Tuesday, March 27, 2012

Амьдрал заримдаа туйлын утгагүй санагдхад чи яадаг вэ?
Мэдэхгүй ээ? зүгээр л бурхантай заргалдмаар санагдаж
Маргааш гэхэд өнөөх хэвээрээ угтах мөч хором бүрийг
Амьсгал дотроо түгжиж чадалгүй гаргана гэхээс....

Тавилан заяаны төөрөг зам адил байдгүйн адилаар
Хүссэн ч хясах орчлон дээр нүдээ аниад л
Түр зуур ч гэсэн анир гүмхэн дотогшилж.....

Харамсахгүйгээр харандаагаа дуустал үзүүрлэж
 Хэнгэнэтэл ихэр татаж, түүндээ түүртэж
Уйлах гэсэн ч гарахгүй нулимсаа хайж
Урт удаан шүлэг бичээд.....

Tuesday, March 20, 2012

Цонхон доорх үхэл

НЭГ

Зөн билгийн мэдрэмжтэй эмгэн тоос нүдэнд ороод шидэт толиороо царайг чинь байнга үзүүлэх шиг
Нүдээ аньсан ч, нээсэн ч чи л ганцхан өмнө минь зогсох учраас
Тэсгэлгүй чамайг гэж итгэсэндээ үнсээд авахад уруул чинь хүйтэн байлаа
Дахиад л цонхы чинь доор ургасан улиасыг үнсэж дээ би

ХОЁР

Дурлалын минь зовлон мэт цасанд дарагдсан улиасыг хараад бүх л зовлон цагаан өнгөтэйг ухаарахын төдий
Үүл урладаг даавуу мэт сэтгэл минь урагдаж сэмрээд цас болон будрахад
Тэнгэрт од нааж мөрөөдлийг чинь биелүүлэхээр цаснаас цас дамжин үсэрсээр явахдаа л
Цагаа харах тоолонд хөгшрөлтийг мэдрээд санаа алдах чинийхээ
Ийм гоо үзэсгэлэнг эмгэн болгохгүй гэж шийдээд судсыг чинь ханах хүсэл улам бүр дэвэрнэм
"Дэлхий бол аюулгүй орчин биш" ээ цэцэгхэн минь
Хэн нэгний зүүдний эрвээхэй зүрхнээсээ мултарч уруулыг чинь шимхээр нисэж буй далавчных нь чимээг сонсоод
Шөнөжин унтаж чадаагүй хайрын сэтгэлээс минь ч чи айх хэрэгтэй гэж
Айдас мэт гудамжаар сорив мэт солгой бодлоо үүрсээр өөрийгөө төөрүүлж орхихыг хүсэвч
Төөрдөг хонгил мэт дэлхийн бүх гудамж чам дээр л хүргэж өгдөг учраас
Зүрхнийхээ чимээгээр цасны эргэлт зохиож цонхон доор чинь дуулах төөрсөн сүнс мэт сэтгэлээ аврахад
Илбэчний алчуур мэт улаан хөшгөө нээгээд илбэдэх мэт улаанаар инээх чинь л хэрэгтэй

ГУРАВ

Хэрвээ чи хөшгөө нээвэл
Цасны ширхэгүүдийг алган дээрээ хайлуулж чамд л бэлэглэх гэж цэцэг ургатал нь хүлээх
Шүлэгч хүүгийн нүд шиг тэнгэр, диваажингийн орны далайн давалгаа байсныг
Дандаа хөвөөн дээр нь бурхан шүлэг бичиж урсах тоолонд цахлайс үг бүрийг нь түүж эвлүүлэн сахиусан тэнгэр болгож байгааг
Дэвүүрийнх нь салхи сарны гэрлийг зүрх болгон сийлж зүүдийг чинь дулаацуулахад
Үнсэж, үр тогтоох хүсэл надад төрөх шиг
Шаналгаат галзуурлын дурлалд минь чи ч бас галзуурч
Зүрхийг минь зүгээр л үстэйгээ самнаж байснаа анзаараад үсээ зулгаан шидлэх байлаа
Хэрвээ чи хөшгөө нээвэл....

ДӨРӨВ

Галт тэрэгний чимээ ч зүрхний минь цохилтыг илэрхийлж чадахгүй хэлгүй ертөнцөд
Цовдлуулсан Прометей мэт сарны гэрэл, зовлондоо нимгэрсэн биеийг нэвт сүлбэж үхлийн хөгжим тоглоход ч
Уруулнаас минь цоорын ая түгээд модод үндсэнээсээ сугаран гарч дэргэд минь бүжиглэж байхад
Эцсийн мөч хүртлээ хөлийн чинь мөрийг энхрийлэн тэврэх согтуу ганцаардлыг минь үнсэж
Ядахнаа үхэл минь ямар үзэсгэлэнтэйг хараад дуу алдан инээмсэглэхийг чинь сонсохгүй юм бол
Яах гэж би яаран хүн болж төрөв дөө

Дэлхийн яруу найргийн өдрийн мэндийг үзэг нэгт ахан дүүсдээ мөн сайн найздаа хүргэе?

Monday, March 19, 2012

Зүүрмэглэл


                                                               Танхим дүүрэн үзэгчид
                                                      Сүүдэр шийг анхааралтай үзээд
                                                                 Санаа алдах агшинд
                                                    Толинд туссан өөрийнхөө сүүдрээс
                                                                  Цор ганцаараа би л
                                                             Цочимоглон зүүрмэглэнэ

                                             Оргүй хоосноос юуг ч юм эрэн бэдрэх шиг
                                                  Оюун санааныхаа нуугдмал ертөнцөд
                                                               Хавар ирэх чамтайгаа
                                                   Хундага дарс сөгнөж сөгнөж согтвол

                                              Нэг мэдэхнээ цагийн харанга зүрх дэлдэж
                                                                      Нүдээ нээвэл
                                                    Хэн нэгний шивнэлдэх анир ч үгүй
                                             Хов хоосон танхимд, ядахдаа ялаа ч нисэхгүй