Friday, May 27, 2011

Эгээрэл сэхээрэл

Хүний зовлонг дотор хүмүүн л өөрөө ойлгоно. Зовж шаналах, эгээрэх гэгээрэх гэдэг өөрөө мөн чанар гээч зүйлийн давалгаалал байх. Тэр дотроос хүнийг хайрлана, хүнээр хайрлуулна гэдэг хамгийн хэцүү бас адармаатай зүйл мэт санагдана. Санагдахын төдийд бодно гэдэг ч бас л ядаргаатай. Зүрхэн дотор минь хашгирч нээгээгүй олон бухимдал оршидог. Гаргаж болнол доо. Тэхдээ хэн ч ойлгохгүй. Өөрөө өөртэйгээ дотор биетэйгээ харгалдаж л байвал болоо биз. Бусдыг зовоогоод яана. Магадгүй ээ? энэ их бухимдал "УРЛАГ" гээч зүйлээс шалтгаалж байж болох юм. Хэн үгүйсгэх юм бэ? хэн ч, хэдий үед ч, халдаж зүрхлэхгүй. Зүрхэлж хүршгүй өөр нэгэн нэвтэрч чадахгүй өөрийн гэсэн орон зайтай, түүгээрээ нарны зай адил өөрийгөө цэнэглэж, бас түүгээрээ амьсгалж амьд яваагаа мэдэрнэ гэдэг сайхан.

Сайхан эмэгтэйг хараад дуу алдан араас нь харж түүний биеэнд нэвчих гэж адгах, хүсэл дотор нь шумбаж судасных нь лугшилт бүрийг өөрийнхөөрөө оношлох, оношилсон онолдоо бүдэрч дахин дахин нягтлах тэр чигээрээ л нууц. Түлхүүр нь таараагүй цоож цуургатай авдар мэт санагдана. Тийм эмэгтэйчүүд намайг хүрээлээд маш олон байдаг. Таньдаг, танидаггүй, харсан, үзсэн, сонссон хүрж байсан, үгүй бол зүгээр л зүс үзсэн гээд л. Тэд бүгд ижил тэгш биш, өнгө төрх, хэлбэр галбир дуу хоолой, хөдөлгөөн нүдний харц нь хүртэл өөр. Тийм болхоор л ертөнц дэлхий дээр бус эмэгтэй хүн дээр тогтдог гэж итгэнэм. Ер бусаар оршиж, гаднаа хүртэл солонгон бүрхүүл гэрэлтүүлдэг охид үсээ хоёр унжуулж, харцаараа доош харан намуухан алхалдаг мэт санагддаг. Хүн болгоны бодол үзэх үзэл өөр байхал даа. Гэхдээ энэ миний л бодол. Яагаад гэж үү?
Хариултыг нь өөртөө тавиад ч олж чаддаггүй юм. Мэдээд ч ер нь яах юм билээ. Хэрэггүй юмаа оролдох нь хамгийн тэнэг үйлдэл гэдэг шиг. Хүн мэдэхгүй юмныхаа дайсан гэдэг үг санаанд орчихлоо. Тиймээс дайтах шалтгаан хэрэггүй биз.

                                                                                                             2011.05.09 МУИС-3-р байр

                                                                                          

Sunday, May 22, 2011

Зүүд-2

Зүүд бүр угтаа үнэн явдлын хураангуйлал юм бол
Зөндөө удаан хүлээсэн минь хэд хичнээн юм бэ?
Зэгэлтэх саарал гудамжны төгсгөл дэхь гүүрэн дор
Зураг адил дүр чинь тод тунгалаг нулимстай үзэгдэлд
Зовхин дээр минь үнсээд сэрээдэг
Зөөлөн сарны дөлгөөн амьсгал ч алга
Ягштал чамбайлан, товчилж өгсөн энгэрээ
Яг энэ сарны дор нууж тайлхад
Янаг минь чи явуулын хүн шиг
Аньсгыг минь сөхөж
Амьдрал зүүд гэдгийг баталж өгнө дөө
                                                              

Thursday, May 19, 2011

Тоорын шивнээ

Өчигдөрхөн Батхуягын Хадбаатар хэмээх шинэ үеийн яруу найргийн цусыг сэлбэхэд гар бие сэтгэл зүрхээ гарган зүтгэж яваа анд найз минь анхны номын баяраа "Интер номын" 2 давхарт хийлээ. Түүний номын нээлтэнд  хамт мөр зэрэгцэн яваа анд найз болон төрөл төрөгсөд нь ирсэн даруухан хэрнээ дурсамжтай баяр боллоо. Яг л Хадбаатрын бичсэн дурсамж шүлэг шиг.

                                                               Дурсамж

Үнэрийг чинь
Жимст тохой,цэцэгт нугаас
Үнэрийг чинь
Багадаа тоглодог байсан чулуун гэрээс
Барьж гүйдэг байсан хуван онгоцноос
Үнэрийг чинь
Сургуулийн танхимаар хөөцөлдөж гүйсэн
                             он жилүүдээс
Сэргэлэн охидын намуухан инээмсэглэх
                             бүжгийн танхимаас
Үнэрийг чинь
Бодолд дарагдаад шөнөжин бичсэн
                             шүлгийн ширээнээс
Баяраар өгсөн хиймэл цэцгийн цаасан дэлбээнээс
Үнэрийг чинь
Надад үлдээгээд явсан тэмдэглэлийн дэвтэрээс
Нутаг алсын чамдаа гэсэн захидал дээрээс
Үнэрийг чинь
Үхлээс бусад үнэр бүхнээс .....

Түүний шүлгүүдэд байгалыг бишрэн шүтсэн шүлгүүд цөөнгүй байх бөгөөд намар цагийг тэр ийн бичиглэжээ.

Дүнзэн байшингийн гандсан дээвэр дээр
Ганцаардсан шувуу холыг ширтэнэ
Намар цаг
Дүүдээн өгөх гэж хаваржин хадгалсан үзэг минь
Хуучин цүнхнээс олдох
Намар цаг
Голын эрэгт саглайн суух
Удган модноос элээ ниснэ
Намар цаг
Гандсан тэрлэгний хормой дэрвэж
Салхи исгэрээд
Нэг л тийм
Намар цаг
Миний мэдхийн Хөвсгөлөөс агуу их Гүржавын Нямдоржыг залгуулаад Цагаанчулууны  Дэлгэрмаа, Жаргалсайхны Оргил, Батцэрэнгийн Энхбаатар, Шагдарсүрэнгийн Хатанбүүвэйбаатар, Дагийраазайн Нямдорж нар төрөн гарсан бөгөөд эд бүгд "Утга зохиолын ертөнцөд" өөрсдийн мөрөө үлдээж яваа билээ. Тэдний улбаа халааг ч бас чамгүй сайн авч явхыг эрхэм анддаа хичээнгүйлэн хүсье.
Саяхан даа чөлөөт уншилгын үеээр түүний багш мөн аав нь ч байж болох Батхуяг доктор шинэ үеийн яруу найрагчидад улирлын дарамт гэж том зүйл байна. Өвлийг хэт үзэн ядаж хаврыг тэнгэр тултал нь магтдаг нь тэдний хамгийн нийтлэг шинж чанар гэж хэлж байсан нь ой санамжины минь "диктопонд" хадгалагдчихаж. Бодоод эргэцүүлээд үзхэд яг үнэн. Тэгвэл Хадбаатар хаврыг хэрхэн урласныг таа бүхэн таалалдаа болгоон соёрх.


                                                   Хавар
Унаж тогтох, унаж тогтох цасыг ажсаар
Уртаар санаа алдах тэр бүсгүйн
Нарийхан шилбийг
Өнгийн харандаагаар төсөөлөөд
Шинэхэн орсон цас бүрийг буднам
Дусалж болих, дусалж болих
Бороог аргадах тэр бүсгүйн
Давхраатай атлаа гунигтай нүдээр нь
Дарс сөгнөж
Өөрөө өөртөөн хундаглаад
Тийм их хүсэл мөрөөдлөөр умбах
Цас борооны улирал дундуур минь
Цагаан морьтой нүцгэн хүүхэн
Салхи татуулан өнгөрөх нь
Хавар цаг юм уу?
                                                                           2011.04.05
Ерөнхийдөө гэнэн цайлган зан нь дэндсэн найзынхаа үнэр нь арилж амжаагүй номыг сөхөхөд  шүлгүүдээс нь их эрчим хүч бас гэнэтхэн хувьсах салхи хоёрыг амсаж байгаагаа хэлхэд таатай байна.

Sunday, May 15, 2011

Цамнаа

                                    Тэнгис аяархан эргээ мярж
                                    Гэнэт сэрээд цамнах шиг
                                    Гэмгүйхэн суух хэн нэгний төрх
                                    Тэнгэр мэт дүнсгэр

                                    Дотогшоол санаанууд минь
                                    Улам ихээр бөөгнөрөн хуралдах шиг
                                    Уймраа бодлууд сэтгэлийг эзэмдэхэд
                                    Донслох чимээ нь хүчирхэг
                                         

Tuesday, May 10, 2011

Зүүд

Жирийн бус чи бид хоёрын дурсамж
Яг энэ замын уулзвар дээрээс эхэлж
Жимийсэн уруулын чинь, усан цэнхэр давалгаанаас
Яахын ч аргагүй тор дүүрэн жараахайтай
Гэртээ харьсан

Харих замын минь уулзвар бүхэнд
Саяхан л уулзсан чиний дүр тодорч
Халгих усных нь чимээнээр
Саруул огторгуйн замилал
Гэлмэн зэлэмхэд

Зэмлэж хэлсэн олон үгний чинь
Асуултын хариуг
Зэрвэсхийтэл хардаг нүднээс чинь
Анхааралтай ажиглахад
Жил сарын тэртээд одсон зөрөгтөө
Ахиад л сэлсэн зүүд минь байж

Thursday, May 5, 2011

Залуу нас минь

1.Зангидуулсан сэтгэлийн минь үдээсийг
   Тайлалгүй нэмж тооно тушсан чиний
   Зангидахдаа хэлсэн эмзэг үг шиг
   Тээнэгэлзэл дүүрэн амьд явж байна
   Залуу нас минь

2.Харанхуйн гүнд уусан одохдоо
   Эргээд хархад уртхан зам зурайлгасан
   Хал балгүйхэн бодолтойгоо
   Эвлэж чадахгүй урагш алхаж байна
   Залуу нас минь

3.Туниж амжаагүй гомдол бүрээ өрөвдөж
   Орох борооны дусал бүхэнд нэвчих гэж
   Тэмдэг төдий тэнтэр тунтар
   Овилгогүй гэнэн амьдарч байна
   Залуу нас минь

4.Алдаснаа умрын тэнгист живүүлж
   Олсноо өрнийн тэнгэрт тушааж
   Андын нөмрөг дор зуур хонохдоо
   Омголон бардам дүрэлзэж байна
   Залуу нас минь
                                                 2011.05.06 МУИС-2-р байр

Tuesday, May 3, 2011

Сайхан монгол найргийн саваагүй гэнэн ертөнц?

Түүний шүлэг саваагүй хүүхдийн уйдаад мартсан тоглоом шиг надад хааяа санагддаг. Саяхандаа өвөл гэрт хийх юм олдохгүй наагуур цаагуур хөлхөж байтал хаалганы хонх "Дин дон". Тайлсан чинь шавилхан биетэй, шар царайтай Батхуягын Хадбаатар. Монгол хүний ёсоор цай аягалан бариад тун эвлэггүйхэн гараараа талхан дээр масло варень түрхээд л өглөө. Ямар нэрэлхэх биш хусаад л хаяхана тэр. Тэгээд шүлгийн номоо гаргах гэж байгаа, хэдэн шүлэг шивэх гэсэн юм гэлээ. Том өрөөндөө ороод комьютер асааж амжаагүй байтал шүлгээ уншиж гарах нь тэр.
Унших уншихдаа зүгээр ч үгүй тайзан дээр байгаа юм шиг л гараа саваад л, тэрүүхэндээ бол нүд энэ тэрээ аниад чухам аа чухам. Ашгүй комьютер ч аслаа шивэх ажилдаа чамбайлаад тэрүүхэндээ би, за чи хэлээд бай манина бичээд байя гэсэн чинь намайгаа арван хурууны бичээч гэж бодсон уу? яасан юм бүү мэд дахиад л нүдээ аниад гараа үе үе саваад гарч өглөөдөө мань хүн.
Инээд хүрснийг хэлхүү жоохон аяархан нэг нэгээр нь гэхэд мөр толгой холбоогүй гэнэн цайлган шүлгүүдээ тогтуухан хэлж эхэллээ.
                                                         Төсөөлөл
Гэрэлгүйгээр төсөөлөөд, би
Хөлийн чинь чимээг сонсох гэсэн юм
Аяар аяархан гишгээрэй
Ертөнцөд юу ч юм нурчих гээд байна                           
Одгүйгээр төсөөлж, би
Нүдийг чинь харах гэсэн юм
Огторгуй руу бүү ширтээрэй
Тэнгэрт хаа ч юм од харвачих гээд байна
Саргүйгээр төсөөлж, би
Гарыг чинь зурах гэсэн юм
Салаавчилж битгий атгаарай
Бийр минь баригдахгүй байна
Уйлахыг чинь төсөөлж чадахгүй нь
Урьдынхаасаа илүү хөөрхөн инээмсэглээч
Зүгээр л би чамайг
Пүрэвхүүгийн Батхуяг&Батхуягын Хадбаатар
Зүрх  сэтгэлдээ төсөөлөх гэсэн юм ...............ийм л хөхүүн цолгиун мөрөөдөлтэй анд минь "Их Монгол" дээд сургуулийн Сэтгүүлзүйн хоёрдугаар курст суралцдаг бөгөөд хааяахан түүнтэй болон яруу найргийн гал тогоонд чанагдаж байгаа үеийн залуус болох Ө.Үлэмжтөгс, Р.Улам-Оргих нартай болон Хадбаатар найзын минь аав байж болох тун ойрын хүн Пүрэвхүүгийн Батхуяг багштай уулзахад тэр чигээрээ л Хадаагийн онигоог сонсож би гэдэг хүн элгээ эмчлээд авна.Найз Р.Улам-Оргихоороо ангийнхаа охидуудын тархийг угаалгаж аваад ангийн даргын эрх үүргийг хүлээж аваад л хоёр хоног таслаад ирхэд нь өөр шинэ дарга солигдчихож гэх жишээтэй. Бодуул дарга болсондоо баярлаад кармаанд байсан хэдээ нөхдийнхтэйгээ нийлүүлээд сайн дарвиад шартаад сэрэхдээ суудлаасаа өндийгөө биз.Мөн англи хэлнийхээ хичээл дээр багш нь анлиар тавь жар хоёрыг хэлээдэх гэхэд нь тавитий сехтий гэж хэлсэн гээд л сургуулиараа нэг онигоонд өртхөөс гадна гэрийнхнийгээч бас сайхан хөгжөөгөөд авна. Еээ еээ гээд нэртэй кофег дуудаж чадахгүй эгчээ хоёр үе үе өгчих гэх жишээтэй. Тэхдээ тэр шоолж инээж байхад тоохгүй ээ. Инээгээд л маажига маажига гээд алхаад л байна. Миний мэдхийн хөөрүү зандаа зарим үед их хүнд олзлогддог юм шиг санагддаг бөгөөд түүнийг нь та бүхэн шинэхэн гарах "ТООРЫН ШИВНЭЭ" номоос нь төвөггүй олж харна.
                                                         Тоорын шивнээ номын зураг


                        Ядарч явахад нөхрийн чанар танигдана
Олон ч "Шинэ мянганы" гэсэн тодотголтой яруу найрагт өөрийн гэсэн зам, жим, мөр улбаа дуу хоолой орон зайгаа үлдээх гэсэн бидний үеийн нөхдийг оюутны давчуухан байрандаа дарвиулах үедээ дарвиулж, өлсөж явхад нь хооллож, согтох үед нь түшиж оруулаад л хонуулах.
Энэ бүгдээс эргэцүүлээд бодход яруу найрагчид л хамгийн сонирхолтой амьдарлаар замнадаг санагднам. Хэнд ч хоригдолгүй амьдарч  эрх чөлөөг энэ биеээрээ мэдэрдэг ч юм шиг.Гандангийн дэнж рүү дөнгүүр сэтгэлээр бардамхан туучиж өгссөөр "Их сургуулийн" гудамжнаас автобусны мөнгөгүй алхаад л ирхэд өглөөд ч, өдөрт ч, оройд ч цай хоол аягалаад л өгнө. Хоолонд хүний сэтгэл нэвт шингээстэй байдаг гэдэг бол түүний сэтгэл зүрх шингэсэн гарын хоолоор бор ходоодоо мөн ч их баярлуулж дээ. Өндөр дэнж гэдэг нэртэй хотын төв цэг болсон газар бид хоёрын гэр замын наана цаана оршино. Гэр ойрхон болхоор мессэж бичиж байгаад л тамхиа уугиулна. Тэгээд л гашуун шүлгээ уншиж эхэлнэ дээ.

       Гашуун тосгон 
Өнөөдөр хөлнөөсөө толгой хүртэлх
Бүх хаалга цонхоо нээгээд
Өчигдрөөс үлдсэн
Хар кофены шавхруу шиг
Харамсалтай амьдралыг асгаж орхилоо
Манай тосгонд юм бүхэн
Гашуунаар эхэлж гашуунаар төгсдөг
Гашуудлын аяз шиг
Ганцаардлаас залхсан биенийхээ
Эд анги, эрэг боолтыг
Онгорхой бүх хаалга цонхоороо гадагш чулуудаад
Юу ч болоогүй юм шиг
Юүдэнтэй цамцаараа толгойгоо бүтээгээд
Эд эсээ амраана
Одоо амьдралын бүх зам түгжрэлд орсон
Хаа сайгүй уур бухимдал
Хаалга цонхоо хаахгүй бол
Хачин муухай дуу чимээ
Цээжний минь
Цэнхэр шувуухайг сэрээх гээд
Манай тосгонд юм бүхэн гашуун
Сууж ч болохгүй алхаад л
                                  алхаад л баймаар тийм гашуун
Тийм гашууныг мэдрэхээргүй-гашуун.................гашуун бохьтой тамхиар уушгиа баярлуулсан хоёр эргэн эргэн харсаар хоёр тийшээ зам хөндлөн гарна.
Гарах болгондоо эргэн хурган хоргодож араас чинь хардаг Сайнжаргалын Начин.

2011.05.01-Дэлхийн тамхичдын эсрэг өдөр тамхи татангаа бичвээ.

Saturday, April 30, 2011

Шүлэгч анддаа

Аяа, найрагч минь чамайг би
Амь наснаасаа дутуугүй хайрлаж явлаа.
Амьтны хов хэрэм болон биднийг зааглаж
Андын сэтгэл, хүний ёсыг
Авдарт орсон хулгана шиг мэрлээ

Элдэвт үл автах чанар, авьяасыг чинь үнэлж
Эр хүн шиг чамайг би хайрлаж явлаа?
Эд баялаг, сэтгэл санаа, шүлгээ хүртэл зориулж
Эхнэрээсээ бусдыг л чи бид хоёр хувааж явлаа?
Эдүгээ чи минь юу болов доо?


Адилхан гуниг цээжинд дүүрэн
Алсын уулыг нэгэн нүдээр ширтэж явсан
Адилхан сэрэл зүрхэнд оргилон
Амьтны орчлонг хайрлаж явсан
Атаархлын манан биднийг хучна гэж үү?

Итгэлтэй хүн нэг ч үгүй юм бол
Энэ орчлонд амьдрах хэрэг юун
Ирмэх зуур хувирдаг хорвоо юм бол
Эргэлзэж гайхаад биесийг зовоох ч юун
Эртхэн л хоёр тийшээ салья?

Гэвч нэг учир байна, гам зэмгүй зүрхээ өрөвдөх юм
Гэгээн орчлонд чамайг алдвал,
                               өөрийгөө алдсанаас ялгаа юун?
Гэрэл харанхуйг ялгаж чадахгүй бол
                               найрагч байх ч хэрэг юун?
Андын сайхан сэтгэлийг, амьтны сайхан ёсыг
Атаа жөтөө, хов живнээс дээгүүр тавибал
Ахиад, бид хоёрт эвлэрэх нэг зам байна???.....
                                                           О.Дашбалбар1980 он 12-р сар Москва

              Бага далжганаарай хэмээн хүндэтгэсэн С.Начин

              Түрүү гарсан бөөснүүд толгой дээр завилахгүй шүү Ш.Я.Баяр

Friday, April 29, 2011

Яаж даасан юм бэ? Миний зүрх энэ их харанхуйг

Яаж даасан юм бэ? Миний зүрх энэ их харанхуйг...
Яруу найргийн төлөөх уйтгарт тэр өдрүүдэд...
Дэлхий шиг том гуниг үүрч, нуруу бөгтөр алхсан
Дэмийрч үзсэн,
                          солиорч үзсэн
                                      цэв хүйтэн мөчүүдэд?

Эхлэл нь төгсгөлөөсөө гунигтай
Эгнүүлж тарьсан гудамжны модод шиг эмх цэгцтэй
Гүн чагнахад: Тоо томшгүй хөдөлгөөнтэй
Гүц тонгойлгож...дарс хундагалах шиг хэмнэлтэй

Мэдрэмжийн тухай тэр бүсгүй надад
Мэдээжийн юм их олныг ярьсан
Харин би өөдөөс нь гунигтай харж инээмсэглэхдээ
Хаалга түгжихээ мартсан...

түүний алдааг уучилсан

Эндээс эхэлсэн бүх юм гунигтай?
Эхлэл шиг, төгсгөл шиг цас будравч гунигтай
Яаж даасан юм бэ? Би... Энэ их хүндийг
Яруу найргийн төлөөх
                                      уйтгарт тэр өдрүүдийг

                                  2009.11.17 М.Уянсүх Саран гүний тэнгис "номны 169-р тал
                                        
  

Tuesday, April 26, 2011

Г.Анхзул-д

                                      Зүрхээ хослоод зурчихсан
                                      Зүггүй тэр л бүсгүйд би хайртай
                                      Сэтгэлд нь нийцэх гэж
                                      Сайхан шүлэг тэрлэхдээ ч дуртай
                                      Нарны алтан цацраг
                                      Дэрсний сугсраанд гялбалзхад
                                      Намайг дотроо хайрладгийг чинь
                                      Дэндүү ихээр мэдэрдэгээ нуухгүй ээ
                                      Амраг цагаан уул минь
                                      Адайр хөх салхи минь
                                      Аадрын цагаан манан минь
                                      Алдаад барьж авж чадалгүй үлдсэн
                                      Эр хонгор нулимсны минь
                                      Эрэвгэр сормуусны мандалд
                                      Анх миний зүрхийг бүрэн таньсан
                                      Ааш дөлгөөн хонгор минь дээ
                                      Зүрхнийхээ мөсөн агуйг
                                      Чамайг надад ирсэн цагт хайлуулна
                                      Зөрөөд өнгөрөх халуун зүрхтэй бүсгүйчүүдээс
                                      Чамд л гэсээр хөлдүү хэвээр нь хадгалах болно

Tuesday, April 19, 2011

                           
 1.Моддын санаа алдалт
                  Намарт эгших нь
                  Мөдхөн цас орохын дохио юм шиг
                  Нэг л мэдэхнээ бударч эхэлнэ
               2.Орох цасны ширхэг бүрийг
                  Хурууныхаа өндгөөр тэмтэрч
                  Оддын дор бөхөнгүй алхахыг
                  Хэн нэгний зүүдэнд хэлхэхэд
                  Харагдах биетгүй хэрнээ
                  Үзэгдэх шинжгүй салхисын
                  Хаанаас нь тийм их эрч
                  Үл мэдэг дайвалзахыг тайлж үл ядна
               3.Шүлс хаяхын төдийд
                  Сарнин замхарах биет аниргүйгээс                                                                                                         Шинийн сарны дугариг амьсгаа
                  Сул гэнэхэн анивхийлэх нь
                  Шинэ үнэр түгээх
                  Солонгогүй борооны дүрсгүйтэл                                                                                                                          
                                                                                                
                                                              

Monday, April 18, 2011

БОРОО

Бороо дусагнаад л тэгсэн хэрнээ
Нэг л гуниглангуй 
Нулимсаа хатамжилсан эрх хүүхэд шиг
Бүр тийм л гэсэн шиг ганц хоёрхон дусал
Хаяад л....


Яг миний зүрхний түг түг хийх цохилт шиг
Ялгуухан алгуурхан асгараач
Ямар үед нь ороод, хэдийд нь цурхирдагаа
Яг одоо хэлээд өгөөч
Асгараач.....

Tuesday, April 5, 2011

Азиза

Түүнтэй олон наадмын тайзан дээр л таарч байсан болхоос биш их
сургуулийн гудамжинд таарч өөрийнх нь гуравдахь ном болох Азизагийн дээжээс авна чинээ  санасангүй. Хувь тохиол гэдэг гагнаж өгөх нөхөрлүүлэх хүнээ холбодог гэдэг шиг, ямар нэгэн эгшил цохицолын бүрдээгэээр л учраа биз. Энэ хайлган хаврын эгшигт униарт дунд номын чинь дээжээс авч хаврын салхитай найрсаж уншиж байгаадаа тун их олзуурхаж байна.Үнэр нь арилж амжаагүй шинэ номны өлгийн боолтыг тайлхад ийм л шүлгүүд ханхийнэ.




Урууланд чинь би, уруулаа хүргээд унтах
Ямар сайхан байдаг гээч хайрт минь
Бурхан л ингэж Гүмүда цэцгийн дэлбээн дээр
Гэзгээ тавьж унтдаг байх даа

Сормуусан дор чинь би, сормуусаа эвээд унтахад
Ямар гоё зүүд зүүдэлдэг гэж санана хайрт минь
Тогорууд л ингэж шөнийн зовхин дотуур
Сарны зэлгээн туяаг залгилж нисдэг байх даа

 Хацарт чинь би, хацраа наагаад унтахад
Ямар гоё дулаахан байдаг гэж бодож байна хайрт минь
 Гөрөөс л ингэж халуун хэвтэртээ
 Таван сарын модод гөлөглөхийг харж хонодог байх даа

 Хөхөн дээр чинь би гараа тавиад унтахад
 Ямар тааламжтай мэдрэмж төрдөг гээч хайрт минь
                                                        Өвс л ингэж нартай бороонд усанд ороод гарахдаа
                                                        Солонгоор биеэн арчдаг байх даа
Зүрхэн дээр чинь би, зүрхээ тавиад унтахад
Ямар хэцүү их өвдөлт мэдрэгддэг гэж санана хайрт минь
Үнэнч хайрынхаа төлөө цэл залуухан Пушкин ийм их өвдөлтөөр
Үхэл рүү явах тасалбар худалдаж авсан байх даа




Гэрэлт цохонд тавьсан асуулт

-Гэрэлт цох оо
Өвсний юунд нь чи тэгтлээ
Шунан дурлана вэ?
-Өө би тэгээд хэндээ
Өөрийн зохиосон хийлийн гоцлолоо
Тоглох юм бэ?

-Гэрэлт цох оо
Чиний далавчин дээрх толбонууд
Хэн гээчийн гарын үсэг вэ?
-Энэ толбонууд уу...?
Чш...\навчис\ амиа хорлочихно

-Гэрэлт цох оо
Чимээгүйтэй чи
Ямар хэлээр яриад байсан бэ?
-Аан шавьжинд зориулсан англи хэл үү?
Тэр хэлийг чинь би авгалдайн дотроо байхдаа л
Сурсан юм

-Гэрэлт цох оо
Мэлхийнүүдийг чи
Яаж орхио вэ?
-Мэлхийнүүд миний цагийг эвдчихсэн юм
Тэгэхээр нь жаахан цаашлуулах аядаад л
Цөөрөмд хорьсон юм

-Гэрэлт цох оо
Намар болохоор чи
Хаа очдог юм бэ?

-Тэр нууцыг тайлчихвал
Бүх юм гоо сайхнаа  алдчихна
-Гэрэлт цох оо
Үхлийг чи
Юу гэж төсөөлдөг вэ?
-Үхэл над дээр ирвэл
Тэвэрч үнсээд
Орон зайг хэмждэг тэмтрүүлээ бэлэглэнэ.

Өөр асуулт байна уу? Түр баяртай                                                                   

    
                                                                  .                                                                   Нарны урдуур                                                         
                                                           Нэг шувуу
                                                               Нэг өвс зууж ниснэ
                                                                        Нарны урдуур
                                                                              Хоёр шувуу     
                                                                        Хоёр өвс зууж ниснэ
                                                                Нарны урдуур
                                                           Гурван шувуу
                                                 Гурван өвс зууж ниснэ
           
 Өлгийтэй хүүхдийн нялх дуу орчлонгоор нэг шуранхай хадаах өдөр 2011-оны 04.09-ны хагасайн өдөр 12 цагаас интэр ном дээр болох бөгөөд, нийт үзэг нэгт уран бүтээлчдийг хүрэлцэн ирхийг хүсье?

Tuesday, March 22, 2011

Эгшиг

    Унших дургүй номыг минь
    Сөхөж тавиад амтархан унших
    Учир төлөв нь олдошгүй
    Сайхан бүсгүй дэргэд сууна

    Амьсгалынх нь чимээнээр
    Сэвхийтэл худал цочсон ч
    Анзаарах сөхөөгүйд нь тунихад
    Санаа алдах нь эмзэг түүний

    Турьхан гарынх нь
    Хуруу бүхэнд хувилаад
    Тун сайхан өндгөөр нь
    Хуудас бүрийг нь эргүүлсэн


    Унших дуртай номынх нь
    Уулга алдах эгшиг байхсан

Monday, March 14, 2011

Их сургуулийн гудамжиндаа гэж Их л удаан амьдарна даа би

Эгшил зохицол
Энд хэмнэл гунигийг мартуулж
Их л олон бодлууд ар араасаа
Илчилгүй ихээр төөнөн цогшидог

Хэнзхэн сэтгэлийг нэвт цуулах
Хахирган салхи
Хацар алгадхад
Хайрын вальс дотуур байрных нь гадаа эгшиглэхэд

Үймсэн их олны урсгал
Нааш цааш холхилдож
Үүрд энд л хоцрох дурсамжууд
Намайг захирдаг

Тэврээд авмаар
Тийм л дулаан мэдрэмж
Цохилох зүрхний минь хэмнэлийг сулруулж
Цоожгүй ангиуд нь дүнсийн хоцорход

Энэлж бичсэн олон шүлгийнхээ санааг
Энэ л цэг дээрээс олоод
Их сургуулийн гудамжинд гэж
Их л удаан амьдарна даа би

Thursday, March 10, 2011

БҮҮ -АЙ-БҮҮВЭЙ



                                                                 БҮҮВЭЙ-БҮҮ АЙ
             / Шагдарсүрэнгийн Хатанбүүвэйбаатарын яруу найргийн тухай /

   Цаг хугацаа, зарим хэтэрхий гүн болоод хүнд бодлуудыг баллаж орхино. Нэг үгээр хүн төрөлхтөний санаа бодлыг ариутгаж байгаа нь тэр биз. Ингэж бодохоор цаг хугацаанд гүн хүндэтгэлтэй хандахаас аргагүй. Магадгүй ертөнцийн юм бүхэн цэвэршин тунгалагших гэж буй цагт  мухар эр хар зоригоор уран зохиол бүтээгчид цөөрөхгүй нь дээ? Мөн гэнэт зохиолч-яруу найрагч  болон тодрогчдын дур хүсэл духан дээрээ сүүн гэрэл болж сацрах энэ цагт БҮҮВЭЙ /дотно халуун нөхөд нь түүнийг ийнхүү дууддаг билээ / шиг өлгийтэй багаасаа уран зохиолд шунан үнэн сэтгэлээр дурлагчид гадуурхагдаад байх шиг заримдаа санагдах боллоо. Тэгээд л үг хэлж зүрхлэхээр шийдэв.    
    Барууныхан нэгэнт хүлээн зөвшөөрчээ. Хүний нэгэн насанд бие сэтгэлзүйн гурван хямрал явагддаг гэж. Нэгдүгээр хямрал нь мэдээж охид хөвгүүдийн шилжилтийн насанд эхэлнэ. Нүүрэн дээгүүр нь батга барзайхтай хамт зан ааш, бие галбир хамаг бүхэн нь хувирч өөрчлөгдөнө. Энэ насандаа шүлэг бичиж эхэлсэн хүүхдүүд хожим насан туршдаа  уран зохиолын зам мөрөөр явна. Ухрах буцах, няцах шантрах зам үгүй гэж яс махандаа шингэтэл ойлгосон байдаг. Харин 20 наснаас хойш хямрал энэ тэр нь дуусаад уран зохиолд дурлагчид надад хэзээнээс нэг л “итгэлгүй” санагдаад байдаг юм. Тэд өөр юм харж уран зохиолд хайртай болдог.  


Тэгвэл ШАГДАРСҮРЭНГИЙН ХАТАНБҮҮВЭЙБААТАР-ын  хамгийн түрүүнд хайр татдаг зүйл нь ямар ч давхар санаагүй, өөрийнхөөрөө, тэрсүүдээрээ, овилгогүйгээрээ хямарч шилжиж явах насандаа уран зохиолд хайртай болсон нь. Нэг үгээр түүний яруу найргийн талаар эхэлж зайлшгүй ярих ёстой сэдэв. Тиймээс шүлгүүд нь “ХАШИР” биш. Гэнэн, цагаахан сэтгэлтэй, мөрөөдөмтгий чанартай. Заримдаа “Хүрэл тулгат” шүлэг уншихаар Хөвсгөлөөс ирсэн хөдөөний арван жилийн сурагчийн шүлэг шиг. Нэг талдаа их ухаалаг, муугүй цэцэн, ганцхан үгүүлбэрээр тодорхойлвол “хоосон гэдэг худлаа ядаж хоосноор дүүрэн” гэдэг шиг сэтгэгдэл төрүүлнэ. Сэтгэл хоосон ч дотор нь хорвоо багтдаг шиг түүний шүлгүүд анхлан уншихад тийм ч гайхалтай санагдахгүй байж болно. Эхнээс нь эхлээд 20,30 тэгээд бүх шүлгүүдийн уншаад дуусахаар ХАТАНБҮҮВЭЙБААТАРЫН “ХОРВООГ” бүхэлд нь харж болно. Энэ бол яруу найрагчийн хоёрдугаар содон чанар. Бүхэллэг байж чаддаг тал нь одоогийн яруу найрагт ховор үзэгдэл. Дүр үгүй учраас та нарын бүтээл хүнд хүрдэггүй гэж саяхан нэг ахмад яруу найрагч  айлдсан байналээ. Нэг юм анзаарсангүй, магадгүй анзаарахыг хүссэнгүй.  Одоогийн яруу найрагчид бүтээлдээ өөрсдөө “ДҮР” юм. Тэдний сэтгэл ч нэг дүр, байгаль, амьдралыг, хүмүүсийг, сансар огторгуй, сав шимийг тэр л дүрээрээ илэрхийлж байгаа юм. Энэ шинэ хандлага Ш.Хатанбүүвэйбаатарын шүлгүүдээс илүү тодорхой харагдана. Маш товчхондоо ХАТАНБҮҮВЭЙБААТАРЫН САНСАР,  ХАТАНБҮҮВЭЙБААТАРЫН АМЬДРАЛ, ХАТАНБҮҮВЭЙБААТАРЫН САВ ШИМ ЕРТӨНЦ, ХАТАНБҮҮВЭЙБААТАРЫН БАЙГАЛЬ, ХАТАНБҮҮВЭЙБААТАРЫН ДҮР түүний яруу найргийн цогц чанарыг илэрхийлж байдаг. Илбэчин эсвэл буянтан, сахиусан тэнгэр, сүмийн номлогч, эцэг, хайртай залуу, ДОН-ЖУАН, далайчин эр, нутгийн овгор, байгаль шинжээч, хувийн аж ахуйтан гэсэн нэгдэж ойртмооргүй “ДҮРҮҮД” түүний шүлгүүд дотор оршино Энэ нь сүүлийн үед миний тодорхойлоод байгаагаар түүнийг “хүүрнэл зохиолч-яруу найрагч “ гэсэн бүлэгт хамааруулж үзэхэд хүргэнэ. Зохиолчдод хоёр хэв шинж байна. Нэг нь яруу найргийн  хүчтэй суурь, сэтгэлгээгээр хүүрнэл зохиол бичигсэд. Тэднийг “яруу найрагч-хүүрнэл зохиолч” гэнэ. Харин нөгөө талд нь хүүрнэл зохиолын сэтгэлгээгээр яруу найраг бүтээгчид. Тийм яруу найрагчдын дунд ХАТАНБҮҮВЭЙ БААТАРЫН  нэрийг оруулж тооцох нь гарцаагүй.
“Гуч хүрээд л үхмээр санагдах” шүлгийг нь уншиж суухад В.Набоковийн “Театрын тухай” эссэний үхлийн тухай хэсэг санаанд орно. Ердийн үхэл, амь хорлолт, алагдах гурав бусдад үйлчлэх хүчний ямар их ялгаатайг нотолсон байдаг юм. Яагаад Набоковын эссэ санаанд орсон нь бас учиртай түүнд /Ш.Хатанбүүвэйбаатарт/ Лолита нэртэй хэд хэдэн шүлэг байналээ. Үнэхээр гуч хүрээд үхмээр санагдах нь яруу найрагчид далдаас өгөөд буй “мэдээлэл” байхыг үгүйсгэхгүй. Лолита гэдэг нэр ч санаандгүй түүний тархинд харваад ороод ирдэг байхаас буцахгүй. Шугаман ч юм уу? эсвэл шугаман бус хэлбэрээр дээрх мэдээллүүд түүний яруу найрагт илэрч байна. Сэтгэлд үе үехэн бодогдоод байдаг юм. ХАТАНБҮҮВЭЙБААТАРЫН зарим программыг жаахан өөрчилчихмөөр. Даанч түүний нүүрэмгий түрэмгий илэн далангүй, ичих булчирхайгүй юм шиг байдал нь үгүй болчихвол тэр огт бүхэллэг биш болчих юм шиг санагдана. Зарим судлаачийн бичсэнээр “...Тэгэхээр цахилгаан-соронзон мэдээллийн буюу хувь заяаны бичлэгийг цэвэрлэх, шатаах, устгах цорын ганц арга нь биологийн систем болох хүний хувьд  Дээд буюу Аръяабалын бясалгал юм байна. Хувь заяа буюу төөрөг тавилан нь үйлдлийн үр дүнгийн цахилгаан-соронзон бичлэг гэж ойлгож болох нь. Энэ бичлэгийг бид энэ насандаа үргэлжлүүлэн бичиж, улмаар энергийн шинж төлвийг өөрчилж /харамсалтай нь юу хийж буйгаа мэдэхгүйгээр/, энэ нь эргээд бидний биеийг бүрдүүпэгч олон живаа амьд эсийн удирдлага, цаашлаад үеийн үед төрөл олохын шалтгаан болж байдаг хэрэг. Энэ хууль буюу дүрмийг мэдэхгүйгээр амьдрал гээч тоглоомд оролцсоноороо хүн ихэнхдээ физик биеийг дортгоод зогсохгүй  хувь заяагаа доройтуулдаг байна. /Г.Лхагваа ”Дээд бясалгал ба хүмүүний хөгжлийн шинэ боломж” / гэх үнэн бол зарим нэг сөрөг бодлуудаа “арчиж орхихыг” түүнд зөвлөмөөр санагдана. Зөвлөгөө авахааргүй зөрүүд байж мэдэх энэ этгээд байгальд л ганцхан зөрүүдлэдэггүй болов уу? хэмээн шүлгүүдийг нь уншихад эрхгүй санагдана. Байгальд өширхөн хандагчдын цаана муу үйлийн цалам хүзүүгээр нь гогцоорч байдаг юм. Харин байгальд гүн хүндэтгэлтэй болоод нэн бишрэнгүй ханддаг хүмүүст гэгээн тунгалаг шүлэг бичих зэргийн “увдис” хайрладаг гэдэгт итгэдэг, итгэдэг учраас яруу найрагч- байгаллаг байх ёстой гэж үздэг “ҮЗЭЛ”  ХАТАНБҮҮВЭЙБААТАР-т их л багаас нь төлөвшсөн бололтой.
            

  Одоо айзам түүний шүлэгт ямар чухал хийгээд толгой холбох уламжлал ёс ямар ч падгүй тухай хэдэн өгүүлбэр хэлэх нь зөв байна. Жишээ нь ийм нэгэн шүлэг байна.
Уулс нүдэн дотор минь
Өндийж
Одод бодол төсөөлөлд минь
Түгэн гэрэлтэж
Нар алган дээрээс минь
Мандаж байхад ч
Хайр сэтгэл, тэмтэрсэн итгэлээр л
Амь зогоосоор
Амь зогоосоор байх...

Энэ шүлэг силлабик уу? эсвэл тоник уу? гэж өөрөө ч сайн ойлгодоггүй зүйлээр бусдын толгой эргүүлэхээ больё. Харин үгийн айзам холбоосууд хэрхэн эвсэлдэж шүлэг бүтээснийг анзаарна уу? Энэ шүлэг /ер нь ХАТАНБҮҮВЭЙБААТАРЫН бүх шүлгүүд / хэлбэрийн хувьд түүний зан байдал, сэтгэлийн хөдөлгөөнтэй адил санагдана. Их тогтсон үзэл санаатай, зан байдлын хувьд тогтуун шүлэгчид мөрийн тоог чанд барьсан хайрцаглал сайтай шүлэг бичдэг гэж би үздэг. Тэгвэл сэтгэлийн халил хөдөлгөөн ихтэй яруу найрагчдын шүлгүүд задгай хэлбэртэй байх нь түгээмэл. Энэ л түгээмэл  зарчмаар ХАТАНБҮҮВЭЙБААТАРЫН шүлгүүд зарим мөр нь “ҮГ ҮГҮЙ” байхаас ч сийхгүй дэндүү чөлөөт хачин задгай хэлбэртэй байна. Түүний шүлгүүд дунд зан араншингаас нь гадна тийм нэг тодорхойлогдошгүй “ЭР ГУНИГ” ямагт оршиж байдаг онцлогтой. Чухам тэр л гуниг нэг талаар цөхрөл нөгөө талаар тайтгарал, үгүй бол оволзсон баяр бахдалын алин болохыг хэлж чадахааргүй эргэлзсэн байдалд хүргэнэ. Энэ нь яруу найргийн тайлагдаагүй олон увдис чанарын нэгийг ХАТАНБҮҮВЭЙБААТАР эзэмшсэн гэсэн үг. Түүний яруу найрагт  хоёр  “СУЛ” тал бас бий. Нэг нь:
-Сэтгэлийн эмзэг гуниглуун байдлаа шүлгээ дуустал нь хадгалж чаддаггүй. Гэнэт ямар ч хэрэггүй ”дүгнэлт” эсвэл хэрэггүй “сэтгэгдэлд” хүргээд дутуу хаячихдаг явдал. Зарим шүлэг нь зүгээр “гар хурууны үзүүрээр “бичигдэнэ. Бүр гомдмоор. Харин нөгөө нь:
-Дуусчихмаар байхад л хүчээр үргэлжлүүлсэн шинжтэй. Санааширч суугаад гэнэт чангааар инээсэн хүнтэй адил огцом өөрчлөлтүүд хийнэ. Уран сайхны хувьд болох боловч утга санааны хувьд зөрчилтэй санагдахаар шүлгүүд ч бий.
  Онгод, далдын хүчинд автсан гэхээсээ өөрийнхөө дотоод зөрчилөөр бичсэн шүлгүүд энэ яруу найрагчийн бас нэгэн онцлог байдал. Зөрчилт байдал нь хүртэл цогц шинжтэй болсон нь гайхшралыг төрүүлдэг. Гагцхүү салбадай байснаас гуч хүрэлгүй үхсэн нь дээр гэж үздэг эрс хатуу бодол нь л  ямар ч “ЗӨРЧИЛГҮЙ” , ямар өрчлөлтгүй байдаг нь түүний яруу найргаас ямагт маш тодорхой мэдрэгдэнэ. Онолын хүрээнд зөрчил синергитик тогтолцоотой гэж үзвэл удахгүй яруу найрагчийн дотоод сэтгэл зүй зөв төлвөөр цэгцэрнэ гэж үзэж болох юм. Чухам хувь хүний сэтгэл зүй олон хүчин зүйлээс шалтгаалдаг гэдэг ч аяндаа төлөвшин цэгцэрдэг нь ойлгомжтой. Удаан уншвал уйлж мэдэхээр нэг шүлэг нь:
Алсран алсарсаар живэх нарны наахнаас
Аварга загас барьж байна гэж
Аавыгаа зуржээ.
Ай даа,
Амьдрал надад яасан их хайртай

гэсэн байна. Ямар ч гутрал цөхрөл энэ шүлэгт үгүй. Амьдрал өөрт нь хайртайг бүх бие сэтгэлээрээ мэдэрсэн дуу алдалт. Ийм л тогтворгүй, хөдөлгөөнт  байдал ХАТАНБҮҮВЭЙБААТАРЫН яруу найргийн хамгийн гол мөн чанар юм.  Түүний яруу найргийг бүхэллэг шинжтэй, дүр олонтой, зөрчил ихтэй, сул талтай, гэнэн сэтгэлтэй гэж олон талаас нь тодорхойллоо. Оносон эсэхдээ эргэлзэхгүй байна. Учир нь яруу найрагч нь өөрөө яг тийм учраас..
Яагаад “БҮҮВЭЙ-БҮҮ АЙ” гэж өгүүллээ нэрлэсэн минь учир шалтгаантай. Түүний шүлгүүдээс би өөрийгөө зоригтой эвдэж, шинээр эхэлж, оюун санаагаараа задарч чадахгүй байна гэсэн “АЙДАС” мэдэрч байна. Ер бусын яруу найраг бүтээх гэсэн чин эрмэлзлийг мэдэрч байна. Түүнтэй хамт тэгж чадахгүй бол яана гэсэн эр гунигийг мэдэрч байна. Гоо сайханд шунан дурласан сэтгэлийг мэдэрч байна. Гоо сайханд эгнэж тэнцэхээргүй шүлэг бичих вий гэсэн зөв ухамсар мэдрэгдэж байна. Тиймээс  нэгэнт зөв ухаарсан, зөв мэдэрсэн, зөв айсан юм чинь зөвхөн зөв сэрэхүйн шүлгүүдээ бичихээс өөр хэрэгтэй хэрэггүй илүү дутуу зүйл  бодон БҮҮВЭЙ минь БҮҮ АЙ.
                  
                                                       Зүгээр л Пүрэвхүүгийн Батхуяг
    Дэлхийн суу алдартнуудын өдөрт сууж босон, сунайж данайж бичив.

                                                                  2011-03-10

Monday, March 7, 2011

Нис Нис Нис

                                                                    My Nisvanis
            Энэ бол бидний гал халуун залуу нас юм. ”Нисванис”-ыг сонсоно гэдэг. Хөөрөлд автаад, хөөрөн нисээд, хөөс болоод хагарч байгаа ч юм шиг. Тэдний анхны тоглолт супа...
СТӨ-ний тайзан дээр машины сэгнүүд овоолж, дээр нь бөмбөрчин нь байрласан байв. Зэв идсэн бочка, авс, тайзны араас харвал яг л хогийн цэгт байна уу гэлтэй. (Энэ тайз зассан хогийг зайлуулж чадалгүй СТӨ-ий ард 4 5 жил болсон гээд бод доо).Тайзыг нь ”Ногоон морь”-ийн зураач, барималч нар зассан байлаа. ”Нисванис”-ийн анхны тоглолт өөрөө монголын тэр үеийн модернистуудын хамтын бүтээл байлаа. ”Хүрээ хөвгүүд”, ”Ногоон морь”, ”Шинэ цус хязгааргүй”. Бас арай жаахан өөр хөгжим сонсдог. Дөнгөж үсээ ургуулж буй хүүхдүүд. Хүүе тэр Үнэнхүү... 3-р сургуулийн бацаан. Хөөрхөн бацаан. Хороололд ”Rock” лангуутай Алтай. Бас ”Madness”  байна


            За ингээд саак түүх эхлийшдээ. Үнэндээ ”Нисванис”-ийг гарч иртэл, монголын ”ороохорууд” сайн дурынхан байсан юм даа. ”Харанга”, ”Никитон” хоёр арай гайгүй. Дуу нь нэг тийм улс төрийн ч юм шиг. Хэн нэгэнд таалагдах гэж бичдэг. Дуулдаг. Мангар ёс зүйтэй. Паак. Яг доллар шиг дуу дуулдаг байлаа. Бүх хүнд таалагддаг. Энэ бол үзэл санаа, итгэл үнэмшил байх ёстойг ”Нисванис” мэдрүүлж өглөө. Энийг мань мэт ганцаараа батлаад байх ч шаардлага байхгүй. Хожим ”Нисванис”-ийн төрсөн өдрийн тоглолт байна шүү. ”Амазон”-д нэг болдгийн. Үндэсний үзэлтнүүд, рокерууд, оюутан, төрийн албан хаагч, ”Болор цом”-тон хүртэл гашуун утаа сорж, галтай ус залгилангаа, сэгсгэр, мулзан, халимаг, үхэр долоосон юм шиг гялалзтал тосолсон үсээ байна шүү сэгсчиж, байж ядсандаа бие биенээ түлхэж, харахад зодолдоод байгаа ч юм шиг, зохицоод байгаа ч юм шиг тийм хөдөлгөөн хийж, паак паак юм болж байгааг хараад, олон хүн ”Нисванис” ”чаджээ” гэдэг хоёрхон үгийг хэлж байлаа. 
 
Ингэхэд ”Нисванис” яагаад байгуулагдчих ваа. Шаазгай суухын тул заавал овоо хэрэгтэй. Монголын ”ороох боох”-д цөөхөн хэдэн заламгайтай нөхдүүд байлаа. Одоо ч байгаа. Нэг тийм дуулдаг болохын тулд заавал нэг нөхрөөр ”адислуулж” байж мэндэлдэг байв. Харин ”Нисванис”-т ”Аяга архи, ширхэг тамхины ч зарлага гаргах хэрэггүй байлаа. Хорвоо ертөнцийг өөрчлөхийг хүрч яарсандаа дандаа гүйж явдаг, ганц ч цэрэггүй фронт командлагч Б.Галсансүх олоод очжээ. Тэр үед од мод тод олны танил нь нь л Байзда байлаа ш дээ. За тэгээд Байзда бол ядаж ”хуушуур”-ны мөнгөтэй байсан бол, хуушуурны ч мөнгө байхгүй, гөөхийний ч мөнгө байхгүй, хатсан боорцог халаасандаа нууж байгаад торжигнотол зажилж зажилж горойлгоод, араас нь 100-ийн ундааг ухаан мэдрэлгүй залгилдаг нөхдүүд л байгууллаа шүү дээ. За тэгээд шүлсээрээ унд хийж, шүдний махаараа хоол хийж, алтернатив урлагийг хөгжүүллээ шүү дээ. Найз нар минь үнэхээр ихийг үзсэн мэдээж хэрэг, Амгаа тэр тухайгаа хангалттай бичсэн гэж найдаж байна.
Найз нартаа ганцхан юманд нь харамсч бас баярладаг юм. Монголд төрсөнд нь харамсаж, бас Монголд төрсөнд нь баярладаг.
            Хэрвээ USA-д төрсөн бол тэд зүгээр л ”шаах”-ууд. Тэрбумтан байх байлаа. Хальт мөрөөдөхөд Холливуд-д шампанск, виски, текиллагаар дүүргэсэн онгоцонд ээлжлэн орсон шиг ээ. Охидууд үүлэнд богоон богооноороо оочирлочихсон үнэн паааааак амьдрах байлаа. Монголд төрсөн учраас л дуулахынхаа хажуугаар DJ хийж, G хороололд худаг дээр усанд оочирлож амьдарсан. Энэ яах вэ? Бодит амьдрал. Хэрвээ тэд Монголд төрөөгүй бол Үндсэн хуулиас уншаад ч ойлгодоггүй эрх чөлөөг бид мэдрэхгүй байх байлаа. Ер нь хэн ч ирж мэдрүүлэх ёстой байсийн. Тийм учраас та нартаа баярладгийм. Амгаа хааяа маниуст гомддогийн. ”Та нар нэг хүүхэд төрүүлчихээд Гандангийн хүрдэн дээр хаяад явчихсан. Ядахдаа олигтойхон шүлэг ч бичээд өгчихгүй гэж”... Паак ”жинхэнэ ороохор” хүн шүлгээ өөрөө бичиж, өөрөө хөгжмөө хийдэг. Чи тийм болсон. Чи чадсан паак. Балхаагийн дууг дуулмаар байна уу? Бэгваатараар пордүсэр хийлгэж, ”ийм сайхан нэрээ жимс хүнсний ногоо”-оор нэрлэмээр байгаа юм уу? Маниусын хувьд ”нисванистсан нисванис” дууг нь сонсоод, үхэн үхтлээ амьдраад үхэх л сайхан. Паак гэж...
                                                                                         
  
 Түмэн хүний дунд
Түүртэн явахад
Түлхэлцэн мөргөлдөөд
Түс хийтэл унахад
Түсхийтэл уначихаад байхад л
Түмэн хүн огт анзаарахгүй
Түрээд, дэвслээд
Түй гэж нулимаад
Түрхэрэн одно
Түмэн хүн
Түмэн хүнийхээ дунд
Төөрч будилсаар одно
Миний шоргоолжны үүрэнд
Нисванисийн дуу... паак гэж
                                                                                            Хүндэтгэн ёсолсон
           Хүрээ хөвгүүн Савка 


Sunday, March 6, 2011

Зүүд зэрэглээ мэт хоосон эмэгтэй
















Зүүд зэрэглээ мэт хоосон эмэгтэй
Зүрх сэтгэлд минь аяархан уйлдаг
Их нүүдлийн бараа тоосрох шиг
Ирмүүн гуниг нь далай болж цогшидог
Цогшсон их улангасал нь
Цоож цуургагүй ч
Далавчаа дэвж
Дээш шунгах хүсэлтэй
Зүүд зэрэглээ мэт хоосон эмэгтэй
Зүүдэнд минь ирж зөөлхөн санаа алддаг
Хүсэл бол хязгааргүй гэдэг шиг
Хөхүүн цолгион инээд нь

Хөгжим мэт шуранхайлж
Хөндүүр гэгээн амьдралд хүч түрдэг
Зүүд зэрэглээ мэт хоосон эмэгтэй
Зөөлхөн тогшсоор зүрхэнд урцаа засдаг

                                      2010.01.20 Улаанбаатар их дэлгүүр Зураач Ц.Болор