Friday, September 23, 2011

ХУРД



ХУРД
/эссэ/        
Хурд ердөө физик хэмжигдэхүүн гэж ойлгогдохоо болиод уджээ. Учир нь хурдны хязгаарт хүрэх гэсэн хүн төрөлхтөний мөрөөдөл хэзээ ч биелэхгүй. Яагаад гэвэл хурданд тийм тогтмол хязгаар үгүй санагдана. Нэг үгээр хурдлаад байвал хурдлаад л байна гэсэн үг. Одоогоор дэлхийн хамгийн хурдан хүн Усаин Болдийн 100 метрт үзүүлсэн амжилтуудыг мөдхөн Лондонгийн олимпиаар хэн нэгэн Африк эвдэх нь тодорхой. 
  Гэхдээ бүх зүйл нэг хачин ХУРДАНД шилжиж буй гэдэгтэй би санал нийлдэг. Хорьдугаар зууны 80-аад онд одоо миний таньдаг бүх дүү нар нэг ой хүрчихээд хөвөнтэй өлгийндөө хэвтэж байлаа. Гэтэл энэ зууны хүүхдүүд төрөөд нэг сар хүрэв үү үгүй юу? хөл гар сарвалзуулаад хөвөнтэй өлгийгөө одооны хүмүүсийн хэлдэгээр “жийж” орхих юм. Нэг сартай инээмсэглэх, ход ход элэглэх, зурагт үзэх, аав ээжийгээ таниад өмөлзөх бол тэдний хувьд хэзээний сурчихсан эрдэм. Юунд ч юм яараад байгаа юм шиг. Тэд гурав дөрвөн насандаа хөөрхий бидний үеийнххний найм ес хүрээд ойлгож байсан байгаль хийгээд амьдралын тухай бүх төсөөлөл мэдлэгийг олоод авчихсан байх юм. Хэн ч заагаагүй байхад  тав зургаан настай хүүхдүүд интернет ертөнцөд дураараа сэлгүүцэж байна. Энэ хурд ямар учиртай ХУРД вэ? гэх бодол надад үе үехэн төрнө. Сайны хурд муугийн хурд уу? Зул бадамлахын өмнө тодордог шиг хүн... гэх гунигт бодлыг ч төрүүлнэ. 
 Харин уран зохиолд өнөөх хурд илт мэдэгдэх боллоо. Газрын эзэн Л.Толстой шиг арван хэдэн жил нэг роман бичиж байгаа зохиолчыг одоо дэлхийн хаанаас ч олохгүй. Сүүлийн үед хоёр жил бичсэн роман бараг он удаан жил бичсэн зохиолд тооцогдохоор хурд уран зохиолд үйлчилж байна. Тэгээд ч 19-р зууны роман гэдэг ойлголт энэ цагт огт өөр болсонтой санал нийлэх шаардлагатай. Гэхдээ л роман бол роман шүү дээ? 
   

 Өөр нэг хурдыг анзаарахгүй өнгөрөх аргагүй болжээ. Цаг хугацаа. Эсвэл би зөвхөн мэдрэмжиндээ хэт захирагдаад байж ч болох юм. Миний насны ихэнх хүмүүс долоо хоног ямар хурдан өнгөрч байна вэ? хэмээн дуу алдах нь олонтоо. Тэдний хэлдгээр долоо хоногт хоёрхон өдөр байх болсон гэнэ. Даваа... Ням. Нуулгүй хэлэхэд надад ч бас ийм мэдрэмж төрөх болсон. Цаг хугацааны ойлгомжгүй хурд, өндөр давтамжтай амьдралын хэмнэл хоёрт захирагдаад олон сайхан зүйлийн дэргэдүүр жишим ч үгүй өнгөрч байгаа мэт санагдах болжээ. Байгаа мэт ч юу байхав. Үнэхээр олон сайхан зүйлийн дэргэдүүр анзаарах сөхөөгүй амьдарч явна. Нэг л мэдэхэд цас нэвсийтэл дарж, салхины хүчинд гарсан цасан угалзуудыг харах ч үгүй гишгэлэн, юунд ч юм бэ? яарч одно. Нэг л мэдэхэд өвс ногоо ширэлдэн ургаж, хаврын урьхан салхинд байгалийн өөрчлөлтийг харах сөхөөгүй амьдралын буулганд зүтгэнэ.  Үнэндээ энэ их хурд таатай сайхан санагдахгүй л байна. 
Монгол яруу найрагт 20-иод жилийн өмнө найраглал гэдэг лут төрөл байлаа. Уянгын найраглал, туульсийн найраглал, бүр түүхэн найраглал гээд төрөл зүйлийн хувьд хөгжиж байлаа. Яагаад дандаа өнгөрсөн цаг дээр бичээд байгааг минь ойлгоорой. Учир одоо манай яруу найрагт найраглал бичнэ гээд тонгойж суух тийм хоцрогдсон яруу найрагч үлдсэнгүй. Уучлаарай хоцрогдсон гэдэг үгийг битгий эмзэг хүлээж аваарай. Үнэн байдал минь энэ юм даа? Үнэхээр богино шүлэг одоо бороо шиг асгарч байна. Өнөөх “Болор                                   

цом”-ын тайзан дээрээс хүн амьтан залхтал уншдаг олон мөр шүлгүүд ч онц сонирхолгүй болжээ. Залуу шүлэгчид ердөө 10-14 мөр л шүлэг бичих болов. Энэ юутай холбоотой ямар үзэгдэл вэ?
Өнөөх гайхал хурд... Одоо олон мөр шүлгийг тогтож уншаад цагаа алдах боломж ямар ч насны хүнд үлдсэнгүй. Тэр тусмаа залуу хүнд. Яруу найрагт хурд яаж нөлөөлж буйг энэ жишээ харуулаад байгаа ч юм шиг. Агшин зуурын сэрэл, мэдрэмж, гоо сайхны таашаал. Энэ цагийн яруу найргийн хурд... Өөр үг олдсонгүй.

Японд боловсрол эзэмшсэн найз минь ийм нэгэн түүх өгүүлсэн удаатай. Токиогийн гадаад хэлний дээд сургуулийн оюутны байранд монгол япон хоёр оюутан хамт амьдарч байжээ. Хоюулаа ханиад хүрч гэнэ. Монгол оюутан бие тааруу тэр өдөр хичээл таслахаар шийджээ. Харин өндөр хэмээр халуурсандаа бөндөгнөтөл чичирсэн Япон оюунтан босоод хичээлдээ явжээ. Өдөр нь биеэ үл хайхран эрдэм номонд шамдагч Япон оюутнаас эрүүл мэндээ хайрлан хамгаалагч Монгол оюутан: -Чи юунд хичээлдээ явав. Бие чинь тийм муу байхад гэж асуужээ. Хариуд өнөөх Япон: -Хэрэв би нэг өдрийн хичээл тасалвал бүтэн сар нөхөж гүйцэх гэж зовох болно. Тиймээс үхчихээгүй бол хичээлдээ явахаас өөр аргагүй гэж хариулжээ. Аймаар бүр айдас хүрмээр хурд тэнд ноёлож байна гэсэн үг. Ганцхан өдрийн хичээл таслахад л  ХУРД  чамайг хүлээхгүй, тоосроод л алга болох нь. Ямар аймаар юм бэ? Одохондоо бид тийм ХУРДАНД автчихаагүй байгаа ч олон зүйл дэр хурдлаж эхлээд байгааг анзаарч байна.
 Өнгөрсөн жил уран зохиолын багш болох нэн сонирхолтой хэдэн хүүхдийг сонгон авч хичээл зааасан ухаантай. Би тэдэнд ХХ зууны арай дээр Монгол романуудыг унших даалгавар өгсөн юм. Эцэст нь тэдний нэг нь ч тэр романуудыг минь уншсангүй. Учрыг нь асуувал тэд үнэнээ л надад хэлсэн юм. 
-Эхлээд зузааныг нь хараад айсан.
-Дараа нь уншаад шууд нойр хүрсэн. Нойронд их сайн үйлчилдэг юм билээ.
-Тийм их цаг зав байсангүй. 
  Гэтэл шавь нар минь бааранд хэдэн цагаар ч хамаагүй бүжиглэж чаддаг. Гэхдээ бааранд хэдэн цагаар ч хамаагүй бүжиглэдэгт биш өнөөх романуудад л хамаг учир байна гэж үзээд бүгдэд нь сайн дүн тавиад өгчихсөн. Дүн бол яахав дээ? Хэдэн тоо л юм шүү дээ?
 Харин дараа нь өнөөх романуудаа өнөөх гайхал хурд багатай байсан цаг үед бичигдсэнийг гэнэт ойлгосон юм. Үнэндээ хурдтай холбоотой ганцхан зүйлийг би огт ойлгоогүй. Физик биеийн үзүүлэх хурднаас оюун санааны хурд илүү болов уу?
   Өндөр гэгээний номын багшийн бие лагшин гэнэт мууджээ. Тэгээд хэдэн шавийн хамт Түвд орноо залрах болсон гэгээнтэн шавь нартаа хандаж:-За би их яаруу явах ёстой. Та нарын урд гараад давхина. Зөвхөн миний морины тоосыг л хараад яваарай. Өөр зүйлд анхаарлаа хандуулж саатаж болохгүй шүү гэжээ. Тэгээд л давхиж гэнэ. Гэтэл нэг шавийнх нь морь шээх гээд зогсчихжээ. Өнөөх шавь нь  багшийнхаа болоод бусдынхаа тэнгэрт тулах тоосыг хараад л хоцорчээ. Араас нь хичнээн хурдлаад барааг нь олж хараагүй aлдсан ажээ. 
Өндөр гэгээн багшдаа өдөртөө л очоод золгожээ. Итгэхэд бэрх ч үнэн л гэдэг юм даа?  Монгол Түвд хоёрын хоорондох хэдэн бээр газрыг ердөө нэг өдөрт туулсан хэрэг. Тэр цагаас хойш олуул яваа Монголчууд морио шээхээр зогсоход дөрөөгөө хангинуулж чимээ өгдөг  болсон гэдэг.
  Энэ ямар гээч ХУРД вэ? Одоо бидний амьдралыг авч яваад байгаа ХУРД ч мөн адил ямар хурд вэ? Онолын ойлголтоор харьцангуй хурд уу? эсвэл гипер хурд уу?
                   Ёстой мэдэх юм алга. Гэхдээ ХУРДАЛСААР байна.

6 comments:

  1. Нэгэн хэмийн хурдаар нэгд нэгэнгүй уншив....

    ReplyDelete
  2. Хурд бол гайхалтай. Тийм хөгжим бүр ч гайхалтай. Удааширсан, зунгааралдсан цаг үеүдийн минь мөсөн бүрхүүлийг татах хүчнээс гарах гэж буй хөлөг шиг зад цохидогт би итгэдэг хэвээр

    ReplyDelete
  3. kke chi neg MUIS-iin utga zoxioliin negdel deer orj irexdee ooriigoo tanilchuulj baihdaa my xoch bol xurd gj xelj baisnaa sanaj baina uu

    ReplyDelete
  4. саналгүй яахав. Хоё гэхээсээ илүү өөрийгөө илэрхийлэх зүйлээ гэж хэлсэн л дээ хө

    ReplyDelete
  5. aan teriig chinech bas oi uhaaniihaa dursamjiin kadar deer pasteljixsan l daa manina

    ReplyDelete
  6. нэг тийм, юу гэж хэлэхийг нь мэдэхгүй айдас өдөр бүр мэдрэгддэг байсан юм байна. Харин юу гэдгийг нь мэдэхгүй байсан. Одоо л ойлголоо. Хурднаас айдаг юм байна.

    ReplyDelete