Tuesday, January 31, 2012

СОДОН

Түүний ертөнц үнэхээр сонин.Ихэмсэг ч юм шиг. Эсвэл гүндээ ил нууцгүй зөвхөн хөвөөн дээрээ нууц нь эл байж байдаг нарны гэрэлтэй сувд шиг. Тулж ярилцхад хэсэг зуур хамтдаа байхад би лав түүнээс асар их амар амгаланг өөртөө мэдэрдэг. Бас эргэн тойрноосоо. Үл бүдэгхэн харцтай, үсээ байнга боож доошоо харсан, ямар нэгэн зүйлийг байнга эргэцүүлж бодсон, түүндээ бүүр гүн зовнингуйгаар сэтгэлээ чагнаж алхдаг түүнтэй "Их сургуулийн хичээлийн 2-р байрны 3-н давхарт хаа нэг л таарна. Харин дугуйлан дээр бол юу ч дуугарахгүй, дуустал нь суухгүй. Зарим үед шүлэг уншиж дуусаад эргэн тойрноо хархад тэр чимээгүйхэн гараад л явчихсан байх жишээтэй. Сүүлд түүнтэй хоёрын урд талын "Сайхан" кафед хэсэг зуур уран бүтээл ярилцаж суусан юм. Тэгээд хэн хэндээ шүлэг уншицгаав.

Бороо орж байна. Дээвэр товших бороо ямар нэгэн сонет тоглоод...
( Тэмдэглэлээс )

                                                            Их хот уйтгарт дарагдан дүнсийж,
Нойтон үүлс өлмийд унана
Энд би ганцаардаж чадахаа мэдрэвч,
Эргэн тойронд нэг л зүйл дутна

Уйтгарлах юун, энэ аяз зогсчихвол
Урьдынхаараа л амьдрал дахиад үргэлжилнэ.
Ахиад  шинээр дурлахад хуучин дурлал мартагдана
Алган дээр минь бороо дусахад нулимс гэж бодно.

Зэлүүд чулуун гудамнаа танил дурсамжаа бэдрэхүй
Жигтэй аяз дуурьсах нь эргэн тойронд бороо...
Гутлаа товшоод алхахад сэтгэл нэг л хоосон...
Гудамж туучих чимээ,                                  
         солонгорох дэнлүүний гэрлээс
Гуниг яагаад сонсдохгүй байна вэ?....
Түүний шүлгүүдээс эмзэглэл, хэлж чадахгүй мөртлөө хоолойнд тээгэлчхээд буцаад зангирах нулимс шиг гашуун ааг
 амтагдана.
Уруулд чинь тодрох инээмсэглэлийн
Нууцыг тайлахсан
Ямар нэг зүйл тэнд байна
Ус дуслах мэт, аниргүй гүн дэх чимээг
Би зүрхээрээ сонсном...
Чиний зүгээс
Үнэн болоод мөнхийн
Гоо сайхныг эрэлхийлж
Чив чимээгүй
Ертөнцийн дунд
Лаа мэт бөхнөм..
Уруул бас инээмсэглэлийн
Нууцийг тайлахсан
Ямар нэг зүйл тэнд байна
Утга учир, гэрэл гэгээ
Энэ л агшинд нуугднам...


Мөн түүний давалгаат сэтгэлийн эрэг дээр аялахдаа миний бие хэсэгхэн ч гэсэн нөгөөх л амгалан тайванд автдаг гэхүү дээ.

  Аяганд тунарах кофе, нэг л дотно үнэр
Анивчих шөнийн одод, наймдугаар сарын тэнгэр
Ийм шөнийн тэнгэр лүү ширтэхэд сэтгэл нэг л хачин болдог
Инээмсэглэмээр, зөөлхөнөөр ширээ тогшмоор, чимээгүй санаа алдмаар...
Чичирхийлэх зүрхнээс ямархан хөг гардаг вэ....
Цаад гудамны булан, бүрэнхийд уусах хүмүүс
Цаг хугацааны дундуур нэвт гараад явчих шиг
Урсан одох хэмнэлд урсан одох л хүмүүс
Уйтгар төрөвч харамсаж л чадахгүй нь...


Thursday, January 26, 2012

20-н насандаа зориулав

Хөрстийн амьдралд хөл алдсан
Хөлчүүхэн зүрхний минь тольтон дээгүүр
Шувууны сvvдэр шиг дайраад өнгөрсөн
Шунхан улаан залуу нас мину!
                                                     Р.Чойном

                                                                   Аяа хорин нас минь чи надад
                                                                  Амар сайхан даа жаргахаас өмнө хэлээч
                                                                 Хэний төлөө энэ жаахан зүрхээ
                                                                Хэсэг бусагхан цохилуулсан юм бэ?
                                                                                               "Өврийн дэвтэрээс"

Чиглэн ирэх уйтгар гуниг хийгээд
Залуу настай минь мөнхөд эрхлэх үхлийг
Чиний мөрөөдөлтэй цуг өврийнхөө дэвтэрт тэмдэглэж алхахад
Зэрэгцэн дагах сүүдэрт минь аз жаргал нуугднам

Оршин тогтносон тэр л гэрэлт ертөнцөд
Хорин нас минь туйлын ихээр хорогдож
Оргилуун дэврүүн хүслээ дарах биш үгдрээх гэж
Хорвоо ертөнцөөс юуг ч юм эрэн бидэрнэ

Гэвч хэлэх хүн нэгээхэн ч үгүй амьдралд
Оюун ухаан дахь цас лавссан ойдоо түлээ хагалж
Гэмшиж ёолсон моддын эмзэглэм дууг
Огт сонсоогүй мэт зуухандаа чигжиж
Шатах чимээнээс нь өр эмтлэм нулимс урсаж байгааг
Тунгаан сэхээрэх төдийдөөл, шүлгийн дэвтэрээ дэлгэж
Шав шаргал талын дунд ганцаар зүүрмэглэх гөрөөсний
Тунгалаг хар нүдэнд гэрэлтсэн сарны хэлтэрхийгээс
Нэгэн мичидийн харвалдах чимээ тодорч буйг
Лугшин цохилох зүрхнийхээ хэмнэлд тэнцүүлж, тооно тушхад
Насанд минь ахадсан их ачааг үүрүүлсэн бурхны мэлмий
Лааны гэрэлд тодрон үзэгдээд аяархан унтархад
Өмнөөс угтан мишээх нарны гэрэл адил
Урт удаан үргэлжилсэн хорин нас минь
Өдгөө чи надаас юу ч нэхэмжлэлгүй
Улиран одсоор, алсран жингүйдсээр жаргалаа даа.

      УБ-хот 2012.01.26 20-н насандаа зориулж Их сургуулийн 2-р байрны гурван давхарт               3-н бурхны өмнө гав ганцаараа бичиглэж суунгаа 30-н насаа бас төсөөлвэй? Шүлэг бичдэг баруун гарын таван хуруу шиг тавхан хоногийн дараа жаргах гэрэл гэгээтэй 20-н нас минь чамд туйлын ихээр хорогдох гэмшингүй их хүсэл байна.........

Friday, January 20, 2012

Үл мэдэгдэх


Үл мэдэгдэх
Далайн түрлэг шиг
Үс чинь салхинд намилзхад
Дарвуулаа гэсээр сэтгэл доторх эд эс минь хашгирдаг

Чиний гишгэлэн яваа цардмал замын дор хөглөрөх
Олон навчис хийгээд тоосонцрууд
Чамайг өмчлөн авах хүслийг минь тээсээр
Огторгуйн аль нэг хэсэг рүү хөөрөн оддог

Нэг л аргадангуй хэрнээ ихэмсэгхэн ширтэх
Ер бусын гүн шөнө нүдэнд чинь төөрсөөр
Ертөнцийн төгсгөлийг харах хүсэл
Намайг өглөө сэрснээс хойш зовоож эхэллээ

Тэгээд бүр болгоомжлонгуй
Алс хэтийн бүүдгэр манан дунд өөрийгөө нуусан ч
Араас хэн нэгэн дагаад байгаа гутлын чимээ сонсогдоод
Тэртээд л асаж унтрах гэрэлтэй цонхны зүг алхуулж байна

Оройтохгүй л бол амгалан тайван гэгч бодлогоширсон
Зүүрмэглэнгүй цаг хугацааг ширтэсхийж нэг гуниад
Очих газрынхаа зүг бүрээс чиний явсан жим хаана байгааг сураглаж
Зорчисон газар бүхнээсээ чамд зориулж ямар нэгэн зүйлийг худалдан авч

Түүнийгээ хайр гэж бодоход инээдэмтэй санагдах агаад
Зүүн энгэрт хуудас нь сэрчигнэх өврийн дэвтэрт туссан ганц бэхний дусал
Зүгээр л гол мөрдийн цутгалан шиг лааны дөлтэй ижилсэж, асгаран урссаар
Танай гэрийн ойролцоох гүүрний доогуур мяралзан долгионтож байгаа

Харин чи газрын гижиг үргээж алхсаар, гүүрэн дээр тамхилж зогсоо
Хий биет хоосон сүнсний орон зайг тэвэрч, түүний гараас атгахдаа
Нүдээ аниад л төсөөллөөр бус жинхэнэ утгаараа агаарт шунгаж
Нүцгэн ирээд нүцгэн буцах хорвоод хайраас өөр шидтэй нь үгүйг ойлгосоор

Хаврын бороон дор нялхамссан нулимс бүрээ
Миний энгэрт  зогсохдоо арчиж
Хаашаа ч хамаагүй харсан зүгтээ далавчилан нисэе гэсээр
Манай эриний өмнөх тоо нь үл мэдэгдэх зуун руу намайг дагуулаад одно
                                                                                 УБ-хот 2012.01.21

Thursday, January 19, 2012

Нөхөрлөл эхэлсэндээ биш


Ламжавын Лхагвасүрэн гэх энэ эмэгтэйдээ "Шинэ цаг" яруу найргийн уралдаант тэмцээн дээр анх танилцаж байсан санагдана. Миний дотно анд нар болох Д.Сосорбарам Ч.Өсөхболд нарыг төрүүлсэн Д.Манхдахсан багшийн гарын шавь тэрээр 1992 оны нэг сарын 3-нд Завхан аймгийн Тосонцэнгэлд төрсөн нэгэн.
"Шинэ-цаг уралдаант нэвтрүүлэгт өгсөн есөн сэдвээс "Дэд-Хувьсгал" бүлгэмийн нөхдөөсөө "Хүн бурхан" гэсэн сэдэв дээр уншисан шүлэг нь миний хувьд сайхан шүлэг санагдсан учир түүний шүлгээс оруул юу гэж бодлоо. Таалалд тань нийцэх болтугай...

Хэн ч амьдардаггүй
Хэн ч анзаардаггүй тоосгон байшинд хөрш минь суудаг
Өнгө ялгадаггүй цонхтой
Өглөө нээгдэдгүй хөшигтэй
Довжоон дээр нь өвөл
Дотор нь намар амьдардаг, энэ миний хөрш
Зуны үдшийн тийм анхилуун үнэр хацар илбэхэд
Зузаан хананы цаана нэг л залуу унтаж байгаа даа гэж бодогддог
Өглөөнийхөө цайг уух зуур царайг чинь төсөөлөөд л
Өөрийг чинь хөршөө гээд л хачин их догдолдог
Хааяахан шуудангийн чинь хайрцагийг өөрийнхтэйгээ шалгаж
Хаяггүй захидлуудаа хаалганд чинь хавчуулаад буцахдаа
Ийм сайн хөрш чинь гэдэгтээ итгэсээр л
Инээд алдан гэрлүүгээ алхдаг
Хэн ч амьдардаггүй
Хэн ч анзааардаггүй тоосгон байшинд хөрш минь амьдардаг


Дахиж хэзээ ч яруу найрагчид дурлахгүй
Дан цамцны минь дотуур навчис унахыг сонсохгүй
Нүв нүцгэн биеэнд минь бороон дусал шингэж
Нүглээ би лав чиний нүдээр хатаахгүй
  Нээрээ 10-н жилд байхад "Их монгол" дээд сургуулиас зохион байгуулсан "Амаорэ 2008" хайрын шүлгийн наадамд муу найз Улмаатай минь, өрсөлдөж байсан гэж дуулсан. Би ч уг нь бас уншиж болох л байсан юм . Даанч хэнэггүйгээс болоод маргааш нь РЦНКД давхиад очисон чинь Эрдэнэт Хөтөл хоёр хуваагаад авчихсаан гэж билээ. Уг нь тэр үед танилцсан бол одоо нөхөрлөж байгаагаасаа илүү дотно байх байсан ч юмуу. Эрхэм ах Пүрэвхүүгийн Батхуяг хэлсэн санагдана. Яруу найргаар нөхөрлсөн нөхөрлөл яруу найраг шиг дууснаа гэж. Тиймээс чамтай нөхөрлөхөд хамгийн дөхөм ойртуулж өгч байгаа зүйл нь яруу найраг гэгч хоёрхон үг байна. Энэ хоёр үг шиг цаашдаа эрхэм нандин явья.

Tuesday, January 17, 2012

Хав хархан нүдэндээ

Хавар намар хоёр зэрэг амтагдсан 
Нялх уруулын чинь балаас 
Хамаг сайхан шүлгийнхээ эхлэлийг мэдэрч
Намрын шувуу шиг чамд хорогддог

Ганганан ганганан дүүлсээр
Өндөр огторгуйн дээрээс
Газарт алсарсаар хоцорсон чамдаа
Өндөгөө дараад өвөлжөөрэй гэж хэлдэг

Тэгээд л урь унасан хаврын эмзэг нарыг өвөртөлсөөр
Хайрт чинийхээ зүг далавчаа дэвсээр нисэхдээ
Тэнгэрийн гүн амьсгаатай үгсийг тээсээр
Хав хархан нүдэндээ жаргалын нулимс мэлтэгнүүлж газарддаг

Sunday, January 8, 2012

Санаандгүй бус учирсан найрагчидтай


Яруу найраг шиг өдөр хоногууд
Яг өөд өөдөөсөө их удаанаар
Ширтэлцэн суух шиг
Шаргал дөл бадамлуулсаар
Их удаан, юунд ч юм зовниж суух сайхан

Ялгагдах зүйлгүй ийм л эгшиглэнт хормыг
Яалт ч үгүй ажиглан
Эгшиглэн энэрч
Энэгэлзэн шархирах зүрхээ сонсоход
Чих эсгэчих авиа бүхэн зүүднээ тэргэлтэх сайхан

Сайхан сайхан гэв чиг
Салж үл чадах ийм л ертөнцөөс
Салхи гандаж, уулс бууралтхыг харж
Сар бүхнийг шүлгэндээ хэлхэсэн
Санаандгүй бус учирсан найрагчидтай хундага тулгах сайхан

                                                                 

Wednesday, January 4, 2012

Тэр эмэгтэй

Тэр эмэгтэй ваар адил чимээгүй
Тэнгэсийн давалгаа шиг үс нь
Зураачийн бийртэй төстэй
Хуучин байшингийн цонх шиг нүд нь
Хуурах шидтэй
Түүний хөмсөг
Галт шувуун мэт амьдарсан
Жамъяангийн Болд-Эрдэнийг
Эцсийн замд нь үдсэн
Гашуудалт өдөр мэт
Хар шуургатай
Тэр шонгийн мод шиг гоо биетэй
Төөнөх гал мэт харц нь ховсдох увидастай
Би тэр эмэгтэйг дотроо хүсдэг
Тэр эмэгтэй намайг мэдэхгүй
Харийн хот шиг халдашгүй
Хачин үзэсгэлэнтэй түүний
Хаан нь болохсон

                                                Яруу найрагч Гомбо-Очирын Нэргүй
                                                             "Дорно зүгийн хавар" номын 11-р хуудас

Tuesday, January 3, 2012

Тэнгэрт тэмүүлсэн хүслэнт мод



Тогтуун нуурнаа дусагнаж
Том болоод жижиг дүрс долгионтуулах
Борооны ширхэг дусал дотор
Бүх зүүдний минь гаргалгаа асгарч үзэгдэнэ

Үзэгдэхийн төдий сарнилтаас
Дахиж хэзээ ч энэ агшныг харахгүй мэт
Даарч чичиртлээ, чичрэн догдлолтлоо
Үнэгчилэн хярж, зүүрмэглэн зогсовол

Зогсон буй хөлний минь дор бүртэлзэх
Атирсан өвсний нурууг өрөвдөж
Зовлонт нулимсных нь урсгалыг
Алгаараа шувтарч, үндэсэнд нь цацахуйл

Тэнд шингэсэн ширхэг усан
Тэнгэрт тэмүүлсэн хүслэнт модны минь мөчирт
Тэвчээр алдан тэмүүлэн үндэслэх навчисын хээг уралсаар
Түмэнбаярын Аззаяагийн зүүдэнд дэлбээлж нахиалмуй.

                                                                      УБ-хот 2011.12.28

Friday, December 30, 2011

Хөөрөлдөөн

Түүнийг Батчулууны Эрдэнэсолонго гэдэг. Эхнэр хоёр хүүхдийн хамт амьдардаг. Миний мэдхээр тэр "Гүзээлзэгэний амьдрал" "Зун шиг" гэсэн яруу найргийн хоёр түүвэртэй. Мснжрийнхээ статус дээр сүүлд бичээд блогдоо оруулаад тавьчихсан шүлгийг маань уншаад эхлээд сэтгэгдлээ хэлсэн бол цаашаа яриа минь даамжраад түүний найз Ц.Доржсэмбэ найрагчийг зайран мөн эмэгтэй хүн болгочихов. Яахав 21-р зууны техник технологийн дэвшилтэд нөлөөгөөр"УЛААНБААТАР" дүүргийн аль дүүрэгт хэн хэнийгээ амьдардагыг мэдэхгүй болов чиг, интернет гэсэн уужим ертөнцийн цахим шуудангаар бид хоёр нэг иймэрхүү л зүйлс ярилцлаа.
Ярилцлага хэр таалагдахыг тааж мэдхийн арга алга. kkkkkkkkkkkkkkkkkkk




sook erdene: hi
Nachin Sainjargal: hi
sook erdene: za odoohon
Nachin Sainjargal: tanii ajil torol uran bvteel tsom ondor bizde
sook erdene: aan davgui dee
Nachin Sainjargal: mmhaan
sook erdene: tamhi unsnii sav za tegeed gunig
gantsaaradal geed ih olon yum baina aa
sook erdene: hunii gadnah ni dotorhoo dotorh ni gadnaa ilerhiildeg
Nachin Sainjargal: oilgoloo
sook erdene: bi chamaig gadnaas chini haraad dotorhiig chini oilgohiig hicheedeg
sook erdene: dotroos chini gadnahiig ni harahiig husdeg
sook erdene: medeej chi bol zaluu hun
sook erdene: tiimees daraagiin shulguud chini iluu ungutei gereltai baigaasai gej husej baina
manai zarim ih medegchid yaruu nairag bol gunig uitgar yum gej heldeg
Nachin Sainjargal: kkke
sook erdene: bi uunii esreg baidag
sook erdene: yaruu nairag bol chi uuruu yum
Nachin Sainjargal: bi bas tgj boddog baisan ygdch ym svvliin uyd
Nachin Sainjargal: bi ooroo gdg ym gdgiig mederdeg bolson gxvde
sook erdene: chi gereltei tiim uchraas chii uuriinhuu ter gerliig haruulaasai gej husej baina
sook erdene: hugjiltei zugaatai marzan esvel uurtai za zarimdaa gunigtai tiim olon ungu ayas baigaasai gej husej baina zaluu hun mini
Nachin Sainjargal: haranhuid odroor gilalzax nar shig orchlon moxtol setgelee tsuultal saihan
Nachin Sainjargal: shulguud bichinee tanid amlii
sook erdene: ok  bi chamd itgej baina
Nachin Sainjargal: itgeliig chinii dutuuduulj bish ilvv avch yavnaa
sook erdene: har bish saaral bish ungulug shulguud bicheesei gej husej baina
Nachin Sainjargal: zun shig uu
Nachin Sainjargal: kke
sook erdene: za barag l
Nachin Sainjargal: xavriig bas martaj boloxgui ym shig sanagddag kke
sook erdene: yagaad gevel yaruu nairag ih ayultai yug bichne yug husne yag ter ni bichsen hund uurt ni tohioldoj baidag
Nachin Sainjargal: harin teriig tenegiiin dotor uujuu gdg shig ygdch ym sayhan l
Nachin Sainjargal: alhah bolgondoo
Nachin Sainjargal: boddog bolson
sook erdene: asar ih unshaad eldviin tarhi ugaasan yumnuudiin yarianaas uuriigii buren chuluuluud
sook erdene: tegeed l bicheed bai
sook erdene: busdiig ni tenger medej dee
sook erdene: itgesen huneesee l yaruu nairgiinhaa sain muu esehiig asuuj

bai
Nachin Sainjargal: teriig harin neg sain oilgood baigaa shv
sook erdene: yagaad gevel diilenh yum bichdeg humuus yag
chin uneniig chamd heldeggui yum
Nachin Sainjargal: nistel magtaad l haha
sook erdene: buh yaruu nairagch uuriiguu hamgiin aguu gej
boddog
Nachin Sainjargal: ta tgj boddoguu ooriigoo
sook erdene: tiimees ted chamaig neg bol hudlaa magtana neg bol doosh ni hiine
tegj bodohgui bol sain yaruu nairagch bolj chadahgui
sook erdene: ih zurchiltei oilgolt
Nachin Sainjargal: zurchiliig ooroor oilgoh arga zam baina u
sook erdene: 1 iim bodol baina
sook erdene: medeej chi bol hamgiin aguu ni
sook erdene: tegj bodohguigeer chi hezee ch sain yum hiij chadahgui
 gehdee
Nachin Sainjargal: boddog l bodliin mine ilerhiilel baina
sook erdene: chi yag tultal ni sain hiij chadsan uu gej uuruusuu bainga asuuj bai
Nachin Sainjargal: mhaan tanid tguul yag tultalna bichisen shuleg baina u
Nachin Sainjargal: bvvr bi yag xiisen shvv
Nachin Sainjargal: bichij chadsan shvv gsn
Nachin Sainjargal: shuleg
sook erdene: yahav

shuleg uuruu bas ih haritsangui yum aa
sook erdene: bi nyamsurenddurtai
sook erdene: za tegeed zuvhun uuriinhuu songoltoor shuleg unshdag
ternees ene mundag gesen bolgoniig bi huleen zuvshuurduggui
sook erdene: uneheer chamd taalagdsan bol
 bur huuhdiin shuleg baisan ch bi sain shuleg l gej bodno
sook erdene: uur henii ch bish chi yund durtai ve gedeg l chuhal
Nachin Sainjargal: durtai xdn yaruu nairagch buur ogt durguich
bii
Nachin Sainjargal: durtaigiin toond harin Tsendiin Dorjsembe ah bol
Nachin Sainjargal: manlai egneend


Яруу найрагч Цэндийн Доржсэмбэ

sook erdene: aanhaan
sook erdene: tegeed yag shuleg bichne geed suuh ni uuruu bas sonin oilgolt
 hezee haana gedeg ni hamaagui yamar ch baisan bichsen baih ni chuhal sanagddag
Nachin Sainjargal: sanaa neg bainaa tguul Dorjsembe ah tanii %d yag yuuv
sook erdene: minii naiz
sook erdene: sain yaruu nairagch
Nachin Sainjargal: yaruu nairagch baigaagui baisan bol ter xvn tanii tosoolloor ymr xvn baih baisan be
sook erdene: sain zairan baih baisan baihoo

                                                             Ц.ДОРЖСЭМБЭД

Самар цөмж яруу найргийн тухай ярилцацгаая
Саваагүй гэнэн насаа дурсъя
Улаанбаатарын гудамж, архины дэлгүүр
Ядуусынх нь зовлон, Блокийн шүлгүүдийг магтья

Манан дундах мөрөөдлийн хотдоо дахиад нэг очъё


Маргааш өглөө нь шараа тайлцгаая
Үзээд өгье гэхээр нь итгээд луйвардуулчихсан
Хөвгүүн насаа буцааж авья
Явья, "Сэлбийн" гүүрэн дээр очиж тамхилцгаая
Яруу найраг дахь нялхасын өвчнөө сэдрээе.

                                              Гүзээлзгэний амьдрал номын "12-р хуудсан зурайн буй"

sook erdene: kkkk
Nachin Sainjargal: hahah
sook erdene: esvel emegtei hun baih baisan baih
Nachin Sainjargal: emegtei xvn baisan bol ta hamt ym vzexch ymuu
Nachin Sainjargal: esvel xoolond urihuu
sook erdene: he he he
 uuj ideed untaj hevteel yavah biz
Nachin Sainjargal: hahahhaha tguul xer ix uuj idej untaj xevtej baina
Nachin Sainjargal: odoogoor
sook erdene: uu odoo ter ue duuschee
 ah ni suuliin 3 jil ogt uugaagui
sook erdene: on garaad37 hurlee sh dee
sook erdene: 40 hurehed 3 han jil dutuu
sook erdene: huuhed baihad 40 nastai hun harahaar aimaar hugshin sanagddagsan
Nachin Sainjargal: odoo tgd
Nachin Sainjargal: ymr sangdaad baigaan
Nachin Sainjargal: 40n nas
Nachin Sainjargal: kke
sook erdene: yahav dee 17 toi yum shig l sanagdahgui yu
                  
                                       Тэгээд цаашаа юу ярилцсаныг ярихын хэрэг байна уу даа.
                                                                                   2011.12.30

Thursday, December 29, 2011

Уруулд минь

Энэ хачин амьдралд давчидхын цагт ямар нэгэн зүйл бичихээс өөр гарц үгүй.
                                                                                                                      Г.Аюурзана
Тамхины хөшигөлсөн хөх утаа
Эргэн тойрноо шингэн замхарах шиг
Төгөлдөр гүн санаа алдалтыг
Эхэр татан уужим амьсгалахдаа ойлгоном

Ойлгохын төдийдөөл дахин нэгийг асааж
Үнсийг нь долоовор хуруугаараа жигд тогшиж
Үлдсэн хэсгийг нь, ишинд нь тултал сорход
Оньсого дүүрэн асуултын тэмдэгүүд нүднээ тодорном

Тодорсон тодорхой дүрсүүдийг
Барьж авах гэж, алгаараа шүүрхэд
Баригдах барьцгүй хэрнээ
Танил дотноор хувцасанд минь шингэнэ


Шингэх үйл явцыг нь
Хэзээ ч ажиглаж чадахгүйгээр
Шаргал дөлийг ганцхан довшилтоор асаахад
Хав харанхуйд улалзах дөл нь хань болно

Ижил дасал болсон ийм л нөхрөө
Зам зуурын хэн нэгнээс хааяа сураглаж
Заримтай нь нөхөрлөж, ихэнхийг нь үүрд хаяж
Инээмсэглэн алхахад

Хажуу дэргэд байх хугацаандаа
Халаасанд минь, эсвэл
Халуун дотно ярианы даруулганд чи орлогдож
Хайр гэх үгийг уруулд минь зурнам

                                                                                                   11.12.29

Tuesday, December 27, 2011

Сэрнэм

                                Чиний болзоонд ирэх цаг 
                                             Миний тамхиа татах хугацаатай тэнцүү
                                                                                                              Б.Одгэрэл

Саран хөвөхүйл 
Сэтгэл нялхарах чимээг эзэмдэж
Салхи эсгэчих залуу насныхаа
Сайхан хар нүдэнд жаргал үзнэм

Үзэхүйеэ сул асгарах
Гэзэгний чинь үзүүрээс дусагнах
Үзтэл шингэн борооны
Гэгээн танхил нойтон уйг чагнанам

Чагнан сортолзохуйяа
Сайхнаас сайханд чинь олзлогдож
Сэрүүн тунгалаг зүүднээ
Чиний үнсэлтээр цочиж сэрнэм......

                                                        11.12.27 

Sunday, December 25, 2011

Жирийн л өдрүүд

Дурсагдах авиа чинь
Сэтгэлийн цонх хагалхад
Даарсан даа, хучилгаа давхарлаж
Сарны гэрлээс, нарны дулааныг мэдэрсэн

Мэдрэхдээ, олон аялгууг зэрэг хүүгүүлэх
Салхисын эгшигт анирыг, магадгүй
Маргааш зүүдлэх зүүдтэйгээ андуурч
Сонинд ороосон дүнсэн тамхиа асаахад

Уугих утаа нь, өндөрт хөөрөх
Бодлыг минь өвөртөлсөөр нисэхэд
Угтаа амьдралд хоргодох жирийн л өдрүүд
Буурал нөмрөгтэйгээ өмнөөс мишээнэ.

                                                 МУИС-"Оюутны 3-р дотуур байр" Б хотхон

                                                                                                   11.12.25

Tuesday, December 20, 2011

Тэнцүү

Уушийн газар олуул цуглаад
Ганцаардах шиг
Утга учиргүй амьдарлын нугачаанд
Ганц тамхи минь, хань болох нь
Чиний санаа алдалттай тэнцүү

Тэнцүүхэн бодлоо хуваалцах ханьгүй
Үнсний саваа ширтэж суухад
Тийм гэхийн аргагүй сайхан шүлэг сонсох нь
Үнэн ч бус хорвоод зуурдхан ч гэсэн сэтгэл чөдөрлөх нь
Чамдаа яарах хүсэлтэй минь тэнцүү.

Wednesday, December 7, 2011

Зүрх зогсохгүй.........

Удахгүй их сургуулийн гудамжинд хавар гэдэг улирал ирж өнгөрөн одсон дурсамжиндаа сэтгэл минь нялхарна. Энд л үлдээсэн алтан хормууд гөлгөлж буй модод шиг нэг нэгээрээ үрээ цацна. Тэгэхэд хорвоо ертөнц ямар хямдхан санагдах бол. Энд л юу ч мэдэхгүй гэнэн цайлган хэнд ч хор хөнөөлгүй залуу насны минь урлан бүтээх төв сүндэрэлсэн. Гудамжных нь хана туурга шат хаалга модод нь, шувууд нь, хүмүүс нь бүгд дотно.

Гурван жилийг үдэж одоо ганцхан жил
 
Амьсгалхад агаар нь халуу шатам. Халууцхад хань ижил болсон нөхдийн минь сэтгэл бүлээн. Замынх нь гэрэлтүүлэг бүхэн гэртээ хариач гэж надад шивнэдэг. Энд олон залуусын хүсэл мөрөөдөл, хайр дурлал, гуниг, зовлон жаргал, баяр хөөр бүхэн гэнэн инээмсэглэлээ тодруулсаар зүрхэнд минь үүрэлсэн. Эндхийн юм бүхэн эгэл нандин. Нандин бүхэн нь хэзээ ч тасрахгүй. Цовоо цолгиун дуутай гэрэл цацраасан үзэсгэлэнт охид хаврын хаварт олон эрсийн нүдэн дотор сэлүүргүй сэлдэг. Цас нь шивэрч, бороо нь бударч ордог. Гудамж нь "БАГА ТОЙРОГ" гэсэн нэрэндээ зохицсон. Хоёр алхаад л эртний танилтайгаа хүртэл таарна. Улаанбаатар хотын зүрхний лугшилт энд л тодхон хүчтэйхэн булгилан цохиолно. Дотуур байрных нь гадаа хос залуусын үнсэлцэх нялууралд уяссан болжимрууд үргэлж ямар нэгэн дууг

хоршин дуулна. Залуусынх нь гитарын тав дахь утас таван сарын эхээр хаашаа  ч юм замхарч одно. Оройн цагаар хөгшин залуус баян ядуугийн ялгаагүйгээр уушийн газарт нь цуглаж нэгэн насныхаа амьдарлын учгыг ярилцсаар амттайхан яриа өрнүүлнэ. Тамхиных нь утааг тэнгэр сорон тайтгарна.
Ичээндээ орсон баавгай шиг зун гэн ч хүн үгүй мэт, нэг ч амьд амьтан үгүй мэт, хүмүүс амьдардаггүй мэт дүнсгэр эл хульхан уйтгар энэ гудамжыг бүрхэнэ. Тэр үед л төв замынх нь дундуур олон бодолд ээрэгдэн алхахад нулимс эрхгүй асгарна. Энэ байдал удаан үргэлжлэхгүй. Дөрвөн зүг найман зовхисоос цусыг нь сэлбэсээр шинэ шинэ залуус намрын намарт ирсээр, хаврын хаварт буцна. Буцах залуусынх нь энхрийллийг хадгалсаар байрандаа л хоцорно. Харин ирэгсэд өөр өөрийн хүслийг өнгө өнгийн дүрслэлтэйгээр зурна будна.
Энд хууль дүрэм журмыг амьдрагсад хийгээд, аж төрөгчид, түр орогногчид нь өөрсдөө зохиож, өөрсдөө асуудлаа шийднэ. Хэн хүн энд ирээд эрх чөлөөг хэмжээ хязгааргүйгээр илэрхийлж болно. Уран бүтээлчдийн хувьд хамгийн нээлттэй газар. Тэд энэ гудамжийг эзэгнэгч эзэд нь. Амьнаасаа илүү хайрлах өмчирхсөн хүсэл тэдэнд байдаг. Тэрслүү дэндүү сонгодог замналаар цаг үргэлж бичиж, туурвиж, зохиож, амьдарна, амьсгална, наргина, цэнгэнэ. Гэхдээ үнийг нь уран бүтээлээрээ төлнө. Төл гэж даан ч тэр хэзээ ч хэлэхгүй. Хэзээ ч хэлэхгүй учираас энэ урсгал цагийн цагт, үеийн үед үргэлжилнэ. Тасралтгүй үргэлжилсээр ертөнцийн төгсгөлд мөнхөд зүрх нь шинэрээ цохилно.

Thursday, December 1, 2011

ЗӨН СОВИН

Ямар их эрч хүч, энерги, ямар ч эмх замбараагүй байдлаар түүн дотор нэг үгээр түүний шүлгүүд дотор оршдог гэж санана. Бөөн бужигнаан. Тэгсэн мөртлөө зарим газар хачин найрсаг байдлаар эрэмбэлэгдсэн байхыг харахад "авьяасын" тухай бодоход эрхгүй хүргэнэ. Нэг хоёр гурав гэж яваад гэнэт үсрээд зуу наян гурав гээд хаа хамаагүй үсэрч мэдэх Д.Сосорбарамын шүлгүүдийг одоохондоо энэ л "хүүхдэрхүү" чанараар нь тодорхойлж болно. Харин хэсэг хугацааны дараа эрэмбэлэгдсэн энерги яаж явган цэргийн жагсаал шиг жигдрээд босоод ирэхийг ирээдүйд бичих яруу найргаас нь харах л үлдэж байна. Гэхдээ нэг их удахгүй гэдгийг зөн совин минь надад шивнээд байна. Уг нь тэр ЗӨН СОВИН минь намайг хуурдаггүй л юмсан.

                                                                                                   Пүрэвхүүгийн Батхуяг

Гоо үзэсгэлэнгийн охин тэнгэрүүдийн охины нүдийг 
                                             алган дээр минь тавиад үнсэхдээ л чи явчихсан болохоор
Гоцлол хөгжимчин мэт зүрх минь одоог хүртэл
Гунигт аялгуу сонсоод уйлахдаа инээж чаддаг болсон
Ганцаардлын цагаан дарсыг шимээд ч үхэл байдаг гэдэгт
                                                 сохроор итгэх хүч өгөхгүй байгаа чиний
Сохорчихсон ганцаардлыг час улаан хонгил мэт амьдарлаар
                                                    хана мөргүүлэхгүй алхуулахын төлөө
Алган дээр минь үлдээчихсэн чиний нүдийг л тас атгаж суухад
Газарт шингэх шүүс нь үхлийг үгүйсгэж үхэл мэт цэцэг дэлбээлүүлнэм....
 Ай үхлийг үгүйсгэгч үхлийн бурхан минь.........
                                                                                                         
                            Найздаа төрсөн өдрийн халуун мэндийг хүргэе...........

Thursday, November 24, 2011

Time

Хаяах гэж оролдсон биш
              тамхиа татсаар энэ насаа барж
Хамгийн ихээр санагалзаж
                гансарсан дурсамжаа
Чиний инээд бас мөрөөдлөөс
                    олох гэж
Чигчийн чинээхэн зүрхний
                      чинь ховдлоос
Тасдаж гаргасан мөн чанараг чинь
Тамирдаж дуусах сүүлийнхээ хоромд
                         бэлэг болгон үлээгээд
Идэрхэн насныхаа гэгээн харгуйд
Ихэл удаанаар бодмоглон гуниглана.....


                                                                  Төмөрбаатарын 9-н эрдэнэд

Monday, November 14, 2011

Урианхайн хөх салхи

                                                   
Ховд аймгийн Мөнххайрхан суманд орших 4632 м-н өндөр Мөнххайрхан уул
                          
                                       Дагшин уулсынхаа догшин хяр дээр     
                                       Дан майхантай зуун жил чарлана.....



Гиюүт үдшийн уйтгарыг
                      дааж ядан сэрчигнэх
Гал-усан навчсыг амраг мэт хайралнам
Хойд нутгийн салхи сул
                          сул нулимсыг минь арчина
Холын бүгээнд уулс
                         бүсгүйн хөх мэт харагдана

Гануу даван одсон харгуйн түнэлийг сочоох
Тал сар нохдын дуунд бөртөлзөнө
Гагцхан шүүдэр бөхөхийг үзсэндээ
Гунигийн усанд хөлөө норгож суунам

Чөдрийн морьд эрх чөлөөний туг мэт одод
Гагцаар буйг минь сэтгээд
                                  эмзэг аялгуу илгээнэ.
Дэл сүүлээ омгийн салхиар сэвнэ
Чөрхрөөт үүлсийн сиймхийгээр охидын
                                   нүд мэт одод
Гагцаар буйг минь сэтгээд
                                  эмзэг аялгууг илгээнэ.


                                                                    Төлөөс
Хорон үгтэй энэ шар залууг
Хорвоо чамд дурласных нь төлөө өгчээ
Хар бор ажилд огтхон ч эвлэдэггүй гараараа
Хачин тунгалаг шүлэг бичдэг юм шүү

Тогшвол жингэнэн мөсөн халилын оройд
Ая тухын жинхэнэ эгшиг дуурсана
Алив хайрт минь цаг хугацаанаас өрсөж
Тагш дарс шимэн сууж сонсъё..............
          
                                                Зүүн гарын эзэнт шүлэгс номын 116, 147-р хуудаснаас.,.,.,,.,.

Wednesday, November 9, 2011

Шадар гурван цэрэг шавайгаа ханатал тэнэсэн нь:

Бурхны хурга,ариун амьтан хоёрын хамт
Бага тойргийн жирийн л нэг орой Ө.Үлэмжтөгс Д.Сосорбарам хоёрын хамт нэг кафед амьдарлын талаар утга зохиолын талаар цаашдын аж амьдарлын талаар мөн "Эмэгтэй хүний талаар" хэсэг зуур ярилцаж суухдаа яриандаа ч юмуу пивондаа ч юмуу халахдаа гурвуулаа нэгэн дуугаар "Дорноговийн Айраг сумруу" эрхэм найз Д.Эрдэнэзулайг эргэхээр мөн замаараа нутаг оронтой танилцаж явхаар шийдчихэв.... Тэгээд л гурав дахь пивио тулгаад замд гархаар шийдэж ууж дуусаад гэр гэрийн зүг явах бэлтгэлээ хийхээр хөдөлцгөөв.
2011 оны 11-р сарын 1-ний дөрвөн цаг гучин минутанд зорчих тасалбараа авчихаад гурвуул ойролцоох цайны газарт хоол идэж үлдсэн мөнгөндөө тааруулаад эр улсын жаргалыг эзгүй хээрт эдлэх гэж байгаагаас хойш нэг "Галуун хүзүүт" авхаар оров. Гэвч сар болгоны нэгний гэж нэхэл хатууутай өдөр байсан боловч худалдагч залуу нь багадаа төмөр замын гудамжинд нусаа гоожуулж явсан найз минь байв. Тэр үед л дотор зуун төгрөгтэй явснаас зуун нөхөдтэй яв гэсэн монгол ардын зүйр үг үнэн мэт санагдав. Нэгэнт уух юмаа авснаас хойш хэсэг тайвшираад тамхилцгаан зогсоход Улаанбаатар-Замын үүдийн зорчигчид суудлаа эзэлнэ үү гэсээр төмөр замын цагаан хоолой эгшиглэв. Суудалдаа тухалж авхад хэдийн нар шингэх зүгтээ морилж ард хоцорсон Улаанбаатар минь сүүмийн сүүмийсээр алсран алсарсаар холдов.

Дорноговийн Айраг сумын сургуулийн бидний бахархал буланд залрах яруу нарагч Д.Эрдэнэзулайгийн хөрөг
Нэгэнт зорьсон газартаа хүрэх нь тодорхой болсноос хойш Д.Эрдэнэзулайгийн гэрийг мэдхийн тулд түүнлүү залгахад бид хэдтэй нэг хоногийн өмнө зөрж хотод ирчихсэн байв. Гэвч энэ мэдээ бид гуравт хүндээр туссангүй. Ямар ч байсан гэрт нь очиж ээжид нь зориулж бас сая төрсөн эгчид нь зориулж авсан бэлгээ өгөхөөр шөнийн арван нэг дөч болж байхад "АЙРАГ" хэмээх бяцхан суурингийн өртөөнд тосуулах хүнгүйгээр газардав. Амьсгалхад агаар нь цээж дүүрэн юм. Гурвуул шөнийн харанхуйд тамхиа улалзуулсаар Христ сүмийн гэрэл чиглээд л алхаад байлаа. Эндхийн ноход даан ч их тайван юм. Хуцна гэдгээ мартсан юмуу. Хашаа хашааныхаа үүдэнд дуг нойрондоо дугжирцгааж байх юм. Уг нь яг өдийд л сумын төвийн нохдын эд ажил эхэлдэгсэн.

Гөлөг байхаасаал дуг нойрондоо гэж
Тэгсээр Доржнямбуу хэмээх өрх айлын гэрийн үүдэнд хаалгыг нь дотно нандинаар хоёр тогшиход Эрдэнэзулайгийн  ээж Цэцэгмаа эгч биднийг халуун дотноор хүлээн авлаа. Цай ууж суух зуураа эргэн тойрноо ажиглахад аавынх нь  гараар сийлсэн сийлбэрүүд мөн зурсан зурагнууд нь нүднээ тодорно. Их уран зорж сийлсэн бүтээлүүдийг хараад дотроо нямбай цэгцтэй хүн байждээ гэж бодсоноо нуух юун. Нөгөө хоёрт маань ч тэгэж санагдаа биз. Ингэсээр газраар зассан сайхан орон дээр гурвуул бөх гэгч нь нойрсон сэрээд өглөөний ундаа ууж  Дорноговийн өглөөний наранд сунайж Айраг сумын аж байдалтай танилцахаар гарав.....

Хэзээний л алдартай улсаар дүүрэн энэ газрыг хараад дээрх дуу санаанд орж ирсэн мөртлөө ая нь мартагдаад байсныг даанч бодоод ухаад ойлгохгүйл явлаа . Магадгүй нутгийн салхис хэсэгхэн хугацаанд бодол согтоогоо бизээ. Ингэсээр элдвийг тунгааж бас сум орон нутгийн ажил байдлыг хөндлөнгийн нүдээр ажиглаж явсаар Дорноговийн арван хоёр жилийн сургуульд ороход эмээгийнхээ талын хамаатан болох бага ангийн багш Эрдэнэчимэг эгчтэй таарч гэрт нь уригдав. Бид гурвыг сайхан хүлээж авч хоол хийж өгөнгөө "Айраг" сумын амьдарлын түвшин энэ суурингийхаа сайн сайхныг гучин нэгэн жил амьдарч ажилласан хүнийхээ хувьд өөрийн мэдхээр чин сэтгэлээсээ ярьж өгсөн нь сайхан санагдав. Мөн сэтгүүлчдийн хараанд өртөөд энд тэндхийн хүмүүсийн анхаарлыг эрхгүй татаад байгаа Жоншны уурхайн талаар бага ч гэсэн мэдээлэл өгөв.  Бас сэтгүүлчийн ажил хийж байгаа бид хэдэд урмын үг хайралсаар  үдэж замын зардлын мөнгө нэмэрлэхэд нь нэрэлхсэн ч хэрэг болно гэдгийг нь мэдээд гараа тосоод л авав. Ер нь ч тэгээд нэрэлхүү зан хэнд хэрэгтэйн. Гархад цаашаа Хэнтийн Бор-Өндөр орвол аавын чинь хамаатнууд бас багын чинь найз Золжаргал байгаа гэж хэлэв. Ай даа аавын бийд хүнтэй танилцаж агтны бийд газар үз гэсэн үг санаан дотроос гижигдэв. Тэгсээр гурван цаг болж Цэцэгмаа багшийн явуулдаг "Хүрэл тулга" дугуйлан нээлтээ хийж нээлтэнд нь уригдсан бид хэд өөрсдийн чаддаг мэддэг бүхнээ дугуйлангийн хүүхдүүдтэй ярилцаж халуун дотно яриа өрнүүлэв. Тэр дугуйлангаас Д.Хуйлдар гэдэг хөвгүүн бид 3-ийн сэтгэлийг эрхгүй татсан боловч таван минутын уралдаанд шударга шүүлтийн дагуу дугуйлангийнхаа охин Оюукад түрүүгээ алдсан ч тэр хүүхэд бичихээ л болихгүй бол бид гурвийн хувьд сайн яруу найрагч болно гэдгийг нэгэн дуугаар тийм гэж  лав хариулна. Ингэсээр Дорноговийн дугуйлангийн хүүхдүүд биднийг гаргаж өгч зарим нэг нь дэвтэр дээрээ сэтгэлийн үг зарим нь дуртай мөрөө бичиж өг гэж ичээв. Тэхдээ л Айраг сумын тэр багачуудаас ирээдүйд "Монголын утга зохиолд" хүч түрэн орж ирэх авьяастнууд ар араасаа давалгаалан замнасаар байх бизээ..

Яруу найрагч Д.Сосорбарам фенүүддээ гарын үсгээ зурж өгж буй нь
Өртөөн дээр очиж мянга таван зуун төгрөгний тасалбартай Хэнтийн-Бор-Өндөрлүү явах пилет гурвыг бичүүлээд хэсэг азнасхийн Социлизимийн үеийн хит болсон бүтээлүүдийг утсан дээрээсээ  сонсонгоо гурвуул хэсэг чимээгүйхнээр дотроо санаа алдацгаав. Учир нь залуу насны мартагдашгүй хэсэгхэн дурсамж үлдсэн Дорноговийн Айраг сумын тэнгэр нэг л бүрхэг жихүүн хүйт даагаад гомдоод байгаа ч юм шиг санагдав. Ийн гуниж суухад галт тэрэгний бүрээ эгшиглэж цааш явах аяныхаа замд гарлаа.      

Шөнийн Бор-Өндөр Айраг сумыг бодуул уул уурхай эрт хөгжисөн гэсэндээ орон сууц хүн ам хөл хөдөлгөөн ихтэй замын гэрлүүд нь асаалттай угтав. Эрдэнэчимэг эгчийн хэлснээр багын найз Золжаргалын утаслуу залгавал "Бор-Өндөрийн" Онцгой байдалд жолоочоор ажиллаж байгаа гэдэг сургийг мэдээд тийш алхсаар хүрээд л очив. Өөдөөс гурван жилийн өмнө салсан дүрслэл жирийгээд өнгөрөх нь тэр. Гэрэвшсэн үү итгэж ядсан уу бүү мэд. Нэгэл хүйтэн хөндий мэнд мэдээд, гэрээ зааж өгөөд ажилдаа хоцров. Маргааш өглөө арван нэг хүртэл ажилтай тэр болтол гэрт сайхан унтаж байхгүй юу л гэлээ. Тэгсээр хонох газраа очиж найзын хашааны эзэн мөн л хамаатан болох Цэнгэл ахынд гэдэсний хуушуур идэж ходоодоо баярлуулаад, гол зорилго болох Хэнтийн Дархан сум орж "Төрийн соёрхолт яруу найрагч Р.Чойномын гэр музейг үзэх талаараа хэлхэд ирж очиход 90км талдаа 45 гэж байлаа. Тэгээд мөнгөө л бэлдчих гэдэг юм байна. Мөнгө дуусаж байсан ч сайхан сэтгэлд нөхдийн дэм тусаар мөнгөө хангалттай олох аргаа олчихоод маргаашийн хаан банк онгойхыг хүлээхээр  Золоогийн  хөрзөнгөөр галласан гэрт бөх гэгч нь нойрсов.

Замын турш хайр энэрлээ харамгүй зориулсаар ирэв. Ер нь дундын минь өмч байлаа тэр...
Өглөө босход Бор-Өндөрийн тэнгэр бүрсгэр бүүдгэр байлаа. Гурвуул нүүр гараа угааж аваад бэлдэж өгсөн цайгаа уучихаад Бор-Өндөрийн хотоор зугаалж Интернэт кафед нь хаягаа шалгаж блогоо хүртэл замд бичигдсэн найзынхаа шүлгээр хөгжүүлээд, зарим нэг нөхөддөө амьд яваагаа дуулгаад Хаан банкнаас ч мөнгөө авлаа. Гадаах агаар жихүүн байсан ч сэтгэл минь халуу шатаж байлаа. Тэнгэрээс шамарга зөөлөн хаялана. Манай хоёр цаашлуулж номны өмнөтгөлд байдаг шамарга гэдэг үгээр хүнийг шоолов. Тэгэж тэгэж явсаар Хэнтийн яруу найрагч болох номоор нь мэдэх Д.Гансүрэн яруу найрагчийг хайх журмаар 10жилийнх нь сургуульд орж монгол хэлнийх нь багшаас сураглавал Шаарийбуу хэмээх найрагчийн дугаарийг өгж Үлэмжтөгс утсаар асуусан ч тусыг эс олов.

Гэтэл шамарга маань бударсан их цасаар солигдож эргэн тойрон битүү мананд автах нь тэр. Яаахаа шийдэн барин  сургуулийн  үүдний хаалганы сандал дээр сууж байтал  түрүүн утсаар ярьсан Шаарийбуу найрагч ороод жижүүрээсээ сая надтай утсаар ярисан залуучууд хаана байна гэсээр биднийг хараад сайхан залуучууд байна гээд үнсэж гарав. Бас зүгээрч гүй ээ жоохон юм үнэртүүлчихсэн. Тэгээд л нэг өрөөнд дагуулж ороод гол зорилго агуулгыг асуусаар Р.Чойномын гэр музейг үзхээр явна гэсэн чинь бас шүлэг бичдэг хүн гэсэндээ тэрүүхэндээ тус болох гээд чадлынхаа хэрээр танидаг баридаг жолоочоосоо асуусан ч цаснаар тэгээд битүү манантай өдөр явах жолооч нэгээхэн ч байсангүй. Гэвч Эрдэнэзулайгийнд түүнийг байхгүйд очисондоо харамсаагүй шигээ юу ч бодолгүй буцаж байгаа айл Цэнгэл ахынд орж өдрийн хоолоо идэж бас хүүхдийнх нь комьпютер дээр машин уралдаж тоголсоор өдрийн талыг барж суутал бүрий ч болж Золоо ч орж ирэх нь тэр.

Золжаргалын гэрийн гадаа
Маргааш буцлаа хөгшөөн бас нэг юм гэрт чинь задалхуу гэтэл тэр чинь зовлон юмуу гэж хариуллаа. Шадар гурван цэрэг эвтэй дөрвөн амьтан болсоор буцаж гараад онцгой байдал дээр очиж хамт ажлыг нь шалгангаа дэлгүүр орж нэг юм авах гэтэл пиво аваа гэх нь тэр. Дотроо гайхаад л пивоо бариад л гэрт нь орлоо. За тэгээд ч мөнгө яаг буцах зардалдаа таарчихсаныг ч хэлхүү нэгэнт л зам хаагдачихсан нөхцөлд тэгээд хийх ажилгүй хүмүүс чинь пиво задлах гэтэл авдарныхаа араас нэг юм гаргаад ирлээ. Ууж эхэллээ. Багын дурдатгал жирэлзэж  Хэнтийн Баянмөнхөд хамт адуунд явж байсан, мөн хонь хариулж байсан муудалцаж байсан зэрэг эргээд сэдрэх нь тэр. Манай хүн ч эхнэртэй болсноо хүүхэдтэй болсноо найман сард гэр барьснаа дуулгаад амжлаа. Гэвч хүүхэд эхнэр хоёр нь хот явсан байлаа. Хэн хэн маань сайхан дундаа орцгоож байтал Золоо нэг найзыгаа хоол хийгээд аваад ир гээд л залгаж байна. Бид гурав ч яахав цатгалан байсан. Нээх ч хоол бодсонгүй. Удахгүй "Онцгойд" хамт ажилладаг онц гойд зүйлгүй  ч төлөв даруу Батчулуун гэдэг үеийн залуу ширээнд нэмэгдснээр эвтэй дөрвөн амьтан гарын таван хуруу боллоо..Ийм тийм зүйлсийг ярилцсаар гурван ч шил архи  дууслаа дахиад байгаа юу гэтэл авсан авдарных нь араар өнгийвөл авдраараа байх нь тэр . Тэгээд л тийм зүйл хараад дээр нь багын амьдрал эрхгүй сэтгэл эгшээгээд бас хамт явсан хоёртойгоо цуг гэнэт юу ч бодолгүй урсгалаараа энд ирчихсэндээ баярласандаа тас үсэрсээн. Манай хоёр ч сайхан ойлгосонд одоо хүртэл баярлаж явнам. Мэдээж тасарсан хүн яаж унтаснаа яаж л санав гэж нэг мэдсэн Сосорбарамыг тэвэрчихсэн л сэрлээ. Тэгсээр дөрвүүл сэрцгээж явах барих юмаа цуглуулж байтал Золоо гаднаас жолооны үнэмлэх гадаад паспорт өврийн дэвтэр барьсаар орж ирэв. Цасанд сайхан цан цохиод хоножээ. Нөгөөдхөө өвөртөө хийгээд л 08.30 болж байхад дараа ирнээ гэсээр тэврэлдээд салцгаав. Гэвч Бор-Өндөр--УБ явдаг чиглэлийн автобусны билет дууссан байв. Маргааш нь хагасайн өдөр нэг нь тэнхмийн тэмцээнтэй нөгөөх нь төлөвлсөн ажилтай байсан болхоор заавал явхаас өөр шаардлагагүй. Хөдлөхөөс нь өмнө гурвуулаа юу л болвол болог гэж бодоод л хамгийн хойно сууж байсан хэдтэй хувааж суугаад л кармаанд үлдсэн 25.000 төгрөгөө өгөөд л төрөлх нийслэлийнхээ зүг хүлгийн жолоо залав.....  Гурван хүн хоёр хүний зардлаар явж эдийн засгийн хэмнэлтийг гаргасан нь аялалын бас нэгэн олзуурхууштай үйл явдал болж бидэнд ашиг тусаа үзүүлэв. Замд Говьсүмбэр аймгийн төв Чойр дээр цайны газар  зогсоход кармаанд мөнгө байхгүй ч сэтгэл дотроо бид баян бялхаж цалгисан цатгалан явав. Яагаад гэвэл олон уран бүтээлийн санаа толгойд багтаж ядталаа тэнэчихсэн зарим нэг нь бичигдээд эхэлчихсэн байсан юм чинь. Ингэсээр урагшлаад л үлдэж хоцорсон бүхэн ард хоцроод дурсамжин дотор кадарлагдсаар


явхад алсарсаар хоцорч байсан "Нийслэл минь" тодрон тодорсоор угтав.
 Дараачийн адал явдал хаана хэрхэн яаж явагдахыг хэн ч бүү мэдэг........ Үргэлжлэл бий....

Wednesday, November 2, 2011

Замд бичигдсэн шүлэг...

 

Жижиг тосгодын гэрэл хааяа нэг анивчих
Жигд хэмнэлтэй галт тэрэгнээ зорчином
Төсөөллөөс өөр танил зүйлгүй
 Зунаараа үргэлжид байдаг харийн сууринг зорином 
Төрөлх гэр хэдэн бээрийн тэртээд хоцорчээ.
Аялалын турш зугаацуулах зүйлгүй нэгэн хэвийн уйтгарт
Аяншиж ядарсан зорчигчидоор элбэг, эл тэрэгнээ
 Замын турш бид хөл хөөртэй зорчином
Буух газарт минь угтах хүн нэгээхэн үгүй ч 
Буйд газрын бяцхан өртөөг сэтгэл догдлон хүлээнэм.


        2011.11.01 Дорноговийн Айраг сумын чиглэлийн галт тэргэнд....

Wednesday, October 26, 2011

Баярууд

 Монголы утга зохиолд олон давалгаа байдаг гэж ярьдаг. Миний хувьд адил нэртэй нэгэн цаг үед амьдарч уран бүтээлээрээ бидний дунд давалгаалж яваа гурван Баярын шүлгүүдээс энэ удаа тавихаар шийдлээ. .

 1. Ядамсүрэнгийн Баяраа
1988 онд Увс аймгийн Зүүнговь суманд төрсөн. "Боргихон талын уянга" 2003, "Нэг урлаг" 2008, " Хөх мэдрэхүй шүлгийн цомирлог хамтын 2010 "Цөн" 2011 зэрэг бүтээлийн эмхэтгэлүүд хэвлүүлсэн.

Халааснаас чинь авсан
                          гал улаан загалмай
Халуу төөнөн хэвтэнэ
                                орны хөндийд
Хайрыг минь цовдлоод
                             халааслаж явсан
Хар хүчийг чамаас би
                             хулгайлж авсан
Итгэл найдварын цус
                     илч дулаан шингэсэн
Ийм загалмайг одоо
                          би өөрөө эзэмшинэ.


2.Ганболдын Баяр
1982 онд Архангай аймгийн Тариат суманд төрсөн. Залуу зохиолч, чөлөөт зохиолчдын холбооны гишүүн 2004 онд "Би" 2008 онд "Дөрвөн нүдтэй дэлхий" 2011 онд "Азиза" зэрэг номуудаа хэвлүүлсэн.

Цасан шуургатай
Бөгтгөр саарал шөнөөр би
Өнчин дэнлүүний гэрэл дор
Сүүдрээ нөмрөн суугаад
Тамхи татаж элдвийг эргэцүүлнэ
Тамхины гал дээр унан амьсгал хураах цасны тоогоор
Лавсан их уйтгар уруул ч хөдөлгөх тэнхэлгүй болгоно
Урд хойно минь гаран нэг юм шиншлэх
Зүрх цагаан хар гөлөг
Улаан од шиг нүдээрээ намайг
Хов хоосон болгож харна...

3.Агваржин Жа.Баяржаргал
Төв аймгийн Авдархаан суманд төрсөн. Монголын зохиолчдын эвлэлийн шагналт "Болор цомын эзэн"
"Торомжоо" 1990, "Сул алс" 1994, "Цас цэцгийн улирал доорхи мөнгөн шөнө" 1996 "Дурлалдаа халуурсан охид" 2001, "Гучин татарын зуслан" 2002, "Дөтгөөр галавын турадас буюу дээд мандал дахь бослого" 2003, "Гоо засалч цаг хугацаа" 2006, "Гэрлийн жилийн хэлмэрч" 2006, "Аадрын оршил үүлс голын дээгүүр манарна" 2008 зэрэг яруу найргийн номууд хэвлүүлсэн.

Саранд дурлаж
Шүлэглэн бүү солиорцгоо
Сэвхэн дээр нь
Суу билэг биш
Хоногийн чинь тоо бий
Салхи хөгжөөн
Исгэрч бүү хөөрцөглөцгөө
Тунгалаг хар урсгалд нь
Туулгуулж одох
Заяа чинь бий
Тэнгэрт дүүлэх гэж
Адган бүү тэмүүлцгээ
Тэнд алдар гавьяа биш
Үхэл чинь бий.

Wednesday, October 19, 2011

Чиний бүтээх гол дүр

Найруулагчаа төгсгөлөө өөрчил
Гол дүр үхэж төгсөхөд би дуртай
Наад хэсгээ хас
Надад инээмсэглэл зохихгүй
Цус болгож хэрэглэх улаан будгаа асга
Цаг нь болохоор жинхэнэ цус урсана
Би гол дүрийн эмэгтэйд ганцаараа дурлана
Бас тэгээд бүх хөрөнгөө шилжүүлнэ
Эцэст нь түүний нөхөр гар буутай гарч ирнэ
Энэ бууг ав гэж тэр надад буу өгнө
Сумгүйг нь мэдсэн ч онио тааруулаад
Сэтгэл амар гохоо дарна.


"ЯРУУ НАЙРАГ" түүний хэлснээр гуниглал энэ гол хөшүүрэг гэж хэлснийг санаж байна.  Тиймээс ч "Ховдын" намрын салхийг ховдоглон сорж байгааг чинь энд нөхөд байсан ноход чинь үнэрлээд л сууж байгаа шүү...


...Хэн нэгнээ мэдэхгүй юм шиг  
Хөндийхөн хирнээ хамтдаа алхая
Хоёр зуун дөчин долоо мөн эсэх
Хариугаа олж авъя
...Зүрх зүрхээ чагнаж
Зайсангийн шатаар өгсөе
Зургаан зуун гучин хоёр эсэхийг
Заавал шалгая
...Оройн цагаар тэгээд
Орцны чинь үүдэнд уулзъя
Одод түгээд сар гарсан байвал
Охин насыг чинь хөтлөөд буцъя.

Амьдралын улаан шугам гэж ярьдаг санагдана. Арван найм хүрээд бас хичээл сурлагаараа улаан шугамны урд хойно орлоо гэдэг байлаа. Түүнтэй адил Б.Лхагва-Очирын яруу найргийн улаан шугам нэгэнт ард нь татагдчихжээ. Тэгэхээр одоо зөвхөн урагшаа. Тэр нэг үеийг туулж, одоо зөвхөн өөр түвшинд хүрсэн байна. Учир нь хэдэн жилийн өмнө бичсэн шүлгүүдээс нь өнөөдөр бичиж байгаа шүлгүүд нь огт ондоо өөр "сэтгэлээр" дүүрэн болжээ. Одоо харин улам гүнзгийрэл гэсэн "УЛААН ШУГАМ" урдуураа татаад шүлгээ бичих л үлджээ.
                   
              "Нэн шинэ үеийн яруу найраг" номны 152-р хуудаснаас дээрх үгсийг хуулбарлав.

Хамгийн эхэнд тавигдсан шүлэг "Миний бүтээх гол дүр" шигээ одоо чиний хувьд өөрийнхөө гол дүрийг тод томруун харуулах л үлдлээ. Нялуунаас шулуун нь дээр байх. Эр хүний нулимс цуснаасаа үнэтэй гэдгийг чи Их сургуулийн гудамжинд тамхи татаж зогсохдоо хэлж байсан байхаа.

Wednesday, October 12, 2011

Цонхон цаана

Гишүү хугачих чимээнээр
Хэсэг үүлс нүүн одход
Гялсхийх мэт тэнгэр цэлмэж
Хаа нэгхэн бороо шивэгнэнэ

Өмнөөс нөмрөх үүл нь
Хуралдан хэлэлцэж бөөгнөрхөд
Өнө дурдатгалын сэжүүр салхинаа хийсэж
Хэнз хэнзхэн бороо дусална

Нэг их дотно санагдах
Энэ л зүсэрсэн бороонд
Нэрээ ч хэлэлгүй одсон
Энхрий чиний дүр

Цонхон цаана тодроод л арилна ....
                                                     
                                           11.07.27 Төв аймаг Манзушир хийд

Sunday, October 9, 2011

Хонх

Сэрж эгээрмээр үдшийн
Сэрүүн лаврин цацруулсан гайхамшигт
Эгшин дор, нүдний чинь нулимсыг арчихсан

Тэгээд чиний тухай бодож
Гэрийн чинь хаяагаар алхахад
Даруй зүрхний минь цохилтууд суларч

Чамайг дуудах хүсэл дэврээд
Нэг л мэдхэд хурууны минь өндөг
Хонхон дээр чинь дарагддаг..........
                                       "Орхиж яваад буцаж ирсэн чамд анх зориулж байсан шүлэг"

Tuesday, October 4, 2011

Нулимс

Хайр дүүрэн гэрэлтсэн харцаар
Халуун зүрхний минь гүнийг нэгжих
Гэм зэмгүйхэн дальдчаанд чинь
Гэлмэн дальдчих минь эмзэг
Хохь ганцаардлаас хол
Цэнхэрлэн харагдах их усны мандалд
Хоног өдрийг хуруу даран тоолоод л
Цээжин дотроо хумигдхад
Хонгор охидын нулимс
Цэлсхийгээд л асгарна даа

Saturday, October 1, 2011

Бодолдоо нүдээ аних чимээг чинь
Их аадрын дараах солонго шиг чагнаж
Бодолдоо нүдээ нээх чимээг чимээг чинь
Идэрхэн насныхаа зүүд шиг сонсож
Нүүгэлтэх салхисын гүн эгшигт хоргодохдоо
Эрчилэн түрхэрэх он цагийн нөмрөгөөс олж
Намрын навчисын тасрах эмзэглэлтэй цуг
Эгнэгт эс оршихгүйг чинь мэдэрсэн

Дуусашгүй урт аялалын сүүлчийн хонх
Цангинан жирвэлзээд долгионтход
Дурдатгал ороосон сэтгэлийн минь зүүнд утас сүвлэж
Цамц бас ороолт нэхэж суух чамайг
Төсөөлөл дотор минь орших
Хамгийн бодит ертөнц гэдгийг
Тэмдэг төдий анивалзах ододтой
Харанхуй гудамжаар алхахдаа ойлгосон.........