Friday, April 27, 2012

Бүсгүйд


Яруу найрагч Даваадоржийн Энхболдбаатар Дорнод аймгийн төв Чойбалсан хотод Дандар баатарын хөшөөн дээр
        
Гэнэ гэнэгүйхэн харцандаа намрыг хайрлаж
Гэгээ гэрэлтэй намуухан гунигаа асгаж
Хэлж амжаагүй зөөлхөн үгсээрээ
Хэн нэгнийг гуниглуулж яв даа, бүсгүй минь

Чиний уйлж явах үед чинь одод хиртэг!
Чимхийн төдий аз заяанд юу байдгийг ол!
Чив чимээгүй амьдрал гэж байдаг ч юм шиг.
Чин үнэний тухай битгий бод доо, бүсгүй минь

Хайр гэж байдаггүй юм шүү дээ
Харцны гуниг зовлонгүй шүү дээ
Чиний мэдэх амьдрал гэж юу байхав дээ
Миний мэдэх нь ч бас юу билээ дээ

Тэнгэр, нарны тухай домог сонсож сэтгэлээ ариул!
Дэрэн дээрээ нулимс дусаавал чинь би зэмлэхгүй ээ.
Нүгэл хилэнцийг өршөөж, өрөвдөж яваарай!
Нүгэлтэн, хилэнцтэнийг бол өршөөлгүй яваарай!

Нүдэнд чинь гуниг хурвал буруутныг бүү эрээрэй!
Нүүгэл сүүгэл зэрэглээнд алимын цэцэрлэг ургадаг шиг
Хаанаас ч олохгүй бүхнээс аз жаргалаа хайгаарай!
Харчихвал нүдээ зөөлхөн аниарай!



1996 он Түнэр аниргүй шүлгийн түүврээс 






Sunday, April 22, 2012

үүрдийнх үү эсвэл цаг зуурынх уу гэж
үсээ цайтал, цайсан үсээ цагаартал
цамцныхаа товчыг унасныг анзааралгүй
цаг хугацааг хүртэл түр мартаад уджээ

яг л хуучны дурдатгал эхэр татаж
ихээ удаан хүлээлгэсэн бороо
ийм л нэг хуурай бодолд унаж хагарахнуу гэтэл
яалтчгүй цас л орсоор сэтгэл цантаана

Sunday, April 15, 2012

ЭРДЭНЭТ орох замд ДАРХАНД


Эрхшээгч салхин хаашаа дуудасны улмаас
Эрдэнэт явах галт тэргэнд
Шүлэг бичиж
Шүүрс алдахын төдийдөө л цочино вэ?

Магадгүй чамайг санахгүй байя гэсэн ч
Санагдаад байх дүртэй чинь бодож
Маргаашийн цаадах нөгөөдөр, нөгөөдрийн цаадах ертөнцөд орших
Сайхан хар нүдийг чинь бодоод тэр биз

Харин чи минь яг одоо дулаан хөнжилдөө
Хаврын шувуудын ганганааг
Ангир сэтгэлтэй минь дүйцүүлж
Анхны бороон дусал зовхин дээр чинь дусаж хагархыг
Зүүдэндээ чагнаж үнэгчлэхдээ
Зүрх тань минийх шүү гэж чихэнд минь шивнэхийг
Гүн шөнийн харанхуйд олон од шиг гэрэлтэх
Дарханы зөрлөг дээр түр саатахдаа мэдэрч
Гэлмэгт аниргүй үүрээр очих хотруу
Дан цувтай ч бодолдоо халуурсаар замыг барж байна

УБ-ЭРДЭНЭТ орох замд ДАРХАНД бичив

Sunday, April 8, 2012

Гарц үгүй хонгилоор удаан алхаж
Гарцаагүй л орж ирсэн замаа хайж
Ганц ширхэг шүдэнзний асах очоор
Гэлмэгт харанхуйн айдсыг үргээнэм

Нялх хүүхдийн зулай адил дотно
Нэг л ер бусын чичирхийлсэн цочимоглолоо
Наргүй өдрийн бүүдгэр тэнгэрт өлгөж
Навчис нярайлхыг чамайг ирэх өдөр гэж мэдэрнэм

Үгийн хойноос гөрөөлөн яваа
Үнэт цаг хугацааны алтан сужганд
Үйлт нэрийн Х шиг гээгдэх
Үүрд бус зуурдхан залуу насыг хайралнам

Цогшиж бус дүрэлзэж шатах
Цонхийсон нүдэнд гуниг шингээгч бүхнийг
Цэгцтэй шүлгийн мөр холболтоос хасаж
Цасан дээр гишгэлэх гутлынхаа мөрөөр баллуурднам

Sunday, April 1, 2012


Сэтгэлээ чөлөөлөх гэдэг
Шүдэнз зураад лаа асаахын адилаар
Сэмхнээ бадамлан гэрэлтсээр
Шаргал туяагаар харанхуйг зүснэ

Урсах нулимс нь тогтооосон аяганы ёроолд цуглаж
Ямар нэгэн дүрсийг амилуулах нь
Угтаа асаасан хүний сэтгэл хөдлөл, бодол оюуныг
Яруу найраг адил нүднээ амилуулна

Яг л үзэгнээ гүйлгэнэж нэгэн мөрийг зурах агшин лугаа
Гэнэтийн учирлаар таарсан эртний танилууд тэврэлдэхдээ инээмсэглхэд
Яалт ч үгүй сэтгэл хөөрөн жингүйдэх шиг
Гарцаагүй бодлын долгист живүүлнэ

Тэнд гэвч завь сэлүүр
Тэнгэсийн шуурга, хөөсрөх давалгаа
Сөрөх салхи, сэлүүн агаар
Сэрдхийтэл цочих айдас
Ер юм бүхэн үгүй ч
Ердөө л хий хоосон агаар буй

2012.03.25-н Одон орон судлалын Хүрэл тогоот амралтын газар 8-р өрөө