Tuesday, January 31, 2012

СОДОН

Түүний ертөнц үнэхээр сонин.Ихэмсэг ч юм шиг. Эсвэл гүндээ ил нууцгүй зөвхөн хөвөөн дээрээ нууц нь эл байж байдаг нарны гэрэлтэй сувд шиг. Тулж ярилцхад хэсэг зуур хамтдаа байхад би лав түүнээс асар их амар амгаланг өөртөө мэдэрдэг. Бас эргэн тойрноосоо. Үл бүдэгхэн харцтай, үсээ байнга боож доошоо харсан, ямар нэгэн зүйлийг байнга эргэцүүлж бодсон, түүндээ бүүр гүн зовнингуйгаар сэтгэлээ чагнаж алхдаг түүнтэй "Их сургуулийн хичээлийн 2-р байрны 3-н давхарт хаа нэг л таарна. Харин дугуйлан дээр бол юу ч дуугарахгүй, дуустал нь суухгүй. Зарим үед шүлэг уншиж дуусаад эргэн тойрноо хархад тэр чимээгүйхэн гараад л явчихсан байх жишээтэй. Сүүлд түүнтэй хоёрын урд талын "Сайхан" кафед хэсэг зуур уран бүтээл ярилцаж суусан юм. Тэгээд хэн хэндээ шүлэг уншицгаав.

Бороо орж байна. Дээвэр товших бороо ямар нэгэн сонет тоглоод...
( Тэмдэглэлээс )

                                                            Их хот уйтгарт дарагдан дүнсийж,
Нойтон үүлс өлмийд унана
Энд би ганцаардаж чадахаа мэдрэвч,
Эргэн тойронд нэг л зүйл дутна

Уйтгарлах юун, энэ аяз зогсчихвол
Урьдынхаараа л амьдрал дахиад үргэлжилнэ.
Ахиад  шинээр дурлахад хуучин дурлал мартагдана
Алган дээр минь бороо дусахад нулимс гэж бодно.

Зэлүүд чулуун гудамнаа танил дурсамжаа бэдрэхүй
Жигтэй аяз дуурьсах нь эргэн тойронд бороо...
Гутлаа товшоод алхахад сэтгэл нэг л хоосон...
Гудамж туучих чимээ,                                  
         солонгорох дэнлүүний гэрлээс
Гуниг яагаад сонсдохгүй байна вэ?....
Түүний шүлгүүдээс эмзэглэл, хэлж чадахгүй мөртлөө хоолойнд тээгэлчхээд буцаад зангирах нулимс шиг гашуун ааг
 амтагдана.
Уруулд чинь тодрох инээмсэглэлийн
Нууцыг тайлахсан
Ямар нэг зүйл тэнд байна
Ус дуслах мэт, аниргүй гүн дэх чимээг
Би зүрхээрээ сонсном...
Чиний зүгээс
Үнэн болоод мөнхийн
Гоо сайхныг эрэлхийлж
Чив чимээгүй
Ертөнцийн дунд
Лаа мэт бөхнөм..
Уруул бас инээмсэглэлийн
Нууцийг тайлахсан
Ямар нэг зүйл тэнд байна
Утга учир, гэрэл гэгээ
Энэ л агшинд нуугднам...


Мөн түүний давалгаат сэтгэлийн эрэг дээр аялахдаа миний бие хэсэгхэн ч гэсэн нөгөөх л амгалан тайванд автдаг гэхүү дээ.

  Аяганд тунарах кофе, нэг л дотно үнэр
Анивчих шөнийн одод, наймдугаар сарын тэнгэр
Ийм шөнийн тэнгэр лүү ширтэхэд сэтгэл нэг л хачин болдог
Инээмсэглэмээр, зөөлхөнөөр ширээ тогшмоор, чимээгүй санаа алдмаар...
Чичирхийлэх зүрхнээс ямархан хөг гардаг вэ....
Цаад гудамны булан, бүрэнхийд уусах хүмүүс
Цаг хугацааны дундуур нэвт гараад явчих шиг
Урсан одох хэмнэлд урсан одох л хүмүүс
Уйтгар төрөвч харамсаж л чадахгүй нь...


2 comments:

  1. Mashid tungalag shulegtei bolson ni tuund olz bus garz baij medeh yum. Harin bidend bol gartsaagui olz yum.

    ReplyDelete