Гунигтай ч юм шиг, баясгалантай юм шиг
Хүнгүй өргөн талын дунд явах мэт
Намрын шаргал навчистай
Бодлоо учирлана
Чулуу болгон танил болсон
Чарга тэрэг хүний хөлд доошоо хотойсон
Чилдэн цагаан замаар
Хилэн цүнхээ үүрч
Нусаа татан гэлдэрнэ.
\Боргихон талын уянга номын 35-р тал\
Бодлоо учирлан тунгааж намрын навчисыг туучсаар хилэн цүнхтэй гэлдэрч яваа нэгэн гаднаа галт уул мэт дүрлзэж, дотроо ус мэт долгионтож яваа нэгэн. Он цагийн хэсэгхэн хэнхдэгт мананг сөхөж, их үүлсийн завсраас нар цухуйх шиг тэр нэгэн гэрэлт өдрийг тод санаж байна.
Өвөл мэт саран, Хавар мэт салхин. Зуны үдэш.
Өмнө минь сонгодог яруу найрагч.
Өмнө минь жүнзэнд хүйтэн дарсны мэлмий.
Өөрөө би яруу найрагчийн өмнө үл таних хөвгүүн.
\БУРХАНД ХЭЛЭХ ЗӨВЛӨГӨӨ номын 85-р талд Их багш НЯМБУУГИЙН НЯМДОРЖДОО Постмодерн командлагч Б.Галсансүх зориулсан шиг "Монгол улсын их сургуулийн" босгыг эрэмгий сайндаа бус эндэж гэндэж гишгэх эрхтэй болсон би нэг л мэдхэд гурван сүрт бурхны өмнө "Утга зохиолын нэгдлийн" самбар дээр гарсан нэг урлаг шүлгээр нь жич танилцаж байв.
Нэг урлаг
Цонхны хаалгыг туулан нар дэвтэрт тусна
Нарны туяаг туулан үзэг цаас эрээчнэ...нэг урлаг
Эрээн цаас энгэрийн халаасанд
Эндээс гараад цас гишгэх ...нэг урлаг
Эхний тэр мөрөнд агаарыг туулан нар тусна
Тэнгэр үргэлж бороотой тул солонго татна
Нэг урлаг
Нар тусаж, цаас эрээчиж, цас тамгална
Нар тусна, солонго татна...нэг урлаг
/Нэг урлаг номын 17-р тал/
Дээр хэлсэнчлэн яруу найрагчийн өмнө үл таних хөвгүүн 2008 оны утга зохиолын нэгдлийн нээлтэнд ирж 364-ийн өрөөнөө залран буй "ХӨХ МЭДРЭХҮЙ" тэргүүтэй утга зохиолын залуустай нүүр тулан, мэнд мэдэж, мөр зэрэгцэн суулаа.
Тэр өдөр тэр нэг ийм шүлэг уншисан нь бүлгэмийнх нь уриа мэт санагдав.
Тэнд нүдэн буй
Тэр ургалагч модон гишүүнээр
Намайг ширтлэн буй
Тэр цавчлан буй
Тэнд орогногч миний мутраар
Гишүү хугачин буй
Энэ шүлгэнээс хөх мэдэрхүйн хамт олны омог ааг үргэлж хараа хурц байх зориг итгэл харагдана.
Нэгэнт л дотор хүнтэйгээ тэрсэлдэн маргасны эцэст түүний шүлгийг мэдэрсний хувьд танилцаж номыг нь авхаар зориглож номоо өгөөч гэж асуулаа. Эрс шийдэмгий харцнаасаа илүү хөдөлгөөн нь их хурдан юм.
Эрхэм.....
Начин танаа дурсгав
Хавар ирж байнам
Ш.Я.Баяраа
2008.10.02 Зориг? гээд дурсгасан номыг нь гэртээ харин нэг бүрчилэн уншваас өвөл бичигдсэн зуны урин амьсгал хамар цоргиож тэртээд дүүлэх бүргэд огцом доош хурд авч ангаа шүүрэх шиг эртний хэлэлгийн тод улбаа их түүхийн шаралсан хуудас сэрчигнэх шиг дотор гижигдэнэ.
Зүрхнийхээ цохилтыг тэнгэрийн гүнээс үзэв
Тэр тодоос тод өнгөтэй
Далавчиндаа шөнө нуусан
Галт шувуудыг миний зүгт илгээнэ
Судраа шатаан дулаацах мэт
Тийм эгэл бус мэдрэмж энэ үед төрнө
Нар мандаж өөр хаа нэгтэй харанхуй болжээ
Нам сүлбэлдэх бүтээгч эсүүд
Намайг тэр харанхуйн зүг хөтөлнө
Хөтлөөд харанхуй руу аваачиж буй энэ шүлэгний уг нэр "Нар мандах"
Эндээс өөрийнхөө хувьд учиглан дүгнэхэд түүний төрсөн нутаг Увсад өндөрлөг уулсын цан савссан хүүрэгт манантай "Хархираа, Түрэгний" уулс багтдаг болхоор нар хожуу мандаж
арай ядан хөөрдөг болхоор шүлгэндээ бодит зүйлийг тунгааж төгсгөсөн биз.
ЦӨН
154. Татаарыг сөнөөж, бүгдийг эзэлсэн хойно, улс иргэний нь яах тухай Чингис хаан, алтан ургаа цуглуулж нэг гэрт ороод их зөвлөлдөөнийг хийв. Тэдний зөвлөсөн нь:
Эрт цагаас нааш
Эцэг өвгөдийн минь хорлосон
Энэ муусайн татааруудыг
Эгнэгт дуусгахын тулд
Тэрэгний цөнд хэмжиж
Үгүй хийж устгая.
Үлдсэн эхнэр хүүхдийг
Үүд бүрт хувааж
Үүрдийн боол болгоё.........гэж зөвлөлдөж тогтоод гэрээс гарвал татаарын Их-Чэрэн, Бэлгүйтэйгээс асууруун: Та нар ямар үг зөвлөлдөв? гэвэл Бэлгүтэй өгүүлрүүн: Та бүгдийн хасаг тэрэгний цөнд цүү хэмжиж, түүнээс өндөр нуруутныг цөмийг хядахаар тогтов гэв. Бэлгүтэйн энэ үгийг сонсоод Их-Чирэн, олон татаарт тунхаг зарлаж, хороо бэхлэлтэд цуглуулав. Тэдний бэхлэлтийг эвдэхийн тулд манай цэргүүд маш их хохиров. Монголын нууц товчооноос Тиймээ тэр уран зохиолд урдчилсан таамаглалт мэт хороо бэхлэлтийг хийж чаддаг нэгэн. Их- Чирэн шиг өөрийг нь байхгүйд сэм ярилцсан зүйлс болгоныг бусаддаа салхинаас салхи дамжих шиг хурдан түгээж чаддаг нэгэн. Миний л бодлоор л доо. Бодол гэснээс бодлын минь үзүүрт зангидагдаж хадгалагдсан нэгэн зүйлийг өгүүлхэд "Идэр ес дундаа орсон дүн өвлийн гүн шөнө хоёр цагийн үед бага тойруугийн гудамжинд балрах шахаад байрных нь гадаа түүнийг дуудваас
Модод над шиг эрх чөлөөнд дуртай
Гудамжинд гараан алдалж зогсох шиг
Мөчрүүд нь агаар сүлбэж агсамнадаг
Салхины аясаар навчис нь эрх чөлөө гэж
Хашгичдаг гэсээр ..Яруу найрагч Гончигийн Сүхзориг ахын шүлгийг уншсаар хоолой мэдэн орилсоор гарч ирхэд нь гүрээнийх нь судас доторч, духных нь хөөлс чийхарч байсан нь бүүдгэр замын гэрэлд тодхон харагдаж басхүү орилсон орилолтонд нь оюутны нэгдүгээр хотхоны урд дүнхийх мод бүрийн мөчир бүрт тухалсан
/Дүүжлүүрийн олс мэт цаг үеэ хараан зүхэж
Дөчин нэгэн хэрээ амиа хорлож байна /түүний эрхэм дотны ах яруу найргийн анд найз О.Элбэгтөгсийн "Хэрээний элегия"/ шүлгийн мөрөөс......хэрээнүүд сэрдхийтэл дэвээд одов. Цочимог тэр дэвэлтнээс хэдэн өд Хатан эгшигтэй бүүвэй мэт баатарлагаар газардав.
"Бүүвэй лүгээ найрсан саранд өчсөн нь"
1.
Ай, сар
Чи
Ли-Байг
Цөөрмийн гүн рүү
Урин дуудаад
Тэр эгээ л
Навч мэт хийсэж
Чулуу мэт живжээ.
Ай сар
Чи
Баярааг
Тэнгэрийн чинадад
Урин дуудаад
Би эгээ л
Шувуу мэт дүүлж
Ли-Бай мэт хөсөр унав
2.
Ай,сар
Чи хэний
Дурласан бүсгүйн
Сүнс юм бэ?
Ай, навч
Чи хэний
Булшнаас хийссэн
Тоос юм бэ?
Ай, салхи
Чи хэний
Амьдрал хийгээд
Үхлийг надад
Сануулна вэ?
3.
Салхи зүг чигээ алдахад
Би салхи гэдгээ мэдлээ
Надаас зүүгдэж яваа тэр
Улаахан охиныг навч гэлээ
/Цөн номын 55-р тал/ түүнд зүүгдүүлэх дуртай гурван том зүүгдэлт байгаа. Нэгдүгээрт: Утга зохиолын гэгээн ертөнц
Хоёрдугаарт: Зүрхнийх нь шигшрэн гүйх дусал цус бүрийг сонсдог нэгэн эмэгтэй.
Гуравдугаарт: Баруун мөрөнд залраастай цүнх. Энэ гурван чухаг зүйл Я.Баяраагийн араас зүүгдэж явдаг. Тэр араас нь нэхэл дагал болж эцэж цуцахаа мэдэхгүй гүйгээгүй. Тэхдээ миний мэдхийн дээрх гурван зүйлсээс хамгийн сонин зүйл нь цүнх: Түүний үүрч яваа цүнхэнд ховор эртний болон бүхий л шинжлэх ухааны цөм болсон бүтээлүүд явдаг. Тэр сорчилж уншиж чаддаг. Харин зарим үед бол тавийн аяга хугас архи тал тамхи зэрэг зүйл гарна. Ер нь нохойн битүү туурай, ногоон хурганы арьсаас бусад нь лав гарна. Сорчилж уншиж өөрийгөө хөгжүүлж чаддаг учраас би түүнийг хөмхийн дотроо БАЯД үндэстний домгыг огшоож, огшсон омгорхолдоо Хяргас нуурын долгиог цамнуулсан шүлэг бичнэ гэдэгт итгэдэг.
Тиймээс л тагтаа эгчийн хэлдгээр энэ орчлонд биднийг холбосон ямар нэгэн шижим бий гэдэгт итгэнэм. Итгэл найдварын илч нь буураагүй "ЗҮС БҮГЭГ" андуудын цуурай намжаагүй байхад
тэр өндийсөн. Миний хувьд бодит бүхэн биелэгдэхгүйн цаана нуугдадгүй гэж боддог. Тойрон хүрээлсэн бүгдэд тодорхой нэгэн үзэх үндэслэлүүд байгаа л байх. Үндэслэлээ уг мөн чанартаа хавсаргаж үгийн хүчийг үнэнд дүйцүүлж тэр чадсан.
Янжинлхам бурхан арван найман мутартай
Яахав дээ би ядам хуруу нь
Ай арван найман нас минь .........эгшиглэнт эхийн адис энэ шүлгийг бичиснээс хойш биелэлээ олсон мэт надад санагддаг.
Санаанд тодхон олон баримт дэлгэхэд тэр хэний ч өмнө ил тод нууцгүй амьдарч чаддаг. Түүнийг хаашаа явах, юу хийхийг бүгд мэднэ. Өөрийнхөө мэдхээр өгүүлхэд товч бөгөөд тодорхой. Баярааг боргио гэдэг зүйлгүйгээр амьд яваа насандаа мартаж болохгүй гэж тэр өгүүлдэг. Өөрөө тэгэж байгаагаас хойш яая гэхэв. Үнэн хаана ч үнэн билээ. Тэхдээ тэр ууснаа шингээж чаддаг эр. Уруудсан нэгнийг тойглон асарч буй нэрийдлээр толгой түрүүгүй загнаад гэрийнх нь үүдэнд аваачих ажилдаа бол мастер. Хамгийн сайн хийж чадах ажил нь ч байж магадгүй. Хүн болгон нэг л зүйлийг төгс хийдэг гэж үг байдаг даа. Түүний бас нэг сайн хийж чаддаг ажил нь хүний амыг таглаж бэсрэгхэн мэтгэлцээн өрнүүлж, гол нь өөрөө ялах нь хамгийн том бахдал нь. Саяхан даа гэж солиороод ч яахав, тэр өдөр гэж тэнэгтээд яахав. Ямар ч байсан нар мандадгаараа мандаж , сар гэрэлтдэгээрээ гийсэн нэгэн орой бага тойруугийн бүүдгэр ганцаардлууд булан бүрт нь сарьсан орой, түүний орох дуртай "Ялгуун кафед" энэ яриа өрнөсөн юм. Жамбалдорж хэмээх бидний үе тэнгийн залуу аманд орохдоо хэдгэнэ шумуул мэт, амнаас гарахдаа арслан бар мэт, хэмээн шүлэглэсэн аугаа их Д.Нямсүрэнгийн бичиглэсэн шиг архирч гарах нь тэрээ. Мань хүн нь харин доогтойхон бөгөөд тохуутайхан сууж байгаад нэг жинтэй үгээр бут цохилоо. Чиний бэлгийн бойжилт дуусаагүй, баруун гартайгаа нөхөрлөх цагт зуун хүний зовлонг ойлгоод сууж байлаа гэх нь тэр. Дотор байсан хүмүүс нам жим. Хэсэг тээнэгэлзлүүд нь тамхины утаагаар дамжиж агаарт замхарна. Агаарт утаагаа замхруулж хааяа түүнтэй "Ялгуунд суух сайхаан. Ихэнхи үед дэвтрээрээ дүүрэн сүг зурагтай болоод харина. Аргагүйлдээ сүүлчийн нүүдэлчин хүн бичихдээ хүртэл уламжлалаа авч үлдэх хэрэгтэй биз. Гаргазтай бичигдсэн сүг зургийг нь дэвтрээсээ чадан ядан хөрвүүлснээ дэлгэвэл Ялгуунд ажилдаг Ялгуун охиндоо зориулж ийм шүлэг тэрлэжээ.
Сэтгэл алдрам, ялгуун тэр минь
Сэтгэлээс минь алдуурчихлаа
Сэтгэл уяраам гэнэн үнэрийг
Сэтгэл хөдлөлгүй уншиж чадах
Сэтгэл надад үлдсэн байна
Шүүрэн шанага шиг зүрхнээс
Шүүрэх нулимс нэгэнт дуусчээ
Шүүрэм нулимсаар дүүрсэн сэтгэл
Шүргэхийн төдийд эгшиглэх ажээ
сүүлд орох дургүй байсан шалтгаан нь тэр ажилдаг охиндоо сайн байсан биз. Даанч шүлгээс нь тунгаавал ажлаасаа гарч. Энэ талаар өөрөөс нь асуугаад ч яалаа. Эр эмийн хооронд илжиг бүү жороол гэдэг дээ. Анхлан нөхөрлөх гэж байгаа хүмүүс төдийл ойшоохгүй хатуу хэлсэн үгэнд нь гомдсоор дөлөн өнгөрцгөөнө. Харин хэзээ ямагт түүний дэргэд байх мөнх найзууд нь гарын арван хуруунд багтана гэдгийг, оюун санааныхаа бөглүү тосгонд дарсны бөглөө мулталж суухдаа хүртэл мэдрэнэ гэдгээ хэн хүнд бүгдэд нь хандаад тунхаглая.
Тунхаг гэснээс "БИД ШИНЭ ЮМ БИШ Ч ХУУЧИН БАЙХЫГ ҮЛ ХҮСНЭ" гэсэн уриатай утга зохиолын хаалгыг алхаж биш өшиглөж орсон "ХҮРЭЭ ХӨВГҮҮДИЙН" нэг бид бүхний эрхэм дотно ах Пүрэвхүүгийн Батхуяг түүний суль өвсийг налан бөхөлзүүлсэн монгол шарын тамирыг шалгасан тэрэгнийх нь ЦӨНД түүнийг яруу найрагч хэмээн хүлээн зөвшөөрч цагаан далбааг нь өөртөө мөнхөлсөн. Тиймээс
Эхлэх үзүүр нь сүүнд дүрээстэй
Эцэслэх үзүүр нь нулимсанд дүрээстэй /Б.Лхагвасүрэн Солонго билээ би шүлгийн хэсгээс/ хүрээ газрын хөвгүүн бүрт тэр дархлаатай. Дархалж онгологдсон уул ус л гэж байдаг байх. Дархлах ямар шалтгаан буй хэмээвээс хомсдолын вирустай нөхдүүдийн дэргэд тэр жинхэнэ БЛОГ хөтөлж чаддаг. Доромжлол мэт амьдралыг сөрж чадалгүй болсон болоогүй шүлгээ хүргэж чадалгүй архин далайд живсэн нөхдийн дэргэд тэр чапак биш АКУЛ. Акулууд л нэг эвшээхдээ бүгдийг залгиж орхино. Залгих хүсэл байхгүй л дээ. Харин бор гэхэд гио гээд л дуусгана. Анхнаасаа жижиг юм хөөцөлдсөн нөхөд буландаа хярж хэвтдэг хорвоод чиний хэлснийг дотроо тунгаагаад ноён нуруутай яваад чинь талархаж дайсан мэт ах мэт байдагд чинь өчүүхэн талархалаа илэрхийлэн
Монголын утга зохиолын" ШИНЭ ҮНЭР БҮЛГЭМИЙН" гишүүдийн өмнөөс хүндэтгэсэн
Чиний Рембо
www.internews.mn Мэдээллийг мэдлэг болгоно.
ReplyDeleteЭнд реклам тавихыг хориглоно. хэхэ. "Чиний рембо" гэнэ үү. хаха
ReplyDeletekkke Bayraa chine omchlood avjixsanshdee
ReplyDeleteUnshaad ehelmegts nudee salgaj chadahguigeer ul baram urthan amisgaa awahaar unshij ywsan moroo aldchih bh gesen bolgoomjlold barigdan baij amtarhan unshlaa.Ih ch saihan bichsen bn.Ih ch saihan hunii talaar bichijee.
ReplyDeletetuunii xeldgeer
ReplyDeleteXvnleg setgel oortoo
Xvn chanariig aguuldag