Tuesday, January 31, 2012

СОДОН

Түүний ертөнц үнэхээр сонин.Ихэмсэг ч юм шиг. Эсвэл гүндээ ил нууцгүй зөвхөн хөвөөн дээрээ нууц нь эл байж байдаг нарны гэрэлтэй сувд шиг. Тулж ярилцхад хэсэг зуур хамтдаа байхад би лав түүнээс асар их амар амгаланг өөртөө мэдэрдэг. Бас эргэн тойрноосоо. Үл бүдэгхэн харцтай, үсээ байнга боож доошоо харсан, ямар нэгэн зүйлийг байнга эргэцүүлж бодсон, түүндээ бүүр гүн зовнингуйгаар сэтгэлээ чагнаж алхдаг түүнтэй "Их сургуулийн хичээлийн 2-р байрны 3-н давхарт хаа нэг л таарна. Харин дугуйлан дээр бол юу ч дуугарахгүй, дуустал нь суухгүй. Зарим үед шүлэг уншиж дуусаад эргэн тойрноо хархад тэр чимээгүйхэн гараад л явчихсан байх жишээтэй. Сүүлд түүнтэй хоёрын урд талын "Сайхан" кафед хэсэг зуур уран бүтээл ярилцаж суусан юм. Тэгээд хэн хэндээ шүлэг уншицгаав.

Бороо орж байна. Дээвэр товших бороо ямар нэгэн сонет тоглоод...
( Тэмдэглэлээс )

                                                            Их хот уйтгарт дарагдан дүнсийж,
Нойтон үүлс өлмийд унана
Энд би ганцаардаж чадахаа мэдрэвч,
Эргэн тойронд нэг л зүйл дутна

Уйтгарлах юун, энэ аяз зогсчихвол
Урьдынхаараа л амьдрал дахиад үргэлжилнэ.
Ахиад  шинээр дурлахад хуучин дурлал мартагдана
Алган дээр минь бороо дусахад нулимс гэж бодно.

Зэлүүд чулуун гудамнаа танил дурсамжаа бэдрэхүй
Жигтэй аяз дуурьсах нь эргэн тойронд бороо...
Гутлаа товшоод алхахад сэтгэл нэг л хоосон...
Гудамж туучих чимээ,                                  
         солонгорох дэнлүүний гэрлээс
Гуниг яагаад сонсдохгүй байна вэ?....
Түүний шүлгүүдээс эмзэглэл, хэлж чадахгүй мөртлөө хоолойнд тээгэлчхээд буцаад зангирах нулимс шиг гашуун ааг
 амтагдана.
Уруулд чинь тодрох инээмсэглэлийн
Нууцыг тайлахсан
Ямар нэг зүйл тэнд байна
Ус дуслах мэт, аниргүй гүн дэх чимээг
Би зүрхээрээ сонсном...
Чиний зүгээс
Үнэн болоод мөнхийн
Гоо сайхныг эрэлхийлж
Чив чимээгүй
Ертөнцийн дунд
Лаа мэт бөхнөм..
Уруул бас инээмсэглэлийн
Нууцийг тайлахсан
Ямар нэг зүйл тэнд байна
Утга учир, гэрэл гэгээ
Энэ л агшинд нуугднам...


Мөн түүний давалгаат сэтгэлийн эрэг дээр аялахдаа миний бие хэсэгхэн ч гэсэн нөгөөх л амгалан тайванд автдаг гэхүү дээ.

  Аяганд тунарах кофе, нэг л дотно үнэр
Анивчих шөнийн одод, наймдугаар сарын тэнгэр
Ийм шөнийн тэнгэр лүү ширтэхэд сэтгэл нэг л хачин болдог
Инээмсэглэмээр, зөөлхөнөөр ширээ тогшмоор, чимээгүй санаа алдмаар...
Чичирхийлэх зүрхнээс ямархан хөг гардаг вэ....
Цаад гудамны булан, бүрэнхийд уусах хүмүүс
Цаг хугацааны дундуур нэвт гараад явчих шиг
Урсан одох хэмнэлд урсан одох л хүмүүс
Уйтгар төрөвч харамсаж л чадахгүй нь...


Thursday, January 26, 2012

20-н насандаа зориулав

Хөрстийн амьдралд хөл алдсан
Хөлчүүхэн зүрхний минь тольтон дээгүүр
Шувууны сvvдэр шиг дайраад өнгөрсөн
Шунхан улаан залуу нас мину!
                                                     Р.Чойном

                                                                   Аяа хорин нас минь чи надад
                                                                  Амар сайхан даа жаргахаас өмнө хэлээч
                                                                 Хэний төлөө энэ жаахан зүрхээ
                                                                Хэсэг бусагхан цохилуулсан юм бэ?
                                                                                               "Өврийн дэвтэрээс"

Чиглэн ирэх уйтгар гуниг хийгээд
Залуу настай минь мөнхөд эрхлэх үхлийг
Чиний мөрөөдөлтэй цуг өврийнхөө дэвтэрт тэмдэглэж алхахад
Зэрэгцэн дагах сүүдэрт минь аз жаргал нуугднам

Оршин тогтносон тэр л гэрэлт ертөнцөд
Хорин нас минь туйлын ихээр хорогдож
Оргилуун дэврүүн хүслээ дарах биш үгдрээх гэж
Хорвоо ертөнцөөс юуг ч юм эрэн бидэрнэ

Гэвч хэлэх хүн нэгээхэн ч үгүй амьдралд
Оюун ухаан дахь цас лавссан ойдоо түлээ хагалж
Гэмшиж ёолсон моддын эмзэглэм дууг
Огт сонсоогүй мэт зуухандаа чигжиж
Шатах чимээнээс нь өр эмтлэм нулимс урсаж байгааг
Тунгаан сэхээрэх төдийдөөл, шүлгийн дэвтэрээ дэлгэж
Шав шаргал талын дунд ганцаар зүүрмэглэх гөрөөсний
Тунгалаг хар нүдэнд гэрэлтсэн сарны хэлтэрхийгээс
Нэгэн мичидийн харвалдах чимээ тодорч буйг
Лугшин цохилох зүрхнийхээ хэмнэлд тэнцүүлж, тооно тушхад
Насанд минь ахадсан их ачааг үүрүүлсэн бурхны мэлмий
Лааны гэрэлд тодрон үзэгдээд аяархан унтархад
Өмнөөс угтан мишээх нарны гэрэл адил
Урт удаан үргэлжилсэн хорин нас минь
Өдгөө чи надаас юу ч нэхэмжлэлгүй
Улиран одсоор, алсран жингүйдсээр жаргалаа даа.

      УБ-хот 2012.01.26 20-н насандаа зориулж Их сургуулийн 2-р байрны гурван давхарт               3-н бурхны өмнө гав ганцаараа бичиглэж суунгаа 30-н насаа бас төсөөлвэй? Шүлэг бичдэг баруун гарын таван хуруу шиг тавхан хоногийн дараа жаргах гэрэл гэгээтэй 20-н нас минь чамд туйлын ихээр хорогдох гэмшингүй их хүсэл байна.........

Friday, January 20, 2012

Үл мэдэгдэх


Үл мэдэгдэх
Далайн түрлэг шиг
Үс чинь салхинд намилзхад
Дарвуулаа гэсээр сэтгэл доторх эд эс минь хашгирдаг

Чиний гишгэлэн яваа цардмал замын дор хөглөрөх
Олон навчис хийгээд тоосонцрууд
Чамайг өмчлөн авах хүслийг минь тээсээр
Огторгуйн аль нэг хэсэг рүү хөөрөн оддог

Нэг л аргадангуй хэрнээ ихэмсэгхэн ширтэх
Ер бусын гүн шөнө нүдэнд чинь төөрсөөр
Ертөнцийн төгсгөлийг харах хүсэл
Намайг өглөө сэрснээс хойш зовоож эхэллээ

Тэгээд бүр болгоомжлонгуй
Алс хэтийн бүүдгэр манан дунд өөрийгөө нуусан ч
Араас хэн нэгэн дагаад байгаа гутлын чимээ сонсогдоод
Тэртээд л асаж унтрах гэрэлтэй цонхны зүг алхуулж байна

Оройтохгүй л бол амгалан тайван гэгч бодлогоширсон
Зүүрмэглэнгүй цаг хугацааг ширтэсхийж нэг гуниад
Очих газрынхаа зүг бүрээс чиний явсан жим хаана байгааг сураглаж
Зорчисон газар бүхнээсээ чамд зориулж ямар нэгэн зүйлийг худалдан авч

Түүнийгээ хайр гэж бодоход инээдэмтэй санагдах агаад
Зүүн энгэрт хуудас нь сэрчигнэх өврийн дэвтэрт туссан ганц бэхний дусал
Зүгээр л гол мөрдийн цутгалан шиг лааны дөлтэй ижилсэж, асгаран урссаар
Танай гэрийн ойролцоох гүүрний доогуур мяралзан долгионтож байгаа

Харин чи газрын гижиг үргээж алхсаар, гүүрэн дээр тамхилж зогсоо
Хий биет хоосон сүнсний орон зайг тэвэрч, түүний гараас атгахдаа
Нүдээ аниад л төсөөллөөр бус жинхэнэ утгаараа агаарт шунгаж
Нүцгэн ирээд нүцгэн буцах хорвоод хайраас өөр шидтэй нь үгүйг ойлгосоор

Хаврын бороон дор нялхамссан нулимс бүрээ
Миний энгэрт  зогсохдоо арчиж
Хаашаа ч хамаагүй харсан зүгтээ далавчилан нисэе гэсээр
Манай эриний өмнөх тоо нь үл мэдэгдэх зуун руу намайг дагуулаад одно
                                                                                 УБ-хот 2012.01.21

Thursday, January 19, 2012

Нөхөрлөл эхэлсэндээ биш


Ламжавын Лхагвасүрэн гэх энэ эмэгтэйдээ "Шинэ цаг" яруу найргийн уралдаант тэмцээн дээр анх танилцаж байсан санагдана. Миний дотно анд нар болох Д.Сосорбарам Ч.Өсөхболд нарыг төрүүлсэн Д.Манхдахсан багшийн гарын шавь тэрээр 1992 оны нэг сарын 3-нд Завхан аймгийн Тосонцэнгэлд төрсөн нэгэн.
"Шинэ-цаг уралдаант нэвтрүүлэгт өгсөн есөн сэдвээс "Дэд-Хувьсгал" бүлгэмийн нөхдөөсөө "Хүн бурхан" гэсэн сэдэв дээр уншисан шүлэг нь миний хувьд сайхан шүлэг санагдсан учир түүний шүлгээс оруул юу гэж бодлоо. Таалалд тань нийцэх болтугай...

Хэн ч амьдардаггүй
Хэн ч анзаардаггүй тоосгон байшинд хөрш минь суудаг
Өнгө ялгадаггүй цонхтой
Өглөө нээгдэдгүй хөшигтэй
Довжоон дээр нь өвөл
Дотор нь намар амьдардаг, энэ миний хөрш
Зуны үдшийн тийм анхилуун үнэр хацар илбэхэд
Зузаан хананы цаана нэг л залуу унтаж байгаа даа гэж бодогддог
Өглөөнийхөө цайг уух зуур царайг чинь төсөөлөөд л
Өөрийг чинь хөршөө гээд л хачин их догдолдог
Хааяахан шуудангийн чинь хайрцагийг өөрийнхтэйгээ шалгаж
Хаяггүй захидлуудаа хаалганд чинь хавчуулаад буцахдаа
Ийм сайн хөрш чинь гэдэгтээ итгэсээр л
Инээд алдан гэрлүүгээ алхдаг
Хэн ч амьдардаггүй
Хэн ч анзааардаггүй тоосгон байшинд хөрш минь амьдардаг


Дахиж хэзээ ч яруу найрагчид дурлахгүй
Дан цамцны минь дотуур навчис унахыг сонсохгүй
Нүв нүцгэн биеэнд минь бороон дусал шингэж
Нүглээ би лав чиний нүдээр хатаахгүй
  Нээрээ 10-н жилд байхад "Их монгол" дээд сургуулиас зохион байгуулсан "Амаорэ 2008" хайрын шүлгийн наадамд муу найз Улмаатай минь, өрсөлдөж байсан гэж дуулсан. Би ч уг нь бас уншиж болох л байсан юм . Даанч хэнэггүйгээс болоод маргааш нь РЦНКД давхиад очисон чинь Эрдэнэт Хөтөл хоёр хуваагаад авчихсаан гэж билээ. Уг нь тэр үед танилцсан бол одоо нөхөрлөж байгаагаасаа илүү дотно байх байсан ч юмуу. Эрхэм ах Пүрэвхүүгийн Батхуяг хэлсэн санагдана. Яруу найргаар нөхөрлсөн нөхөрлөл яруу найраг шиг дууснаа гэж. Тиймээс чамтай нөхөрлөхөд хамгийн дөхөм ойртуулж өгч байгаа зүйл нь яруу найраг гэгч хоёрхон үг байна. Энэ хоёр үг шиг цаашдаа эрхэм нандин явья.

Tuesday, January 17, 2012

Хав хархан нүдэндээ

Хавар намар хоёр зэрэг амтагдсан 
Нялх уруулын чинь балаас 
Хамаг сайхан шүлгийнхээ эхлэлийг мэдэрч
Намрын шувуу шиг чамд хорогддог

Ганганан ганганан дүүлсээр
Өндөр огторгуйн дээрээс
Газарт алсарсаар хоцорсон чамдаа
Өндөгөө дараад өвөлжөөрэй гэж хэлдэг

Тэгээд л урь унасан хаврын эмзэг нарыг өвөртөлсөөр
Хайрт чинийхээ зүг далавчаа дэвсээр нисэхдээ
Тэнгэрийн гүн амьсгаатай үгсийг тээсээр
Хав хархан нүдэндээ жаргалын нулимс мэлтэгнүүлж газарддаг

Sunday, January 8, 2012

Санаандгүй бус учирсан найрагчидтай


Яруу найраг шиг өдөр хоногууд
Яг өөд өөдөөсөө их удаанаар
Ширтэлцэн суух шиг
Шаргал дөл бадамлуулсаар
Их удаан, юунд ч юм зовниж суух сайхан

Ялгагдах зүйлгүй ийм л эгшиглэнт хормыг
Яалт ч үгүй ажиглан
Эгшиглэн энэрч
Энэгэлзэн шархирах зүрхээ сонсоход
Чих эсгэчих авиа бүхэн зүүднээ тэргэлтэх сайхан

Сайхан сайхан гэв чиг
Салж үл чадах ийм л ертөнцөөс
Салхи гандаж, уулс бууралтхыг харж
Сар бүхнийг шүлгэндээ хэлхэсэн
Санаандгүй бус учирсан найрагчидтай хундага тулгах сайхан

                                                                 

Wednesday, January 4, 2012

Тэр эмэгтэй

Тэр эмэгтэй ваар адил чимээгүй
Тэнгэсийн давалгаа шиг үс нь
Зураачийн бийртэй төстэй
Хуучин байшингийн цонх шиг нүд нь
Хуурах шидтэй
Түүний хөмсөг
Галт шувуун мэт амьдарсан
Жамъяангийн Болд-Эрдэнийг
Эцсийн замд нь үдсэн
Гашуудалт өдөр мэт
Хар шуургатай
Тэр шонгийн мод шиг гоо биетэй
Төөнөх гал мэт харц нь ховсдох увидастай
Би тэр эмэгтэйг дотроо хүсдэг
Тэр эмэгтэй намайг мэдэхгүй
Харийн хот шиг халдашгүй
Хачин үзэсгэлэнтэй түүний
Хаан нь болохсон

                                                Яруу найрагч Гомбо-Очирын Нэргүй
                                                             "Дорно зүгийн хавар" номын 11-р хуудас

Tuesday, January 3, 2012

Тэнгэрт тэмүүлсэн хүслэнт мод



Тогтуун нуурнаа дусагнаж
Том болоод жижиг дүрс долгионтуулах
Борооны ширхэг дусал дотор
Бүх зүүдний минь гаргалгаа асгарч үзэгдэнэ

Үзэгдэхийн төдий сарнилтаас
Дахиж хэзээ ч энэ агшныг харахгүй мэт
Даарч чичиртлээ, чичрэн догдлолтлоо
Үнэгчилэн хярж, зүүрмэглэн зогсовол

Зогсон буй хөлний минь дор бүртэлзэх
Атирсан өвсний нурууг өрөвдөж
Зовлонт нулимсных нь урсгалыг
Алгаараа шувтарч, үндэсэнд нь цацахуйл

Тэнд шингэсэн ширхэг усан
Тэнгэрт тэмүүлсэн хүслэнт модны минь мөчирт
Тэвчээр алдан тэмүүлэн үндэслэх навчисын хээг уралсаар
Түмэнбаярын Аззаяагийн зүүдэнд дэлбээлж нахиалмуй.

                                                                      УБ-хот 2011.12.28