугийн зовлон гунигт би
    Үхтлээ хайртай
    Би үүнд дуртай
    Өөрөө түүнд хайргүй ч гэлээ
    Өвдгийг минь тэврээд уйлахад нь
    Бүжинлхам Эрдэнэбаатар: Хэтэрмээр жаргалтай болдог
    Ээ, би харгис амьтан!
    Ухаангүй галзууртлаа надад дурласан
    Тэр хөрхийлөлт залуугын
    Уйлахыг нь хүртэл харахдаа би
    Яагаад ч юм гунигладаггүй
    Түүнийх болчихвол тэр намайг дахин
    Хайрлахаа болино гэх хачин бодлоо
    Гээхээс нааш эргэн ирэхгүй
    Гэнэхэн бүхэн минь, бурхан минь!
    Үнэндээ надад хайртай гэж зовж шаналах
    Бүжинлхам Эрдэнэбаатар: Үнэнч залуугийн зовлон гунигт би
    Үхтлээ хайртай
    Би үүнд дуртай

    ReplyDelete
  7. Магадгүй хэзээ ч юм энэ тэнгэр, энэ үүлс, энэ одод
    Малгайн дээр минь бутран унаж мэдэх болохоор,
    Үйрчихэж мэдэх болохоор...
    Маргааш гэж надад хэзээ ч байгаагүйг ойлгодог болохоор
    Маргах хэрэггүй ээ, эзлэгч минь! Өнөөдөр л чи минийх...
    Өдөр хоногууд дуусчихаж мэдэх болохоор
    Өчигдөр ч гэсэн хаана ч оршдоггүй болохоор
    Ирээдүйг хэзээ ч би хүлээдэггүй болохоор
    Эндээ үүрд үлд! Хайрт минь... Одоо л чи минийх...
    Бүжинлхам Эрдэнэбаатар: Хүрч буй, хүлээж буй энэ гар чинь...энэ нүд чинь
    Хүнийх болчихож мэдэх болохоор, би чамайг хорихгүй болохоор
    Надаас эгшиглэх зоригт үнсэлт, зоргоор тэврэлтийг
    Намайг булаан авахаас минь өмнө өөрөө, өөртөө хадгал...
    Магадгүй хэзээ ч юм би чамаас үүрд явчихаж мэдэх болохоор
    Малгайн дээр чинь үүлс бутран, тэнгэр үйрчихэж мэдэх болохоор
    Надтай хамт үлдэж, гарыг минь хүртэл надаас харамла
    Намар ч гэсэн биднээс нэг л өдөр урвах болохоор...
    Бүжинлхам Эрдэнэбаатар: ээ одоо л
    Эргэлзээ ч хэрэггүй ээ, эндээ үлд

    2012 оны 12 сар
    Бүжинлхам Эрдэнэбаатар: Зүрхэн дотор минь биш ээ, тэнд бол яавч биш
    Зүс царайнд минь ч бас бүр биш ээ, энд ч биш
    Сэтгэл дотор юм болов уу, үгүй л байх даа
    Цээжний гүнд үү, ай мэдэхгүй ээ... мэдэхгүй
    Хаана юу байгааг, нулимс хаана байгааг
    Харанхуй, гэрэл хоёр минь хаанаа сүлэлдэн байгааг
    Өчигдрийг маргаашыг хаанаа тээж алхадгийг
    Бүжинлхам Эрдэнэбаатар: Өө хэн мэдэх вэ, өөрийн минь дотор юу байдгийг...
    Нүднээс одсон гуниг, хаана үүрлээд нисдэг болохыг
    Нүглээс тасарсан итгэлүүд, хаашаа явчихдаг болохыг
    Миний доторх амьдралууд, үхлүүд ямар болохыг
    Мэдэхгүй ээ, хамгаас нууцат би л өөртөө үлджээ...

    2012.12.21

    ReplyDelete
  8. Дахилт, дахилт, дахиад л дахилт
    Гунигт дууны дахилт
    Гудамжны төгсгөл ирсэн, дахилт
    Гуйж байна дуу л даа, дахилт
    Дахиад л аз жаргалын дахилт
    Даанч араас нь нулимсны дахилт
    Нар, өө нар... дахилт, маргааш
    Надад ирэх зүрхнүүд, дахилт
    Надаас одогсод, дахилт
    Үхэх, өндийх дахилт, аа дахилт
    Үүрд гэх дахилт, өнөөдөр дахилт
    Бүгд бүгд амьдрал бол дахилт
    Бүгд дахилт би ч дахиад л дахилт

    2012.12.23

    ReplyDelete