Monday, August 26, 2013

Жигүүрээ усалчихаад, уйт их ганцаардлаа сэгсэрхэд

Жигүүрээ усалчихаад, уйт их ганцаардлаа сэгсэрхэд 
Усан бороо шаагиж байсан 
Удаан их удаан шаагиж байсан 
Жаахан ч гэсэн амсхийлт өгөлгүйгээр шиврээд л байхад нь 
Урсах нулимсаа зүсрээж, сэтгэлээ чөлөөлсөн
Учир шалтгаангүй асгарсан тэр усны ихийг ээ !

Одоо бодход, эргэн санаж, нэхэн дурсахад
Зовхин дээр минь зөөлхөн хагарч бутрахдаа
Зүр цэцэгсийн дэлбээнд тэр шингэх байсан биз 
Ойлгомжгүй юм гэгч хорвоод даанч их шүү дээ
Гэвч яалт ч үгүй, би урьтаад цуцсан сэтгэлээ амрааж 
Гэрлийн хөшгөө ярсан нууранд, жигүүрээ усалчихаад нисэх гэж байтал 

УСАН БОРОО ШААГИЖ БАЙСАН
                                              УДААН, ИХ УДААН ШААГИЖ БАЙСАН

13.02.28 Замын-Үүд УБ орох галт тэргэнд 

Sunday, August 11, 2013

Номон завсраас унасан шүлэг

Чамтай ярилцаж суух ердийн бус жирийн л санагддаг болсноос хойш 
Чиний өмнө суухдаа миний бодол алс холын бөглүү тосгонд очисон байдаг 
Энэ бүхэн урьдынх шиг ариун нандин байхаа нэгэнт үгүй болж 
Энгийн, хэн хэнийхээ яриаг чагнаж чадхаа больсон нь чиний ч буруу биш

Гэвч өөртөө буруу тохоё гэж хичээсэн ч 
Үг хоолойд ээдрээд буцаад залгигддаг шиг 
Гэмгүй ариун сэтгэлдээ чиний өгүүлэхийг сонсож 
Үнэндээ чив чимээгүй байгаа ч гэж дотроо хичнээн их хүсдэг болсон гэх вэ? 

Даанч чи намайг ойлгохгүйгээр үл барам 
Дахиад л өнөөх байдаг хэнд ч хэрэггүй үгсээ хэлж 
Тэвчээрийн минь утсыг аяар аяархан сулал лаа
Тааж мэдхийн аргагүй хязгаарлуу чамаасаа би ирсэн шигээ явая даа.


Wednesday, August 7, 2013

Үгүй биз дээ?

Эртний ч гэмээр бүдэг аялгуу 
Цэцэгс дундуур дэгдэх бүсгүй мэт 
Цээжний гүнд дэлбээ юүгээ задалхад 
Эр нэгэн шувууны нулимс агаарт үүрээ томно 

уучилж болох байсан 
аргадаж бүүр болох байсан 
аргадчихаад дараа нь хайрлаж болох байсан 
уучилж болохгүй байсан алдаа минь 

Толиноос толинд дусах дүр 
Уснаас усанд дусах дүр
Уулсаас уулсад зүүдлэгдэх зүүдийг 
Татралтаас үүсэх далайн шуугианаас би сонсдог

ЧИ ЧАГНАЖ ЧАДДАГ УУ?

сонороор чинь дамжиж 
тэр урсгалаа юүлдэг 
тэгээд тэнгэрийг харах хүсэлдээ хөтлөгдөж 
сочимог тодоор чамайг санаа алдуулдаг 

ЧИ МЭДЭРЧ ЧАДДАГ УУ?

Үсний чинь ширхэгт 
Оддын тоосонцрууд нэвчиж 
Ойж буухдаа олон ертөнцүүдийг нээж 
Үхэхдээ үнэрээ энгэсэг болгон чамд үлдээдгийг 

ЧИ МАНСУУРЧ ЧАДДАГ УУ?

эргэлдэн эргэлдэн бутраад 
намиран намиран хаялаад
навчисын хэвлийг гижигдэн асгарах 
энхэр зөөлөн борооны дуслуудад 

ЧИ УЯАРЧ ЧАДДАГ УУ?

Мөчрийнхөө орой дахь үзүүрээр 
Тэнгэр самардан найгах 
Моддын биеэлгээ дөрвөн сард бүсээ тайлхад 
Тэргүүн зулайд нь сар үнэгчилж хонодогийг 

ЧИ ШИРТЭЖ ЧАДДАГ УУ?

үгүй биз дээ 
үнэгчилэх чинь хүртэл ер бусын юм чинь 
үгүйлэхийг минь сонсоод ч чи юу хийнэ 
үхэтлээ л харин гэгээн оршоорой

Saturday, August 3, 2013

Үүд хаалга тогшиж цагаа дэмий үрэх хэрэггүй шүү

Уйлахгүй ээ? дотроо онгойлгож хэнтэй ч ууж суумааргүй байна
Удаан их удаан өөртэйгээ ярилцаж амьдарлыг төсөөлмөөр байна
Салхиа чи ядаж чихэнд бүү дүнгэнэлдээ гуйя чамаас
Сарыг дөнгөж сая аргадчихаад түр амсхийж байхад

Үүд хаалга тогшиж цагаа дэмий үрэх хэрэггүй шүү
Үнэндээ амьд гэдгээ мэдрэхгүй болтлоо унтмаар байна
Түр зээлдүүлсэн цас борооны үнэртэй цувыг чинь удахгүй өгнө өө
Тэр нэг шөнийг хамт өнгөрөөсөн шинэхэн танил минь өмсөөд явчихсан

нэрийг нь мартсан ч дүрийг нь бол нүдээ аниад л санана
навч цэцэгсийг ганхуулж уйтхараа үргээдээ явж
тэглээ ч, гадаа савлуур дээр чамаар үсээ самнуулах гээд
төрх гоо үзэсгэлэн нь илт нэмэгдэж буй өсвөр насны охид шуугилдаж байна

битгий олон юм үүдний цаанаас шалгаагаад бай
учирыг нь тэгэж байгаад тайлбарлаяаа
бүү гонсой, найз нь чамаас ганцхан удаа л уравлаа шүү өршөөгөөрэй
угаалгын өрөө орлоо ус битгий тасалчихаарай!!!!

Thursday, August 1, 2013

Би чиний

Санаанд тодрох юу ч алга аа
Сонин юм шүү амьдрал гэгч 
Сэвэгнэх навчис бүртийх тэнгэр 
Сэтгэлд хадаатай үлдсэн түүний 
Гунигтай нүд одоо ч төөнөх нь 

Гал мэт цээжнээ шатах үгсийг би хаана гээлтэй
Сар өнөөдөр гарах болов уу? яах бол 
Сэрхэд л цонхоор хархад намар болчихсон байвал 
Салхи түүний үсний үнэрийг дамжуулан авчирна даа
Солонго зүүдэнд ч баригдахгүй алс юм билээ

 Ингэхэд би чинь яг хэзээ шүлэг бичлээ
Бодоё...нүдээ аниад төсөөлье
                                                           Бороо шаагиад л,шаагиад л
Би цувгүй нөмгөн, энгэртэй ганц янжууртай
Итгэмээргүй юмаа, түүнээс хойш юу ч бичээгүй гэхэд 

Анхны цас удахгүй орох дөхөж байгаам байна 
Өвөөтэйгээ цуг алхдаг байсан гудамжаараа
Өнөөдөр жаал зугаалая байз
Ахиад л өнөөх дурсамжууд амилан өмнүүр дугуй унан чавхдана биз
Ер нь хий хоосон ч юм уу? даа ертөнц гэгч 

Хажуугаар зөрөх залуухан хосуудаас 
Аз жаргалын тоос сэнгэнэж байна 
Хайнгахан зөрөөд өнгөрч болохгүй нь ээ
Араас нь хархаас аргагүй өндөр өсгийтийн 
Зүрх гижидсэн инээдний цуурайг ээ

Бурхан яаж бодхоороо тэгэж их согтсон юм бол 
Хуучны дуу гэнэт л аманд аялагдах шиг 
Бушуухан энэ орчиолоос хийдгээ хийгээд зайлахсан 
Хайрлаж дуралсаар байтал элж дуусах нь 
Үзэсгэлэн гоогоос болж 

Салхи чи нууц нэрээ хэлээч 
Санаатайгаар юунд бороотой амраглаж 
Надад хайртай сэтгэлээ уутлав 
Навчисаас урван байж чамд би бүхнээл өгсөн 

Гэвч чи юунд зэргэлдээ амьдардаг 
Үүл хэмээх хөршийн минь нүдэн дээр түүнтэй үнсэлцэж 
Голд минь ортол гомдоовоо 
Үнэнч явсныг минь цас будрахдаа чамд ойлгуулах л байх 

Сэтгэл элс мэт үйрч байгааг 
Тэр үйрмэг бүрийг нийлүүлэх гэж 
Санаатайгаар амраглсан бороо чинь асгарч байгааг 
Тэнэг биш л юм болхоороо ойлгож л байна 

Яагаад заавал чи гэж салхиа 
Яасан гэж заавал намайг гэж салхиа 
Намар болох гэж байна, чамаас болж урвасан 
Навчис бүрийн тоогоор шаналсан шархыг нь эмнэж уучлал ирхээр явлаа 

Удахгүй дээ чи харж л байгаарай "ӨВӨЛ" болно 
Ухаан санаанд чинь орохгүй, төсөөлөгдөхгүй амраглалыг үүсгэж 
Цастай ханьсана, түүнтэй мансуурна,  энгэрээ дэлгэнэ 
Захидал уучлал ирж бүү явуулаарай, агаарт эргэлдэх ширхэгүүдэд нь бүр мөсөн уусчихна

Би чиний хуяг дуулга, барих илд 
Айдсаасаа зугтах хүлэг морь 
Би чиний хөшөө бунхан, цавчих дайсныг 
Араас гэтэх бүхэнтэй чинь номхроогч 
Би чиний хүлцэнгүй боол, дээдийг хүсэгч 
Зул асаах шар тос 
Би чиний бүгдийг нигүүлсэх эх мутраас 
Зүүний үзүүрт торсон арвай
Би чиний агшин зууран зугаацал элийрэл 
Зовхио хаахын төдий гэрэл 
Би чиний дурсамжыг хөглөгч сахиусан тэнгэр 
Зурвасхан гялбаад өнгөрөх од
Би чиний гүн ухааны нууцат нэвтэрсэн 
Аавын чинь үнэрийг тээгч 
Би чиний нулимсыг арчих он цаг 
Ахиад олдохгүй жил сарууд 
Би чиний сонсохгүй байж боломгүй аялгууг 
Яруу найргаар туурвин бичигч 
Би чиний зүүдэнд үзэгдэх бурханы үг 
Амандаа хүлхэх сонгодог дуу 
Би чиний гуравдагч мэлмийд даяанчлан бясалгах 
Анир үгүй "УСХАЛТ" нулимс 

Monday, July 1, 2013

СТИХИ

Ганцхан шүлгийн мөр хайж 
Голдоо ортол цанганам 

Эмгэнэлээр дүүрэн юм
Бичигсэдийн амьдрал
Эндүүрмээр олон асуулт зам харгуй
Балартах зүггүй үй олон уйтгар
Энэ бүгдээс салая гэхнээ л салж чадалгүй
Бурханы даажинт хүсэлд цагдан хоригдож
Эцэс сүүлдээ арга цөхрөн хий л агаарт гараа савчина

Жигүүртэй болоё гэвч
Жинхэнэ жигүүр нь төсөөллөөс цаашгүй
Хий багтарлын хоосон орон зай
Хэрээс хатгасан цэг таслалууд
Багадаа өнгөрүүлсэн гэрэлт дурсамжууд
Бүүр үгүй бол хайр дурлал хагацлаас үүтгэлтэй
Тэдний өрөвдмөөр тарчлаан

Магад хүн төрөлхтөн үүсхээс өмнө
Хөгжлөө олж, цэцэглэн хөгжиж
Хөх униар агаар сэмжлэн цэхэртэх шиг
Миний үед тулж, намайг ч туучин цааш одох нь
Даанч харуусалтай хийгээд, эгдүүцмээр ч
Дадал зуршил болсон хагацаж чадамгүй
Энэ л хувьт ганцхан аз жаргалаа хаана гээлтэй билээ л....

УБ-Москва орох галт тэрэг 510-р вагон 7-р өрөө 13.06.09

Чамтай холбоотой маш сайхан дурсамжууд 
Ар араасаа хөврөх өнгө алаглсан зүүдүүд 
Аав болход минь чамайг үрдээ бүүвэй аялах үесэд 
Чинагш одсонд эргээд аваачих бидний залуу нас 

Энэ л ариун төрх, цаглашгүй давалгаа мэт хүслэн
Элж одно, халин ниснэ, навчис шим шүүсээ барах шиг 
Хэзээ нэгтээ очтох харц, омголтсон уруул 
Хүрвэл үйрчихэж мэдэх хүсэл биеэл энхрийлүүштэй

Амьдарлыг минь гэрчлэх сүүдэрт 
Аз жаргал гэрлээ л тусгаж тоглож байна 
Чиний надад ихэнхи үед харцаараа ойлгуулдаг бүхэн шиг 
Чухамдаа салхи агаарт бутарч цас болон хаялах шиг 

Намрын гоо сайхныг гэрлүүгээ алхахдааа гудамжтай нь хөгжимдөж 
Намуухан өлмийлж дэгдэхдээ тэнгэр л бүү цочоогоорой
МЭДДЭГ ҮҮ-шүлэг мэт зургууд чинь 
МИНИЙ-зураг мэт шүлгүүд хүн төрөлхтөнд өвлөгдөнө гэдгийг

13 году Июнь 22 Санкт-Петербург 

Би чамд 
Бүх бичсэн шүлгийнхээ гар нооргийг 
Эх хувьтай нь хамт бэлэглэе
Эрхэмлэн дээдэлж нандигнан хадгалж болно 
Эсвэл пийшингээ галлаж, гараа ээн дулаацаж 
Ширмэн тогоогоо дээр нь тавиад 
Эр нөхөртөө юмуу, гэртээ зочилсон хэн нэгэнд 
Шар тос нь хөвсөн цайг чанаж өг 

Хамаагүй ээ...өөрийгөө золин байж бичих миь 
Хүртээлгүй ээ... надад ч, цаг хугацаанд ч тэр 
Шүлэг бичнэ гэдэг угтаа бичихгүй байхын нэрийдэл юм шүү дээ 
Шөнөөр гэрийн чинь яндангаар очтон очтон гялбах гэрлийн үелээн л юм шүү дээ

Чи гайхах л байх 
Уйт-харын далайг төсөөлөлдөө цалгиулж 
Усны мандал ширтэн өдөржин цонхоор гиюүрч суудгыг минь 
Чамд ч уг нь хүртээлгүй зүйлэл дээ 

Гэхдээ шидсэн дэгээний минь утас 
Үе үе угзагдхад уу? хачин сайхан мэдрэмж биеэр дүүрээд л ирнэ 
Гарцаагүй л мөндөө гэж татуургаа өөрлүүгээ орооход уу?
Үг гээч зүйл даанч дайнд одоод, хэл сураггүй алга болсон нэгэн шиг л оршино 

Тиймээс ийм л үнэ цэнэгүй эрдэнэсийг 
Тэрэг тэргээр нь чамд бэлэглэж байгаа юм 
Би бас боддоггүй биш боддог бөндгөртэй ядаж байтал 
Усны эрэг хашсан далан, үгүй гэхнээ замаг болоод төрчихсөнсөн бол 
Балартан харагдах зүггүй хирнээ эгшиглэн тунарах долгион үүсгээд байдаг 
Уйтгарт тэр л үелээнүүдийг торлогдоод байж болох шүү дээ 

За за өнөөдөртөө энэ дуусашгүй үлгэрээ түр жаргаая 
Замдаа эсэн мэнд аяалдаа, зүүд чинь чамайг дуудаж байна

ЗОВХИО ХАА


Sunday, May 5, 2013

ЗҮРХНИЙ ЧИНЬ НАМАРЖААНД.....

Чиний ертөнцийн гүнд
Хачин нэг л намуухан далай
Чочоочихвол загаснууд нь үсэрчихэж мэдхээр
Хавар мартагдсан дурлал шиг чимээгүйхэн орших

Гэнэн ч юм шиг
Гэлмэн дальдчиж зугтмаар тунимхай ч юм шиг
Гэртээ харих хүсэл төрөхгүй шиг
Гэвч яалтчгүй цаг хугацаанд баригдах шиг

Зүрхний чинь  намаржаанд зусаж үзэхсэн
Зөндөө олон цас хаялдаг байхдаа
Зөрүүдч гэмээр тэгээд төдхөн хайлж
Зүс улаахан нэгэн цэцгийг цааснаа амилуулдаг байх даа

Шүлгүүд чинь урьд хэнээс ч олж харж байгаагүй
Шүүдрийн дуслууд шиг тунгалаг юм
Үүрээр л өвсний үзүүрт бөнжигнөх тэр дуслуудыг
Үсэнд чинь сондорлогдож наранд гялбалзхыг хармаар

Чамайг хүндлэх, дээдлэх, эрхэмлэх
Ер бусын хүчирхэг нэгэн увидас миний сэтгэлд байна
Чанга хатуу биш хирнээ хэн нэгнийг ч, огт танихгүй нэгнийг ч уяраах
Ерийн бус жирийн мөрүүд чинь намайг амар амгаланд хучаад байна

Амьдрах нас минь хэд хичнээн билээ? гэж хэлсэн
Нэр нь хараахан санаанд орохгүй байгаа найрагчийн үг шиг
Амь-халуухан сарны гэрлээс дахин салхи тасдаж
Начин гэгч шувууны нэртэй надад дурсгаарай

Зүрхний чинь намаржаанд зусаж үзэхсэн
Зөндөө олон цас хаялдаг байхдаа
Зөрүүдч гэмээр тэгээд төдхөн хайлж
Зүс улаахан нэгэн цэцгийг цааснаа амилуулдаг байх даа

                     БИШҮБИ шүлэгч М.Мөнхтунгалагт зориулав 13.04.24

Friday, April 26, 2013

ШҮЛГИЙН ТАЛААРХ ТЭМДЭГЛЭЛҮҮД


\Залуу шүлэгчид\

1.Дүрслэлд
Нээлттэй бай
Дүрслэлд ухаан бодлын дотоод дуу хоолой юм

5.Их бүү ярь
Чимээгүй байхыг хичээ

6. Шүлэг бичиж байхдаа
Эртний найрагчдыг бод
Эртний, магадгүй
Бүр эртний

7.Эрт галавын найрагч шүлгээ уншиг хэмээн хүсэхгүй гэж үү та

8. Тэнгэртэй төстэй байхыг хичээ
Тэнгэр мэт энгийн
Тэнгэр мэт гайхалтай

9. .Сэтгэл хөдлөл ч бүү илэрхийл
Санаа ч бүү хэл
Тэр уншигчийн ажил

11. Цог нурман дор байх
Нурмыг хутгахаа бүү март

12.Цаг үедээ зохиц
Цагаас гадуур мэт загна,
Үүнд зөрчил үгүй

13. Нэг гарт чинь математик
Нэг гарт чинь ид шид,
Үүнд ч бас зөрчил үгүй.

Дараа нь бод, байсан ч яав гэж"
Шүлэг гэдэг зөрчил болой

14. Математикийн тохиол ч гэж шүлгийг хэлж болно

17. Үг,
Үгэнд л үнэнч бай

18. Хүн төрөлхтний ачааг үүрэхгүй бол,
Өөрийнхөө тухай бүү ярь

19.Шүлэг эртнээс инагш
Тийм ч өөрчлөгдөөгүй
Яг л хүний нүүр шиг
Тийм их төстэй
Тийм их ондоо

20.Өвөрмөц болох гэж бүү чармай
Жирийн л бай
Өвөрмөц байх гэдэг цусанд чинь эсвэл бий, эсвэл үгүй
Чармайлтаар хүрэхийг хүссэн өвөрмөц чанар гээч
Шүлэгчийг харин ч ердийн нэгэн болгож орхидог

22. Ширээнд утга үгүй
Шувуунд утга үгүй
Пирамидэд утга үгүй

23.Мартагдахыг хүс
Ахин чи дурсагдах юм бол
Жинхэнэ амьдрал тэндээс эхэлнэ.

Сабахааттин Күдрэт Аксал Туркийн яруу найргийн дээжис-1 номны 128,129,130-р хуудаснаас












Tuesday, March 26, 2013

ЭЭ ИЙМ ТУНГАЛАГ АГААРЫГ ХААНААС чи ЦАЦРААЖ

Хүн олны урсгал дундаас
Шаазан ваар хагарах шиг
Чиний нэр сэтгэлд дурсагдаж
Цасан уйван туйвж, туйван уйвсаар
Сормуусанд шингэх үдшээр
Сэтгэл минь амар амгаланд хучигдахад
Санаанд минь өлгөөд орхисон
Нулимс чинь
Зүг чиггүй салхинд
 Ороолтоо хийсгэн нисэж яваа нь
Нүдний үзүүрт тороод л зөрлөө....02.27
 
Ээ ийм тунгалаг агаарыг хаанаас чи цацрааж
Миний эд эс бүхний сүвт уусган шингээгээд байгаа юм бэ?ХАВРАА
Эмрэгдээд л, эрчилээд л, хөврөгдөөд л дуусах цаг хугацааны туршид
Магадгүй яг энэ чигээрээ ариун тунгалгаар оршисоор л байх уу?
Чиний нулимс цурхиран мэгших тунилт чинь хүртэл ариухныг 
Чухамдаа надаас өөр хэдэн яруу найрагч мэдэх вэ?
Цав цагаан сэтгэлт, хав хар хэрээдийн, хүв хүрэн зүрхэнд
Цахилан дүүлэх эрчийг салхиа төөрүүлэн байж чи шингээснүү
Хэлбэр дүрсгүй, өнгө үнэргүй олон аялгууг хаанаас эгшиглүүлж
Хэн нэгний эмзэгшилт хонгилд яагаад гэрлээ унтраан асаан, асаан унтраан тоголдог юм бэ?
Дааж давшгүй зовлон гэгчийг давал гэж бурхан бүтээсэнтэй адил
Дуу шуутайхан ирээд, дуу шуугүйхэн буцдаг нууцаа задлаач 
Чинийл мэдэлд олон ертөнц сэвлэгээ задгайлан сэгсэрч
Чиний л эрхшээлд олон эрс нүдээ аньсагандаа чийгтүүлж
Чинийл чиг зүггүй алслалтанд олон эрвээхэйс төөрөлдөн нисэлдэж 
Чиний л оршин тогтнохуйд оршин буйгаа үл ялгаж ганцаардахдаа 
Хий сэрхүйн дотоод цуурайг ханзрах цасны гисэх амьсгалаас чагнахад
Хаашаа ч юм, магадгүй хүрэхгүй хязгаарлуу хүрэх юм шиг л нисмээр санагддаг шүү

ЭЭ ИЙМ ТУНГАЛАГ АГААРЫГ ХААНААС чи ЦАЦРААЖ 
Тасалгааны таримал цэцэг шиг 
Чамайг би услаад л, тордоод л байтал
Тамирдаж аргаа барж дуусав

Ядаж би байхгүй бол 
Сэтгэлийн чинь хөрсийг хэн онгичиж
Сарны гэрэлд дэлбээ юуг чинь бүүвэйлэх юм бэ?

-Хэлээч
Дуугаа аяд
-Дусал ч ус дусаахгүй дээ?
 
Харж л байя
-Нээрээ юу?
Хажууд чинь үхсээр л байхад уу?

-Чаднаа амлая
Амлаад чи юунд ч хүрэхгүй шүү дээ
-Чи үхсэн цагт л би амьдрах юм чинь 

Буруул бодож байна даа 
-Юуг?
Бусдын өмнөөс зовниж байж л чи амьдарна 

Friday, March 8, 2013

Мөнхөд шалба нормоор хүслээ

Эхлэл нь төгсгөлөөсөө илүү сонирхолтой санагдах 
Эмзэг агаад туяхан хөх бороон дуслууд 
Энхрийлэл эгдүүцлийн хоорондох нарийн зөрлөгийг чагнаж 
Энэ тэнгэрээс их удаан асгарна 

Түүртэлгүй цохилох цагийн зүүний 
Богино хэмжээнд багтах уртхан эргэлтэнд 
Тойрох хэмнэл нь ямархан орон зайд уусаж 
Болортох дуслууд нь өнгө өнгийн гэрэлтэй газардах бол гэж 

Мөч бүрээс нь хагарах чимээг чагнаж зогсовол 
Мөнхөд шалба нормоор хүслээ өрөвдөнө.


Monday, March 4, 2013

Зүрхнээ дуслах нулимс юмуу



Ийм л уйтгартай, гунигтай үдшүүдийг
Идэрхэн зүрхэндээ өлгийдөөд сайн сайхны тухай л бодоё
Хэн нэгний цэцэрхсэн яриаг ч үл сонсон
Хэрхэн ертөнцийг гэрэл гэгээтэй төсөөлхөө л бодоё

Учир явдлыг тунгаалаа ч
Угтаа амьдрал нүдээ аниад буцаагаад нээхийн шалтгаан юм бол
Уйтгарлахгүйгээр тэнгэрийг ширтэж
Урсах нулимсаа л хатамжлая

Хэнч шивнэлдэхгүй болтол
Хэсэгтээ амар тайвныг мэдэртлээ
Хээр хөдөөд гандсан утасны мод шиг цуурч
Хэзээ нэгэн цагт түлээний мод болхоо мэдэрч
Хээв нэг эвшээлгэе
Тэгээд сэтгэлээ дэрэлхийн төдийд гэрэлтэх
Зүүдний цагаан шувуудыг алганаасаа нисгэж
Тэнгэрийг эвхэж нэг, тэвэрч нэг дэвэх чимээнд нь
Зуны цас хаялахыг чагная 

Thursday, February 21, 2013

Зун

Үзэгдэлт шинж чанаргүй
Хий хоосноос
Чиний явсан зүгийг ширтэж
Агаар дээр хагаран бутрах
Борооны дуслыг алгандаа атгаж
Сарны зүүрмэглэх зүүдийг
Санаандгүйгээр цочоож зогсохдоо
Шужигнан бутрах цасны хэлбэрээс
Долоон өнгийн солонго
Үсний чинь сүлжээсийг задлахыг
Өдрийн тэнгэрт гялтайх
Түм буман оддын ичингүйрлээс
Сураглаж тайтгараад
Бүдчих харцны чинь
Аньсагыг сөхөж, шатаж үл дуусах
Цаг хугацааны цогцосыг атгасан
Алганаасаа дэлгэн орон зайн хамаарлаас
Гэрэл тасдаж нисхэд
Зун дуусна..............
ШИНЭ-ҮНЭР анталогийн 92-р хуудас Яруу найрагч Доржнямбуугийн Эрдэнзулайд

Friday, February 8, 2013

Үдшийн тэнгэрийг зүсэж

    
Үдшийн тэнгэрийг зүсэж хараацай нисэх адил
Үзэсгэлэнт нэгэн охиноос болж зүрхээ ч цохилж буйг мэдхээ байх нь
Гомдмоор юмаа, амьдрал гэдэг сэтгэл сэмлээд
Гүн их найдлага хүлээлгээд ч бодол ээдрүүлээд
Яг үнэнийг хэлхэд
Үхчихмээр л санагдах юм
Үхэж чадахгүй ч амьдрах гээд л аргаа барах юм
Яруу найраг аа, яагаад чи ухаажхын тэнхэлийг санаанд минь шингээж
Хэнгэрэг сонорт минь үргэлж хонх дэлдээд байдаг юм бэ?
Хамаг залуу насыг минь цочироож ханах болоогүй юу?
Эрвээхэй нэгэн зунаар гоёмсог дэлбээгээ задалж
Хавь орчиноо гэрэл түгээх адил
Эмнэгшин гунихын үүтгэлээ ертөнцөд цацчихаад
Агаараас ёслол төгөлдрөөр газардахдаа, хэнээс ч өр авлагагүй хагацдаг биз дээ
Тэрэн шиг, түүн шиг
 Тийм гэгээн тунгалгаар эд эс бүхэнд минь шингэсэн өөрийнхөө үнэрийг
Зовхиндоо эвхэж боогоод надаас яваад өгөөчдээ гуйж байна
Зул хонгор салхи шиг, цахилан цахилан
өндөрлүү ӨНДРӨӨС өндөрлүү хад асга дамжин дүүлээчдээ

Wednesday, February 6, 2013

Чамайг л бодон инээмсэглэх юм

 
 Үсэрчихмээр л, жигүүрээ дэлгээд агаарт жингүйдмээр санагдах авч
Санаан дотор минь нулимс чинь асгарсаар үзэгдхийм
Үнэгчлээд өвөр дээр  зүүрмэглэх хичнээн нялхамсаг билээ
Сэтгэл урмаар, хөндүүр гунигтай ч басхүү санаа алдхын эмзэглэлтэй
Чамайгаа би хайралсаар л явдаг шүү
Чи минь мэддэг юмуу, үгүй юмуу хэн мэдлээ
Яг өдийд л хөлийнхөө чимээгээр газрын тоосыг гижигддэгсэн
Яруу найраг шиг шид увидас тэнгэрт цацагддагсан
Сормуус чинь цас эсгэж дэрэвхэд

Цочисондоо хаврын модод нахиагаа тасддаг байхдаа
Сэвэлзэх эр хонгор салхин энгэр заамруу чинь шургалах гэж
Зүрхэлж  ойртолгүй өөрөө өөртөө амьсгалаа эвхэхдээ
Зүүдийг тань чагнаж чаддаг болуу яадаг бол
Зүр буга мэт намрын ойд хичнээн удаан урамдах вэ? хэлээч
Гол урсгалдаа тоорогтон дотогш цөмөрдөг шиг
Гэнэ гэнэхэн инээдийг чинь санах юм
Гал дүрэлзэн цоролзоод илчээ үнсэндээ ботилох шиг
Гансрахдаа хүртэл дасчихаад чамайг л бодон инээмсэглэх юм

Tuesday, January 22, 2013

Уйлж чадаагүй ээ....

Уусган буй харцанд чинь
 Гүндээ живүүлчихээд, жишэмч үгүйгээр зуларсан
   Улиран одогч жил саруудад чинь
      Гэрэвшилгүй одохдоо нэхэл дагал бололгүй газарт шингэсэн
         Тийм тод, тийм дулаан нулимснаас
            Тэвчихдээ залгисан үгс минь асгарсныг
              Тэнгэр ч амьсгалаа эвхэж сонссон гэдгийг
           Тэр амьсгаа нь тэмдэглэийн дэвтэрт минь цас болон хайлсныг
         Гүн гуниглангуйгаар бодоод бодоод олооогүй гэж хэлснээс чинь хойш
      Уртаар, уртаас уртаар санаа алдахдаа яавч үхэж чадахгүй юм гэж үү?  гэж өөрөөсөө асуун
   Гэрийнхээ хаалганы хяхатнах чимээг чагнан налж зогсохдоо, хичээгээд ч
Уйлж чадаагүй ээ, "УЙЛЖ" уйлжил чадаагүй ээ........
    

Thursday, January 3, 2013

Зогсохсон

 
 Догдлол минь чам дээр тунарч
Тунарсан долгиондоо өөрөө ч мэдэлгүй хөвнө
Дахиад ийм л агшныг мэдрэхгүйгээр
Тамын өрөөний хаалгыг хүчтэйхэн тогшихсон

Хайр минь чам дээр гэрэлтэж
Гэрэлтсэн цацрагтаа өөрөө ч мэдэлгүй жаргана
Хэзээд ийм л агшныг мэдрэхгүйгээр
Гэрийнхээ үүдний хаалгыг аяархан хаахсан

Дурсамж минь чам дээр хөглөрч
Хөглөрсөн аялгуундаа өөрөө ч мэдэлгүй нойрсоно
Дандаа ийм л агшныг мэдрэхгүйгээр
Хаалга бүрийн бариулаас атгаж зогсохсон
 2011.10.26

Sunday, December 30, 2012

Гялбасхийтэл улаан оч дүрэлзүүлж


Энэ биеэрээ би цас болно
Их үс гэзэг шигээ цас болно

Яруу найрагч Данзангийн Нямсүрэнгийн гэр
Элэгдэж илж хоцрох бүхний
Эхлэл хийгээд төгсгөлийг үзэх гэж
Эрээнцавын буйд нэгэн өртөөрүү
Эхнээсээ л очих хүсэлтэй байвч чадахгүй байна

Уг нь намар очивол сайхандаа гэж бодсон ч
Уртын урт үстэй бүсгүйн үсийг гижигдэгч
Хахирган ч юм шиг, халуун дотнохон салхитай
Хаврын хөх униар сэтгэлийн анир үргээгээд байна

Ингэсээр байтал зун болж
Идэр жавхаалаг охидын шилбэ гялалзаж
Зүрхний цохиолт сонсогдохоо байж
Зүгээр ч нэг амьдарч чадахгүй гэх нь байна

Гэвч очино гэсэн зорилго минь унтраагүй болхоор
Эх үс гэзгийг дарж хаялсан цастай үдшээр
Эрээнцавын өртөөн дээр
Гялбасхийтэл улаан оч дүрэлзүүлж, цэнхэр манан ууршуулсаар буумаар байна

12.04.21

Friday, December 28, 2012

Энэ цамнаад байгаа?

Зүрхнээс минь 
Энэ цамнаад байгаа аймшигт үүлс 
Эрээн бараан хоосон хий огторгуй 
Зэрэгцэж юунд дагана вэ?

Тэртээд, аниргүйд бурхад юуг шивнэлдэж
Дэмийртлээ, солиортлоо энэ амьдралыг бүтээж
Тэнгэр хэмээгч ертөнцийн цаад төгсгөлөөс ширтэхдээ
Дув дуугүй нүдээр харан шоолно вэ?

Ээ, яагаад ийм тунгалаг мандлаас 
Цас, бороо зэрэг шивэрдэг атлаа
Эхлэл ч үгүй, төгсгөл ч үгүйгээр оршиж
Цацрагт нарыг өдөр бүхэн мандуулна вэ?


Monday, December 17, 2012

Зүрх сэтгэлийн минь
Ирмэг гэгээн хэц дээрээс чи 
Инээмсэглэж гулгаад л 

Эгээ л нялх хүүхдийн зулайнаас 
Нар төөнөх мэтээр гэрэл цацрааж 
Навчисын судалд бороо болон тогтоод л 

Ууршин замхарч аль нэгтээ рүү шингэхгүйгээр 
Ухаан санааны минь дотор нулимсаа арчихдаа
Саранд үүрээ зассан шувуудыг шоолоод л 

Яагаад? гэж асуухгүй гэдгийг минь мэдсэн юм шиг 
Юунд одоо хүртэл хариу үл дуугарна вэ?
Юу ч үгүй, хоосорчихсон сэтгэлийнхээ хундагыг дүүргэмээр л 

Одоо байгаа цаг хугацаа хангалтгүй юм гэж үү?
Оддын тоосонцорт нэвчиж нэвчиж олсон ганц шад минь
Үхүүлж байж л санаа чинь амрах байхдаа тиймүү ?

                                                                                                     

Thursday, December 13, 2012




Чамдаа уусан алдрах
Цаг хугацааны жингийн туухай дээр
Цастай хөндийг туулсаар
Чихрах чимээнд нь амьд гэдгээ мэдрэн алхаж байна

Орчин тойронд минь үзэгдэх бүхэн
Өөр өөрийн гэсэн амьсгаатай болхыг
Өө тэгээд бодхын зуурт минь тэд ичэхийг
Ойлгож ядан тээнэгэлзэхдээ инээмсэглээд л алхаж байна

Ер нь ч тэгээд амьдрах нас богинохон гэж ярих ч
Үзэх юм их бий гэдэгт, чамд итгэдэг итгэлээрээ итгэж
Ертөнцийн төгсгөлийг үзэх гэсэн үндэслэлдээ эрдэж
Үхэн үхэтлээ үхнэ гэдгээ ухаарч алхаж байна

Замд таарсан хот тосгодын нохдын борголт шиг
Тэр борголтуудаас тэвдэж сандарсан айдастайгаа
Тэгээд дараа нь нэг их гүнзгий тайвширсан шигээ
Залуу насаараа гайхуулж алхаж байна

Тэнгэрийн хэсэг цагаан үүл хаашаа нүүхнүү гэж ажиглаж
Тэнгисийн гүнд эвшээх халимны зүүдэнд юу тодрохыг үзэхсэн гэх
Миний багын төрхтэй дэндүү адилхан санагдах
Манайд хоноод яваач гэсэн жаалын хайранд уяарч алхаж байна

Жиндүү өвлийн хацар хайрах шуургыг сөрж
Жинхэнэ хүйтэн энэ бишээ гэж тэмүүлэх
Дотор хүнтэйгээ тэрсэлдэн маргалдаж
Дорнын нэгэн үдшийн байгалийг биширч алхаж байна

Жигд хэмнэлээр хаялах борооны ширхэгт
Зүүд зөн биелэл хоёр минь нуугдаж буй хэмээн сэтгэж
Зүс төгөлдөр намрын улаахан навч голын торгон урсгал эсгэчсээр хөвхийг
Жирийн л нэгэн үйл явц хэмээн бодотлоо алхаж байна

Зөрөн өнгөрөх бүхэн сайн сайхны цогцолдоонд төрсөн гэж
Зөндөө олон харгуйн цаана тэгш цагаахан тал зурайхад
Хүмүүний амьдрал угтаа эгээрэл сэхээрэл хоёрын дундахь
Хүрч үзээгүй гэгээрэл болхыг, нүдээ аниад нээхийн төдийдөө л алхахгүйгээр мэдэрч
           
АЛХАЖ БАЙНА                                                                                                                    



Sunday, October 14, 2012

While my guitar gently weeps

Чимээгүйг цочоосон инээд, тамхиа татаж буй төрх чинь 
            яг л АННА АХМАТОВАГИЙН хөрөг зураг дахь гунигт нүдийг санагдуулна 
                                          
                                                                                                         ЛИСАД-зориулав
                                                             

Сар гаруй хугацаанд чи их тайгад
Талх барьж, аяга угааж, усанд явж
Салхинд дохилзох моддын мөчрийг ажин
Тэмдэглэлийн дэвтэрдээ харсан бүгдээ зуржээ

Эндээс маргааш явна гэдэгт чинь
Ээнэгшиж чамд дассан нохой хүртэл мэдсэн юм шиг
Хэнгэнэтэл санаа алдаж
Хурууны чинь өндгөөр дарагдах гитар хөгжмийн аялгууг чагнана

Чамд хэцүү байгааг, өглөөхөн орноосоо өндийхдөө
Энд үүрд баймаар байна гэж хэлсэн
Эмзэнги чичрэнгэ дуу хоолойноос сонсоод
Чухамдаа миний ч сэтгэл уймарсан

Гэвч амьдрал дэндүү урт шүү дээ
Лиса минь
Гэртээ хариад тэмдэглэлийн дэвтэрээ дэлгээд үзээрэй
Лааны бүүдгэр гэрэлд бичсэн миний мөрүүд шиг урт зурайна

Одоо харин бүү гунихардаа
Орчлонд маргааш гэдэг өдөр ирхэд
Чи уйлна
Чангахан тэврээд аргадахаа эргэцүүлэн би нууцаар уйлж сууна

 12.08.22 Хөвсгөл аймаг Цагааннуур сум Монгол улсын хойд захын хил Монгол шарын даваа

Friday, October 5, 2012

Миний мэдэх "Хуучин Хүүхэлдэйнүүд"-ийн тухай хэний ч уншаагүй шинэ үгүүүллэгүүд



 
 Дөнгөж сая Д.Дашмөнхийнхөө номыг их дэлгүүрийн урд уулзан байж гардан авлаа. "Хүрээ хөвгүүд"-ийн хүчирхэг хэмнэл нэгэн шинэ алхаагаар урагшлав. Хэдийгээр энэ номны "режаактор" байсан боловч дахиад л эхнээс уншиж сууна. Хэрэв би сэрүүн зүүдлээгүй бол сэрж мартаагүй бол энэ үгүүллэгүүдийн ихэнхийг найз минь ХХ зуун
ы төгсгөл үед бичсэн юм. Тэр үед хэн ч /одоо ч ялгаагүй / ийм чөлөөт үгүүллэгүүдийг бичээгүй юмдаг. Энд л энэ номын гайхамшигтай үнэ цэнэ оршиж байгаа юм. Бид тэр цагт ямар шинэ, ямар эрэлхийлэгч, ямар бие биендээ нөлөөлөгч, ямар эгдүүтэй, ямар зэвүүн "бацаанууд" байсны минь гэрч болж энэ ном хэвлэгдэн гарлаа. Би уужраад л сууж байна. 1990 ээд оны яруу найргаас өөр гялтайх юмгүй утга зохиолын ядмаг өв хүүрнэл зохиолын нэгэн сонирхолтой бүтээлээр хуудас нэмлээ. "Хөлийн чимээн"-ээс эхлээд ар нуруугаар минь өөрийн эрхгүй айдас гулсуулсан "Машины арын суудал дээр" хүртэл энэ 12 үгүүллэг Монголын орчин үеийн хүүрнэл зохиолын намтарт дурайтал бичигдэнэ гэдэгт эргэлзэх сэтгэл л лав надад үгүй. Анхлан би энэ номын бүтээгчээс адал явдалт, уран зөгнөлт уран зохиолын талаар олон цагийн лекц сонсоод тархи толгойд минь нэг гэрэл гийж, үрчлээс нэмэгдэж асан тэртээ 1988 оныг халуухнаар дурсаж, одоо ч амнаас нь тасралтгүй "Калашников" автомат мэт шүршин гарах үгсийг шимтэн сонсдогийн хувьд"Үхлийн тууриуд", "Харь гарагийн өгүүллэгүүд" зэрэг өмнөх номнуудын өлийтлөө уншдагийн хувьд, Рей Бредберийн "П гэж пуужин " номыг нь гуйж аваад эргүүлж өгөөгүй нүгэлтэйнхээ хувьд Дашдоржийн Дашмөнх бол зөвхөн "Хүрээ Хөвгүүд"-ийн төдийгүй энэ цагийн гэгээтэй сэхээтний нэг гэдгийг бардам хэлэх байна.
Магтаал чи хүндээ хөнгөдөх цаг ирдэг гэдгийг бүү мартаарай. Тэр цагт эрэмбэ, дэг журам, худлаа ёс зүй хайсан энэ цагийн хамгийн эрэмбэтэй нь хамгийн дэг журамтай нь, хамгийн ёс зүйтэй утга зохиолын "Хүрээ хөвгүүд" хамтлаг байсныг олон гэгээтэй залуус гэрчлэх болно. Хуучин хүүхэлдэйнүүд бидний амьдрал ямар их ухаарал авчирсан гээч. Одоо тэдэндээ гүнээ талархмаар санагдана. Тэр л "хүүхэлдэйнүүд" Д.Энхболдбаатарын жүжгүүдийн чөлөөт эргэлтүүд дундуур, Г.Ням-Очирын гүн эргэцүүлэл, монгол мэт ухаарал дундуур, Г.Батнасангийн нэн энэрэнгүй сэтгэл, этгээд шимшрэхүй дундуур, молхи толхи миний модон шүлэглэл дундуур "сүүтэгнэж" байдаг ч бид Д.Галбаатар багшийн бичсэнээр " Хүрээ хөвгүүд цөм сайн яваа". Учир нь бид анхнаасаа хэнд ч муугүй санаагүй, эртний латин үгээр бол "сайн хүнд хэн ч муу юм санадаггүй" учраас дахиад л Д.Галбаатар багшийн бичсэнээр"... байр сууриа хэдийнээ бэхжүүлж, нэр хүнд олжээ".
Багадаа бидний бишгүй сонсож байсан "хар гартын түүх", "Хүүхэлдэй дув дуугай" нэртэй үгүүллэг болчихно гэж санасангүй. Мөн багадаа бишгүй л сонсож байсан "гэлэн муур хоёрын түүх", "Сохор муурын гай түйтгэр" гэдэг үгүүлэг болчихно гэж санасангүй. Тэрбайтугай энэ бүхнийг Д.Дашмөнх маань үгүүллэг болгоно гэж бүүр санасангүй. Гол тэр бүгдийн сонссон" түүх"-ийг хэний ч уншаагүй үгүүлэг болгосон нь олзуурхмаар. Учир нь Багшийн дээдийн урдаас варений шил цуйван аваад хувааж идэж суухдаа ч Дашдорж ахыг Далан Давхарын энгэрт мөнхрүүлчихээд лоом жоотуу үүрээд харь цасан дундуур харьж явах замдаа ч алс хол хүний нутаг руу мордоход нь араас нь хараад цонхон дээрээ зогсож байхдаа би Дашмөнхийг хэзээ нэгэн цагт ийм ном бүтээнэ гэдэгт нь итгэж байснаа сая л ойлголоо.


  Нам төрийн удирдлагууд гардаг асан Яргайтын зуслангийн энэ хүү "Ундааы бөглөө онгойлгож өгөөч"гэх халуухан дурсамжит, хачин сэтгэмжит үгүүллэг бичихээс өөр яах билээ. Би ч уншиж сухдаа тэртээ 80-аад оны зуслан дэнжид өнгөрүүлсэн хүүхэд насаа санаад сэтгэл минь сэмэрч суулаа. Тийм нэг биоплазм орон зай нь соронзон талбай хүрээгээ тэлж хамаг биеэр минь халуун энерги нар зөв эргэлдэж, хажууд минь тэр нэгэн мөрөөдөлт "дүр" минь зогсоод "ундааг минь онгойлгож өгөөч" хэмээн гуйх шиг санагдаж байв. Хөөсөрч онгойх ундааны тухай дурсамжит" үгүүлэмж" дотор "борооны дуслууд яагаад агаарт мөр үлдээдэггүй юм бэ?.." гэсэн "яруу найраглаг" мөрүүд гялсхийж дотрыг ээдрээдүүлж орхино. "Зэрлэг нохой" хийгээд "Төрх" тэргүүтэн үгүүллэгүүдээс 1990-ээд оны магадгүй миний хамгийн олон удаа харсан, магадгүй хамгийн сайн таньдаг нэгэн залуугийн дүр босож ирнэ. Бүх юм танил дотно, бүх юм мэддэг байх ч огт мэддэггүй зүйлс энэ үгүүллэгүүдээр дүүрэн байна. Ги де Мопассаны нэгэн туурьд "өө, ром дарс" гэдэг шиг Д.Дашмөнхийн цөөнгүй үгүүлэгүүдийн тэртээ цагийн "өө уншсан юм" гэх анхны уншигч байсан ч он улирсан ч огт хуучраагүй харин ч улам шинэлэг мэт байгаа нь хачирхмаар.
Орчин цагийн нийгэм ямар болсон бэ? Тэртусмаа Д.Дашмөнхийн амьдарч буй асар их хурд, асар их үймээн шуугиант "америк" нийгэмд хүн-машин мэт болжээ. Би ч одоо өөрийгөө хүн-хүн байгаа гэдэгтээ эргэлздэг. Хүнийсэл дотор амьдарч буй зохиолчийн гарын үзүүр, тархины "матрици" дотроос "Хатуу" дайны "хатуу” үгүүллэг төрж гарах нь тодорхой. Би айж байна. Тэр ч бас айж байна. Тиймээс л "хүүхэлдэйнүүд дув дуугай" байна."
Мартсанаас манай хүүрнэл зохиол С.Эрдэнэ гуайн ШБОС-д хэтэрхий автаад уянга үгүй бол үгүүллэг биш гэдэг аймаар хэвшсэн хайрцаганд орчихсон юм. Тэр хайрцаганд багтахааргүй бол юу ч биш гэдэг үзэл одоо ч хэвээр. Тэгвэл үзлийн эсрэг үзлээ барьж" бид шинэ юм биш ч хуучин байхыг үл хүснэ" хэмээх зоригт тунхагт минь Д.Дашмөнхийн энэ 12 үгүүллэгийг хамруулж үзвээс зохино. Энэ бас зөвхөн миний бодол гэдгийг олон ойлгоно биз.
Намрын униар дундуур Д.Дашмөнх бид хоёр "Цонжин болдог" чиглээд давхиж явлаа. Арын суудал дээр сайн дүү Сайнжаргалын Начин аппаратаа бариад суужээ. Момо / энэ өчүүхэн миний өхөөр нэр / би үгүүллэгийн ном гаргана, аа. Би тэсэн ядан хүлээнэ./ хөхрөлдсөн байх,аа / Түүнээс хойш яг 356 хоног өнгөржээ. Үнэхээр тэр хэлсэндээ хүрдэг эрийн ёсоор номоо гаргаж намрын униар дунд би номынх нь эхийг уншаад Зүүн салааны зүрхэн дээр сууж байнам. Амьдралын сайхан нь юундаа байдгийг би сайн мэдэхгүй ч амьдрал сайхан гэдгийг мэднэ. Сайхан ном унших, тэртусмаа сайн нөхрийнхөө сайн номыг унших энэ амьдралын олон сайхан зүйлсийн ердөө нэг нь билээ.
Гитарын тасарсан утас шиг үгүүллэг Д.Дашмөнхөд нэг бий. Түүнийг нь "Уран зураг" гэдэг юм. Зураад зураад эцэст нь үгүй хичихнэ. Акутагавагийн "Тамын тарчлаан" шиг. Яагаад ч юм бэ? Эн хоёр үгүүллэг санаандгүй адилхан болсон санагддаг юм. Юутай ч Рюнэскэ түүнд ямар нэг хэмжээгээр нөлөөлсөнийг би ойлгов. Даниел Хармс ч ялгаагүй. Бүүр Стивонсоны нэг шидэт үгүүллэгийн амьсгал ч түүний нэг үгүүллэгээс үнэртэнэ. Орхон Памукийн "Би улаан"-аас ч илүү "новширсон" мэт санагдах " Дусал цус", Вьетнам домог, бөөгийн тойрог, Америк ахуй энэ бүхэн үнэхээр сэтгэлгээний хязгаарлагдмал бус байдлыг, тийм байхаас аргагүй нөлөөлт чанаруудыг бидэнд илтгэнэ. Үүгээрээ өнөө цагийн зохиолчийн багтаамж сайтай дүрслэлүүд, илэрхийлэх арга, уран сэтгэмж бүхий оюуны цар хүрээг тодорхойлоход тун бэрх байгаа юм. Магадгүй "шумуулын тухай" Вьетнам /ер нь дорно дахиных байх, аа/ домгоос "Лус савдагтай учрах цагаар" нэртэй монгол домгийн сэтгэлгээт үгүүллэг хүртэл Д.Дашмөнхийн татсан "зураасанд" та бүхэн хэд хэдэн удаа тээглэж унана гэдэгт би итгэлтэй байна. Тээглэж унахдаа тэнгэрийг бодож "хараал" битгий хэлээрэй. Бас дээр нь ад+аархал буюу адгийн муу хар үгсээр амаа дүүргээрэй. Хүрээ хөвгүүдийн хүчирхэг хэмнэл, хүчирхэг алхааг хүлээн зөвшөөрөх цаг хаалган дээр чинь иржээ. Д.Дашмөнхийн нэгэн үгүүллэгийн төгсгөл үгүүлбэр шиг” ...хаалга угз татан нээнэ” биз.
ХҮРЭЭ ХӨВГҮҮДИЙН НЭГ ГАРЦААГҮЙ ПҮРЭВХҮҮГИЙН БАТХУЯГ 
 2012-10-04