Saturday, April 30, 2011

Шүлэгч анддаа

Аяа, найрагч минь чамайг би
Амь наснаасаа дутуугүй хайрлаж явлаа.
Амьтны хов хэрэм болон биднийг зааглаж
Андын сэтгэл, хүний ёсыг
Авдарт орсон хулгана шиг мэрлээ

Элдэвт үл автах чанар, авьяасыг чинь үнэлж
Эр хүн шиг чамайг би хайрлаж явлаа?
Эд баялаг, сэтгэл санаа, шүлгээ хүртэл зориулж
Эхнэрээсээ бусдыг л чи бид хоёр хувааж явлаа?
Эдүгээ чи минь юу болов доо?


Адилхан гуниг цээжинд дүүрэн
Алсын уулыг нэгэн нүдээр ширтэж явсан
Адилхан сэрэл зүрхэнд оргилон
Амьтны орчлонг хайрлаж явсан
Атаархлын манан биднийг хучна гэж үү?

Итгэлтэй хүн нэг ч үгүй юм бол
Энэ орчлонд амьдрах хэрэг юун
Ирмэх зуур хувирдаг хорвоо юм бол
Эргэлзэж гайхаад биесийг зовоох ч юун
Эртхэн л хоёр тийшээ салья?

Гэвч нэг учир байна, гам зэмгүй зүрхээ өрөвдөх юм
Гэгээн орчлонд чамайг алдвал,
                               өөрийгөө алдсанаас ялгаа юун?
Гэрэл харанхуйг ялгаж чадахгүй бол
                               найрагч байх ч хэрэг юун?
Андын сайхан сэтгэлийг, амьтны сайхан ёсыг
Атаа жөтөө, хов живнээс дээгүүр тавибал
Ахиад, бид хоёрт эвлэрэх нэг зам байна???.....
                                                           О.Дашбалбар1980 он 12-р сар Москва

              Бага далжганаарай хэмээн хүндэтгэсэн С.Начин

              Түрүү гарсан бөөснүүд толгой дээр завилахгүй шүү Ш.Я.Баяр

Friday, April 29, 2011

Яаж даасан юм бэ? Миний зүрх энэ их харанхуйг

Яаж даасан юм бэ? Миний зүрх энэ их харанхуйг...
Яруу найргийн төлөөх уйтгарт тэр өдрүүдэд...
Дэлхий шиг том гуниг үүрч, нуруу бөгтөр алхсан
Дэмийрч үзсэн,
                          солиорч үзсэн
                                      цэв хүйтэн мөчүүдэд?

Эхлэл нь төгсгөлөөсөө гунигтай
Эгнүүлж тарьсан гудамжны модод шиг эмх цэгцтэй
Гүн чагнахад: Тоо томшгүй хөдөлгөөнтэй
Гүц тонгойлгож...дарс хундагалах шиг хэмнэлтэй

Мэдрэмжийн тухай тэр бүсгүй надад
Мэдээжийн юм их олныг ярьсан
Харин би өөдөөс нь гунигтай харж инээмсэглэхдээ
Хаалга түгжихээ мартсан...

түүний алдааг уучилсан

Эндээс эхэлсэн бүх юм гунигтай?
Эхлэл шиг, төгсгөл шиг цас будравч гунигтай
Яаж даасан юм бэ? Би... Энэ их хүндийг
Яруу найргийн төлөөх
                                      уйтгарт тэр өдрүүдийг

                                  2009.11.17 М.Уянсүх Саран гүний тэнгис "номны 169-р тал
                                        
  

Tuesday, April 26, 2011

Г.Анхзул-д

                                      Зүрхээ хослоод зурчихсан
                                      Зүггүй тэр л бүсгүйд би хайртай
                                      Сэтгэлд нь нийцэх гэж
                                      Сайхан шүлэг тэрлэхдээ ч дуртай
                                      Нарны алтан цацраг
                                      Дэрсний сугсраанд гялбалзхад
                                      Намайг дотроо хайрладгийг чинь
                                      Дэндүү ихээр мэдэрдэгээ нуухгүй ээ
                                      Амраг цагаан уул минь
                                      Адайр хөх салхи минь
                                      Аадрын цагаан манан минь
                                      Алдаад барьж авж чадалгүй үлдсэн
                                      Эр хонгор нулимсны минь
                                      Эрэвгэр сормуусны мандалд
                                      Анх миний зүрхийг бүрэн таньсан
                                      Ааш дөлгөөн хонгор минь дээ
                                      Зүрхнийхээ мөсөн агуйг
                                      Чамайг надад ирсэн цагт хайлуулна
                                      Зөрөөд өнгөрөх халуун зүрхтэй бүсгүйчүүдээс
                                      Чамд л гэсээр хөлдүү хэвээр нь хадгалах болно

Tuesday, April 19, 2011

                           
 1.Моддын санаа алдалт
                  Намарт эгших нь
                  Мөдхөн цас орохын дохио юм шиг
                  Нэг л мэдэхнээ бударч эхэлнэ
               2.Орох цасны ширхэг бүрийг
                  Хурууныхаа өндгөөр тэмтэрч
                  Оддын дор бөхөнгүй алхахыг
                  Хэн нэгний зүүдэнд хэлхэхэд
                  Харагдах биетгүй хэрнээ
                  Үзэгдэх шинжгүй салхисын
                  Хаанаас нь тийм их эрч
                  Үл мэдэг дайвалзахыг тайлж үл ядна
               3.Шүлс хаяхын төдийд
                  Сарнин замхарах биет аниргүйгээс                                                                                                         Шинийн сарны дугариг амьсгаа
                  Сул гэнэхэн анивхийлэх нь
                  Шинэ үнэр түгээх
                  Солонгогүй борооны дүрсгүйтэл                                                                                                                          
                                                                                                
                                                              

Monday, April 18, 2011

БОРОО

Бороо дусагнаад л тэгсэн хэрнээ
Нэг л гуниглангуй 
Нулимсаа хатамжилсан эрх хүүхэд шиг
Бүр тийм л гэсэн шиг ганц хоёрхон дусал
Хаяад л....


Яг миний зүрхний түг түг хийх цохилт шиг
Ялгуухан алгуурхан асгараач
Ямар үед нь ороод, хэдийд нь цурхирдагаа
Яг одоо хэлээд өгөөч
Асгараач.....

Tuesday, April 5, 2011

Азиза

Түүнтэй олон наадмын тайзан дээр л таарч байсан болхоос биш их
сургуулийн гудамжинд таарч өөрийнх нь гуравдахь ном болох Азизагийн дээжээс авна чинээ  санасангүй. Хувь тохиол гэдэг гагнаж өгөх нөхөрлүүлэх хүнээ холбодог гэдэг шиг, ямар нэгэн эгшил цохицолын бүрдээгэээр л учраа биз. Энэ хайлган хаврын эгшигт униарт дунд номын чинь дээжээс авч хаврын салхитай найрсаж уншиж байгаадаа тун их олзуурхаж байна.Үнэр нь арилж амжаагүй шинэ номны өлгийн боолтыг тайлхад ийм л шүлгүүд ханхийнэ.




Урууланд чинь би, уруулаа хүргээд унтах
Ямар сайхан байдаг гээч хайрт минь
Бурхан л ингэж Гүмүда цэцгийн дэлбээн дээр
Гэзгээ тавьж унтдаг байх даа

Сормуусан дор чинь би, сормуусаа эвээд унтахад
Ямар гоё зүүд зүүдэлдэг гэж санана хайрт минь
Тогорууд л ингэж шөнийн зовхин дотуур
Сарны зэлгээн туяаг залгилж нисдэг байх даа

 Хацарт чинь би, хацраа наагаад унтахад
Ямар гоё дулаахан байдаг гэж бодож байна хайрт минь
 Гөрөөс л ингэж халуун хэвтэртээ
 Таван сарын модод гөлөглөхийг харж хонодог байх даа

 Хөхөн дээр чинь би гараа тавиад унтахад
 Ямар тааламжтай мэдрэмж төрдөг гээч хайрт минь
                                                        Өвс л ингэж нартай бороонд усанд ороод гарахдаа
                                                        Солонгоор биеэн арчдаг байх даа
Зүрхэн дээр чинь би, зүрхээ тавиад унтахад
Ямар хэцүү их өвдөлт мэдрэгддэг гэж санана хайрт минь
Үнэнч хайрынхаа төлөө цэл залуухан Пушкин ийм их өвдөлтөөр
Үхэл рүү явах тасалбар худалдаж авсан байх даа




Гэрэлт цохонд тавьсан асуулт

-Гэрэлт цох оо
Өвсний юунд нь чи тэгтлээ
Шунан дурлана вэ?
-Өө би тэгээд хэндээ
Өөрийн зохиосон хийлийн гоцлолоо
Тоглох юм бэ?

-Гэрэлт цох оо
Чиний далавчин дээрх толбонууд
Хэн гээчийн гарын үсэг вэ?
-Энэ толбонууд уу...?
Чш...\навчис\ амиа хорлочихно

-Гэрэлт цох оо
Чимээгүйтэй чи
Ямар хэлээр яриад байсан бэ?
-Аан шавьжинд зориулсан англи хэл үү?
Тэр хэлийг чинь би авгалдайн дотроо байхдаа л
Сурсан юм

-Гэрэлт цох оо
Мэлхийнүүдийг чи
Яаж орхио вэ?
-Мэлхийнүүд миний цагийг эвдчихсэн юм
Тэгэхээр нь жаахан цаашлуулах аядаад л
Цөөрөмд хорьсон юм

-Гэрэлт цох оо
Намар болохоор чи
Хаа очдог юм бэ?

-Тэр нууцыг тайлчихвал
Бүх юм гоо сайхнаа  алдчихна
-Гэрэлт цох оо
Үхлийг чи
Юу гэж төсөөлдөг вэ?
-Үхэл над дээр ирвэл
Тэвэрч үнсээд
Орон зайг хэмждэг тэмтрүүлээ бэлэглэнэ.

Өөр асуулт байна уу? Түр баяртай                                                                   

    
                                                                  .                                                                   Нарны урдуур                                                         
                                                           Нэг шувуу
                                                               Нэг өвс зууж ниснэ
                                                                        Нарны урдуур
                                                                              Хоёр шувуу     
                                                                        Хоёр өвс зууж ниснэ
                                                                Нарны урдуур
                                                           Гурван шувуу
                                                 Гурван өвс зууж ниснэ
           
 Өлгийтэй хүүхдийн нялх дуу орчлонгоор нэг шуранхай хадаах өдөр 2011-оны 04.09-ны хагасайн өдөр 12 цагаас интэр ном дээр болох бөгөөд, нийт үзэг нэгт уран бүтээлчдийг хүрэлцэн ирхийг хүсье?

Tuesday, March 22, 2011

Эгшиг

    Унших дургүй номыг минь
    Сөхөж тавиад амтархан унших
    Учир төлөв нь олдошгүй
    Сайхан бүсгүй дэргэд сууна

    Амьсгалынх нь чимээнээр
    Сэвхийтэл худал цочсон ч
    Анзаарах сөхөөгүйд нь тунихад
    Санаа алдах нь эмзэг түүний

    Турьхан гарынх нь
    Хуруу бүхэнд хувилаад
    Тун сайхан өндгөөр нь
    Хуудас бүрийг нь эргүүлсэн


    Унших дуртай номынх нь
    Уулга алдах эгшиг байхсан

Monday, March 14, 2011

Их сургуулийн гудамжиндаа гэж Их л удаан амьдарна даа би

Эгшил зохицол
Энд хэмнэл гунигийг мартуулж
Их л олон бодлууд ар араасаа
Илчилгүй ихээр төөнөн цогшидог

Хэнзхэн сэтгэлийг нэвт цуулах
Хахирган салхи
Хацар алгадхад
Хайрын вальс дотуур байрных нь гадаа эгшиглэхэд

Үймсэн их олны урсгал
Нааш цааш холхилдож
Үүрд энд л хоцрох дурсамжууд
Намайг захирдаг

Тэврээд авмаар
Тийм л дулаан мэдрэмж
Цохилох зүрхний минь хэмнэлийг сулруулж
Цоожгүй ангиуд нь дүнсийн хоцорход

Энэлж бичсэн олон шүлгийнхээ санааг
Энэ л цэг дээрээс олоод
Их сургуулийн гудамжинд гэж
Их л удаан амьдарна даа би

Thursday, March 10, 2011

БҮҮ -АЙ-БҮҮВЭЙ



                                                                 БҮҮВЭЙ-БҮҮ АЙ
             / Шагдарсүрэнгийн Хатанбүүвэйбаатарын яруу найргийн тухай /

   Цаг хугацаа, зарим хэтэрхий гүн болоод хүнд бодлуудыг баллаж орхино. Нэг үгээр хүн төрөлхтөний санаа бодлыг ариутгаж байгаа нь тэр биз. Ингэж бодохоор цаг хугацаанд гүн хүндэтгэлтэй хандахаас аргагүй. Магадгүй ертөнцийн юм бүхэн цэвэршин тунгалагших гэж буй цагт  мухар эр хар зоригоор уран зохиол бүтээгчид цөөрөхгүй нь дээ? Мөн гэнэт зохиолч-яруу найрагч  болон тодрогчдын дур хүсэл духан дээрээ сүүн гэрэл болж сацрах энэ цагт БҮҮВЭЙ /дотно халуун нөхөд нь түүнийг ийнхүү дууддаг билээ / шиг өлгийтэй багаасаа уран зохиолд шунан үнэн сэтгэлээр дурлагчид гадуурхагдаад байх шиг заримдаа санагдах боллоо. Тэгээд л үг хэлж зүрхлэхээр шийдэв.    
    Барууныхан нэгэнт хүлээн зөвшөөрчээ. Хүний нэгэн насанд бие сэтгэлзүйн гурван хямрал явагддаг гэж. Нэгдүгээр хямрал нь мэдээж охид хөвгүүдийн шилжилтийн насанд эхэлнэ. Нүүрэн дээгүүр нь батга барзайхтай хамт зан ааш, бие галбир хамаг бүхэн нь хувирч өөрчлөгдөнө. Энэ насандаа шүлэг бичиж эхэлсэн хүүхдүүд хожим насан туршдаа  уран зохиолын зам мөрөөр явна. Ухрах буцах, няцах шантрах зам үгүй гэж яс махандаа шингэтэл ойлгосон байдаг. Харин 20 наснаас хойш хямрал энэ тэр нь дуусаад уран зохиолд дурлагчид надад хэзээнээс нэг л “итгэлгүй” санагдаад байдаг юм. Тэд өөр юм харж уран зохиолд хайртай болдог.  


Тэгвэл ШАГДАРСҮРЭНГИЙН ХАТАНБҮҮВЭЙБААТАР-ын  хамгийн түрүүнд хайр татдаг зүйл нь ямар ч давхар санаагүй, өөрийнхөөрөө, тэрсүүдээрээ, овилгогүйгээрээ хямарч шилжиж явах насандаа уран зохиолд хайртай болсон нь. Нэг үгээр түүний яруу найргийн талаар эхэлж зайлшгүй ярих ёстой сэдэв. Тиймээс шүлгүүд нь “ХАШИР” биш. Гэнэн, цагаахан сэтгэлтэй, мөрөөдөмтгий чанартай. Заримдаа “Хүрэл тулгат” шүлэг уншихаар Хөвсгөлөөс ирсэн хөдөөний арван жилийн сурагчийн шүлэг шиг. Нэг талдаа их ухаалаг, муугүй цэцэн, ганцхан үгүүлбэрээр тодорхойлвол “хоосон гэдэг худлаа ядаж хоосноор дүүрэн” гэдэг шиг сэтгэгдэл төрүүлнэ. Сэтгэл хоосон ч дотор нь хорвоо багтдаг шиг түүний шүлгүүд анхлан уншихад тийм ч гайхалтай санагдахгүй байж болно. Эхнээс нь эхлээд 20,30 тэгээд бүх шүлгүүдийн уншаад дуусахаар ХАТАНБҮҮВЭЙБААТАРЫН “ХОРВООГ” бүхэлд нь харж болно. Энэ бол яруу найрагчийн хоёрдугаар содон чанар. Бүхэллэг байж чаддаг тал нь одоогийн яруу найрагт ховор үзэгдэл. Дүр үгүй учраас та нарын бүтээл хүнд хүрдэггүй гэж саяхан нэг ахмад яруу найрагч  айлдсан байналээ. Нэг юм анзаарсангүй, магадгүй анзаарахыг хүссэнгүй.  Одоогийн яруу найрагчид бүтээлдээ өөрсдөө “ДҮР” юм. Тэдний сэтгэл ч нэг дүр, байгаль, амьдралыг, хүмүүсийг, сансар огторгуй, сав шимийг тэр л дүрээрээ илэрхийлж байгаа юм. Энэ шинэ хандлага Ш.Хатанбүүвэйбаатарын шүлгүүдээс илүү тодорхой харагдана. Маш товчхондоо ХАТАНБҮҮВЭЙБААТАРЫН САНСАР,  ХАТАНБҮҮВЭЙБААТАРЫН АМЬДРАЛ, ХАТАНБҮҮВЭЙБААТАРЫН САВ ШИМ ЕРТӨНЦ, ХАТАНБҮҮВЭЙБААТАРЫН БАЙГАЛЬ, ХАТАНБҮҮВЭЙБААТАРЫН ДҮР түүний яруу найргийн цогц чанарыг илэрхийлж байдаг. Илбэчин эсвэл буянтан, сахиусан тэнгэр, сүмийн номлогч, эцэг, хайртай залуу, ДОН-ЖУАН, далайчин эр, нутгийн овгор, байгаль шинжээч, хувийн аж ахуйтан гэсэн нэгдэж ойртмооргүй “ДҮРҮҮД” түүний шүлгүүд дотор оршино Энэ нь сүүлийн үед миний тодорхойлоод байгаагаар түүнийг “хүүрнэл зохиолч-яруу найрагч “ гэсэн бүлэгт хамааруулж үзэхэд хүргэнэ. Зохиолчдод хоёр хэв шинж байна. Нэг нь яруу найргийн  хүчтэй суурь, сэтгэлгээгээр хүүрнэл зохиол бичигсэд. Тэднийг “яруу найрагч-хүүрнэл зохиолч” гэнэ. Харин нөгөө талд нь хүүрнэл зохиолын сэтгэлгээгээр яруу найраг бүтээгчид. Тийм яруу найрагчдын дунд ХАТАНБҮҮВЭЙ БААТАРЫН  нэрийг оруулж тооцох нь гарцаагүй.
“Гуч хүрээд л үхмээр санагдах” шүлгийг нь уншиж суухад В.Набоковийн “Театрын тухай” эссэний үхлийн тухай хэсэг санаанд орно. Ердийн үхэл, амь хорлолт, алагдах гурав бусдад үйлчлэх хүчний ямар их ялгаатайг нотолсон байдаг юм. Яагаад Набоковын эссэ санаанд орсон нь бас учиртай түүнд /Ш.Хатанбүүвэйбаатарт/ Лолита нэртэй хэд хэдэн шүлэг байналээ. Үнэхээр гуч хүрээд үхмээр санагдах нь яруу найрагчид далдаас өгөөд буй “мэдээлэл” байхыг үгүйсгэхгүй. Лолита гэдэг нэр ч санаандгүй түүний тархинд харваад ороод ирдэг байхаас буцахгүй. Шугаман ч юм уу? эсвэл шугаман бус хэлбэрээр дээрх мэдээллүүд түүний яруу найрагт илэрч байна. Сэтгэлд үе үехэн бодогдоод байдаг юм. ХАТАНБҮҮВЭЙБААТАРЫН зарим программыг жаахан өөрчилчихмөөр. Даанч түүний нүүрэмгий түрэмгий илэн далангүй, ичих булчирхайгүй юм шиг байдал нь үгүй болчихвол тэр огт бүхэллэг биш болчих юм шиг санагдана. Зарим судлаачийн бичсэнээр “...Тэгэхээр цахилгаан-соронзон мэдээллийн буюу хувь заяаны бичлэгийг цэвэрлэх, шатаах, устгах цорын ганц арга нь биологийн систем болох хүний хувьд  Дээд буюу Аръяабалын бясалгал юм байна. Хувь заяа буюу төөрөг тавилан нь үйлдлийн үр дүнгийн цахилгаан-соронзон бичлэг гэж ойлгож болох нь. Энэ бичлэгийг бид энэ насандаа үргэлжлүүлэн бичиж, улмаар энергийн шинж төлвийг өөрчилж /харамсалтай нь юу хийж буйгаа мэдэхгүйгээр/, энэ нь эргээд бидний биеийг бүрдүүпэгч олон живаа амьд эсийн удирдлага, цаашлаад үеийн үед төрөл олохын шалтгаан болж байдаг хэрэг. Энэ хууль буюу дүрмийг мэдэхгүйгээр амьдрал гээч тоглоомд оролцсоноороо хүн ихэнхдээ физик биеийг дортгоод зогсохгүй  хувь заяагаа доройтуулдаг байна. /Г.Лхагваа ”Дээд бясалгал ба хүмүүний хөгжлийн шинэ боломж” / гэх үнэн бол зарим нэг сөрөг бодлуудаа “арчиж орхихыг” түүнд зөвлөмөөр санагдана. Зөвлөгөө авахааргүй зөрүүд байж мэдэх энэ этгээд байгальд л ганцхан зөрүүдлэдэггүй болов уу? хэмээн шүлгүүдийг нь уншихад эрхгүй санагдана. Байгальд өширхөн хандагчдын цаана муу үйлийн цалам хүзүүгээр нь гогцоорч байдаг юм. Харин байгальд гүн хүндэтгэлтэй болоод нэн бишрэнгүй ханддаг хүмүүст гэгээн тунгалаг шүлэг бичих зэргийн “увдис” хайрладаг гэдэгт итгэдэг, итгэдэг учраас яруу найрагч- байгаллаг байх ёстой гэж үздэг “ҮЗЭЛ”  ХАТАНБҮҮВЭЙБААТАР-т их л багаас нь төлөвшсөн бололтой.
            

  Одоо айзам түүний шүлэгт ямар чухал хийгээд толгой холбох уламжлал ёс ямар ч падгүй тухай хэдэн өгүүлбэр хэлэх нь зөв байна. Жишээ нь ийм нэгэн шүлэг байна.
Уулс нүдэн дотор минь
Өндийж
Одод бодол төсөөлөлд минь
Түгэн гэрэлтэж
Нар алган дээрээс минь
Мандаж байхад ч
Хайр сэтгэл, тэмтэрсэн итгэлээр л
Амь зогоосоор
Амь зогоосоор байх...

Энэ шүлэг силлабик уу? эсвэл тоник уу? гэж өөрөө ч сайн ойлгодоггүй зүйлээр бусдын толгой эргүүлэхээ больё. Харин үгийн айзам холбоосууд хэрхэн эвсэлдэж шүлэг бүтээснийг анзаарна уу? Энэ шүлэг /ер нь ХАТАНБҮҮВЭЙБААТАРЫН бүх шүлгүүд / хэлбэрийн хувьд түүний зан байдал, сэтгэлийн хөдөлгөөнтэй адил санагдана. Их тогтсон үзэл санаатай, зан байдлын хувьд тогтуун шүлэгчид мөрийн тоог чанд барьсан хайрцаглал сайтай шүлэг бичдэг гэж би үздэг. Тэгвэл сэтгэлийн халил хөдөлгөөн ихтэй яруу найрагчдын шүлгүүд задгай хэлбэртэй байх нь түгээмэл. Энэ л түгээмэл  зарчмаар ХАТАНБҮҮВЭЙБААТАРЫН шүлгүүд зарим мөр нь “ҮГ ҮГҮЙ” байхаас ч сийхгүй дэндүү чөлөөт хачин задгай хэлбэртэй байна. Түүний шүлгүүд дунд зан араншингаас нь гадна тийм нэг тодорхойлогдошгүй “ЭР ГУНИГ” ямагт оршиж байдаг онцлогтой. Чухам тэр л гуниг нэг талаар цөхрөл нөгөө талаар тайтгарал, үгүй бол оволзсон баяр бахдалын алин болохыг хэлж чадахааргүй эргэлзсэн байдалд хүргэнэ. Энэ нь яруу найргийн тайлагдаагүй олон увдис чанарын нэгийг ХАТАНБҮҮВЭЙБААТАР эзэмшсэн гэсэн үг. Түүний яруу найрагт  хоёр  “СУЛ” тал бас бий. Нэг нь:
-Сэтгэлийн эмзэг гуниглуун байдлаа шүлгээ дуустал нь хадгалж чаддаггүй. Гэнэт ямар ч хэрэггүй ”дүгнэлт” эсвэл хэрэггүй “сэтгэгдэлд” хүргээд дутуу хаячихдаг явдал. Зарим шүлэг нь зүгээр “гар хурууны үзүүрээр “бичигдэнэ. Бүр гомдмоор. Харин нөгөө нь:
-Дуусчихмаар байхад л хүчээр үргэлжлүүлсэн шинжтэй. Санааширч суугаад гэнэт чангааар инээсэн хүнтэй адил огцом өөрчлөлтүүд хийнэ. Уран сайхны хувьд болох боловч утга санааны хувьд зөрчилтэй санагдахаар шүлгүүд ч бий.
  Онгод, далдын хүчинд автсан гэхээсээ өөрийнхөө дотоод зөрчилөөр бичсэн шүлгүүд энэ яруу найрагчийн бас нэгэн онцлог байдал. Зөрчилт байдал нь хүртэл цогц шинжтэй болсон нь гайхшралыг төрүүлдэг. Гагцхүү салбадай байснаас гуч хүрэлгүй үхсэн нь дээр гэж үздэг эрс хатуу бодол нь л  ямар ч “ЗӨРЧИЛГҮЙ” , ямар өрчлөлтгүй байдаг нь түүний яруу найргаас ямагт маш тодорхой мэдрэгдэнэ. Онолын хүрээнд зөрчил синергитик тогтолцоотой гэж үзвэл удахгүй яруу найрагчийн дотоод сэтгэл зүй зөв төлвөөр цэгцэрнэ гэж үзэж болох юм. Чухам хувь хүний сэтгэл зүй олон хүчин зүйлээс шалтгаалдаг гэдэг ч аяндаа төлөвшин цэгцэрдэг нь ойлгомжтой. Удаан уншвал уйлж мэдэхээр нэг шүлэг нь:
Алсран алсарсаар живэх нарны наахнаас
Аварга загас барьж байна гэж
Аавыгаа зуржээ.
Ай даа,
Амьдрал надад яасан их хайртай

гэсэн байна. Ямар ч гутрал цөхрөл энэ шүлэгт үгүй. Амьдрал өөрт нь хайртайг бүх бие сэтгэлээрээ мэдэрсэн дуу алдалт. Ийм л тогтворгүй, хөдөлгөөнт  байдал ХАТАНБҮҮВЭЙБААТАРЫН яруу найргийн хамгийн гол мөн чанар юм.  Түүний яруу найргийг бүхэллэг шинжтэй, дүр олонтой, зөрчил ихтэй, сул талтай, гэнэн сэтгэлтэй гэж олон талаас нь тодорхойллоо. Оносон эсэхдээ эргэлзэхгүй байна. Учир нь яруу найрагч нь өөрөө яг тийм учраас..
Яагаад “БҮҮВЭЙ-БҮҮ АЙ” гэж өгүүллээ нэрлэсэн минь учир шалтгаантай. Түүний шүлгүүдээс би өөрийгөө зоригтой эвдэж, шинээр эхэлж, оюун санаагаараа задарч чадахгүй байна гэсэн “АЙДАС” мэдэрч байна. Ер бусын яруу найраг бүтээх гэсэн чин эрмэлзлийг мэдэрч байна. Түүнтэй хамт тэгж чадахгүй бол яана гэсэн эр гунигийг мэдэрч байна. Гоо сайханд шунан дурласан сэтгэлийг мэдэрч байна. Гоо сайханд эгнэж тэнцэхээргүй шүлэг бичих вий гэсэн зөв ухамсар мэдрэгдэж байна. Тиймээс  нэгэнт зөв ухаарсан, зөв мэдэрсэн, зөв айсан юм чинь зөвхөн зөв сэрэхүйн шүлгүүдээ бичихээс өөр хэрэгтэй хэрэггүй илүү дутуу зүйл  бодон БҮҮВЭЙ минь БҮҮ АЙ.
                  
                                                       Зүгээр л Пүрэвхүүгийн Батхуяг
    Дэлхийн суу алдартнуудын өдөрт сууж босон, сунайж данайж бичив.

                                                                  2011-03-10

Monday, March 7, 2011

Нис Нис Нис

                                                                    My Nisvanis
            Энэ бол бидний гал халуун залуу нас юм. ”Нисванис”-ыг сонсоно гэдэг. Хөөрөлд автаад, хөөрөн нисээд, хөөс болоод хагарч байгаа ч юм шиг. Тэдний анхны тоглолт супа...
СТӨ-ний тайзан дээр машины сэгнүүд овоолж, дээр нь бөмбөрчин нь байрласан байв. Зэв идсэн бочка, авс, тайзны араас харвал яг л хогийн цэгт байна уу гэлтэй. (Энэ тайз зассан хогийг зайлуулж чадалгүй СТӨ-ий ард 4 5 жил болсон гээд бод доо).Тайзыг нь ”Ногоон морь”-ийн зураач, барималч нар зассан байлаа. ”Нисванис”-ийн анхны тоглолт өөрөө монголын тэр үеийн модернистуудын хамтын бүтээл байлаа. ”Хүрээ хөвгүүд”, ”Ногоон морь”, ”Шинэ цус хязгааргүй”. Бас арай жаахан өөр хөгжим сонсдог. Дөнгөж үсээ ургуулж буй хүүхдүүд. Хүүе тэр Үнэнхүү... 3-р сургуулийн бацаан. Хөөрхөн бацаан. Хороололд ”Rock” лангуутай Алтай. Бас ”Madness”  байна


            За ингээд саак түүх эхлийшдээ. Үнэндээ ”Нисванис”-ийг гарч иртэл, монголын ”ороохорууд” сайн дурынхан байсан юм даа. ”Харанга”, ”Никитон” хоёр арай гайгүй. Дуу нь нэг тийм улс төрийн ч юм шиг. Хэн нэгэнд таалагдах гэж бичдэг. Дуулдаг. Мангар ёс зүйтэй. Паак. Яг доллар шиг дуу дуулдаг байлаа. Бүх хүнд таалагддаг. Энэ бол үзэл санаа, итгэл үнэмшил байх ёстойг ”Нисванис” мэдрүүлж өглөө. Энийг мань мэт ганцаараа батлаад байх ч шаардлага байхгүй. Хожим ”Нисванис”-ийн төрсөн өдрийн тоглолт байна шүү. ”Амазон”-д нэг болдгийн. Үндэсний үзэлтнүүд, рокерууд, оюутан, төрийн албан хаагч, ”Болор цом”-тон хүртэл гашуун утаа сорж, галтай ус залгилангаа, сэгсгэр, мулзан, халимаг, үхэр долоосон юм шиг гялалзтал тосолсон үсээ байна шүү сэгсчиж, байж ядсандаа бие биенээ түлхэж, харахад зодолдоод байгаа ч юм шиг, зохицоод байгаа ч юм шиг тийм хөдөлгөөн хийж, паак паак юм болж байгааг хараад, олон хүн ”Нисванис” ”чаджээ” гэдэг хоёрхон үгийг хэлж байлаа. 
 
Ингэхэд ”Нисванис” яагаад байгуулагдчих ваа. Шаазгай суухын тул заавал овоо хэрэгтэй. Монголын ”ороох боох”-д цөөхөн хэдэн заламгайтай нөхдүүд байлаа. Одоо ч байгаа. Нэг тийм дуулдаг болохын тулд заавал нэг нөхрөөр ”адислуулж” байж мэндэлдэг байв. Харин ”Нисванис”-т ”Аяга архи, ширхэг тамхины ч зарлага гаргах хэрэггүй байлаа. Хорвоо ертөнцийг өөрчлөхийг хүрч яарсандаа дандаа гүйж явдаг, ганц ч цэрэггүй фронт командлагч Б.Галсансүх олоод очжээ. Тэр үед од мод тод олны танил нь нь л Байзда байлаа ш дээ. За тэгээд Байзда бол ядаж ”хуушуур”-ны мөнгөтэй байсан бол, хуушуурны ч мөнгө байхгүй, гөөхийний ч мөнгө байхгүй, хатсан боорцог халаасандаа нууж байгаад торжигнотол зажилж зажилж горойлгоод, араас нь 100-ийн ундааг ухаан мэдрэлгүй залгилдаг нөхдүүд л байгууллаа шүү дээ. За тэгээд шүлсээрээ унд хийж, шүдний махаараа хоол хийж, алтернатив урлагийг хөгжүүллээ шүү дээ. Найз нар минь үнэхээр ихийг үзсэн мэдээж хэрэг, Амгаа тэр тухайгаа хангалттай бичсэн гэж найдаж байна.
Найз нартаа ганцхан юманд нь харамсч бас баярладаг юм. Монголд төрсөнд нь харамсаж, бас Монголд төрсөнд нь баярладаг.
            Хэрвээ USA-д төрсөн бол тэд зүгээр л ”шаах”-ууд. Тэрбумтан байх байлаа. Хальт мөрөөдөхөд Холливуд-д шампанск, виски, текиллагаар дүүргэсэн онгоцонд ээлжлэн орсон шиг ээ. Охидууд үүлэнд богоон богооноороо оочирлочихсон үнэн паааааак амьдрах байлаа. Монголд төрсөн учраас л дуулахынхаа хажуугаар DJ хийж, G хороололд худаг дээр усанд оочирлож амьдарсан. Энэ яах вэ? Бодит амьдрал. Хэрвээ тэд Монголд төрөөгүй бол Үндсэн хуулиас уншаад ч ойлгодоггүй эрх чөлөөг бид мэдрэхгүй байх байлаа. Ер нь хэн ч ирж мэдрүүлэх ёстой байсийн. Тийм учраас та нартаа баярладгийм. Амгаа хааяа маниуст гомддогийн. ”Та нар нэг хүүхэд төрүүлчихээд Гандангийн хүрдэн дээр хаяад явчихсан. Ядахдаа олигтойхон шүлэг ч бичээд өгчихгүй гэж”... Паак ”жинхэнэ ороохор” хүн шүлгээ өөрөө бичиж, өөрөө хөгжмөө хийдэг. Чи тийм болсон. Чи чадсан паак. Балхаагийн дууг дуулмаар байна уу? Бэгваатараар пордүсэр хийлгэж, ”ийм сайхан нэрээ жимс хүнсний ногоо”-оор нэрлэмээр байгаа юм уу? Маниусын хувьд ”нисванистсан нисванис” дууг нь сонсоод, үхэн үхтлээ амьдраад үхэх л сайхан. Паак гэж...
                                                                                         
  
 Түмэн хүний дунд
Түүртэн явахад
Түлхэлцэн мөргөлдөөд
Түс хийтэл унахад
Түсхийтэл уначихаад байхад л
Түмэн хүн огт анзаарахгүй
Түрээд, дэвслээд
Түй гэж нулимаад
Түрхэрэн одно
Түмэн хүн
Түмэн хүнийхээ дунд
Төөрч будилсаар одно
Миний шоргоолжны үүрэнд
Нисванисийн дуу... паак гэж
                                                                                            Хүндэтгэн ёсолсон
           Хүрээ хөвгүүн Савка 


Sunday, March 6, 2011

Зүүд зэрэглээ мэт хоосон эмэгтэй
















Зүүд зэрэглээ мэт хоосон эмэгтэй
Зүрх сэтгэлд минь аяархан уйлдаг
Их нүүдлийн бараа тоосрох шиг
Ирмүүн гуниг нь далай болж цогшидог
Цогшсон их улангасал нь
Цоож цуургагүй ч
Далавчаа дэвж
Дээш шунгах хүсэлтэй
Зүүд зэрэглээ мэт хоосон эмэгтэй
Зүүдэнд минь ирж зөөлхөн санаа алддаг
Хүсэл бол хязгааргүй гэдэг шиг
Хөхүүн цолгион инээд нь

Хөгжим мэт шуранхайлж
Хөндүүр гэгээн амьдралд хүч түрдэг
Зүүд зэрэглээ мэт хоосон эмэгтэй
Зөөлхөн тогшсоор зүрхэнд урцаа засдаг

                                      2010.01.20 Улаанбаатар их дэлгүүр Зураач Ц.Болор

Thursday, February 24, 2011


Үргэлж тэнгэр ширтдэг
Тас хар нүдэнд чинь
Үйрэн гоожих элс шиг
Тунгалаг нулимсыг олж харахсан

...Гүн цүнхээл мэт нууцлаг
Зүрхний чинь сулхан цохилтонд
Гүц дүүрэн сархад амтлаад
Зүүрмэг төдий унтахсан
Нүдний өмнө эрээлжлэх
Олон олон солонгон дундаас
Надаас ангид гэрлэн бүрхүүлээ
Огт өөрөөр цацраах
Чиний дэргэд би омог бардам
...
Солгой сондгой хоолойнууд
Нэгэн зэргээр түрхрэн давалгааллаач
Сониуч дэвэргэн занг минь
Нүднийхээ ганцхан анивчаагаар зогсоодог
Чиний дэргэд би ердийнхөөсөө даруу

Өөрийгөө хүчлээд ч хүрч чадашгүй
Уруулын чинь дээд болон доод давхрыг
Өнгө төгөлдрөөр цэв цэнхэр болтол озох
Ув улаан сэтгэл байвч
Чиний дэргэд би зүүдэлхээс цаашгүй

Tuesday, February 22, 2011

Хээнцэр салхисын хөх долгис
Дураар мандах нарны элчийг үгүйсгэж
Хөөсрөх их давалгаат тэнгисийн мандал
Дотогш анирлах мэт чимээгүй шуугиад
Сарны нимгэн бүсэлхий гэрлийн тусгалыг
Хэмжээлшгүйн үгүйсгэлд багтаахад
Сэрүүн зүүдний аниргүйгээс
Хамаг бүгдийг тодоор зураглахад
Үүлсийн их бөөгнөрөл
Далавчлах шувуудын хүсэлд мансуураад
Үнэгчлэх цагийн дэнсэнд
Давчуу сэтгэл бадархад


 
Зүрхний минь үл мэдэгхэн хөндүүрлэл
Цаг хугацаанд гоморхож
Зөөлөн мэгших хөг аялгуу нь
Цасны будраанд бүжиглэхэд
Саруул их уулсын бүүр түүрхэн амьсгал
Санаандгүй үзгэнд минь шингэхэд
Будангуй мананд бодол төөрнө

Thursday, February 17, 2011

Дүүдээ

1.
Зурж чадахгүй ч
Дүрийг чинь марталгүй
Зүрхэндээ хоногшуулж
Үзгээ хурцлаад шүлэг болгож чадна
2.
Будаж хаана нь
Ямар өнгө холихоо мэдэхгүй ч
Дэвтрээ дэлгээд л
Амь оруулж чадна
3.
Төгс төгөлдрийг чинь
Дэндүү ихээр мэдэрдэг ч
Амьдрах энэ насандаа
Бичиж дуурссаар байгаад
Тэнгэр өөд нисгэж чадна

Sunday, February 13, 2011

Цас бороо

Чамтай л харсан цас
Жинхэнэ цас байсан
Жигүүртэй цас байсан
Тэрнээс хойш
Тийм цас ороогүй
Ороогүй гэж бодлогоширсон
Ой дурдтгалыг минь тойрон
Одоо ч цас бударсаар л байна
Чамтай л норсон бороо 
    Жинэхэнэ бороо байсан
         Жигүүртэй бороо байсан  
Тэрнээс хойш  
Тийм бороо ороогүй 
            Ороогүй гэж бодлогоширсон 
          Ой дурдтгалыг минь тойрон 
                                                               Одоо ч бороо орсоор л байна
                                         

Thursday, February 3, 2011

ХаРаНхУйН АнТр


 Тэр түр зурын бас өнгөцхөн зүйлд огтоос дургуй. Тийм ч учраас түүний тухай өнгөцхөн түвшнээс авч одоохондоо бол ярьж чадахгүй ээ. Зүгээр л өөрийнх нь ертөнцөд оюуныхаа гэрлийн тусгалыг нэг асаагаад ороод үз. Харанхуйд нуугдсан сүүдэр буюу жинхэнэ мэдрэмж төсөөлөлдөө тэр хамгаас эрх чөлөөтэй нь бас хамгаас үнэтэй нь. Миний мэдэх зүйл зөвхөн энэ. Илүү дэлгэрэнгүй мэдээ материалыг он цагийн хуанлинаас олж авсныхаа дараа би бүрэн амаа нээнээ. 
Тэр цагт харин Э.Байгалийн ертөнцийг илүү тод томруун харааны шилээр сувгаа солилгүй  уншин саатаарай ........








Гэрэлт Кунт
Бүрэнхий болоход 30 минут л дутуу байгаа бололтой. Нар чимээгүйхэн гунигтайгаар туяа гэрлээрээ даллана. Үзэсгэлэнт нар минь... гэж бодох зуур салхи сэвэлзэх нь шөнө бороо орохыг сануулна. Бүрэнхий болохоос урьтаж хурдан хурдан алхасаар...чимээгүйхэн гудамжаар явтал, өөдөөс гэнэт нэгэн залуу гарч ирэв. Айсандаа гүйх шахам гэрлүүгээ гүйн оров.








Харанхуйн Антр
Гар гэж нэрлэгдэх болохоос биш яг ямар гэдгийг сайн санахгүй байлаа. Ямар ч л байсан нарийнхан таван мөчиртэй. Түүгээр дээш толгойн дахь урт зөөлхөн зүйлийг самнах үед  хэн нэгэн чангаар санаа алдах шиг сэрүү татаад бага зэрэг юм нөмөрмөөр санагдав. Магадгүй томоос том хүмүүс уйлах байх. Дусал бүр нь намайг норгоно. Даанч минийх шиг давстай биш. Санаандгүй саяхан амталж үзсэн. Хоёр гараа дээш өргөөд хоол ордог орон зайг нээсэн. Яг л ус шиг амттай...гэж бодсоор тэмтчин алхана. Гудамж чимээгүй байсан. Гэтэл гэнэт хэн нэгний үнэр бас алхаа... Явах чигээ бага зэрэг өөрчлөөд үнэрийг нь анхааралтай анхилна. Яг л цасны чимээ хөлд сонсогдохоо болих цагаар агаарт түгэх үнэр мэт...тийм тансаг. Тэгээд  маш удаанаар хөлөө зөөгөөд л... Чингэтэл  нөгөө таван мөчирний хамгийн жижиг чигчийг өөр хэн нэгний гар барьж аваад тавихгүй байлаа. Гайхаад юу ч хэлж амжаагүй байв.
Хавар
-    Арай л гэж ямар нэг юмнаас чинь барьж чадлаа. Ганц л алхасан бол бороо шиг үнэртэй чамайг алдах байж гээд сайхан санагдах үед гаргадаг авиаг гарав.
Тэр нэгэн хаврын бороотой үдшээс  хойш би түүний зүрхэнд дуслах бороо харин тэр миний сэтгэлийн хавар болсон юм. Тэр бидний нэгэн адил харанхуй Антрынх. Тэдний гэрийн үүднээс манай гэрийн хаалга хүртэл яг 819 алхам. Олон удаа явж туршиж үзсэн. Харин тэр гэрээсээ 519 би гэрээсээ 300 алхахад зөвхөн бидний бяцхан сандал бий. Тэгээд бид зүүдээ зүүдлээд дуусмагц тэндээ уулзаж байхаар тохирсон юм. Нэгэн зүүдний дараа нөмрөгөө нөмрөөд гарлаа.  Хөлөө газар гишгэх тоолонд л чамайгаа бодон бодон аниргүй дотроо тоолно.
Гэтэл гэнэт хүйтэн нулимс том томоор хамаг бие чийг хөврүүлээд л хаа сайгүй...
230 цаана нь 70хан алхам шүү дээ гэж бодоод л алхаад л байлаа. Гэхдээ төөрчихвөл яанаа гэсэн айдас толгой өшиглөнө. Гэтэл гэнэт хэн нэгэн гараас минь татаад
-    Би чиний үнэрийг хэзээ ч алдахгүй
гээд
Яг анхных шиг...
Энэ байдлыг томоос том хүмүүс хараад уярав бололтой. Зөөлхөн уйлж эхлэлээ. Зөөлнөөр норгоно.  Гараараа энэ тэнд тэмтчин хамрыг нь олоод өлмийгөө өргөөд хамгийн сайхан зүйлийг, хамгийн сайхан үнэрийг олсондоо баярлан хамрын үзүүрээ наав. Тэр жаргалтайгаар мишээж байна. Мэдрэгдэж байна. Миний уруул түүний уруулыг мэдэрч байна.
Анхны үнсэлт...
 БИ ЧАМАЙГ ТАВИХГҮЙ  гэж гарт минь хэлэхэд аль хэдийн 800 алхам болжээ. Гэрт минь оруулж өгөөд буцаад л яваад өгөх чамайг зүүдлэнэ гээд бодох зуур
Ээж
-    Миний охион!
Гээд өрөөнд ороод ирэв. Тэгээд
-    Цаг чинь ирлээ
-    Юун цаг
гэхэд
-    Мэдрэх биш харах цаг
-    Харах аа!
-    Тийм ээ харах
-    Цаг нь ирэхээр ойлгох болно. Бүх зүйл өөрийн гэсэн мэдрэмжийн агууламж, хэлбэртэй.
-    Мэдрэмжийн агууламж аа?
-    Тиймээ. Чиний мэдэрдэг бүхэн тогтсон хэлбэр, өнгөтэй чиний мэдэрсэн болгон хүн бүрт яг чамд мэдрэгдсэн шиг биш.
-    Би ч гэсэн үү?
-    Тийм ээ.
-    Тэгэээд яагаад заавал одоо гэж?
-    Учир нь миний охин 23 хүрлээ.
-    Яагаад 23 гэж?
-    Энэ бол Антр хотынхны жам
-    Та тэгвэл хардаг байх...
-    Тэгэлгүй яахав...
Ойлгохыг хичээсэн боловч ямар ч төсөөлөл алга. Энэ өдрөөс хойш зуун өдөр өнгөрөв. Зүүдээ зүүдлээд сэрлээ. Хүрж мэдэрдэг зүйлс минь амилсан  юм шиг өөр газар ирсэн мэт болов. Сандарсандаа
-    Ээж ээ! Энэ юу болоод байнаа?
гэж асуухад. Миний сайхан зүйлийг мэдрэх үед гаргадаг зүйлийг хөдөлгөөнд оруулан инээмсэглэнгээ
-    Миний охин харж л байна шүү дээ.
Баярлах гайхах зэрэгцэн би хэн болохоо харахыг хүсэхэд тойрог  хэлбэртэй зүйлийг гарт минь бариулаад
-    Хар даа!
Гэхэд энэ бүх шинэ зүйлсийг мэдэрч байгаа эрхтэн минь том бас эргэн тойрон бүгд ямар нэгэн зүйлээр хүрээлэгджээ. Хайрыг мэдрэгч хамар минь бид хоёр шиг хоёр салаа нүхтэй ажээ. Харж буй энэ нүд минь хамартай минь адил түүнийг минь хайрлаасай гэж хүсэв. Зүүднээсээ сэрээд нэлээн уджээ. Хайрт минь хүлээж байгаа гэж бодоод анх удаагаа хурднаас хурдан гүйж үзлээ. Замдаа  чимээгүйхэн 300 тоолоод эргэн тойрноо харвал өнгө муутайхан газар нэг хүн сууж байлаа. Дөхөж очоод юу ч хэлж амжаагүй байтал
-    Чи зүгээр үү? Гээд инээмсэглээд хацрыг минь үнслээ.
-    Зүгээр ээ
Түүнийг харсан анхны сэтгэгдэл яг л чиний үнэр шиг байлаа. Чиний тансаг үнэр хайрт минь...
Би чамайг тэр өдөр ХАРСАН бол хэзээ ч тэр “үзэсгэлэнт” сандал, бороо, үнсэлт, үнэр, бас сэтгэл зүрхэнд чинь ингэтлээ дурлахгүй л байх байсан...
Чи минь 23 хүрэхэд яг 819 хоног үлджээ...



                                                                                   Э.Байгаль